СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүд хуванцар чаргатай өдрийг өнгөрүүлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Идэр ес эхлэх даруйд сааралтсан их хорт утаа улаанбаатар хотыг бүрхэв. Амралтын өдрөөр агаар, салхинд гарах хүний тоо нэмэгддэг нь ч аргагүй аж. Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Өлзийт, Яармагийн орчмын уул руу цана, чаргаар гулгахаар тийш зүглэх хүмүүс их байдаг байна. Бямба гарагийн өдөр 13.00 цагийн орчимд Хандгайтын ам руу эргэх машины хөдөлгөөн нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байлаа. Эндээс чарганы худалдаа, чанар болон гулгахаар ирсэн иргэдийн санаа бодол ямар байгаа талаар сурвалжиллаа.

ХҮҮХДҮҮД ЗУЗААН ХУВЦСАНДАА ТҮҮРТЭЭД БОСОЖ АМЖААГҮЙ БАЙХАД, АРААС НЬ ГУЛСАЖ БУЙ ХҮҮХДҮҮД МӨРГӨЖ ГЭМТЭЭДЭГ

Хандгайтын уулын цас нь орой дээрээсээ хайлж газар нь харлан, энгэр орчмын хэсгийн өвс нь цухуйж, чаргаар гулгах талбай нь алаглаж харагдана. Энэ өвөл олон жилийн дунджаас бага цас хаяласан. Энэ байдлаараа хүйтний эрч суларвал цагаан сар гэхэд энд чаргаар гулгах боломжгүй болох нь. “Хүүхдийн зуслан", "Гэр түрээс” гэсэн төмөр сараалжин хашаатай хаалгаар ороход машины зогсоол дүүрчээ. Дөнгөж ирээд зогсож буй машинаас улаан, хар, ягаан өнгийн гадуур хувцастай хүүхдүүд бууж гулгаж буй хүүхдүүдийг харж баясцгааж байлаа. Удалгүй машинаас ээж нь гарч ирээд хүүхдүүддээ ороолт, малгай, бээлийгээ өмсөхийг шаардах аж.

Тэд тус тусын чаргаа чирсээр орох хаалганд очвол үүдэнд нь хувийн чаргатай хүмүүс 5000 төгрөг төлөхийг сануулав. “Чаргаа дотроос түрээслэсэн тохиолдолд үнэгүй” гэж мөнгө хураах хүү бээрэгнэн хэлнэ. Анх ирж байгаа хүмүүс “Нэгэнтээ зориод ирчихсэн юм чинь орьё, орьё. Хүмүүсийн хаясан хог хаягдал, ариун цэврийн өрөөг нь цэвэрлэдэг биз” хэмээн орцгоож байлаа. Уг нь хэдхэн метрийн цаана бага насны хүүхдүүд гулгахад тохиромжтой налуу, газрын овон довон бага “үнэгүй” гулгах талбай байсаар байтал хүмүүс огцом өндөр лүү нь л зүтгэж, мөнгө төлж байв. Өндөр газраас хурдтай бууснаар тэдэнд гоё санагдах ч гарах үр дагавараа хожуу ойлгодог нь харамсалтай.

“Холдоорой, холдоорой” гэсээр хоёр хүү эрчээрээ гулсаж хашааны наана овоолсон цас руу шигдэж зогсох нь тэр. Хашаа мөргөж зогсохоос сэрэмжилж цас овоолсон байгааг харвал хураамж авсныхаа шанд хүний гар хүрсэн ажил хийжээ. Харин модноос унасан боргоцойг цэвэрлээгүйгээс үүдэн гулсах талбай багасаж, нэг газраас олуулаа гулсах, ар араасаа давхаралдан орж гэмтэж, бэртэх шалтгаан болж байлаа. Энэ үед ах, дүү хоёр гулсаж буухдаа чаргатайгаа хашааны хажуугийн цас руу эрчээрээ орчихов.

Тэднийг инээдээ барьж ядан байхад нь хүүгээс чаргаар гулгах ямар байгаа талаар асуухад “Чаргаар гулгах нь маш сонирхолтой байдаг. Даарсан ч инээлдээд, уралдаад, хөгжилтэй байдаг болохоор ирэх дуртай. Би өөрийнхөө чаргатай ирдэг. Чарганаас унаад бэртэж байгаагүй, чих маань л хайрагдаж байсан” гэлээ.

