Өрхийн эмнэлэг ковидтой нярайг хөөсөн ч ЭХЭМҮТ нааштай ханджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш коронавирусний халдвар батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдсээр байна. Эрүүл мэндийн яамнаас нэгдүгээр сарын 16-ны өдрийн мэдээлсэнээр коронавирусний халдвараар хэвтэн эмчлүүлж буй 1031 хүүхэд байгаа юм. Мөн улирлын чанартай томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 90 хувийг хүүхдүүд эзэлдэг байна. Иймд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-өөс дараах сурвалжилгаа бэлтгэлээ.


ЭХЭМҮТ-д 14.00 цагийн байдлаар хүүхдээ тэврэн ирж буй хүмүүс, эмчид үзүүлээд гарч байгаа хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй цувж, урт дараалал нь нэг цаг өнгөрсөн ч яг хэвэндээ байлаа. Үүдээр орж ирэхэд хаалганы ойролцоо дарааллын дугаар авах машин байрлажээ. Уг машинаас дугаар аваад, эмчид үзүүлэх цагаа бүртгэлийн ажилтнаас авах аж. Хүүхдээ тэвэрсээр яарах хүмүүст хувцсаа өлгүүлэхийг хөтөч сувилагч сануулна. Хүүхдийн зөвлөх поликлиникээр үйлчлүүлж буй хүүхдүүдийн ихэнх хувийг нэг сартайгаас хоёр настнууд эзэлж байлаа.

Тиймдээ ч өвчиндөө шаналан уйлахаас өөрөөр өөрийгөө илэрхийлж чадахгүй хүүхдийн дуу, чимээ энд тасрахгүй ажээ. Нэг ой хүрсэн үү гэмээр хүүгийн хоолой нь сөөнгөтөж, хамар нь битүүрч,  уйлах нь бусад хүмүүсийн анхаарлыг татаж байв. Ээж нь түүнийг тайвшруулахаар хамаг аргаа барж, сандарч харагдана. Хүүхдээ эмчид үзүүлэхийн тулд хоёроос гурван асран хамгаалагчтай явах нь үүдэнд овоорох хүмүүс их байгаагийн нэг шалтгаан болж байлаа.

Мөн насанд хүрээгүй хүүхдээ дагуулж, дүүг нь үзүүлэхээр ирсэн аав, ээжүүд ч цөөнгүй байгаа юм. Улаан бүсэд эрүүл хүүхдээ дагуулж ирснээр коронавирус болон томуу, томуу төст өвчин авах эрсдэл нэмэгдсээр.

Хүүхдийн зөвлөх поликлиник тасагт хүүхдээ үзүүлэхээр ирсэн хүмүүс бүгд л эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу “ягаан дэвтэр”-ээ юун түрүүнд бэлдэж дотогш орцгооно. Хүүхдээ эмчид үзүүлээд гарч буй хүмүүсээс хүүхдэд ямар зовуурь илэрснээр эмнэлэг зорьж ирсэн шалгааныг асуулаа.

Тэрээр “Хүүхэд маань хагалгаанд ороод удаагүй байгаа. Эмчийн хяналтад байнга байдаг” хэмээн залуухан ээж ярив. Мөн “түнхний үений дутуу хөгжил”, “аарцаг, нурууны гажилт” зэргээр хүүхэд эмчийн хяналтад байдаг талаар асран хамгаалагчид хэлж байлаа. Тус тасгийн хөтөч сувилагчаас тодруулахад “Манай тасаг нь зорилтот бүлэгт чиглэсэн үзлэгийг хийдэг. Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж, хүүхдийг эмчилгээ, хяналтдаа авах үйлчилгээг үзүүлдэг” гээд өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

 

БЗД-ИЙН ЭМЧ “ЭНД ЁСТОЙ ДАЙН БОЛЖ БАЙНА, ИРЭЭД ХЭРЭГГҮЙ” ГЭЖЭЭ

 

Хүүхдийн зөвлөх поликлиникээс гараад “Хүүхдийн эмнэлэг” гэсэн тасагт очив. Хүлээлгийн өрөөний сандал зайгүй байлаа. Бүгд л хэн нэгнийг хүлээж байгаа бололтой сураг ажиг тавьж, эмнэлгийн дотор бүсээс хүн гарч ирэх бүрд өндөлзөнө. Алхахад хэцүү байна уу гэмээр, унтлагын хувцас, углааштай бүсгүй үүд рүү чиглэн ирэх даруйд хүлээлгийн сандлаас настайвтар эмэгтэй, залуу бүсгүй хоёр ухасхийн босож биеийн байдлыг асууж хоол, цайгаа сарвайна.

Хүлээлгийн өрөөний ажилтан “Энд цай, хоол идэж болохгүй шүү” гэж сануулахад настай эмэгтэй “Охин маань өглөө төрөөд одоог хүртэл хоол идээгүй юм аа, гялс өгчихөөд л явъя” гээд намуухан дуугаар хэллээ. Үдийн 15 цаг болжээ. Гаднаас өлгийтэй хүүхдээ тэвэрсэн, тэвдсэн байдалтай гурван хүн орж ирээд “Түрүүн ярьсан ковидын халдвар авсан гурван сартай хүүхэд” гэхэд хүлээлгийн өрөөний ажилтан ойлгов бололтой хүүхдийг ээжтэй нь оруулахыг зөвшөөрөв. Хүүхдийн эмээ болох З.Пагмадуламаас хүүхдийн биеийн байдлыг асууж ярилцлаа.

Тэрбээр “Хүүхэд амьсгалахад төвөгтэй, халуурч ханиалгаад, цээж нь хүржигнээд зовуурь ихтэй байгаа. Бид нар Сэлэнгэ аймгаас өглөө ирсэн. Хүүхэд маань урьд шөнө халуураад сумынхаа эмнэлэгт үзүүлтэл түргэвчилсэн тестээр хариу нь эерэг гарсан. Хүүхэд Баянзүрх дүүрэгт харьяатай тул орон нутгийн эмч энд ирэхээсээ өмнө дүүргийн өрхийн эмнэлэг рүү залгаж хэлсэн. Тэгэхэд дүүргийн эмнэлгийн эмч “Энд ёстой дайн болж байна. Ирээд хэрэггүй” гэсэн байгаа юм. Эмч хүн байж ингэж ярьж байна гэдэг юу гэсэн үг вэ.

Орон нутгийн эмч маань 200 гаруй километрийн замд эм тариа залгаж, хүүхдийн минь биеийн байдлыг шалгаж ирж байхад БЗД-ийн өрхийн эмнэлгийн эмч хүргэж ирсэн эмчийг маань ирээд хэрэггүй байсан ухааны юм ярьж тачигнатал загнасан.

Дүүргүүд ковидын тасагтай гэсэн хэрнээ ор байхгүй, хэвтүүлэхгүй гэнэ.

Ковидын бэлэн байдалд бүх хөрөнгөө зарцуулж байна гээд л лоозогноод байсан чинь ёстой худлаа байж. Ингээд бид нар айж сандарсандаа хувийн эмнэлэг ч орж үзлээ. Хүлээж авдаггүй юм байна. Эх нялхас л хөөрхий минь хаанаас ч ирсэн нааштай байдаг юм байна. Одоо ээжээс нь ПСР шинжилгээ авна гэсэн. Хэвтүүлэх байх гээд найдаад л хүлээж байна даа” гэсэн юм.

 

ХҮНД ХЭЛБЭРИЙН ХАТГАЛГААТАЙ ИРЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН 30 ХУВЬ НЬ ДАН ТАМХИДАЛТАНД ӨРТСӨН БАЙДАГ

 

Агаарын бохирдол нь өвчинг шууд үүсгэдэггүй ч гэсэн нэгэнт өвчилсөн тохиолдолд агаарын найрлагаас болж өвчний эдгэрэлт тодорхой хэмжээнд удааширдаг байна. Дэлхийн нийт өвчлөлийн 2.7 хувийг агаарын бохирдлын улмаас үүдэлтэй өвчин эзэлдэг гэсэн ДЭМБ-ын судалгаа бий.

Иймд агаарын бохирдол нь хүүхдийн биед хэрхэн нөлөөлдөг талаар ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасгийн их эмч Б.Ариунхишиг “Хүүхдийн уушги бол хүчилтөрөгчийг аваад бүх биеийн эд эрхтэнд тараах үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн уушги онцлог нь долоон нас хүртлээ дархлаа султай байдаг.

Харин хүүхэд 12 нас хүрэхэд уушгины бүтэц нь насанд хүрсэн хүнийхтэй ижил хэмжээнд хүрнэ. Уушги нь цэвэр агаарыг аваад бусад эд эрхтэнд хүргэж байх ёстой байхад бохир агаар орж ирснээр уушги гэмтэж, бусад эд эрхтэнд мөн эмгэг үүснэ гэсэн үг. Агаарын бохирдол нь хүүхдийн зүрх судас, ой ухаан, мэдрэлийн тогтолцоонд хүртэл сөргөөр нөлөөлж байдаг. Хүнд хэлбэрийн хатгалгаатай ирж буй хүүхдүүдийн 30 хувь нь дан тамхидалтанд өртсөн байдаг” гэсэн юм. Иймд сурагчдын амралт эхэлсэн энэ үед хүүхдүүдээ хөдөө агаарт байлгах нь томуу, томуу төст өвчнөөс хамгаалах хамгийн зөв гаргалгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(64.119.16.49) 2022 оны 01 сарын 19

ТААЛАГДАХГҮЙ БАЙНА УУ?

0  |  0
ЗОЧИН(64.119.16.49) 2022 оны 01 сарын 19

НААШТАЙ ХАНДСАН ГЭСАЭН ЧИНЬ ЯАСАН ЭВГҮЙ ҮГ ВЭ. МУ-ЫН ИРГЭН ЭМНЭЛГИЙН ТУСЛАЛЦАА АВАХ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХТЭЙ. УУР ИХ ХҮРГЭЭД БАЙВАЛ УСАНД ХИЙГЭЭД АЛЧИХАНА ШҮҮ ГЭЖ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ОРЧУУЛГА БАЙДАГСАН. АЛИЙН БОЛГОН МУУСАЙН ЯНТГАР БУДМАЛ АВГАЙЧУУДЫН АЯСААР МОНГОЛЫН ЭХ АМЬДРАХ ЁСТОЙ ЮМБ Э

0  |  0
ЗОЧИН(64.119.16.49) 2022 оны 01 сарын 19

НААШТАЙ ХАНДСАН ГЭСАЭН ЧИНЬ ЯАСАН ЭВГҮЙ ҮГ ВЭ. МУ-ЫН ИРГЭН ЭМНЭЛГИЙН ТУСЛАЛЦАА АВАХ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХТЭЙ. УУР ИХ ХҮРГЭЭД БАЙВАЛ УСАНД ХИЙГЭЭД АЛЧИХАНА ШҮҮ ГЭЖ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ОРЧУУЛГА БАЙДАГСАН. АЛИЙН БОЛГОН МУУСАЙН ЯНТГАР БУДМАЛ АВГАЙЧУУДЫН АЯСААР МОНГОЛЫН ЭХ АМЬДРАХ ЁСТОЙ ЮМБ Э

0  |  0
Top