Шатахууны үнэ 20-50 төгрөгөөр нэмэгдлээ

2022 оны 01 сарын 13

Шатахуун тойрсон сэдвүүд өнөөдөр ч яригдсаар. Жолоочдын зүгээс шатахууны чанар муу байгаа гэх гомдлыг ихээр гаргасны улмаас ШӨХТГ, АМГТГ, МХЕГ-аас хяналт, шалгалтын ажлыг хийсэн байдаг. Гэсэн хэдий ч хяналтын хариуг олон нийтэд дэлгэрүүлж зарлаагүй нь иргэдийн хардах сэдлийг улам л төрүүлсэн билээ. Хяналт шалгалтаас тодорхой болсон зүйл бол шатахуунаас ус илэрч, чанаргүй байсан нь үнэн гэх явдал байв. Гэтэл өчигдрөөс эхлэн шатахуун импортлогчид үнээ нэмлээ.

Тодруулбал, АИ92 шатахууны үнийг литр тутамд 20 төгрөгөөр нэмсэн байна. Ингэснээр АИ92 шатахууны үнэ литр тутамд 2,220-2,240 төгрөг болсон ажээ. Тэгвэл бодит байдал дээр шатахуун түгээх станц/ШТС/-ууд шатахуунаа хэдэн төгрөгөөр зарж буйг судалсан юм. ШТС-ууд АИ92 шатахууныг 2,240 төгрөгөөр худалдаалж байлаа.

Эдгээр ШТС-ууд дундаа АИ92 шатахууныг хамгийн хямдаар худалдаалж байсан нь Супер92 байсан юм. Супер92 ШТС АИ92 шатахууныг 2,190 төгрөгөөр худалдаалж байсан бол Тэс петролиум ШТС-ууд болон M-oil ШТС 2,220 төгрөгөөр худалдаалж байлаа. Харин Евро5 стандартын АИ92 шатахууныг Шунхлай ШТС-д 2,390 төгрөгөөр худалдаалж байв.

Шатахуун худалдан авах жолоочдын хувьд олонх нь шатахууны үнэ дахин нэмэгдсэн явдалд дургүйцэж буйгаа илэрхийлсэн юм

Тухайлбал, иргэн Б.Бат-Эрдэнэ “Шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэж таксины үнэ нэмэгдэх вий гэхээс айж байна. Таксинд явдаг болохоор эхэндээ нэг км-ийг 1,500 төгрөг хэмээн хэлэхэд санаа зовдог байлаа. Одоо нэг км-ийн үнэ дахин нэмэгдвэл үйлчлүүлэгчид ихээхэн бухимдах болно. Ер нь үйлчлүүлэгч багасаж, орлогод маань ч нөлөөлөх байх даа” гэсэн юм.

Мөн иргэн Э.Наранцэцэг “Бараа бүтээгдэхүүний үнэ шатахууны үнийг дагаад өсвөл халдвартай эдгээр өдрүүдэд хэцүүдэх болно. Эм, хоол хүнс гээд л. Гэтэл бид амьдралдаа хангалттай хүрэхүйц цалин авч чаддаггүй. Орлогоо давсан зарлагатай амьдарч байна. Тиймээс зээлээс зээл хооронд амьдрах нь бий. Нийгмийн хөрсөнд буусан шийдвэрүүдийг томчууд маань гаргаасай” гэлээ. Зөвхөн АИ92 шатахууны үнэ нэмэгдээгүй юм. Мөн АИ95 шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмсэн байлаа. Ингэхдээ хамгийн хямд худалдаалж буй газар нь Шунхлай ШТС байсан юм. Тус ШТС АИ95 шатахууныг 2,790 төгрөгөөр худалдаалж байсан бол бусад ШТС-ууд 2,840 төгрөгөөр борлуулж байв.

Манай улс нийт шатахуун импортынхоо 93 хувийг ОХУ, 4,6 хувийг БНСУ, 1,9 хувийг БНХАУ-аас, бусад улс орнуудаас үлдсэн хувийг авдаг гэх тооцоо бий.

Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн эхний 11 сарын байдлаар 4.6 сая баррель газрын тос олборлож, 4.3 сая баррель газрын тосыг экспортолсон байна. Дотооддоо газрын тос олборлож, экспортолдог атлаа ОХУ-аас газрын тосны хараат байдалтай байгаа явдал нэг бодлын харамсмаар зүйл. Иймээс нэн тэргүүнд өөрсдийн газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал яригдсаар өнөөдрийг хүрсэн билээ.

