Хил хаалттай ч “Эрээн”-ий бэлэг Цагаан сараар хөглөрөх нь ээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Гунан үхрийн эвэр хуга хөлддөг гурван ес эхэлж буйтай зэрэгцэн сар шинийн бэлтгэл ажил гээд гадуур хөл хөдөлгөөн мэдэгдэхүйц нэмэгджээ. Байхгүй юм гэж үгүй “Нарантуул” захын бараа "шингэрсэн" ч дотоодын барааг төвөггүй бэлдээд гарах зүйлс “Нарантуул” захад байна. Хил гааль хаасантай холбоотойгоор байгаа хэдэн бараагаа хоёр нугалж зарж байна. “Хямдруулах” гэдэг үг моодноос гарч, худалдагчийн “Нэмэгдээгүй, үнээрээ байгаа” гэдэг үгийг сонсоод баярладаг болов.

Цагаан сарын баяр дөхөхөөр гэрт нь зочилж ирсэн хүмүүсийн гарыг цайлгах бэлэг бэлдэх томоохон асуудал иргэдэд тулгардаг тул энэ талаар сурвалжлахаар 12.00 цагийн үед зорьсон газартаа очлоо.

 

ӨМНӨХ ЖИЛИЙН ЦАГААН САРЫН БЭЛГИЙН БАРААНУУД ТЭР ЧИГТЭЭ ХАДГАЛАГДАЖ ҮЛДСЭН

 

Цар тахал дэгдсэнээс хойш хоёр жил дарааллан цагаан сарын уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэж чадаагүй монголчууд тэсгэл алдсан нь мэдэгдэж байлаа. Учир нь “Нарантуул” захын зүүн хойд хаалгаар орж урагшлан явахад ширээний бүтээлэг, хулдаас, зөөлөн дэвсгэр худалдаалж буй наймаачид энгийн үеийг бодвол үйлчлүүлэгч ихтэй харагдана. Худалдагч залуу үйлчлүүлэгчээ алдахгүйг хичээж хайч, метрээ барьж  түргэн түргэн хөдлөх аж.

Цааш явбал ледерин гутал ховордож, орос бакаль, хром, адууны арьсан, годон гутлуудаар лангуу дүүрсэн байлаа. Харин сурагчийн дүрэмт хувцасны лангуу харагдсангүй. Дотуур өмд, малгай ороолт, бээлий зардаг лангууны нэг хэсэгт нь цагаан сарын бэлгэнд өгөхөд тохиромжтой хайрцагтай шилэн, шаазан аягуудыг хүний нүдэнд ил харагдахаар өрсөн байв. Мөн тэлээ, подволк зэргүүдийг шуудайлан газраар эгнүүлжээ. Аяганы үнийг сонирхвол бор шилэн шинжтэй аяга дангаараа 3000 төгрөг, хоолны аягатайгаа 6000 төгрөг гэнэ. Мөн кофены зурагтай, халбагатай шаазан аяга 5000 төгрөгний үнэтэй байсан юм.

Тэлээ сонирхож зогсох эмэгтэйд худалдагч “Наад тэлээ чинь бусад газраар 10 мянган төгрөг гэж байгаа, өмнөх жилийн бэлгийн барааныхаа үлдэгдлээ хямд зараад дуусгалаа” гэсээр ямар нэгэн зүйл хайв бололтой лангуун доороо түчигнүүлэв. Тус захын төв хаалга руу зүглэбэл нүүрний эгнээнд байрлах лангуунуудаар бэлэг сэлт гарчээ. Жижиг үсний индүү болон гурван оролттой утасны залгуур бөөний үнэ нь 5000 төгрөг, хүүхдийн цаг 1500 төгрөг, том тааран цүнх 8000 төгрөгөөр зарж байлаа. Хажуугийн лангуунд нь нүд хужирлах олон бараа харагдав.

Сонирхвол, үнэртэй ус, үсний гел, хөзөр, сахлын татуурга, аяга шаазан эдлэл, шампунь гэх мэт эрээвэр хураавар олон зүйлийг цэгцтэй гэгч нь өржээ. Хил хаалттай байхад энэ бараанууд хаанаас орж ирдгийг гайхан худалдагчаас асуувал “Өмнөх жил цагаан сараар хөл хорио тогтоосон учир бэлгийн бараанууд тэр чигтээ хадгалагдаж үлдсэн. Тиймээс тэрийгээ гаргаж зарж байгаа. Энэ жил хилээр бараа орж ирэхгүй тул даруй зарагдаад дуусчихна гэсэн горьдлого байна” гэлээ.

 

БЭЛЭН МӨНГӨ БЭЛЭГЛЭХЭЭР ГАР ХООСОН ГАРГАЧИХСАН МЭТ ЭВГҮЙ САНАГДДАГ

 

Бараа таваар урд хөршөөс шууд хамааралтай байдгийг мэдэрсэн явдал энэ өвөл болж монголчууд л хөгөө хөлдөө чирж байх шиг. Тиймээс үйлдвэрлэгч орон болцгооё, дотоодын бараагаа хэрэглэе гээд л амтай болгон ярьж байна. Начир дээрээ хямд үнэтэй, ямар ч хэрэгцээгүй бараа сонгож хүний гар цайлгана. Тэрийг нь авсан хүн дараагийн орж ирэх айлдаа бэлэглэж явсаар эцэс сүүлд нь өөрийнх нь гар дээр эргээд ирдэг хөгтэй гэмээр тохиолдлууд гардаг.

Тэгвэл “Нарантуул” захын нэгэн лангуунд барын арьс шиг өнгөтэй, даргар материалаар, худалдагч өөрийн гараар эсгэж, оёж хийсэн түрийвч худалдаалж байлаа. Үнэ 2500 төгрөг гэх бөгөөд “Мөнгө ойр зуур зүйлээ хийгээд явахад аятайхан шүү” гээд худалдагч эмэгтэй зарж буйтайгаа ижил түрийвч цүнхнээсээ гаргаж үзүүлэв.

Мөн “Тод Оймс” ХХК-аас цагаан сарын бэлэгний худалдаанд зориулж нимгэн оймс хийхэд тохирсон, цагаан өнгийн савлагаа гаргажээ. Бөөний үнэ 3500 төгрөг гэх бөгөөд савлагаа нь эрэгтэй, эмэгтэй гэж ялгагдах юм. Харин “Хүүхдийн оймс савлагаагүй ирдэг” гэж худалдагч хэллээ. Иргэд дотоодынхоо үйлдвэрээ дэмжиж, цагаан сарынхаа бэлгийг энэ тэрүүгээр хайж, цаг үрэлгүйгээр, төвөггүй бэлдээд гарах зүйлс “Нарантуул” захад байна.

Шашны эд зүйлс зардаг лангууг ажвал монгол ёс заншлаа бүрэн агуулсан, дотооддоо үйлдвэрлэсэн сувинерэн цулбуур, ташуур, ногт, шагай зангидаж хийсэн түлхүүрийн оосор зэрэг нандигнаж хадгалмаар, бэлэгдлийн чанартай зүйлүүд ч харагдаж байлаа. Цаг тооны бичиг ч мөн хэрэгцээтэй бэлэг болно доо. Ийнхүү дараа нь ашиглагдаж болохоор, үр өгөөжтэй бэлэг хайгаад явбал ч бага насны хүүхдүүдэд зориулсан орон орны үлгэрүүд, сэтгэхүй хөгжүүлэх дасгал ажлын дэвтэр, цагаан толгой, зүйр цэцэн үгийн ном тэргүүтэй сонголт олон юм.

“Баялаг Ундраа” төвийн үүдэнд хөлөө амраан суух өндөр настан Г.Сэржбадамтай хэсэг зуур ярилцав. Тэрбээр “Тэтгэвэр гэж 350 мянган төгрөг авдаг. Тэр мөнгөнөөсөө илүүчилж одооноос хүний гар цайлгах зарим зүйлсээ бэлдэж явна. Юмны үнэ дэндүү гэмээр өсчихжээ. Манай хүүхдүүд намайг бэлгийн барьцандаа бэлэн мөнгө өг л гээд байх юм. Нэг жил тэгэж өгч үзсэн. Барьц өгөөгүй гаргачихсан юм шиг ёстой эвгүй байдаг юм байна лээ. Би олон ач, зээтэй учраас гар цайлгах юмаа авахад нэг сая төгрөг болно гэж тооцоолсон байгаа” хэмээн набор, шоколадтай вафли печень, ааруул зэргээр тороо дүүргэсэн тэрээр суусаар үлдэв.

Сүүлийн жилүүдэд бэлгэнд хэт их ач холбогдол өгч, нэгэндээ чамирхах хандлага газар авсан. Угтаа бэлэг өгөх нь ёс төдий гар цайлгах эртний уламжлал. Гэвч үүнийг хавтгайруулж, бэл бэнчинг харуулах нэг аргаа болгосон. Ингэснээр цагаан сарын утга учир алдагдсаар байна. Энэ жилийн цагаан сараар урдаас бараа, таваар орж ирэхгүй тул жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэн баяр болох нь гэсэн бодол хэн хүнд байсан. Гэвч өмнө жилийн зарагдаагүй үлдсэн бэлгийн бараа наймаачдад их хэмжээгээр дараастай тул түүгээрээ бөмбөгдөх нь гарцаагүй болов.

Харин ҮНДЭСНИЙ БЭЛЭГ  үү, ЭРЭЭНИЙ БЭЛЭГ үү гэдгээ иргэд л сонгох болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.67.138) 2022 оны 01 сарын 12

Hoihi chinee Hujaa nart hamag mongoo ogood oorsdoo uguirch uld!.Yu ch hiij chadahgui yu ch oilgohgui malnuud. Hujaag muu heleed huvhairch suu.Hoshnogoo archih tsaas ch hiij chadahgui baij.uls tur yariad hudlaa bulterch suu.

0  |  0
Top