Ч.Өнөрбаяр: Үндсэн хууль эрх баригчдын муу муухайгаа чихдэг хогийн сав биш

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

-Би Үндсэн хуулийн Цэцийг  арай ч улстөрчдийн гар хөл болж, УИХ-ын нэг байнгын хороо маягаар ажиллахгүй байх гэж найдаж байна-

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр олон жилийн турш маргаан дагуулж ирсэн “давхар дээл”-ний асуудалд цэг тавьсан гэж ойлгосон. Тэр өөрчлөлтөөр хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг тусгаарласан. Гэтэл УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүний алба хаших асуудал дахин сөхөгдлөө. Үндсэндээ эрх баригчид сандал суудлын асуудалдаа  Цэцийг хутгаж, хоёрхон жилийн өмнө хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөө эргэж харах дүр зураг гарч байх шиг байна. Судлаачийн хувьд үүнийг хэрхэн харж байна даа?

-Би хувь судлаачийн талаасаа “давхар дээл”-ний асуудлаар хоёр хувилбар дэвшүүлж ирсэн. УИХ 76 гишүүнтэй байхад Засгийн газрын сайд нарын дөрөв нь давхар дээлтэй байх хангалттай. Монголын парламент өөрөө давжаа, жижигдсэн. Монгол Улс анх ардчилсан Үндсэн хуулиа баталсан 1992 онд ойролцоогоор хоёр сая хүн амтай байсан. Нийт сонгогчийн тоо сая орчим байжээ. Тэднийг төлөөлүүлж 76 гишүүнтэй байхаар тогтоосон. Түүнээс хойш 30 жил өнгөрч, хүн амын тоо гурван сая давсан байна. Сонгуулийн насны 2.3 сая иргэнтэй болжээ.

Дэлхий нийтийн чиг хандлагаар ийм тооны сонсогчийг төлөөлөх парламент 130-140 гишүүн байх ёстой. Анх 1992 онд 76 гишүүнтэй байхаар баталсан аргачлалаар бодож үзвэл, УИХ өнөөдөр 120 орчим гишүүнтэй байх ёстой. Тэр аргачлалаар парламент өөрөө хэтэрхий давжаа парламент болсон байна. Ийм давжаа парламенттай үед Засгийн газрын гишүүд бүгд “давхар дээл”-тэй байвал УИХ нь Засгийн газраасаа ялгарахаа болино. Засгийн газраа хянах үүрэгтэй УИХ утгаа алдана. Үндсэн хуулиар УИХ-ын 76 гишүүний олонхоор чуулганы хуралдааны ирц бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл, 39 гишүүн ирснээр хурал хүчинтэй гэж үзэн олонхын саналаар хууль баталдаг. Гэтэл 39 гишүүний олонх нь 20 гишүүн. Тэдний 19 нь “Давхар дээл”-тэй сайд байхаар юу болох вэ. Парламентын хууль тогтоодог, Засгийн газраа хянадаг байдал байхгүй болно.

-Засгийн газрын сайд нар “давхар дээл” нөмрөх нь тогтвортой байдлаа хангахад тустай юм биш үү. Өнөөдөр сайд нар “дан дээл”-тэй байгаа учраас улсын ажил явахгүй байна гэж тайлбарлах хүмүүс байна?

-Нэг талаараа тийм мэт боловч УИХ өөрөө Монгол Улсын нийтлэг эрх ашгийг хангагч ард түмний элч байдаг. Тэд ард түмний өмнөөс хяналт тавьж, Засгийн газар дур зоргоороо аашлахыг хязгаарлах ёстой. Хууль зөрчиж байгаа Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын гишүүдтэй хариуцлага тооцдог тогтолцоо алдагдана гэсэн үг. Үндсэн хуулийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл харилцан хяналттай байна гэдэг ойлголт алга болно. Яг энэ давжаа парламентын үед дөрвөн сайд “Давхар дээл”-тэй байхад хангалттай. Давжаа парламент Засгийн газрын 20 сайдаар хууль батлуулаад суудаг байж болохгүй. Хуулийг Монгол Улсын хамгийн өндөр албан тушаалтнаас авахуулаад эгэл жирийн иргэн хүртэл бүгд дагаж мөрддөг. Үүнийг хэдхэн хүн баталдаг байж болохгүй.

-Тэгэхээр Цэцэд гаргасан Засгийн газрын гишүүдийг “давхар дээл”-тэй болгох мэдээлэлд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ч давхар багтаах ёстой байсан гэж үү? 