Өнөөдрөөс нэг жилийн өмнө Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ болсон байдаг. Жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай хэмээн үзэж буй. Уг үйлдвэрийг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар танилцуулсан юм. Гэсэн хэдий ч цар тахлын улмаас ашиглалтад оруулах хугацааг нэг жилээр хойшлуулсан байдаг.

Нэг ёсондоо 2025 оны хоёрдугаар хагасаас бид дотооддоо газрын тос үйлдвэрлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Улсын хэмжээнд жилдээ 1,2 тэрбум орчим ам.доллараар шатахууны хэрэглээгээ хангадаг. Түүхий эдийн нөөц баялаг их хэдий ч импортын бүтээгдэхүүн хэрэглэсээр буй явдал эдийн засгийн ихээхэн алдагдал хүлээх гол шалтгаан болсоор байна. Тэгэхээр үйлдвэр баригдаж дуустал бид дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн ханшийг харж амьдрахаас өөр сонголтгүй болоод байгаа юм. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлыг Дарханы замын адил бүтэлгүйтэл болгохгүй байгаасай хэмээн бодохоос өөр сонголт одоохондоо алга.

Нэгэнт импортоор дотоодын зах зээлээ хангадаг улсын хувьд шатахууны үнийн өсөлт гэдэг бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл болсоор ирсэн. Зөвхөн хил хаасантай холбоотой ч бус 20-50 төгрөгийн шатахууны үнийн өсөлт Цагаан сарын баяр дөхсөн эдгээр өдрүүдэд иргэдийн нуруунд ачаа болох шинжтэй. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс илүүтэй шатахууны үнийг чөлөөлөх талаар хөндөх нь оновчтой болов уу.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнийг чөлөөлөхтэй холбоотой мэдээлэл өгч байсан.

Тэрбээр "Газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой хангамж хамгийн түрүүнд тавигдах асуудал. Үүний хүрээнд АИ92 шатахууны үнийг зах зээлийн горим руу аажмаар шилжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл мөн. Төрөөс эрэлт нийлүүлэлтэд оролцох тусам шатахуун импортлогчид алдагдал хүлээдэг. Үүний ачаа хэрэглэгчдэд ирдэг. Төрөөс хийж байгаа зохицуулалт нэг удаагийн, огцом хэлбэлзэлгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн үнэ нэмэгдэлт нийт үнийн дүнгийн таван хувь буюу 100 төгрөгөөс дээш хэтрэхгүй байх шаардлагыг компаниудад тавьж байна. Ингэснээр инфляц хөөрөгдөх зэрэг шокоос хамгаална" гэсэн юм.

Дэлхийн улс орнууд шатахууны үнийг тогтворжуулахын тулд төрөөс үнийг тогтоох, импортлогчдод татаас өгөх болон үнийг чөлөөлөх гурван аргаас сонгон ашигладаг. Манай улсын хувьд төрөөс үнийг тогтоосноор импортлогчид алдагдал хүлээж, импортлогчдод татаас өгвөл төр алдагдал хүлээж буй учир шатахууны үнийг чөлөөлөхийг хамгийн оновчтой хувилбар хэмээн үзсэн байна.

Хэрэв хувийн хэвшлийн импортын бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулалт хийвэл хувийн хэвшлийнхэн замын түгжрэлийг ч арилгаж чадахуйц шатахууны хомсдол үүсгэснийг хэдхэн сарын өмнөх үйл явдлуудаар санаж болно. Гэвч үнийг чөлөөлөх бодлого иргэдийн цалин, амьжиргааны түвшин дээгүүр улс орнуудад илүү зохицдог. Үүнд Азийн бар мэт хөгжингүй орнуудыг дурдах нь зүйтэй. Харин хөгжиж буй манайх шиг улсын хувьд иргэд нь өндөр цалинтай биш атал шатахууны үнийг чөлөөлсөн явдал цаашдаа иргэдэд илүү дарамт учруулахуйц нөхцөл байдлыг дагуулж байна. Хамгийн муугаар бодоход шатахууны үнийг чөлөөлснөөс үүдэж өнөөгийн хүнд байдалд орсон Казахстан улс тод томруун жишээ болж байгаа юм.

Н.АНУЖИН

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top