Хүүхэд бүрийг хуримтлалтай иргэн болгох тухай Засгийн газрын “санаачилга” 2022 оны төсвийн тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд 2022 оны төсвийн жилд, нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр бэлнээр авах сонголтыг эцэг эх, асран хамгаалагчдад олгож байна.
Харин долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш энэ он дуусталх хугацаанд 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг Ирээдүйн өв санд хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр авах боломжийг олгож буй юм.
Улмаар 2023 онд хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн гаргасан хүсэлтийн дагуу хүүхдийн нэрийн дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн 40 хувийг, 2024 оноос хойш 30 хувийг тус тус бэлнээр олгох юм.
Өчигдөр /2022.01.11/ ХНХ-ын сайд А.Ариунзаяа Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг хэрхэн гаргах талаар заавар мэдээллийг олон нийтэд өгсөн. Иргэдийн хандлагыг харахад, Хүүхдийн мөнгийг төр хадгалж, хуримтлал үүсгэж өгнө гэдэгт үл итгэсэн байдал давамгайлж байна.
Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлээр буюу 2022 оны төсвийн төслийг өргөн барихынхаа өмнө хэлэхдээ “Хүүхдийн мөнгийг шууд хэрэглээнд үрэх биш хадгаламж руу, хөрөнгө оруулалтын хуримтлал руу нь шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаар баталгаажуулаад, 6-18 нас хүртэл нь хуримтлал үүсгэлээ гэхэд тухайн хүүхэд 18 нас хүрэхдээ 19-20 сая төгрөг авна, хөрөнгө оруулагч иргэн болно гэсэн үг. Халамжаас салж, ийм бүтээлч хуримтлалыг дэмжсэн бодлого руу шилжинэ...
Монгол Улсын хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, Хадгаламжийн даатгалын сангаар даатгуулсан, хамгийн эрсдэл багатай системийн нөлөө бүхий банкуудад нэрийн дансны хуримтлалтай болж, хадгалах, хуримтлуулах дадал зуршлыг хүүхэд наснаас суралцахаас гадна 18 нас хүрээд нэрийн дансны хуримтлалаар өөрийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийх боломжтой болно” гэсэн мэдээллийг өгч байсан.
Тэгвэл уг асуудал хуульчлагдан батлагдахдаа, Мөнгөн хуримтлал үүсгэхэд шаардагдах хөрөнгийг холбогдох банканд байршуулах тухай хэсэг хасагдсан байна.
Харин мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор Төрийн санд, үлдэх хэсгийг Ирээдүйн өв сангийн Монголбанкин дахь дансанд тус тус шилжүүлнэ гэж тусгажээ.
Мөн анх төсөлд тусгаж оруулсан, Хүүхдийн нэрийн данс дахь хадгаламжийг захиран зарцуулах эрхэд аливаа хязгаарлалт тогтоохгүй гэснийг хассан байна.
Энэ онд хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээг 1,096.3 тэрбум төгрөг, хүүхдийн нэрийн дансанд хуримтлагдах доод хэмжээг 365.4 тэрбум төгрөг байхаар тооцсон.
Оны эхний хагас жилд хүүхэд бүрд 100.000 мянган төгрөг бэлнээр олгож, оны сүүлийн хагаст 50 төгрөг бэлнээр олгож, 50 мянгыг нь хуримтлалын сан руу шилжүүлсэн тохиолдолд 365.4 тэрбум төгрөг Ирээдүйн өв санд төвлөрөх аж.
Тодотгоход, Хүүхдийн мөнгийг үе шаттайгаар татан төвлөрүүлэх гэж буй “Ирээдүйн өв сан”-г анх байгуулах болсон үндсэн зорилго нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Гэвч Хүүхдийн мөнгийг хуримтлуулдаг сан болгож өөрчлөх тухай яригдах хүртлээ энэ сан үнэндээ үүргээ гүйцэтгэж чадаагүй. Түүнчлэн Монгол Улс эрдэс баялгийн салбарын орлогынхоо 99 хувийг хэрэглээд, 1 хувийг л ирээдүйдээ үлдээдэг гэх шүүмжийг олон улсын байгууллагуудаас сонсдог.
Монгол Улсын уул уурхайн салбар 2000 оноос хойшхи хугацаанд нийт 28 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олсон орлогоо бараг бүгдийг нь зарцуулсан талаар эдийн засагч, судлаач Д.Ган-Очир, Б.Даваадалай, Д.Эрдэнэбаяр нарын судалгаанд бий.