Хүүхдүүдээ чаргаар гулгуулахаар ирсэн С.Баярчимэг гэх эмэгтэйтэй ярилцлаа. Тэрээр “Амралтын өдөр бүрээр хүүхдүүдээ цэвэр агаар амьсгалуулж, хэдэн цаг ч болов зурагт, утаснаас хол байлгахыг хичээдэг. Хичээлүүд нь амарчихсан байгаа учраас гарч, орох нь багасаж, дөрвөн хананы дунд байсаар мэдрэлийн ядаргаанд орчих вий гэж санаа зовдог учраас цаг зав гаргадаг. Мэдээж хүүхдүүдээ чаргаар гулгахад нь аюулгүй байдлыг хангадаг. Гулсаж доор ирэхэд нь тосож аваад хурдан босгохгүй бол зузаан хувцсандаа түүртээд босох гэсээр байтал араас нь гулсаж байгаа хүүхдүүд ирж мөргөх тохиолдол гардаг. Хандгайтын орчин, худалдаа үйлчилгээ, дулаан газрыг нь шийдээд өгвөл агаар нь цэвэр, модтой байдаг тул олон хүмүүс зорьж ирдэг болно байх аа” гэсэн юм.

НМХГ УТСААР ЯРИХ Ч ЗАВГҮЙ АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭВ

Амралтын өдрийн хөл хөдөлгөөн их байгаатай зэрэгцэн цана, чарга худалдаачдын тоо олширчээ. Хандгайт руу ордог хашааны гадна талд машинтайгаа зогсож цана, чаргуудаа давхардуулан өрсөн байв. Улаан, шар өнгийн хуванцар чаргуудыг хагарч, хугарсныг нь хоёрыг нийлүүлэн шрупээр тогтоож, зарим чарганы хагарсан хэсэгт нь хар хаймар наажээ. Мөн суух хэсэгт хивс тогтоосон байв. Чаргаа цаг хамаарахгүй 10.000 төгрөгөөр түрээслэдэг бөгөөд барьцаа болгож бичиг баримт авч үлддэг гэв. “Бага хандгайт амралт” гэсэн самбараас дээш өгсвөл ямар нэгэн хураамжгүй чаргаар гулгах талбай байх бөгөөд мөн л үүдэнд нь цана, чарга түрээслэж, зардаг газар байв.

Тэнд нэг хүний шинэ чарга 30 мянган төгрөг, хоёр хүнийх нь 35 мянган төгрөг гэнэ. Өмнө жил л 15-25 мянган төгрөгний хооронд хэлбэлзэж байсан чарга хил хаагдсантай холбоотой хоёр дахин өссөн байна. Чанар, үнийн хувьд хол зөрүүтэй хуванцар чарганд хараа хяналт гэж байна уу. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас импортоор орж ирдэг чарга нь хүн гулгахад тохиромжтой эсэх, олон улсын стандарт шаардлагад нийцсэн үгүйг мэргэжилтнээс нь тодруулахаар хэд хэдэн хүн рүү залгахад “Энэ талаар би мэдэхгүй, энэ дугаараас асуучих” гээд яг л “нохой төөрүүлж байгаа мэт” асуултаас бултах нь тэр.

НМХГ-ын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан “Хариулах боломжгүй байна. Бид бүгдээрээ агаарынхаа бохирдолтой тэмцээд завгүй байгаа” гэсэн хариулт өгсөн юм.

БНХАУ-аас орж ирдэг хуванцар чарганд хяналт тавьдаг газар үнэн хэрэгтээ байдаггүй бололтой. Ардчилсан нийгэмд хэн юу зарж, юу хэрэглэх нь өөрсдийн дур гээд хүний эрх яриад эрүүл амьдрах эрхийг нь гээгдүүлчихжээ.


МОДОН ЧАРГА НЬ ГАЗРААС ХӨНДИЙ УЧИР ХҮНИЙ БӨӨР, САВ ДОРГИХ НЬ БАГА

 

Утас, интернэт гэж мэддэггүй байх үеийн хүүхдүүд өвлийн улиралд гэрийн ойролцоох дов, толгод, уулын энгэр дээрээс турбанд шуудай углаж байгаад гулсаж өдрийг өнгөрөөдөг байсан. Харин одоо бол дулаан байрандаа дүрсээ үзээд хэвтдэг болсон. Хүүхдүүдээ агаар, салхинд гаргаж чаргаар гулгуулж яваа эцэг, эхчүүдийг хүүхдээ гэмтээх зүйл хийлээ гэж буруутгах аргагүй юм. Хамгийн гол нь чаргаа сонгохдоо хэдэн төгрөгний наана цааныг харж авч хүүхдүүдээ эрсдэлд оруулж буй эцэг эх цөөнгүй.

