Ж.Нарангэрэл: Халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх ёстой гэж бодож байгаа нь хүндрэл учруулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл эмнэлгийн орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Халдвар авсан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх тухайд 12-оос доош насны хүүхэд, өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй иргэдэд болон эмнэлзүйн хүнд, нэн хүнд шинж тэмдэг илэрсэн иргэдийг хүлээн авч байгаа аж.

Энэ талаар тэрбээр "Омикрон халдварын үед 12-оос доош насны хүүхэд, өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй иргэдийг эрсдэлт бүлэгт хамруулж байгаа. Эрсдэлт бүлгийнхэн хүндээр өвчлөх магадлалтай учраас илүү анхаарал хандуулж, эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 4,764 орыг коронавирусийн халдвартай иргэнийг эмчлэхэд зориулж байгаа бол орон нутгийн 42 эмнэлгийн 5,482 ор халдвартай иргэдэд гаргасан. Эрсдэлт бүлгийнхэн болон эмнэлзүйн хүнд, нэн хүнд шинж тэмдэг илэрсэн иргэдийг эмнэлэгт хүлээн авч байна.

Зарим иргэн халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх ёстой гэж үзээд байгаа нь эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай хүнийг хүлээн авахад хүндрэл учруулж байгаа. Тиймээс иргэддээ аль болох хүлээцтэй байхыг зөвлөж байна.

Омикроны үед хуурай ханиалгах, хоолой зурж өвдөх улмаар цээжээр өвдөлт үүсдэг. Энэ нь уушгины хатгааны өвдөлтөөс ялгаатай буюу хавирга хоорондын мэдрэлийн цочролоос үүдэлтэй өвдөлт юм. Үүнийг хатгаа болчихлоо хэмээн айгаад заавал эмнэлэгт хэвтэх гээд байгаа. Тиймээс анхан шатны эмнэлэгт үзүүлээд 2-3 хоног эмчилгээ хийсний дараа шинж тэмдэг арилахгүй байвал ковид-19-ийн амбулаторид хандаж дахин үзүүлэх боломжтой бүтцийг гаргасан. Амбулаторийн эмч үзээд хатгаа үүссэн байвал шууд ор зохицуулалтын албанд хандаж эмнэлэгт хэвтүүлэх юм" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hh(98.204.176.20) 2022 оны 01 сарын 15

Neg negendee bitgii taraaldaa.haniad avsanaa medehgui hun gej bhgui.

0  |  0
Top