-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар сонгодог парламентын жишигт ойртуулж, парламентын гишүүдийнхээ тоог нэмсэн тохиолдолд Засгийн газрын сайд нар 100 хувь “давхар дээл”-тэй байж болно. Үүний хамт сонгуулийн холимог тогтолцоог сонгохоос өөр аргагүй. Мажоритар гэдэг сонгогчийн санал маш ихээр хаягддаг өнөөгийн тогтолцоо өөрөө орон нутгийн жижиг улс төр рүү хөтөлж байгаа. Үүний улмаас төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт бий болдог.

УИХ-ын гишүүд нь улс орны том эрх ашиг бус сонгогдсон тойрогтоо хэдэн тэрбум төгрөг тавиулахыг эрмэлздэг болсон. Ийм утга учиргүй юмнаас сонгуулийн холимог тогтолцоо л салгаж чадна. Хэрвээ Засгийн газрын сайд нар бүгд  “давхар дээл”-тэй ажиллах гэж байгаа бол парламентын гишүүдийнхээ тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоо руу орох ёстой. Нөгөө талаар 76 гишүүн хангалттай гэж байгаа бол дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх хангалттай.

-УИХ-ын гишүүдийн тоог олшруулснаар дар­хан эрхтэй идэж уудаг хүний тоо л нэмэг­­дэнэ гэх шүүмжлэл байдаг шүү дээ?

-Төр данхайна гэж парламент данхайж байгааг хэлдэггүй. Төр данхайна гэдэг чинь яам, агентлаг, улсын үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд олшрохыг хэлдэг. Засгийн газар яамдынхаа тоог цөөлөх ёстой. Монгол Улс есөн яамтай ажиллаж ирсэн. Манайхаас хавьгүй олон хүн амтай, том улсууд цөөн тооны яамтай ажиллаж болж байна. Одоо Засгийн газрын харьяанд байгаа  ашиггүй ажилладаг тэр олон үйлдвэрийн газрыг хувьчлах хэрэгтэй. Төр хэрэггүй компаниудаа татан буулга л даа. Төрийн өмчит компаниуд нь хэдэн мянган ажилтантай.

Төр нь түүгээрээ иргэдтэйгээ бизнес хийж уралддаг. Иргэдийнхээ бизнесийг дампууруулдаг. Ийм зарчимгүй байж болохгүй. Засгийн газрын дэргэд маш олон агентлаг байна. Газар, хэлтсийн дарга нараасаа авахуулаад бүгд машин унаатай, туслах зөвлөхтэй. Үүнийг цөөлөх хэрэгтэй. Яамд нь бүгд тус тусдаа том байшинтай. Тэдэнд тусдаа байр байшин хэрэггүй. Бодлогын яам тусдаа байртай байж болно. Чиглэлийн яамдыг цомхон нэг байшинд суулгаж болно. Төр данхайна гэж үүнийг хэлээд байгаа юм. Цаашдаа төрийг цомхон болгож, төсвийн мөнгийг хэмнэх ёстой.

Гэтэл ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ 76 гишүүнтэй. Энэ байгууллага данхайсан төр буюу Засгийн газрыг хянаж байдаг. Нөгөө хүний эрх зөрчдөг хууль хяналтын байгууллага, бизнес эрхлэгчдийг дарамталдаг татварын байгууллагад хяналт тавьдаг. УИХ-ын гишүүнийг иргэдийн өмнөөс улс төрийн хяналт тавьдаг хүн гээд ойлгочход болно. Цаашдаа УИХ-ын гишүүн бол дарга гэдэг ойлголтыг халах хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг бол дарга биш ердөө ард түмний төлөөлөл. Тэдний дор сайд нар шиг бүхэл бүтэн яам, агентлаг ажилладаггүй.

УИХ-ын гишүүн бол ард түмний нэрийн өмнөөс төрд хяналт тавьдаг албан тушаал.

Сонгогчдоос мандат авч ирсэн жирийн иргэн шүү дээ. Жирийн иргэнээс нэг зүйлээрээ ялгаатай нь олон нийтээс мандат авсан учраас халдашгүй байдаг. УИХ-ын гишүүн Засгийн газраас хараат бус, бие даасан байдлаар улсын нийтлэг эрх ашгийг хангах ёстой гэдэг утгаараа халдашгүй байх ёстой. Хууль хяналтын байгууллагыг удирддаг Засгийн газар дураа хүрэхээр УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад байвал бол юу болох вэ. УИХ-ын дархлаа байхгүй болно. 

-Өнөөгийн нөхцөлд “давхар дээл”-ийг сэр­гээснээр УИХ-ын гэхээсээ илүүтэй ул­сын дархлааг байхгүй болгох юм биш үү?

-МАН-ынхан өөрсдөө 2019 онд Үндсэн хуулиа сайхан болголоо гэж магтсан. Гэтэл хоёрхон жилийн дараа дахин тонгочуулах гэж байна. Ер нь утгагүй харагдаж байгаа. Би Монгол Улс цаашдаа ч парламентын засаглалтай байх ёстой. Үүнийгээ утга төгөлдөр болгох ёстой гэдэгт итгэл төгс байдаг. Бидний ойрын хөрш Казахстаны нөхцөл байдал бидэнд нэг зүйлийг ойлгуулж өгч байна. Тус улсад өрнөж буй үйл явц нэг хүн, нэг нам дангаараа ноёлсон засаглал юунд хүргэдэг вэ гэдгийг харуулсан. Иргэд нь амь насаараа хохирлоо.

Казахстан манайхаас арав дахин том эдийн засагтай. Хүн амын хувьд зургаа дахин том. Бид нарын хажууд барууны гэж болох хөрөнгө оруулалтыг хангалттай татаж чадсан улс. Гэтэл гаднаас нь жижигхэн зүйл үлээхэд ямар нөхцөл байдал үүсэв. Нэг хүн, нэг намын засаглал ямар хортой, хэврэг гэдгийг харуулж байна. Уурлаж бухимдсан ард түмэн эрх баригчидтайгаа тулахаар улс орноороо төлөөсийг нь төлдөг гэдгийг ойлгууллаа. Казахстан биднээс хол мэт боловч ойрын жишээ шүү. Бид үүнээс сэргийлэхийн тулд парламентын засаглалаа улам бэхжүүлэх ёстой. Парламентынхаа чадамжийг нэмэгдүүлэх ёстой. Ард түмний төлөөлөл парламент давжаа байх тусмаа гадна, дотноос үймүүлэх боломж их.

Эрх баригчид үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт хийх бол парламентынхаа дархлааг нэмэх тал дээр алхам хийх ёстой гэж судлаачийн хувьд харж байна. Түүнээс биш нэг хүнтэй хамт ирээд, хүнтэй хамт алга болдог шударга ёс гэж байдаггүй. Шударга ёсыг хуулийн системээр тогтоох ёстой. Хэрвээ Казахстан улс парламентын засаглалтай байсан бол асуудал өөрөөр эргэж болох байсан. 

-Цэц “давхар дээл”-ний асуудлаар маргаан үүсгэсэнтэй холбоотойгоор “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөө Үндсэн хууль. Цэц Үндсэн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж хэлэлцэх нь утгагүй” гэдэг тайлбар явж байна. Энэ талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа манаж, хамгаалах үүрэгтэй. Үндсэн чиг үүрэг нь тэр. Гэтэл Үндсэн хуулийн дээгүүр алхдаг Үндсэн хуулийн Цэц байж болохгүй. Тийм зүйл болбол нийгэмд Үндсэн хуулийн ноёрхол байхгүй болно. Хуулийн засаглал бус хуульчдын засаглал тогтоно. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүн Монгол Улсын бүх асуудлыг шийддэг болох гээд байна. Энэ нь дараа дараачдаа буруу жишиг тогтооно. Хэн нэгэн гомдол гаргаад Цэц өөрөө Үндсэн хуулийг дураараа тайлбарладаг байж болохгүй.

Үндсэн хуулийн дээгүүр дураараа алхдаг байж болохгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцээр үүнийг хийлгэх нь буруу. УИХ-д өөрт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх хадгалагдаж байгаа шүү дээ. Тэр журмаараа явах ёстой.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэдэг заалт байгаа. Үүнийг хатуу мөрдөх ёстой юм биш үү?

-Тэрийг өөрчилж болно. Үндсэн хуулийн заалт биш шүү дээ. Харин Цэц өөрөө Үндсэн хуульд хулгайн аргаар халдаж болохгүй. Үндсэн хуулийн амин сүнс, үнэт зүйлийг хамгаалах үүрэгтэй байгууллага өөрөө Үндсэн хуулийн хулгай хийж болохгүй. Үндсэн хуульд найман жил гэсэн түгжээ байхгүй. Тэгэхээр хууль тогтоох байгууллага үнэмлэхүй олонх байгаа хүмүүст өөрсдөө асуудлаа шийдээд явах боломж нь байна.

Би Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийг бүхэлдээ муу гэж хэлэхгүй. Ямартай ч Монгол Улс парламентын засаглалтай улс байна. Цаашдаа парламентын засаглалаа төгөлдөржүүлнэ гэдэг рүү алхам хийсэн өөрчлөлт болж чадсан. Би үүнийг хүндэтгэж байгаа. Монгол Улс яаж ч байсан энэ зарчмаас хазайж, ухарч болохгүй. Ер нь цаашдаа Үндсэн хуульд төрийн эрх мэдэл харилцан хяналт, тэнцэлтэй байна гэж бичсэнээр асуудлыг шийдэхгүй юм байна.

УИХ-д суудалтай улс төрийн нам, хүчнүүдийн тэнцвэр дээр л төрийн эрх мэдэл харилцан хяналт, тэнцэлтэй гэдэг зарчим амь орж, босож ирэх юм байна. Нэг нам бүх эрх мэдлийг дангаараа аваад, үнэмлэхүй олонх болчхоор УИХ нь Засгийн газраа хянадаг байх худлаа болж хувирсан. Ерөнхийлөгч нам бус эрх мэдлийг тэнцвэржүүлэгч байх хүртэл худлаа болж байна. Монгол Улс парламентдаа хүчний тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд сонгуулийн системээ эргэж харахаас өөр аргагүй.

-Таны яриад байгаа тэнцвэрт байдлыг хадгалах ёстой хүмүүс нь танай АН буюу сөрөг хүчин.  Гэтэл АН-ынхан өөрсдөө эрх баригчдын өмнөөс Цэц рүү бичиж барьж гүйгээд байгааг юу гэх вэ?

-Би тэр хоёр гишүүний өмнөөс харамсаж байгаа. Эрх баригч намын бууны нохой болж, өмнөөс нь гүйж байгаа бол харамсалтай. Нөгөө талдаа тэр үнэмлэхгүй олонх байгаа хүмүүс өөрсдөө ажлаа хийх ёстой. Алдаа оноо байгаа бол засах эрхийг нь ард иргэд олгосон шүү дээ. Манай намын цөөхөн хэдийн ч хэрэг байхгүй. Өөрсдөө эрх мэдлийнхээ хүрээнд өөрчлөлтөө хийгээд, хариуцлагаа үүрэх ёстой. Гэтэл бусдын гараар могой бариулах аргыг сонголоо. 

-Цэцэд мэдээлэл гаргасан гишүүдийн хоёр нь УИХ-д АН-ын нэрээр сонгогдсон. Энэ өнцгөөс нь харвал, АН-ын бодлого Цэцэд хүрчхэв үү?

-Тэгж мушгиж болохгүй. УИХ-ын гишүүнд өөрийн гэсэн эрх бий. Үндсэн хуульд Цэцэд заавал УИХ-ын гишүүн биш хэн ч байсан мэдээлэл гаргаж болно. Үүнд намын бодлого байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. АН хэзээ ч тийм бодлого гаргахгүй. Ер нь наад асуудлаа тэр гишүүдээс өөрсдөөс нь асуу. 

-Одоогийн Цэцэд маргаан үүсгэсэн асуудал Үндсэн хуулийн тогтолцоо гэхээсээ илүү эрх баригчдын дотоод зөрчилтэй холбогдож байх шиг байна. Нэг нам үнэмлэхүй олонхоор засаглаж байгаа энэ үед дотоод асуудлаа заавал Үндсэн хуулиар зохицуулах нь хэр зохимжтой вэ?

-Монголд нэг буруу хандлага явж ирсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн хийсэн хариуцлагагүй алхам, гаргасан буруу шийдвэрээ Үндсэн хууль руу чихдэг. Бүх буруу зүйл Үндсэн хуулиас боллоо гэдэг. Үндсэн хууль бол Б.Чимид багшийн хэлснээр үнэхээр алганд багтсан Монгол Улс. Үүнийг ойр ойрхон тонгочуулна гэдэг чинь улсаараа тоглох чиглэл рүү явж байна гэсэн үг. Үүнийг бодолцох ёстой. Нөгөө талдаа Үндсэн хууль гэдэг бол улстөрчдийн, тэр дотроо эрх баригчдын муу муухайгаа чихдэг хогийн сав биш. Үндсэн хууль улс төрийн хогийн сав байх ёсгүй.

Өөрсдийн хийсэн бүх буруугаа Үндсэн хууль руу чихээд, УИХ, Ерөнхий сайд, Засгийн газар, дарга нарт асуудал байхгүй байна гэж болохгүй. Ийм хандлагыг таслан зогсоох ёстой. Харин Үндсэн хууль бол эрх мэдэлтнүүдийн дур зоргийг хязгаарлаж байдаг хамгийн гол хууль. Үндсэн хуулийг УИХ баталдаг боловч цаад үзэл санаа нь ард түмэн  гэж явдаг. Нийгмийн гэрээ гэдэг үзэл санаа дагадаг. Улстөрчид, хуульчид төдийгүй Үндсэн хуулийн үг, үсэг бүрийг манаж байх ёстой Цэцийн гишүүд ч ийм ойлголттой байх ёстой.

