Хэвийн боовны дундаж үнэ 1700 төгрөгөөр нэмэгджээ

2022 оны 01 сарын 20

Цар тахлын давлагаанд сүүлийн хоёр жилийн сар шинийн баяр хатуу хөл хориотой байсаар өнгөрсөн билээ. Харин энэ жил Засгийн Газраас сар шинийн баяраар хатуу хөл хорио тогтоолгүйгээр иргэдийг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалсан. Хоёр жилийн хугацаанд ковидын сүүдэрт ажилгүйдэл, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болон бараа материалын түүхий эдийн үнийн огцом өсөлт, аж ахуй нэгжүүдийн дампуурал гэх мэт олон хөндүүр асуудлууд иргэдийн нурууг тэнийлгэсэнгүй.

Бүх нийтээр сар шинийн баярыг тэмдэглэхгүй, өргөн дэлгэр золголт хийхгүй ч монголчууд уламжлалт баяраараа тавгийн идээгээ засахаар хөл хөдөлгөөн үүсгэж байна. Ингээд сар шинийн тавгийн идээ ундаанаас хамгийн чухалд тооцогдох хэвийн боов, түүн дээр өрөх цагаан идээний үнэ ханш, худалдан авалтын эргэн тойронд өрнөсөн асуудлыг сурвалжиллаа.

 

100 ХУВЬ ЦЭВЭР ШАР ТОСТОЙ ГАНДАНГИЙН ХЭВИЙН БООВ ШИРХЭГ НЬ 4500 ТӨГРӨГ

 

Хоёр долоо хоногийн дараа монгол түмний урин хавартай золгосны бэлгэдэл болсон сар шинийн баяр болно. Баярын ширээний ууц, тавгийн идээ, гарын бэлэг, алд цэнхэр хадаг барин золгох ёс зэрэг нь бидний бусад азийн орнуудын Цагаан сараас ондоог илтгэдэг.

Гандантэгчэлин хийдийн хашаанд байрлах шашны эд зүйлс худалдаалах дэлгүүрүүд сар шинийн баярыг тохиолдуулан шар тосоор багсарсан, сарлагын өрмөөр зуурсан гэх тодотголтой хэвийн боов өргөнөөр худалдаалж байлаа. Үнийн хувьд бүх дэлгүүрт 4000-4500 төгрөг байв.

Худалдан авалт хийж буй иргэд, худалдаачид цөм л гандангийн хэвийн боов шар тосны хольц ихтэй, буян номын хишиг шингэсэн хэмээж байсан юм. Үнийн хувьд арай ахиу буюу 4500 төгрөгийн үнэтэй нь 100 хувь цэвэр шар тос, сарлагийн өрмөөр зуурч, хайрсан гэж худалдаачид хэлж байлаа. Мөн хэвийн боов таваг засах хэмжээнд бөөнөөр нь авах тохиолдолд ширхэгийнх нь үнэ хямдрахгүй харин 1000-аас дээш тоогоор авбал хямдарна гэв.

Гандангийн хашаан доторх сандал дээр суух нэгэн буурайгаас энэ жилийн сар шинийн идээгээ хаанаас худалдаж авах, хэрхэн засах талаар тодруулсан юм.

Тэрээр "Энэ жилийн хувьд гэртээ хүн урихгүй учир хэвийн боовоор таваг засахгүй. Гандангийн хэвийн боов хэт үнэтэй байна. 21 ширхэгийг аваад долоон үеэр таваг засахад 94500 төгрөг болно нэмээд ааруул, хурууд, өрөм гээд цагаан идээгээр бүрж еэвэн нэмж авна. Цагаан идээний үнэ их өссөн болохоор ганц килограмм гэхэд л үнэ нь тэнгэрт хадчихна. Нэмээд ууц тавих юм бол тэтгэврийн 300 мянган төгрөг юу ч үгүй салхинд хийсчихнэ. Тиймээс энэ жилдээ тавгаа жигнэмэг, боорцог, чихэр зэргээр цомхон засна учир нь ач зээ нар маань л идэх юм’’ хэмээн ярилаа.

 

ГЭРТ ЗОЧИН ИРЭХГҮЙ ТУЛ ОЛОН ҮЕ ТАВАГ ЗАСАХ ШААРДЛАГА АЛГА ГЭВ

                                                   

"Өгөөж чихэр боов" ХХК-ийн нэрийн дэлгүүрт хүний хөдөлгөөн ихтэй байлаа. Худалдааны зөвлөхүүд үйлчлүүлэгчдэд тусалж, үнэ асуусан хүнд хариулах, хэвийн боов савлах гээд тун завгүй. Тус үйлдвэрийн жил бүр хийдэг "Угалз" нэрийн хэвийн боов ширхэг нь 3900 төгрөгийн үнэтэй байв. Мөн суурь еэвэн багцаараа 25 мянга, том суурь еэвэн дангаараа 16 мянган төгрөгийн ханштай зарагдаж байлаа.

Гандантэгчэлин хийдийн хашааг бодвол энд ирсэн хүмүүс яг таг сонголтоо хийчихсэн, бэлэн авах гэж ирсэн нь их байлаа.  "Ээж минь насаараа Өгөөжөөс хэвийн боов худалдаж авсан, би ч мөн одоог хүртэл үнэнчээр хэрэглэж байна’’ хэмээж 70 гарсан настантай таарав. Тэрээр тус үйлдвэрийн хэвийн боов шар тосоор зуурч, хайрсан хэвийн боовноос тос, чихэр бага учир элэг, цөс муутай хүнд давгүй байдаг гэж байлаа.

Мөн үнийн хувьд харьцангуй хямд, сүүлийн хоёр жилд огцом өсөөгүй учир хэрэглэх дуртай хэмээсэн юм. Хүний хөл хөдөлгөөн дүүрэн Бөмбөгөр худалдааны төвөөр ороход хүнсний манлай "Талх чихэр" ХК-ийн "Түмэн насан" нэрийн хэвийн боов ширхэг нь 5400 төгрөг болсон байлаа. Харин тус үйлдвэрийн "Атар" хэвийн боов ширхэг нь 3800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Үүнээс гадна "Атар-Өргөө" ХК-н хэвийн боов ширхэг 3800 төгрөг, еэвэнгүүд 8-13 мянган төгрөгийн хооронд ханштай байсан юм.

Урьд жилүүдийн үнэтэй харьцуулахад үйлдвэр бүрийн хэвийн боовны ширхэгийн үнэ дор хаяж 800-1600 төгрөгөөр өссөн байна. Худалдааны төвүүдийн эргэн тойронд тааралдсан настангууд гол төлөв тавгийн идээгээ цомхон засна, гэрт хүн ирэхгүй тул хэвийн боов тавих онцын шаардлагагүй гэв. Мөн үнийн өсөлтөөс үүдэж худалдан авах чадвар буурч буй тул өндөр үнээр олон үетэй таваг засах нь тэтгэврийн мөнгөний хаана нь ч хүрэхгүй байна хэмээн учирлаж байлаа.

 

ТАХИЛЫН ХЭВИЙН БООВ ЖИЛИЙН ДОТОР 8500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ

 

Жил бүр л хүнсний үйлдвэр, жижиг цехүүд хэвийн боовны амт чанар, үнэ зэргээр өрсөлддөг. Иргэдийн дунд нэр нь брэнд болтлоо танигдсан нь Гандангийн гэх тодотголтой хэвийн боов. Хамгийн хачирхалтай нь Гандантэгчэлин хийдийн хашаанд нэрийн хэмээн зарагдаж буй нь 4500 төгрөгийн үнэтэй байхад Бөмбөгөр худалдааны төвд уутан дээрээ "Гандангийн боов" гэсэн нэртэй нь 3800 төгрөгөөр зарагдаж байв.

Бүүр цаашлаад интернэт орчинд unegui.mn сайтад орсон "Гандангийн хэвийн боов хүргэлттэй зарж байна" гэсэн зар дээрх үнэ ширхэг нь 2800 төгрөг гэж байлаа. Энэ мэт олонд танигдсан нэрээр аль нь гандангийн лам нарын аравнайлсан рашаанаар зуурч, цэвэр шар тосонд хайрсан нь мэдэгдэхгүй өөр өөр нэртэй, үнэтэй хэвийн боовны дунд иргэдийн толгой эргэж байна. Өнгөрсөн жил гэхэд багцаараа 6500 гэдэг байсан тахилын хэвийн боов энэ жил 15 мянган төгрөг болж өссөн талаар гомдоллох настангууд ч олон байлаа.

Угтаа бол хэвийн боовны гол түүхий эд ихэнх нь дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд юм. Гурил, элсэн чихэр, шар тос, ургамлын болон дал модны тос, ус, сарлагийн өрөм гэх зэрэг орцоор хэвийн боов хийдэг гэдгийг бүгд мэднэ.

Хэвийн боовны орцонд орох өрөм, шар тос мөн зассан тавганд чимэг оруулах цагаан идээ зэргийн үнийг сонирхлоо. Бөмбөгөр худалдааны төвд ааруул 5-35 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Иргэд төдийлөн цагаан идээ худалдан авахгүй үнийг нь асуучихаад цааш эргэсээр байлаа. Лангуу бүр өөр өөр үнээр худалдаалах боловч сүүн хурууд ихэвчлэн 25 мянга, бор ааруул 25-28 мянга, ямааны ааруул 30 мянган төгрөгөөр тус тус зарагдаж байв. Чихэртэй, том цагаан ааруулаар зассан жижиг таваг л гэхэд 180 мянга гэхэд үнийг нь сонирхсон иргэд толгойгоо сэгсэрч байсан юм. Ааруулаас гадна өрөм 18 мянга, цэвэр шар тос 20-30 мянгын үнэтэй байна. Хэвийн боовны түүхий эд болох сарлагийн өрөм ч бас үнэ нь өсч 26 мянга болжээ.

Цагаан идээний худалдаачин "Цагаан сар өргөн дэлгэр тэмдэглэхгүй болохоор худалдан авалт тийм ч сайн биш байна. Өнгөрсөн жил хатуу хөл хориотой байсан учир их л хэцүүхэн байсан. Энэ жил хөл хөдөлгөөн хэвийн байгаа болохоор худалдан авалт түрүү жилийг арай дөнгүүр байна. Гэсэн ч ааруулыг гэхэд олон килограммаар нь авах хүн алга. Тавгаа засах гэж ирсэн ч нэг, хоёр килограммыг л авч дөнгөж байна даа. Үүнээс гадна гадаа талбайд малчдын гараас цагаан идээ борлуулж буй үзэсгэлэнгээс болоод орлого их муудаж байна. Болж өгвөл болиулмаар юм’’ гэж уцаарлангуй хариулаж  байсан юм.

Худалдаачны хэлсэнчлэн иргэд ааруул идээг өндөр үнэтэй хэмээн төдийлөн авч чадахгүй байсан ба Цагаан сарын өмнөх хоёр, гурван өдөр гэнэт бужигнаж нэг мөсөн цуглуулах гэж байгаа хэмээн тайлбарлалаа.Тусгаар тогтнолын талбай буюу олны нэрлэж заншсанаар Ленин музейн урд Архангайн цагаан идээ үзэсгэлэн худалдаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа юм. Тэнд Архангай аймгийн 19 сумын 47 өрхийн малчдын бэлтгэсэн шинэхэн цагаан идээг борлуулж байв. Ааруулын хувьд 17-30 мянган төгрөгийн хооронд үнэ хэлбэлзэж байсан бол шар тос 30 мянга, өрөм 20-25 мянгаар зарагдаж байлаа. Мөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчийн хэлснээр нэг малчин өдөрт дунджаар сая төгрөгийн борлуулалт хийсэн дүн гарсан хэмээсэн юм.

Үнийн хувьд наймаачдын гар дээрээс авснаас ялгаа байхгүй ч амт чанарын хувьд илүү, баталгаатай гэсэн утгаар иргэд Архангайн малчдын бэлтгэсэн цагаан идээнд ам сайтай байв. Цалин, тэтгэвэр хэвэндээ ч халдварын тархалт огцом нэмэгдсэн энэ цаг үед иргэд уламжлалт баяраараа хоосон ширээтэй суухыг хүсэхгүй байгаа нь илт. Бүгд л аль чадах боломжоороо гэр бүлээрээ тавгийн идээгээ бэлдэж хатуу өвлийг давсан баяраа цомхон тэмдэглэх гээд нааш цааш завгүй гүйлдсээр байна.

Сонирхуулахад, "Гэгээн эх мариа" сүмийнхэн 2013 оноос хойш жил бүр сар шинийн баярт зориулан хэвийн боов хийж, адислах болсон байна. Бурхны шашны нэршлээр бол аравнайлахтай адил гэж ойлгож болно. Монголчуудад сонин мэт санагдах боловч тус сүмийнхэн итгэгч нартаа зориулан хэвийн боов хийж, хямд үнээр борлуулж адисладаг аж. Улмаар олсон орлогоо сайн үйлсэд зарцуулдаг хэмээлээ. Тэд Христийн шашны Библи сударт өгүүлсэнчлэн Ертөнцийн эзэнд Есүс хоёр загас, таван талх өргөж ерөөгөөд олон мянган хүнийг хооллож, цатгадаг домгийг хэвийн боовонд шингээж бусдад туслах болсон байна.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top