"Омикрон" хувилбар дотоодод тархсан ч ХӨЛ ХОРИХГҮЙ

2022 оны 01 сарын 11

Улсын хэмжээнд цар тахлын "Омикрон" хувилбарын 17 тохиолдол батлагдаад байна. 

УОК энэ асуудлаар өчигдөр (2022.01.11) шуурхай хуралдаж, Засгийн газар болон УОК-ын зүгээс хөл хорио тогтоохгүй байх шийдвэрийг гаргалаа. 

Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг зөвлөж байна. Учир нь Омикрон хувилбарын оргил үеийг нэгдүгээр сарын сүүл болон хоёрдугаар сарын эхэн үе хэмээн эрдэмтдийн зөвлөл болон судлаачид үзэж байгаа аж.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Томуу болон томуу төст өвчний халдвар өндөр байна. Үүнтэй зэрэгцэн Омикрон хувилбарын дэгдэлт эхэлсэн. Халдварын оргил үеэр багадаа 10 мянга, дээд талдаа 20 мянга тохиолдол батлагдана хэмээн тооцоолж байгаа. Нэмэлт тун ихээхэн үр дүнтэй байгаад зогсохгүй Омикрон хувилбараас хамгаалж буйг олон улсын эрдэмтэд мэдээлж байна. Хоёрдугаар сарын эхэн үеэр халдварын оргил үе таарч байгаа учраас төрийн золголт ёслолын арга хэмжээ хийхгүй байх шийдвэр гаргасан” гэв.

Омикрон хувилбарын халдвар тархалт бусад хувилбараасаа илүү хурдацтай байгааг онцолсон юм.

Тиймээс албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хуваарь гарган, ээлжилж, зайнаас ажиллахыг зөвлөжээ. Ингэснээр байгууллагууд хүний нөөцийн дутагдлаас сэргийлэх бүрэн боломжтой хэмээн үзэж буй аж.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Иргэдийг вакцинжуулах цэг хангалттай хэмжээнд байгаа. Фрайзер болон Синофарм вакцины нөөц 2.8 сая тун байна. Манай холбогдох байгууллагууд хүүхдийн вакцины талаар судалж байна. Халдварын тохиолдлын тоо өндөр байгаа тул холбогдох зохион байгуулалтыг эмнэлгийн салбараас авч хэрэгжүүлнэ. Суурь өвчингүй, мөн хэдэн ч тун вакцинд хамрагдсан хүмүүс Омикрон хувилбараар өвчилбөл гэрийн хяналтад байхыг зөвлөж байна” хэмээв. Тэрбээр энэ оны эхний долоо хоногийг өмнөх оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногтой харьцуулахад батлагдсан тохиолдлын тоо дөрөв дахин ихэссэн талаар онцолсон.

Омикрон хувилбар нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд 1,500 ор нэмэлтээр гаргасан байна. Улмаар нэгдсэн ор зохицуулах баг бүрдүүлжээ. Эрсдэл бүхий өвчтөнүүдийг нэн түрүүнд эрэмбэлж эмнэлэгт хэвтүүлэх юм байна. Нэмэлт тунд хамрагдаагүй хүмүүсийг эрсдэл бүхий хүмүүст хамруулан тооцох ажээ. Өчигдрийн байдлаар 4,000 ор дэлгэсэн байна. Ойрын хугацаанд 1,200 ор дэлгэхээр төлөвлөжээ.

Мөн томуу, томуу төст өвчнийг Омикрон хувилбараас ялгахын тулд ПСР шинжилгээ өгөх хэрэгтэй аж.

Энэ сарын 06-нд NGS технологиор зөөвөрлөгдсөн 16 тохиолдлыг илрүүлсэн байна. Энэхүү технологиор нэг сорьцыг шинжлэхэд нэг сая төгрөгийн өртөгтэй ажээ. Уг технологиор шинжилгээний хариу нийт 14-16 хоногийн дараа гардаг байна. Халдварын тохиолдлын оргил үед зориулж эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, орны нөөц, өрхийн болон гэрийн эмчилгээний багц зэрэг бэлтгэлийг хийхээр холбогдох байгууллагууд бэлдэж эхэлжээ. Харин Омикрон хувилбарт хэрэглэх эм хэрэгсэл бусад хувилбарт хэрэглэсэнтэй адил хэмээн ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Н.АНУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top