СУРВАЛЖИЛГА: Сар шинийн таваг засах хамгийн хямд дүн 150.000 төгрөг байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Сар шинийн баяр болоход 10 гаруйхан хоногийн хугацаа үлдлээ.

Цар тахлын шинэ давлагаатай “нүүр тулсан” хүндхэн үед олон хүн цугларч болохгүй ч уламжлалт баяр учир ёслоод өнгөрөөнө гэх байр суурьтай иргэд олон байгааг өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаад сар шинийн баярын ширээ чимэх хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн талаарх мэдээллийг “Бөмбөгөр” худалдааны төвөөс бэлтгэн хүргэж байна.


ХЭВИЙН БООВ 3000-5000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

"Бөмбөгөр" худалдааны төвд хэвийн боовны цөөн хэдэн тасаг байлаа. Энд худалдан авагч тун цөөн. Хажуугаар зөрөх иргэд үнэ асуугаад л өнгөрч байна хэмээн наймаачид ярьж байлаа. Хэвийн боов үйлдвэр болон орцоос хамаараад 3000-5000 төгрөгийн үнэтэй байна. Харин еэвэн хэмжээнээсээ хамаарч мөн л өөр ханштай. Тухайлбал, “Өгөөмж Архад” үйлдвэрийн еэвэн 8000, 12.000, 15.000 төгрөгөөр худалдаалагдаж байлаа.

Энэ жил хэвийн боовны гол орц болох шар тосны үнэ өсөж, хэвийн боовны үнэ 1000 төгрөгөөр нэмэгджээ. "Зоргол хайрхан" үйлдвэрийн хэвийн боовны худалдагч "Манайх шар тостой хэвийн боов 5000 төгрөгөөр борлуулж байна. Энэ жил иргэдийн худалдан авалт бага байна. Шинэ жилийн баяр дуусаад удаагүй байгаа болохоор тэр байх. Сарын сүүлээр нэмэгдэх байх гэж бодож байна. 

Өнгөрсөн жилтэй харьцуулахад манай хэвийн боовны үнэ бага зэрэг өссөн байгаа. Учир нь шар тосны үнэ нэмэгдсэн. Өнгөрсөн жил шар тос нэг кг нь 10 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 30 мянга болж өссөн байна. Харин гурилын тухайд бол манайх хэвийн боовоо "Алтан тариа" үйлдвэрийн дээд сортын гурилаар хийдэг. Гурилын үнэ бол өсөөгүй" гэлээ. 

Нэг ширхэг хэвийн боовыг 5000 төгрөгөөр тооцоход, таван үетэй дундаж таваг засахын тулд еэвэн, хэвийн боовыг хамгийн хямддаа 150 орчим мянган төгрөгөөр авах шаардлагатай болж байгаа юм.

НЭГ КГ ХОРХОЙ ААРУУЛ 20.000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Шар тосны үнэ өссөн сургаар цагаан идээний тасгаар орлоо. Баярын ширээг чимэх бас нэгэн гол бүтээгдэхүүн болох ааруулны үнэ "тэнгэрт хаджээ". Нэг кг хорхой ааруул гэхэд л 20 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Дан ааруулаар жижиг таваг засахад хэдэн төгрөг зарцуулахыг худалдагчаар тооцоолуулахад 150 орчим мянган төгрөг болно гэдгийг хэлсэн юм. Тэрбээр "Энэ жил цагаан идээний ханш өндөр байна. Малчид бол бидний зарж байгаатай адил үнээр нийлүүлэх гээд байна. Өндөр үнэтэй болохоор иргэдийн худалдан авалт ч муу. Ирж ааруулны үнэ асуугаад дуу алдаад л яваад байна. Сарын сүүл болоод, сар шинийн баяр дөхөх үед иргэд бага хэмжээгээр ч болов авах л байх" гэлээ.

Мөн тэрбээр хэдий борлуулалт муу байна хэмээн яриж байгаа ч хатуу хөл хориотой байсан өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү сайн байгааг хэлж байсан юм.

Ийн ярилцаж байх зуур нэгэн эмэгтэй өрөм асууж ирлээ. Худалдагч 25.000 төгрөгийн үнэтэй байгааг хэлэх төдийд "Өнгөрсөн жил 10 мянгаар авч байсан шүү дээ. Ямар үнэтэй болоо вэ" гэж ширүүхэн хэлээд буцаад явлаа. 

МАХНЫ ҮНЭ ӨСӨЖ, ҮХРИЙН ЦУЛ МАХ 16.000 ХҮРСЭН БАЙНА

Бидний орсон дараагийн хэсэг бол мах, махан бүтээгдэхүүн борлуулах хөргүүрийн тасаг. Үйлчлүүлэгч бага байгаагийн улмаас хоорондоо хорвоогийн сонин хачин ярилцаж суух наймаачид нүдэнд тусав.

Тэдний ярианы сэдэв "толгой өвтгөм". "Цар тахлын нөхцөлд өрхийн орлого муу. Гэтэл хил хаасны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж байгаа нь "ядруухан" амьдрал руу уруудаж байна" хэмээн ярилцаж сууна. 

Махны үнэ 10 хоногийн өмнө дахин нэмэгджээ. Махны олдоц багасаж, кг тутамдаа 500-1000 төгрөгөөр өссөн байна. Хонины цул мах нь 11.000 төгрөг, үхрийн цул мах нь 15.000-16.000 төгрөгийн ханштай байлаа. Наймаачид мөн л борлуулалт муу байгааг хэлж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, 2-3 килограммаар л худалдаж авч байгааг хэлж байлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top