Хандтгайтад гулгахаар ирсэн том хүн, хүүхэд нийлсэн 100 гаруй хүнээс модон чаргаар гулгаж буй нэг ч хүн үзэгдсэнгүй. Чарга худалдаалж буй хүнээс модон чарга яагаад зарахгүй байгаа талаар асуувал “Хүмүүс юмны хямдыг нь л харж авдаг. Боломжтой нэг нь модон чаргыг авдаг ч дээшээ чирж явахад хүнд, цасанд зоогдоод удаан явдаг гэх мэтээр авдаггүй юм. Тиймээс эрэлттэй байгааг нь зардаг” гэв. Хүмүүст “нисдэг” хуванцар чарга таалагддаг ажээ.

Гар хийцийн модон чарга хийдэг мужаан Ү.Бат-Эрдэнэ “Модон чаргыг хүмүүс их сонирхож авдаг. Авсан хүмүүс нь дахиж ирж захиалдаг, ам сайтай байдаг. Миний хийсэн чаргыг ихэвчлэн хижээл насны хүмүүс сонирхож хүүхдүүддээ авч өгдөг. Хүмүүс өөрсдийн хүссэн хэмжээ, өнгө, загвараар хийлгүүлэх боломжтой. Чаргаа түшлэгтэй нь 50 мянга, түшлэггүй нь 40 мянга гэсэн хоёр төрлөөр хийдэг.  Дээр үеэсээ л модон чаргаар гулгадаг байсан. Тэр үед бэртэл, гэмтэл гэж айхтар сүртэй зүйл сонсогддоггүй байлаа шүү дээ. Гэхдээ хүн өөрөө л аюулгүй байдлаа хангахгүй бол ямар ч чарганаас бэртэнэ. Чаргатай осол гарахад гадны хүчин зүйлс ихээр нөлөөлдөг.

Жишээлбэл, гуу жалга, газрын дов, хүнтэй мөргөлдөх гээд. Хуванцар чаргаар гулгах үед хүний бөгсөн бие газартайгаа наалдсан байдаг болохоор донсолгоо их мэдрэгддэг, харин модон чарга нь газраас хөндий учир хүний бөөр, сав доргихоос эхлээд хүний эрүүл мэнд талаасаа асуудал бага гардаг. Мөн хөлдүү хуванцар чарга чулуун дээгүүр харайлгаал хагараад унадаг бол модон чарга тэгэхгүй. Тиймээс эдийн засаг талаасаа ч тэр хэмнэлттэй.

Гурван настай хүүхдэд модон чарга хийлгэлээ гэхэд тэрийгээ 10 нас хүртлээ хэрэглэх боломжтой юм. Харин түүнийг нь өөр насны хүн унаад л байх юм бол бас л ялгаагүй материал учраас эвдэрнэ” гэлээ. Мөн хүүхдийнхээ насанд тохирсон, монгол хүний  ур ухаанаа шингээж хийсэн, гар хийцийн чаргаа хэрэглэж байхыг Ү.Бат-Эрдэнэ хүслээ.

БАГА НАСНЫ 1011 ХҮҮХЭД ЦАНА, ЧАРГАНААС УНАЖ БЭРТЖЭЭ

Эрүүл мэндийн яам, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс нэгтгэн гаргасан мэдээллээр, 2021 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд нийт 1578 хүн цана, чарганаас унаж бэртжээ. Цана, чарганаас унаж бэртсэн нийт 1578 хүний 567 нь том хүн байгаа бол 1011 нь бага насны хүүхэд байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс цахим хуудсаараа дамжуулан чаргаар гулгах дараах зөвлөмжийг хүргэснийг сонирхуулья.

 

  • -Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх,
  • -Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй,
  • -Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах,
  • -Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох,
  • -Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох,ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх,
  • -Автомашинаар чаргаа чирэхгүй байхыг анхаараарай.

Мөн зориулалтын чарга нь хавтгай гүйгчтэй, чаргыг түлхэх бариултай, дэмжигч нуруутай, хүүхдийг бэхлэх суудлын бүстэй, төмөр болон модоор хийгдсэн байх ёстой гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top