Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл Омикрон хувилбарын эмнэлзүйн шинж тэмдэг болоод эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Омикрон хувилбар нь голчлон хамар битүүрэх, нусгайрах, халуурах, хоолой аргах, хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, ханиалгалт нь хэд хоногоос цэртэй болох шинж тэмдгүүдээр илэрч байна. Хүүхдэд хоолой сөөх, амьсгал бачуурах шинж тэмдэг голчлон илэрч байгаа. Голчлон илрээд байгаа энэ шинж тэмдэг нь бусад өвчнүүдтэй харьцуулахад томуу болон томуу төст өвчний шинж тэмдэгтэй яг адилаар илэрч байгаа нь харагдаж байна.
Энэ нь Омикрон хувилбарыг харьцангуй хөнгөн эмнэлзүйн шинж тэмдгээр илэрч байгааг харуулж байна.
Дельта хувилбарын хувьд эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс хүчилтөрөгчийн хүнд хэлбэрийн дутагдалд орох, уушгины хатгалгаа байдлаар хүндрэх эрсдэл өндөр харагдаж байсан. Харин Омикроноор өвдөөд эмчлүүлж байгаа иргэдийг харахад энэ эрсдэл харьцангуй бага буюу 1,5-2 дахин бага тохиолдож байгаа нь эмнэлзүйн урьдчилсан тандалтаар харагдаж байна.
Омикрон хувилбар нь хүндрэх эрсдэл харьцангуй бага гэж ойлгож болно. Олон улсад хийж буй судалгаа шинжилгээтэй манай судалгаа таарч байгаа. Тэгэхээр гэрээр эмчлүүлж байгаа иргэд зөв эмчилгээ, дэглэмийг баримталбал хурдан эдгэх боломжтой. Иргэд халдварын шинж тэмдэг илэрвэл эмчийн зөвлөснөөр гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд баримтлах шаардлагатай.
Эмчилгээний хувьд, Омикроны халдварын хөнгөн зэргийн үед өвөрмөц эмчилгээ байхгүй. Хэрэв хөнгөн халдвар авсан бол вирус болон бактерийн эмчилгээ хийхгүйгээр шинж тэмдгийн эмчилгээ хийхэд болно.
Шинж тэмдгийн эмчилгээ гэдэг нь амин дэм хэрэглэх, халуун бууруулах эм уух, хоолойн өвдөлтийн эсрэг эм уух гэх мэт эмчилгээг эмчийн заавраар хийхийг хэлж байгаа юм. Энэ эмчилгээг хийж 5-7 хоногт гэрээр эмчлэгдэж, эдгэх боломжтой" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нээх мундаг ингэж ярьж байгаад бөөн асуудал болдог шүү,үнэн биздээ хө