Би Үндсэн хуулийн Цэцийг арай ч улстөрчдийн гар хөл болж, УИХ-ын нэг байнгын хороо маягаар ажиллахгүй байх гэж найдаж байна.  

-Үндсэн хуулийг төрийн ард түмэнтэйгээ хийсэн гэрээ гэж тодорхойл­дог. Тиймээс 2019 оны нэмэлт, өөрчлөлт ч олон нийтийн хэлэлцүүлгийн дүнд амжилттай болсон. Та үүнийг сонгодог парламентын зарчим руу дөхүүлсөн алхам гэж тодорхойлж байна. Тэгвэл энэ удаагийн маргаан эрх баригчдын хүсэж буйгаар шийдэгдвэл сонгодог парламентын зарчмаас ухарсан алхам болох уу?

-Цэц Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргалаа гэж бодъё. Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ  өөрөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Ерөөсөө л УИХ-д үнэмлэхүй олонх байгаа хүмүүст бүх эрх очно гэсэн үг. Тэр хүмүүс заавал яагаад Үндсэн хуулийн Цэцийг бууны нохой шиг ашиглах гээд байгаа юм. Эрх баригчид өөрсдөө хийвэл хийгээд, гарсан үр дагавартай нь хариуцлагаа үүрээд явах ёстой. Түүнийгээ нүүр бардам тайлбарлаад сууж бай л даа. Юунаас айгаад байгаа юм.

Улстөрч хүн Монгол Улсын ирээдүйтэй холбоотой бол зоригтой шийдвэр гаргаад явах хэрэгтэй. Хариуцлагыг нь ч үүрч чаддаг байх ёстой. Гэтэл өөх ч биш, булчирхай ч биш дөрвөн жилийг аргалах гээд байна. Дөрвөн жилийг сайд дарга хийж аргалаад, дараагийн сонгуульдаа ялахаа бодвол Монгол Улс хэзээ урагшлах вэ. Эхийг нь эцээхгүй, тугалын тураахгүй албан тушаал хуваарилаад явна гэвэл хэн зоригтой шийдэл гаргах юм.

Дөрөвхөн жилийн дотор УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд байсан гэдгээ намтартаа бичүүлэхийн тулд улс төрд орж ирдэг юм уу. Тийм бол эртхэн зайгаа тавьж өгсөн нь дээр. Зайлах хэрэгтэй. Улс төрд орж ирж байгаа бол хэцүү байсан ч хамаагүй улсынхаа хувь заяаг зоригтой шийдэх ёстой. Түүнийхээ ард гардаг байх ёстой.

Том зургаараа Монгол Улс хожих ёстой. Дахин хэлэхэд, Үндсэн хуульд ямар ч өөрчлөлт хийсэн парламентын засаглалаас ухрах ёсгүй.

Монголчууд хөршөө сонгодоггүй үндэстэн шүү дээ. Парламентын тогтолцоог тэжээдэг үндэс нь улс төрийн намууд. Гэтэл өнөөдөр үндэс нь ганц намаас бүрдэж байна. Бид өөрсдөө парламентын засаглалаа үндсээр нь ялзруулж байна гэсэн үг. Парламентын суудалтай нам олон байхын хэрээр үндэсний зөвшилцөл хангагдана. Нэг нам дангаараа засаглах нь дүр эсгэсэн ардчилал буюу сонгуульт дарангуйлал руу оруулна. Эцсийн дүндээ энэ бол өөрөө өөрийгөө эвдэж, устгадаг систем. Жишээ нь, Дээд шүүх улс төрийн намыг бүртгэх буруу. Дээд шүүх хуулийн маргааныг шийддэг байгууллага болохоос улс төрийн намын бүртгэдэг тогтолцоо халагдсан. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hehe(202.55.188.38) 2022 оны 01 сарын 13

ANiinhan oligtoi bmaar bna

0  |  0
lol(66.181.160.60) 2022 оны 01 сарын 13

ILJIG TOLGOIT CHAMAAR MONGOL TUR DUTAHGUI

0  |  0
ГААГ(64.119.24.136) 2022 оны 01 сарын 13

холимог тогтолцо л чухал. нэг ман хулгач засаглах жалга довны үзлээр цааш ахихгүй.

0  |  0
зочин(202.21.104.2) 2022 оны 01 сарын 13

нармийсан бидда

1  |  0
Top