Монгол Улсын дөрөв дэх буюу ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын Ардын Их хурлаар баталсан. Тэгвэл Үндсэн хуулийн 30 жилийн ой баярын хүрээнд өчигрдөр /2022.01.12/ Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд "ҮНДСЭН ХУУЛЬ БА ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ – 30 ЖИЛ" сэдэвт чуулганыг Монгол Улсын Их хурлын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэнгээс хамтран зохион байгууллаа.
Чуулганд хэвлэл, мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, хууль тогтоогчдыг төлөөлсөн 60 орчим хүн оролцож8 30 жилийн өмнө Үндсэн хуулиар баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө иргэний нийгмийн орон зай, хэвлэл мэдээллийн салбар, ардчилсан сэтгүүл зүйн хөгжилд хэрхэн нөлөөлснийг хэлэлцлээ. Түүнчлэн орчин үеийн цахимжсан нийгэмд хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар санал солилцсон юм.
Тодруулбал, Гавьяат хуульч Д.Лүндээжанцан "Монгол Улс дахь ардчиллын хөгжил ба Үндсэн хууль", Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид "Ардчилсан сэтгүүл зүйн өчигдөр, өнөөдөр, маргааш", УИХ-ын гишүүн Н. Учрал "Цахим эрин үеийн хэвлэн нийтлэх эрх чөлөө - эрх зүйн орчин", "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын төлөөлөл Т.Амарзаяа "Иргэний нийгмийн орон зай – үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө", "Хэвлэлийн хүрээлэн"-ийн багш Т.Есөн-Эрдэнэ "Худал мэдээлэл ба үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нарын цахим илтгэлийг оролцогчдод танилцуулсан юм.
УИХ-ын дарга цахимаар оролцож, чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улс 1992 онд баталсан шинэ ардчилсан Үндсэн хуулиараа хүний эрхийг баталгаажуулсан. Олон намын тогтолцоотой парламентийн ардчилсан засаглалыг бэхжүүлсэн. Тус үндсэн хууль нь ардчиллын баталгаа юм. Хүний эрхийн баталгаа юм. Тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Тийм ч учраас ардчилсан Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт хүний эрхийг 18 зүйл заалтаар тунхаглан заасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-т хэвлэн мэдээлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал хийж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг зааж өгсөн. Үндсэн хуулийн заалтыг дэлгэрүүлж Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар сэтгүүлчдийг хараат бус байх, төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавих, төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх зэрэг заалтуудыг тусгаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан.
Манай улсад чөлөөт хэвлэл мэдээллийн тогтолцоо бүрдсэн гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар 78 сонин, 60 сэтгүүл, 50 радио, 136 телевиз, 178 мэдээллийн сайт зэрэг 560 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, дөрөв дэх засаглалын үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.
Хэвлэл мэдээллийн салбар нь ардчиллын тогтолцоонд дасан зохицох, техник технологийн үе шатаа туулан, техник, технологийн шинэ нөхцөл байдал, хэрэглэгчдийн шинэ үетэй нүүр тулгарч байна. Сошиал медиа, нийгмийн сүлжээний өмнөх үе, нийгмийн сүлжээний дараах үе гэж хуваагддаг боллоо. Хэвлэлийн эрх чөлөө хангагдсан боловч эдийн засгийн эрх төдийлөн хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөн, нийгмийн харилцаа хөгжихийн хэрээр хууль тогтоомжоо ч шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна" гэдгийг онцоллоо.
УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан илтгэлдээ "Ардчилсан шинэ Үндсэн хууль нь төслөөс батлагдах хүртлээ ардчилсан зарчмаар явж, ард түмнээр хэлэлцүүлж баталсан ард түмний оюуны бүтээл болсон. Дэлхийн улс орнууд, судлаачдын үзэлгээнээс үзэхэд олон улсад нийцсэн Ардчилсан үзэл санааг агуулж чадсан хууль болсон гэж нүүр бардам хэлнэ. Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь үндсэн хуульд тавьдаг гол шалгуур болох "Удаан үргэлжлэх чадвар, Хүлээн зөвшөөрөгдөх байдал"-аар авч үзвэл ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЮМ" гэж тодотгов.
Харин доктор Б.Галаарид сэтгүүл зүйн салбарт ололт амжилт их байгаа ч Монгол Улсын сэтгүүл зүй өнгөрсөн 30 жилтэй харьцуулахад хамгийн доод түвшинд хүрсэн гэж онцоллоо. Тэрээр "Сэтгүүл зүйг ардчилах бүтэн зургаан нэгж, зорилго, зорилт зөвлөлдөх бодлоготой, суурь орчлоо дутуу хийснээс болоод 30 жилийн хичээл зүтгэл санасан үр дүнд хүрч чадахгүй байна. Хоёрдугаарт бидний хэрэгжүүлсэн хэвлэлийн эрх чөлөөний онол буюу либертари онол нь Монголын нөхцөл идээшин зохицох явцдаа мутацид ороод монголчлогдсон.