Орлогыг цалин, ашиг, татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж ангилах бөгөөд сүүлийн 15 жилд уул уурхайн салбараас шууд хэлбэрээр төлсөн татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 9 тэрбум ам.долларт хүрчээ.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс гадна Засгийн газар ирээдүйн ашигт малтмалын орлогоо барьцаалах замаар 8.7 тэрбум ам.долларын зээл авсан байдаг.
Түүнчлэн Засгийн газар 2011 оноос хойш Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж эхэлснээр сүүлийн есөн жилд энэ хоёр санд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал хийжээ. Гэсэн ч эдгээр сангаас 1.2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар 2020 оны байдлаар цэвэр дүнгээр 0.2 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байсан.
Нэг ёсондоо Монгол Улс уул уурхайн орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авсаар байдаг нь хойч үеийнхээ санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж буй үйлдэл гэдгийг эдийн засагчид сануулдаг.
Тэгэхээр бодит байдлыг харахаар, уул уурхайн салбарын орлогоосоо өнөө ба хойч үедээ тэнцвэртэй хуваарилах үүрэгтэй Ирээдүйн өв сангаа хуулийн хүрээнд нь ашигладаггүй эрх баригчид Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг үе шаттайгаар уг сандаа төвлөрүүлэх болсонд олон нийтийн зүгээс үл итгэх хандлага дагуулж буй нь нэг талаас арга ч үгүй юм.
Хурааж, хуримтлууллаа гэдэг ч тэдгээр сангуудаа баялгийн сангийн өсгөж, үржүүлэх механизмаар ажиллуулж чаддаггүй, тийм эрүүл жишиг туршлага байхгүй учраас л иргэд эргэлзээд байгаа хэрэг. Гол нь хуримтлал үүсгэх нэрээр төсвийн алдагдлаа нөхөөд, үрэн таран хийгээд байлгүй, Ирээдүйн өв сангаа баялгийн сангийн жишгээр ажиллуулж чаддаг соёлтой болох шаардлагатай.
Сэтгэгдэл ( 4 )
Хүүхдийн мөнгө хүүхдэдээ л зориулагдана биз дээ. Хуримтлуулах эсэх нь төрд юуны хамаа! Ёстой нэг дүүрцэн баларцан галзуу солиотой юмнуудаар төр бузартжээ. Хүүхдийн хэрэглээгээ хангаад цаана нь мөнгө үддвэл хэн ч хуримтлал үүсгэнэ. Юун хуриитлал манатай өолоод бн. Ирээдүйн өв санд хүн бүрт УУн орлогоосоо хий. Тэр хүүхдийн мөнгөөс тусдаа асуудал.ккк
Хүүхдийн мөнгө гэдэг бол Утга нь хүүхэдтэй болохыг дэмжиж байгаа засгийн газрын бодлого биз дээ. Олон хүүхэд гаргавал хэрэглээнд нь нэмэр болгох зорилготой хүүхдийн хэрэглээгээ хангаарай гэж аав ээжүүдэд нь өгч байгаа мөнгийг зүгээр л өгөх хэрэгтэй ш дээ энд төрийн оролцоо ямар ч шаардлагагүй шүү дээ. Мэдээж эцэг эхчүүд амьдрал нь хүрэлцвэл хүүхэддээ хадгаламж үүсгээд л хадгалах нь эцэг эхчүүдийн шийдэх асуудал биз дээ. Хүүхдийнхээ хэрэглээг авч хүрэлцэхгүй бол энэ мөнгөөрөө амжиргаагаа залгуулах нь эцэг эхчүүдийн асуудал, төр Хадгаламж үүсгээд хүү төлөх юм уу үгүй биз дээ дэмжихгүй байна.
За даа юу л бол доо. Та нар зүгээр л бод. Нийгмийн даатгалын сангийн цаана төр өчнөөн баталгаа гаргаж байгаад энэ мөнгөнөөс авч хэрэглэдэг. Өнөөдөр төр энэ санд хэдэн трилион төгрөгний өртэй вэ? Хажуугаар нь бас хулгайлна. Капитал, С.Эрдэнэ, Үндэсний хөрөнгө оруулалтын банк гээд л. Хэдхэн жилийн дараа төр энэ сангаас тэтгэврээ тавьж чадахгүйд хүрнэ. Ер нь ч манайх шиг тогтолцоотой эрүүл мэндийн даатгалын систем урт наслахгүй. Хүмүүс аль болох мөнгөө өөр маягаар хуримтлуулсан нь дээр.
худлаа сангийн мөнгийг идээд өгөх болохоор байхгүй гэдэг биз дээ одоо тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг байршуулсан мөнгөө авч чадахгүй л байгаа биз дээ хөгшчүүлийн тэтгэвэрийг нэмж ч чадахгүй байгаа болохорр та нарт хэн итгэхэв дээ