Монгол Улсыг дахин "Саарал жагсаалт"-д оруулах эсэхийг хэлэлцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Монгол Улс   ФАТФ-ын Ази номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG)-ийн гишүүнээр 2004 оны долоодугаар сард элссэнээр улс, үндэстэн дамнан үйлдэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх үүргийг хүлээх болсон. Энэ хүрээнд ФАТФ-аас гаргасан зөвлөмжүүдийг биелүүлэх ёстой байдаг.

Түүнчлэн энэ дагуу Монгол Улс 2023 онд дахин ФАТФ-ын үнэлгээ хийлгэх юм.

Тодруулбал, тэдний зөвлөмжийг хэрхэн биелүүлж буй тайлангаа энэ оны сүүлээр ФАТФ-т илгээж, ирэх оны эхний улиралд дүнгээ тавиулна.

Сануулахад,  Монгол Улс 2020 оны аравдугаар сард  "Саарал жагсаалт"-аас гарсан.

ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал  2020 оны аравдугаар сарын 13-нд  онлайнаар болоход, 100 гаруй орны төлөөлөгчид  манай улсыг хяналтын жагсаалтаас гаргахыг бүгд дэмжиж байсан. 

Улмаар тухайн сард болсон  ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаас албан ёсны шийдвэр гарснаар Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарсан юм.

Тэгвэл ирэх оны эхний улиралд ФАТФ манай улсад ямар үнэлгээ өгөх нь анхаарал татсан асуудал юм.

Санхүүгийн мэдээллийн албаны зүгээс мэдээлэл өгөхдөө "Саарал жагсаалтад орохгүй байхын тулд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа хамгийн чухал.  Мөн тухайн улс орон төрийн дээд түвшинд энэ асуудалд ач холбогдол өгч, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой хууль эрх зүйн орчноо тогтмол шинэчилж, хариуцсан байгууллагууд нь ажлаа цаг тухайд нь, чанартай хийх нь чухал юм. ФАТФ-аас тавьж байгаа олон улсын стандартууд байнга чангарч байгаа. Тэгэхээр энэ стандартуудыг Монгол Улс тухай бүрд нь дагаж мөрдөж байх ёстой. Тэгж чадахгүй бол дараагийн харилцан үнэлгээний баг ирэхэд дахиад л дутагдалтай байна гэж дүгнүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр стандарт өөрчлөгдөх болгонд Монгол Улс тэр стандарттай хөл нийлүүлж явах нь чухал юм. Тухайн стандартын дагуу хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийдэг, тэрхүү шинэчлэл нь практикт хэрэгждэг, бодлогын систем, зарчим, стратегитай байх ёстой. Үүнийг л ФАТФ-аас хамгийн гол зарчим болгож, шаарддаг.

Санхүүгийн мэдээллийн алба нь төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны гадаад, дотоод харилцаа гээд бүхий л асуудлыг хариуцаж байдаг. Одоогоор Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд төрийн 20 гаруй байгууллагын оролцоотой Хамтын ажиллагааны зөвлөл ажиллаж байна. Мөн төрийн 20 байгууллагын оролцоотой Үндэсний зөвлөл бий. Тухайлсан төрийн байгууллагуудын дээд удирдлага болон дунд түвшний менежрүүдийн хосолсон  ажлын хэсгүүд тогтмол хуралдаж асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Мөн хамтын ажиллагаагаа сайжруулаад явж байна. Санхүүгийн мэдээллийн албанаас ФАТФ-ын зөвлөмжүүд, бусад стандарттай холбоотой хийгдэх ажлуудыг тухайн бүрд нь эдгээр зөвлөлдөө танилцуулж, аль байгууллага ямар ажил хийх вэ гэдгийг тодорхойлж, асуудлыг эзэнтэй болгоход тогтмол дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ төрийн байгууллагуудын МУТСТ талаарх ойлголт, хүний нөөц чадавхи харьцангуй сайжирсан гэдгийг бас онцлон тэмдэглэмээр байна. Мөн Терроризмтэй тэмцэх зөвлөл гэж бий. Уг зөвлөл нь терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Энэ зөвлөлд мөн л 20 гаруй төрийн байгууллагын төлөөлөл бий. Тэгэхээр манай энэ зөвлөлүүд байнгын харилцан хамтын ажиллагаатай байх ёстой. Мөн мэргэжлийн холбоодуудын хүчин чармайлт чухал. Үүнээс гадна хэчнээн төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод хамтран ажилласан ч гэсэн энд хувийн хэвшлийн дэмжлэг маш чухал. Тэгэхээр мэдээлэх үүрэгтэй этгээдүүд маань төрийн байгууллагуудаа дэмжээд, үйл ажиллагаанд нь тогтмол хамрагдаж, мэдээлэл, туршлага солилцох байдлаар ажиллаж явах нь дараагийн удаад 2023 онд Монгол Улсын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг үнэлэхэд ямар нэгэн дутагдал гарахгүй байх чухал суурь болно” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.185.22.172) 2022 оны 01 сарын 12

Монголыг улс мөн эсвэл гэмт хэргийн бүлэглэлүүд засагладаг орон гэж үзэх эсэхийг шийдэх юм байна.

0  |  0
Top