Эрүүлийг хүсвэл вакциныг хүс

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Өнгөрсөн намар КОВИД-19-ын тохиолдол өдөрт хоёр, гурван мянгад хүрч, монгол хүн чухам энэ өвчнөөс шалтгаалан өдөрт хэдэн арваараа нас барж байлаа. Эмч, эмнэлгийн ажилтнууд, эмнэлгүүдийн байр байдал ямар нүд халтирам болсон талаар бол бүр хэлэх ч юм биш. Жинхэнэ гамшгийн дундуур монголчууд явж өнгөрсөн. Үүнийг бид бас хэсэг хугацаанд мартсан ч байна.

Тэгвэл бид тухайн айхтар байдлаас яаж гарсан юм бэ. Яг үнэндээ, вакцинжуулалтын хүчээр л туулсан шүү дээ.

Хөл хорио ч болоогүй, хөдөө гадаа ч дураар нь явуулсан хэр нь өвчний тархац буураад, халдварласан хүмүүсийн тоо өдөрт 100-аас доош тоологддог болчихсон нь вакцинтай холбоотой. Ердөө сарын өмнө бид тайван амгалан байж болохоор болчихлоо гэсэн бодолтой болж ирсэн.

Гадагшаа Турк, Тайланд руу аялал зохион байгуулаад, өнгөрсөн оны сүүлээр нижгэр шинэ жилүүдийг тэмдэглээд л. Тэглээ гээд цар тахал ч сүрхий нэмэгдэхгүй мэт л байлаа. Энэ сарын 1-ний өдөр 289 хүн ковидоор өвчилсөн нь батлагдсан байдаг. Гэтэл өнгөрсөн арав гаруй хоногт өдөрт л хэдэн зуугаараа нэмэгдэх болов. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр бол өчигдөр буюу ганцхан өдрийн дотор 1818 хүн ковидоор өвчилсөн нь батлагджээ.

Өвчлүүлэх нь өмнөх хувилбаруудаасаа асар хурдтай гэх Омикрон хувилбар дотоодод тархсантай ч холбоотой. Цахим сүлжээгээр дүүрэн өвдсөн, зовсон хүмүүсийн сэтгэгдэл. Дахиад л түргэний тэрэг орилсон гудамж, өвчиндөө шаналсан хүмүүсийн зовиур, ар гэрээ мартсан эмч, эмнэлгийн ажилтнуудын ядарсан төрх, хар өдрүүд.

Их Д.Нацагдоржийн нэгэн шүлэгт “Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс” гэсэн байдаг.

Тэгвэл одоо эрүүлийг хүсвэл вакцины нэмэлт тунг л хүсдэг цаг иржээ. Цар тахал хэчнээн гамшигтай болохыг өнгөрсөн хоёр жил монголчуудад хангалттай ойлгууллаа. Тийм болохоор энэ талаар илүү нурших шаардлагагүй байх. Иргэдийн эрүүл мэнд, амьжиргаа, улс орны эдийн засагт ямар их өөрчлөлт гарав. Бүр цаашилбал бид ардчилсан нийгэмтэйгээ байх эсэх тухай ч асуудал үүсэхээр байна. Хил гааль хаалттай байх, бусдад адлагдах ямар байдгийг 30 жилийн дараа дахин үзлээ. Чухам яагаад вакцин хэрэгтэй вэ гэдгийг тайлбарлавал зарим хүн дургүйцэж ч магадгүй.

Угаасаа хэрэгтэй зүйлийг хэрэгтэй байна гэж тайлбарлахыг юутай ч зүйрлэмээр юм дээ. Тийм болохоор вакцины үүсэл гарал, хүн төрөлхтнийг шинэ шатанд гаргасан элдэв гавьяаг дурдахаас илүү уриалах нь зөв болно. Учир нь коронавирус дэлхий даяар янз бүрээр хувиран тархлаа. Дельта, бетта, омикрон сүүлдээ дельтакрон ч гэж гарч байх шиг. Аль нэгийг нь тусаад эдгэхэд нөгөөх нь халдварлах эрсдэл өндөр хэвээрээ. Сүүлийн өдрүүдэд хоёр дахь удаагаа КОВИД-19-ын халдвар авсан хүмүүс эмнэлгүүдийг дүүргэх болсон нь ч үүнтэй холбоотой.

Дээр нь орчин үеийн вакцины онцлог шинж чанар ч гэж байна. Биднийг хүүхэд байхад хийгээд сорви үлдээдэг. Тэгээд насан туршид нь дархлаатай болгодог улаанбурхан, сахуу татрангийн вакциныг бодвол шинэ үеийн вакцинууд хүний биед үзүүлэх сөрөг нөлөө багатай, бас үүнийхээ хэрээр тодорхой богино хугацааны үйлчлэлтэй болчихсон байна.

Үүнээс үүдээд нэгдүгээр тун, хоёрдугаар тун гэдэг нэршил гараад байгаа юм. Хугацааны эцэс дуусаад өнөө халдварт цар тахал нь өнгөө хувирган дахин заналхийлэхэд дахиад л вакцин хийлгэх ёстой гэсэн үг. Манайхан дунд зарим ухвар мөчид бодолтой хүмүүс байх юм. Вакцинд чип байна л гэх. Вакцин тариулж байснаас адууны сармистай шөл хэрэгтэй гэж байгаа нь “Үхээд өгье” гэсэн шиг л сонсогддог юм. Бас ийм л хүмүүс мэдээлэл муутай хэсгээ эргэлзээнд оруулж, эрсдэл үүсгэж байгаа. Юу л гээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Европын өндөр хөгжилтэй орнууд ард иргэдээ цөөлөх гээд нэмэлт тунг уриалаад, вакцин хийгээд байв гэж дээ. Ядаж энэ талаас нь бодох ёстой биз дээ.

 Дэлхийн эрдэмтэд ч нэмэлт тун хийлгэснээр аливаа хувилбараас сэргийлж чадна, өвчиллөө гэхэд хөнгөн тусна гэдгийг хэлэх боллоо.

Сонирхуулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн наймдугаар сард өндөр хөгжилтэй орнуудад хандаж иргэддээ вакцины гуравдугаар тун хийж байгаагаа хойшлуулахыг уриалж байв. Шалтгаан нь вакцины чанарт биш олдоцод нь байгаа юм. Тухайлбал, Хаити, Бүгд Найрамдах Ардчилсан Конгод улсад л гэхэд хүн амын аль ч бүлэг нь вакцины хоёр тунд хамрагдаагүй байгаа аж. Ийм ч болохоор вакцины хүрэлцээг нэмэгдүүлж, ядуу буурай орны иргэдэд илүүтэй хувь ногдуулж, ядаж хоёр тунд хамруулахын тулд тэр шүү дээ. Товчхондоо, нэмэлт тунд хамруулах идэвх ихэссэнээр дэлхий даяар вакцин ховорджээ. Харин бидэнд байгаа давуу тал бол хийлгэхийг л хүсвэл вакцин нь бэлэн байгаа нь юм.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Вакцины нөөц хангалттай байгаа. Синофармын 600 мянган тун, файзерийн сая гаруй тун бий. Ер нь манай улс нөөцөө маш сайн бэлдсэн. Үүн дээр БНХАУ, АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг гээд дэмжлэг үзүүлсэн улсуудад талархах ёстой. Файзер компани хасах 60-90 градуст хадгалахад хадгалалтын хугацаа асуудалгүй гэсэн албан ёсны захиа ирүүлсэнийг хэлэх нь зүйтэй байх” гэж байлаа.

Засгийн газраас энэ сарын 5-ны өдөр нийт иргэддээ вакцины дөрөвдүгээр тунд хамрагдахыг уриалсан. Тухайн үед Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Судалгаагаар, вакцинд хамрагдсан хугацаа уртсах тусам хамгаалах чадвар нь суларч байгаа. Тиймээс дээрх тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлсэн. Иргэн гурван тун хийгээд өвдсөн бол өвдсөнөөс хойш 21 хоногийн дараа вакцин хийл­гэх боломжтой талаар журам гаргахаар төлөвлөж байна

Өнөөдрийн байдлаар, Израил, Турк улсад дөрөвдүгээр тунг хийж эхэлсэн. Синофарм, Файзер вакцины нөөц хангалттай, зориулалтын газарт хадгалж байгаа бөгөөд энэ оны зургаадугаар сард хугацаа нь дуусна. Засгийн газар аль болох хөл хорио тогтоохгүй байхыг эрмэлзэж байгаа ч нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг таах аргагүй байна” гэж байжээ.

Тэгвэл тэрбээр өнгөрсөн даваа гарагт дотоодод Омикрон хувилбар тархсан талаар мэдээлэл хийх үеэрээ Омикрон хувилбар зөөвөрлөгдсөн болон, дотоодод бүртгэгдсэн нь манай улсад дөрөвдүгээр давлагаа эхэлж байгааг харуулж байгааг дурдаад “Коронавирусний дөрөвдүгээр давлагаа томуугийн идэвхжилтэй давхцах энэ үед эрүүл мэндийн салбарын орны ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байгаа бөгөөд бид эхний ээлжинд хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг суурь өвчтэй, ахмад настан зэрэг эрсдэлтэй бүлгийг эрэмбэлэн хэвтүүлж эмчлэх тул та бүхнийг хүлээцтэй байхыг мөн уриалж байна” гэсэн юм даа.

Энэ бол нөхцөл байдал асар хүнд болж байгаагийн илрэл юм. Удахгүй монгол түмний сар шинийн баяр болно. Өнгөрсөн хоёр жилд хөл хорионд орсон болохоор нэлээд өргөн тэмдэглэхээр ний­тээрээ л хөдөлж эхэллээ. Ахмад настнууддаа үнсүүлдэг, алга тэнийлгэдэг баяр. Хамгийн гол нь эрүүл энх золгосны баяр билээ. Манай нэг танил “Цагаан сар бол монголчуудын хамгийн сайхан баяр. Бид чинь цагаан сараар л элбэг дэлбэг энх тунх уулзаж, нэг нэгэндээ ерөөлөө хэлдэг. Бусдаар бол хамаатан саднууд хэн нэгнийхээ оршуулга дээр л цугладаг юм даа” гэж байлаа. Үнэхээр бодууштай үг шүү. Нүүдэлчид энх тунх уулзсаны баярыг хахир хатуу өвлийг давж хавар хийдэг уламжлал ч бас олон учир шалтгаантай.

Тэгвэл одоо цар тахал гэсэн өвөл хаяанд иржээ. Эрүүл мэндийн сайдад Эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн судалгаагаар бол цар тахлын дөрөвдүгээр давлагааны оргил үе энэ сарын сүүлээр, ирэх сарын эхээр таарах юм байна. Хэрэв тийм бол өнөөдөр л вакцины нэмэлт тунгаа хийлгэчихвэл Цагаан сарын шинийн нэгэнд ядаж сэтгэлд сэжиггүй юм даа. Эрүүл золгосны баяраар өвчин тээгээд орвол ямар сайн юм байх вэ дээ. Тийм болохоор л “Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс” эрүүлийг хүсвэл вакциныг хүс гээд байгаа хэрэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top