Энэ сарын 13-нд Вена хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Байнгын зөвлөлийн энэ оны анхны хуралдаан боллоо. Энэ нь ОХУ, барууны хооронд аюулгүйн байдлын асуудлаар хийж буй гурван уулзалтын сүүлийнх нь байв. Эхний уулзалт энэ сарын 10-нд Женев хотноо ОХУ, АНУ-ын хооронд болсон бол хоёр дахь нь 12-нд Умард Атлантын эвслийн Брюссель дэх төв байранд болсон Орос, НАТО-гийн зөвлөлийн хуралдаан байв.
ЕАБХАБ-ын уулзалтад тус байгууллагын гишүүн 57 орны төлөөлөгчид, тэр дундаа АНУ, ОХУ, Украины төлөөлөгчид оролцсон юм.
Европт дайн гарах эрсдэл сүүлийн 30 жил байгаагүйгээр өндөр байна гэж ЕАБХАБ-ыг энэ онд даргалж буй Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау мэдэгдсэн байна. Тэрбээр ЕАБХАБ Зүүн Европын аюулгүй байдлын асуудлыг шийдэх чиглэлээр хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гээд ялангуяа Украины Донбасс дахь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах ёстой гэв.
Бүс нутгийн нөхцөл байдал аюултай түвшинд хүрээд байна гэж ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хелга Шмид мөн мэдэгджээ. Тэрбээр хурцадмал байдлыг намжаахын тулд дипломат арга замыг хайж, итгэлцэл, тунгалаг байдал, хамтын ажиллагааг сэргээх шаардлагатай байна гэж онцлон тэмдэглэжээ.
ОХУ-аас ЕАБХАБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдэхдээ хэрэв Москва дэвшүүлсэн саналдаа дорвитой хариу ойрын хугацаанд авахгүй, Оросын чиглэлд түрэмгий бодлого явуулсаар байх бол ОХУ-д холбогдох дүгнэлт хийж, стратегийн тэнцвэрт байдлыг хадгалах, үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд бүхий л шаардлагатай арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ гэжээ. Оросын хувьд хууль зүйн үндэслэлтэй аюулгүй байдлын баталгаа авах нь болзолгүй шаардлага юм. Орос улсад “ямар ч үнээр хамаагүй олдох энх тайван хэрэггүй” хэмээн Лукашевич мэдэгдсэн байна.
АНУ-ын төлөөлөгч Майкл Карпентер Орос улсыг шантааж хийж байна хэмээн буруутгаж, холбоотнууд заналхийллээс айхгүй ч яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэв.
Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков телевизэд өгсөн ярилцлагадаа Москва ойрын үед аюулгүй байдлын баталгааны асуудлаар яриа хэлэлцээний шинэ үе шатыг эхлүүлэх үндэслэлийг олж харахгүй байна гэж мэдэгджээ. Үүнийг Оросын эрх баригчид хандлагын зөрүүтэй байдал, баруун гол шаардлагуудыг биелүүлэхээс татгалзсантай холбон тайлбарлаж байна.
ЕАБХАБ-ын зөвлөлийн хуралдаан эхлэхээс өмнө АНУ-ын төлөөлөгч Майкл Капентер уулзалтаас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлж, хамгийн гол нь яриа хэлэлцээг эхлүүлэх явдал хэмээн мэдэгдэж байв. Талууд эсрэг байр суурьтай байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь хэл амаа олохгүй гэсэн үг огт биш гэж тэрбээр тайлбар өгч байжээ. Түүний хэлснээр, яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хэлбэрийг тодорхойлох нь чухал юм.
Сануулахад барууны улс орнууд Украинтай хил залгаа бүсэд 100 мянга цэрэг, танк, их буу төвлөрүүлж, довтлоход бэлдэж байна хэмээн Москваг буруутгаж байгаа бол Москвагийн зүгээс үүнийг үгүйсгэн, энэ бүс нутаг дахь НАТО-гийн тэлэлтэд барьж буй хариу хэмээн тайлбарлаж байгаа юм.
Оросын тал цэргээ хилийн бүсэд байршуулж байгаа нь өөрийнхөө шаардлагыг хангуулах зорилгоор үзүүлж буй дарамт, шахалтын нэг хэлбэр юм гэж Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель хуралдаан болохоос өмнө мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )