Энэ долоо хоногт нийгмийн анхаарал татсан сэдвүүдийн нэг нь Хүүхдийн мөнгө байлаа. Учир нь, Хүүхэд бүрийг хуримтлалтай иргэн болгох тухай Засгийн газрын “санаачилга” 2022 оны төсвийн тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Энэ хүрээнд 2022 оны төсвийн жилд, нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр бэлнээр авах сонголтыг эцэг эх, асран хамгаалагчдад олгож байна.
Харин долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш энэ он дуусталх хугацаанд 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг Ирээдүйн өв санд хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр авах боломжийг олгож буй.
Улмаар 2023 онд хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн гаргасан хүсэлтийн дагуу хүүхдийн нэрийн дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн 40 хувийг, 2024 оноос хойш 30 хувийг тус тус бэлнээр олгохоор хуульчлан баталсан нь, хэрэгжиж эхлээд байна.
Түүнчлэн энэ оны долоодугаар сар хүртлэх хугацаанд олгох 100 мянган төгрөгийг бэлнээр авах хүсэлтийг хэрхэн гаргах талаарх зааврыг ХНХ-ын сайд А.Ариунзаяа энэ сарын 11-ний өдөр танилцуулсан. Ингэхдээ эцэг эх асран хамгаалагчид сар бүр хүсэлт гаргах тухай заавар танилцуулсан нь иргэдийн шүүмжийг дагуулж, улмаар Засгийн газар уг асуудлыг хэлэлцэн хүсэлтээ хэдэн сараар гаргах боломж бүрдлээ.
Нөгөө талаас Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг Хуримтлуулж, хадгалж өгөх “үүрэг”-ийг өөрсдийн санаачилгаар хүлээсэн эрх баригчдад үл итгэх хандлага нийгэмд давамгайлсан өдрүүд өнгөрч байгааг тодотгоё.
Бодит байдлыг харахаар, уул уурхайн салбарын орлогоосоо өнөө ба хойч үедээ тэнцвэртэй хуваарилах үүрэгтэй Ирээдүйн өв сангаа хуулийн хүрээнд нь ашигладаггүй эрх баригчид Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг үе шаттайгаар уг сандаа төвлөрүүлэх болсонд олон нийтийн зүгээс үл итгэх хандлага дагуулж буй нь нэг талаас арга ч үгүй юм.
Хурааж, хуримтлууллаа гэдэг ч тэдгээр сангуудаа баялгийн сангийн өсгөж, үржүүлэх механизмаар ажиллуулж чаддаггүй, тийм эрүүл жишиг туршлага байхгүй учраас л иргэд эргэлзээд байгаа хэрэг. Гол нь хуримтлал үүсгэх нэрээр төсвийн алдагдлаа нөхөөд, үрэн таран хийгээд байлгүй, Ирээдүйн өв сангаа баялгийн сангийн жишгээр ажиллуулж чаддаг соёлтой болох шаардлагатай байгааг Zindaa.mn сайт энэ долоо хоногт сануулан мэдээлсэн билээ.
Дашрамд, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Cангаас өгч буй Хүүхдийн мөнгөний талаарх мэдээллийг эшлэн хүргэе.
- Дэлхийн 23 улс нийт хүүхдүүддээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодог. Тэдний нэг нь Монгол Улс. Монгол Улсын хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгө нь дэлхийн улс орнуудад үлгэр жишээ болдог сайн хөтөлбөрүүдийн нэг.
- Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь хүүхдийг ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж, тэгш байдлыг үүсгэдэг.
- Хүүхдийн мөнгийг сар бүр тогтмол олгосноор хүүхэдтэй өрхүүд баталгаат орлоготой болж, хэрэглээгээ төлөвлөх, зохицуулах боломжийг олгодог.
- Өнөөдөр хүүхдийн мөнгөний бодит хэмжээ буурсаар байна. 2012 онд 20,000₮ нь $14-той тэнцдэг байсан бол өнөөдөр $7 тэнцэх болсон. Өнөөдөр 20,000₮-р иргэдийн худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ 2021 оныхтой харьцуулахад огцом буурсан. Тиймээс мөнгөн тэтгэмжийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэх хэрэгтэй байдаг.
- Өрхүүдэд олгож байгаа аливаа мөнгөн тэтгэмж эргээд эдийн засгийн эргэлтэд орж өсөлтийг нэмэгдүүлдэг. Судалгаагаар мөнгөн тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд олгосон $1 бүр эдийн засагт $1.3 - $2.5 өгөөж авчирдгийг нотолсон.
- Хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох нь ядуурлыг бууруулах хүчирхэг зэвсэг юм. Монгол улсын хувьд хүүхдийн мөнгө нь хүн амын орлогын ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар Засгийн газраас КОВИД-19 цар тахлын эсрэг олон арга хэмжээ авсны дотор хүүхдийн мөнгийг нэмсэн нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн эерэг нөлөөтэйг харуулсан.
- Бэлэн мөнгө өгөх нь иргэдийн халамжаас хамаарах байдлыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулдаг гэдэг нь нотлогдоогүй. Харин ч эсрэгээрээ нийтлэг өрхийн орлогоос хамаарсан мөнгөн тусламжид хамрагддаг өрхийн хувьд нэмэлт орлого олохоор хөдөлмөр эрхлэх боломжийг эрэлхийлдэг байна. Учир нь тухайн өрхийн орлого нэмэгдсэн ч мөнгөн тусламжид үргэлжлүүлэн хамрагдах боломжтой.
- Мөнгөн тэтгэмж олгосноор архи, тамхины худалдан авалт нэмэгддэг гэдэг нь нотлогдоогүй. Бусад оронд хийсэн судалгаагаар архи, тамхины худалдан авалт нь нийт хүнсний зардлын 1-2%-ийг эзэлдгийг тогтоожээ. Мөн ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас цар тахлын үеийн нийгмийн хамгааллын арга хэмжээний талаар хийсэн судалгаанаас харахад нийт өрхийн ердөө 0.2% нь хүүхдийн мөнгөний нэмэгдлээс архинд зарцуулсан байна.
- Хүүхдийн мөнгийг олгодог тогтолцоотой байснаар Засгийн газраас цар тахлын үед нийт хүүхэдтэй өрхийн 98% цаг алдалгүй хүрч мөнгөн тусламжийг хамгийн үр дүнтэй хүргэж чадсан. Ингэснээр нийт хүүхэдтэй өрхийн бараг 80% нь цар тахлын үед хоол хүнсний хэрэглээгээ багасгах, эрүүл мэнд боловсролын зардлаа танах, нэмэж зээл авах зэрэг сөрөг арга хэмжээ авахаас сэргийлжээ.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг түүний ач холбогдол, давуу тал, өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөөг харгалзан бүх хүүхдэд ижил тэгш олгох нь улс төрийн хувьд эерэг шийдэл бөгөөд өртгийн хувьд боломжийн хувилбар юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардалд Монгол Улс ДНБ-ийнхээ 0.7%-ийг зарцуулж ирсэн ба тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн ч ДНБ-нд эзлэх хувь өмнөхтэй ойролцоо байх ба энэ нь улс орны ирээдүйд оруулж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт байх болно.
Сэтгэгдэл ( 3 )
Улс нь өрөндөө баригдсан байхад иргэд нь яаж хуримтлалтай байх вэ. Эхлээд улсын өрний тухайд анхаарах хэрэгтэй. Энэ МАН үнэхээр хэцүүджээ.
хэн ч мөнгөө новшийн хулгайч нарт өгч эргэлдүүлэхийг зөвшөөрөхгүй. сандаа байргуулаад ундармаадна шүү дээ. бэлнээр нь аваад хадгаламжиндаа хий хүмүүсээ
хүүхдийн мөнгө эдийн засгийн эргэлтэд орж эдийн засгийг идэвхжүүлдэг юм. нэмэх нь зөв. хуримтлал нэрээр засаг идэхээ боль. капитал банк, үндэсний хөрөнгө оруулалтын банк, чингэс хаан банкинд төрийн хулгайчид НДС ба ЭМД санг байршуулах нэрээр идсэн гашуун туршлага байгаа тул бүгдийг бэлнээр олго нэм