Ардчиллын амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ойлгохгүйн улмаас төрийн янз бүрийн шатны албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн бодлогод хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх оролдлого сүүлийн үед нэлээд гарч байгаа. Төр энэ салбарыг сууриар нь дэмжих ёстой байсан. Тухайлбал өнгөрсөн хугацаанд мэдээллийг хүлээж авах иргэдийн боловсролыг олгож, сэтгүүл зүй судлалыг бодлогоор дэмжих шаардлагатай байсан" гэлээ.
Мөн "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын төлөөлөл Т.Амарзаяа нэр бүхий байгууллагуудаас хийсэн судалгаагаар Монгол Улсад үзэл бодол, байр сууриа илэрхилйэх эрх чөлөө ХАНГАЛТГҮЙ, иргэдийн оролцооог хангах аливаа зохицуулалтад хийсэн үнэлгээ ХАНГАЛТГҮЙ, нийгмийн эгэх хариуцлага СУЛ гэсэн үр дүн гарсныг дурдлаа. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд төрийн оролцоо орж ирэх болгоомжлол байгааг тодотголоо. Тэрээр Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухайн хуулийн төсөл дээр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд төр оролцох зохицуулалт тодотгон, ХАСУУЛАХ санал гаргасан юм.
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал илтгэлдээ “Бидний мэдээлэлтэй байх эрхийг товчхоноор мэдэх эрх гэж нэрлэдэг. Гэхдээ гагцхүү үнэн зөв мэдээлэл хүлээж авснаар мэдэх эрх хэрэгжих боломжтой. Мэдэх эрх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан бусад эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх үндэс” хэмээн онцолсон. Тэрбээр мөн “Нэгэн цагт хэвлэл мэдээллийн байгууллага гэж телевиз, радио, сонин, сэтгүүлийг ойлгодог цаг нэгэнт ард хоцорч, цахим орчин гэх маш том виртуал нийгэмд бид мөр зэрэгцэн амьдарч байна.
Монгол Улс нь бүс нутгийн орнуудыг бодвол хүнийг цахим орчинд мэдээлэх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангаж, нийгмийн сүлжээний аливаа хязгаарлалт, хориглолт хийгээгүй бөгөөд ялангуяа цахим орчинд мэдээллийг түгээх, нийтлэх эрх чөлөө хэн бүхэнд нээлттэй байдаг. Монгол Улс Хил хязгааргүй сэтгүүлчид төрийн бус байгууллагын 2020 онд хийсэн судалгаагаар хэвлэлийн эрх чөлөөний индексээр 68 дугаарт буюу Япон улсын ард жагссан нь үүнийг нотолж байна гэж үзэж байна. Энэ бол бидний сүүлийн 30 жилд цогцлоосон амжилт.
Цахим орчинд бид идэвхтэй амьдрах болсноор иргэн бүр хэвлэн нийтлэгч болох бүрэн боломж бүрдсэн нь нэг талдаа том ахиц дэвшил боловч нөгөө талдаа шийдвэрлэх шаардлагатай, бодолцох ёстой том асуудлыг дагуулж байна.
Өмнө нь дурдсанчлан хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бусдын хууль ёсны эрх ашиг, нэр төр, алдар хүнд, түүнчлэн бусдын үнэн зөв мэдээлэл олж авах эрхийг хөндөхгүй байх учиртай. Үүнийг цахим орчинд хэрэгжүүлэхийн тулд тодорхой цензур, үүрэг хариуцлага хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэвч уг үүрэг хариуцлагыг хэтрүүлэн, буруу ашиглавал хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах эрсдэлтэй тул туйлын няхуур хандах шаардлагатай" гэв.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр оролцож, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаараа танилцуулж, хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт УИХ-аар шийдвэрлэнэ гэлээ. Тус хуулийн төсөлд өмнөх Эрүүлгийн хуульд заасан "ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ" гэсэн заалтыг "ГҮТГЭХ" гэж өөрчилж байгааг онцлов. Ингэснээр төрийн байгууллагууд, улс төрд нөлөө бүхий этгээд төрийн албан тушаалтны хувиар Эрүүгийн хуулийн гүтгэх гэсэн зүйл ангиар цагдаад гомдол гаргахгүй байхаар тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )