СУРВАЛЖИЛГА: Дээлний үнэ “ХАДАНД" гарчээ

2022 оны 01 сарын 21

Юу юугүй л сар шинэ хаяанд ирж, иргэд эрвийх дэрвийхээрээ баярын бэлтгэл базааж байна. Хоёр жил Цагаан сар тэмдэглээгүй монголчуудын хувьд Засгийн газар, УОК-оос сануулсан гэр бүлийн хэмжээнд цомхон тэмдэглэх уриалгыг төдийлөн анхаарах сөхөө алга. Цагаан сард монголчууд хэдийнээсээ анхаарал хандуулж халаасандаа байгаа бүгдээ гөвж байж нэг санаа нь амардаг.

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд ууц, хэвийн боов, гарын бэлэгнээс гадна үндэсний дээл хувцасны эрэлт хэрэгцээ их байгаа нь зах, худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдийн хөл хөдөлгөөнөөс харж болно. Иргэд сар шинээр үндэсний хувцсаараа гоёхоор зах худалдааны төвийг дүүргэж байгаа талаар бид энэ удаа хөндөх болно.

Манай сурвалжлах баг эхлээд олон хүн үйлчлүүлдэг “Бөмбөгөр” худалдааны төвийн торго, бөс барааны төвүүдээр орсон юм. Ажлын өдөр өглөө эртлэн очсон тул  хүмүүсийн хөлд төдийлөн дарагдаагүй байлаа.

Иргэдийн зүгээс дээл хувцас худалдан авахад үнэ өмнөх жилүүдээс өндөр болсон байна гэж байгаа ч дэлгүүрийн эзний хэлж буйгаар дээлийн торго болон бусад материалууд нөөц байсан тул хил гааль дээр ачаа бараа гацсантай холбоотой асуудал үүсээгүй.

Одоогоор үнэ нэмэгдэж ирсэн бараа авчраагүй тул хуучин үнээр нь торгоо зарж байгаа гэлээ. Хөл хорьсон хориогүй, айл хэссэн хэсээгүй иргэд шинэ дээл хийлгэхээр торго дурдан авч байгаа аж. Бөс бараа борлуулагчид “Сар шинийн баяр дөхүүлээд иргэд ихэвчлэн хоол хүнсээ бэлддэг тул цаашид ачаалал нэмэгдэхгүй болов уу. Хувцас хоол, хүнс шиг хурдан мууддаггүй тул хүмүүс аль болох эртхэн бэлддэг” гэдгийг хэлж байсан юм.

Тэндээс бид “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвд худалдаалагдаж буй дээлийн үнийг сонирхлоо. 2-7 насны хүүхдийн дээл 25-75 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа бол материал, хийцээсээ шалтгаалаад үнэ нь улам өссөн байх аж. Хүүхдийн дээл борлуулж буй иргэн “Хил дээр ачаа гацахаас наана амжиж материалаа авч оёсон тул хуучин үнээр нь зарж байгаа. Шинээр материал нэмж аваад оёх гэхээр үнэ нь өссөн тул энэ жилдээ өөрт байгаа цөөн хэдэн дээлээ зарж байгаа” гэдгийг онцолж байв.

Баяр бүрийн өмнө иргэдийн зорьж очдог газар бол олон улсын хэмээх тодотголтой Нарантуул зах юм. Жилийн дөрвөн улиралд хүний хөл тасардаггүй тус захыг зорилоо. Сар шинийн баяр ойртсон тул ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө гэгчээр түм түчигнэж байна. Нарантуул худалдааны төвийн хойд хэсэгт байрлах задгай захыг үндэсний дээл хувцасны арвин сонголттой гэдэг утгаар иргэд ихээр зорьдог. Тус худалдааны төвд зарагдаж буй дээлийн үнэ 120 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Худалдаачдын хэлж буйгаар хамгийн хямд нь даавуу, пүүсүүгээр хийсэн дээлүүд байгаа гэдгийг хэлж, таван үг солихын чөлөөгүй хүмүүс эргэлдэнэ.

Мөн доторгүй дээлүүдийн дундаж ханш нь 250 мянган төгрөгт хэлбэлзэж байсан юм. Яг авах юм бол үнийг нь буулгана шүү хэмээн сэмхэн шивнэж байлаа. Дээл борлуулагчид өөр хоорондоо үнийг дундажлан барьж байдаг тул үнийг хэтэрхий хямд болгон буулгаж болдоггүй гэнэ. Борлуулалтаа бодоод дээлийн үнийг хэт хямдруулбал бусад худалдаачид хэл ам хийдэг болохыг ч хэлж байв.

Нарантуул зах дээр борлогдож байгаа хамгийн үнэтэй нь хурган дотортой дээл аж.

Хурган дотортой дээлийн ханш 1.8 сая төгрөгөөс хоёр сая төгрөгөөр борлуулагдаж байлаа. Тэр дундаа эрэгтэй дээлэнд хурганы арьс харьцангуй олон ордог тул эмэгтэй дээлээс үнэ илүү байдаг юм байна. Хурган дотортой дээл сонирхож буй иргэд “Энэ жил хурган дотортой дээлийн үнэ хэтэрхий өндөр болсон байна” хэмээн өөр зуураа шивэр авир хийнэ. Үүнийг сонссон худалдаачид “Хурганы арьс олдоц муутай болсон. Малчид хурганы арьс төдийлөн зарахаа больсон тул үнэ өссөн” гэдгийг ч тайлбарлаад амжина.

Нарантуул захын үндэсний хувцас борлуулагчид дээлүүдээ жил бүр оёдлын цех, салонуудаас татан авдаг байна. Энэ жил гол материал болох торгоны үнэ нэг метр тутамдаа чамгүй өссөн. Харин нэг дээлэнд зарцуулах оёдлын хөлс болох 70-80 мянган төгрөг урьд жилүүдийнхтэй адил байгаа. Тиймээс нөөцөд байсан материалаа ашиглан, оёдлынхоо хөлсийг хэвээр үлдээсэн тул дээлийнхээ үнийг энэ жил  нэмээгүй гэсэн ч иргэд үнэ нэмэгдсэн болохыг хэлж байв.

Дээлийн үнэ асуугаад цааш өнгөрөх хүмүүс цөөнгүй харагдах боловч удаан хугацаанд дээлээ солиогүй иргэд шинийг авах гэсэн зорилготой Нарантуулд ирсэн тул боломжиндоо тааруулан таалагдсан дээлнүүдээ өмсөж үзсээр.

Мөн дээлийн гадуур өмсөх хантааз 80 мянгаас 250 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Хамгийн хямд нь мэдээж нимгэн, даавуун хантааз. Харин булган эмжээр, доторлогоо нэмэгдээд ирэхээр торгоны сайн муугаас хамаарч үнэ нь янз бүр байгаа аж. Хүүхдийн дээлийн тухайд 40-65 мянган төгрөг дундаждаа орж байлаа.

Энд нэгдүгээрт, гадаа талбайн худалдаа, хоёрдугаарт, халдварын тархалт их байгаа учир хүүхдээ дагуулан ирж дээл өмсүүлэх хүмүүсийн хөл бага байлаа. Гэсэн хэдий ч үр хүүхдээ үндэснийхээ баяраар гоёж, шинэ хувцас өмсүүлэх гэсэн сэтгэлтэй эцэг эхчүүд их тул хүүхдийн дээлийн борлуулалт сайн байгааг хүүхдийн дээл борлуулж байгаа иргэд хэлсэн юм.

Монгол үндэсний хувцас ганц дээлээр хэмжигдэхгүй. Мандах төрийн малгай, бүтээх төрийн бүс, тулах төрийн гутал гээд үргэлжилнэ. Нарантуул төвд үнэгэн малгай 150 мянга, лоовууз 50-100 мянган төгрөгийн ханштай байсан бол жинхэнэ ангийн үс буюу булга, үнэг, хярсны үсээр хийсэн малгайнууд 700 мянга хүрч байх юм.

Бүх насныхан өргөн хэрэглэдэг бүрх  малгай 50-100 мянган төгрөгийн ханштай байсан ба эдгээр нь ихэвчлэн урдаас орж ирдэг байна.

Ахмадуудын ихээр сонирхдог дээлтэй хослох гоёл бол булган малгай. Хэмжээнээс хамаараад булган малгай 300-320 мянган төгрөгөөр зарагдаж байна лээ. Малгайны худалдаачдын хэлснээр энэ жил иргэд айл хэсэж золгохгүй ч урт хугацаанд гэртээ хоригдсон тул шинэ малгай авах гэж иргэд их ирж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Монгол гутлын хувьд хийц, дотор, хэмжээнээс хамаараад 200-500 мянга, хүүхдийнх нь 120-150 мянга, хромон гутал 100-150 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгааг худалдаачид хэлж байсан юм. Гутлын материалын олдоц сайн байгаа тул урьд жилүүдээс үнэ нэмэгдээгүй гэдгийг мөн хэлж байсан.

Харин дээлийн гол гоёл болох мөнгөн тоногтой гэх бүс 20-120 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Жинхэнэ мөнгөөр бүрсэн бүс зарагдахаа байсан тул хатуу хуванцар материалыг будаж бүрсэн оруулгатай арьсан бүснүүд төрөл төрлөөрөө лангуун дээр өрөөтэй харагдана.

Үүнээс гадна Нарантуул худалдааны төвийн бөс барааны лангуугаар очиход бэлэн дээл худалдан авах хэсгээс олон хүн холхиж байлаа. Тус төвд дээлийн торго 8-25 мянган төгрөгийн хооронд ханштай байх ба хил гааль дээр бараа гацсантай холбоотойгоор зарим торго метр тутамдаа таван мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг хэлж байв. Тиймээс худалдан авагчид 12, 13 мянган төгрөгийн үнэтэй материалыг түлхүү авч байгааг худалдаачид онцоллоо.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн Б “Би дээл худалдан авах гэж ирээгүй. Дээлүүдийн загварыг харангаа материал худалдаж авч гэртээ оёхоор шийдсэн. Торгоны үнэ сонирхоход нэмэгдсэн байна. Гэсэн ч өөрөө оёж чадах болохоор дажгүй загвар олоод дуурайлган хийхэд худалдаж авснаас хэд дахин хямд юм байна лээ. Бэлэн зарж буй дээлүүдийн үнэ хил гаальтай холбоотойгоор гээд зохиомлоор нэмэгдсэн санагдлаа. 150 мянган төгрөгт санасандаа хүрсэн дээл авч чадахгүй юм байна.

Бусад улс оронд үндэсний баяр ёслолоо угтаж бүх барааныхаа үнийг буулгадаг байхад манай улсад энэ нь эсрэгээ хэрэгждэгийг их гайхдаг юм.

Манай хадмууд шинэ жилийн баяр дуусав уу үгүй юу шуудхан цагаан сарын дээл хувцас, таваг, гарын бэлгээ эртхэн дээр нь гээд бэлдчихсэн байсан. Үнийн өсөлт, зохицуулалтгүй бодлого, далимдуулдаг худалдаачид зэргээс үүдэж иргэд хэт хашир болсон” хэмээн хэлээд дээлийн торгоо үргэлжлүүлэн үзэв.

Мөн тус худалдааны төвд олон гар дээрээс  жил жижиглэн худалдаа эрхэлсэн СХД-ийн 21 дүгээр хорооны  иргэн Н “Дээл хувцас худалдаж авна гэдэг арай хөөрөгдсөн үнэтэй болсон байна. Жилийн өмнө л гэхэд эхнэртэйгээ цуг хос дээл авах гэтэл нэг сая төгрөг гэж байсан. Энэ мөнгө чинь тийм ч бага биш шүү дээ. Торгоны үнэ нэмэгдсэн гэж шалтаглаад хэд нугалж зарах нь хүндрэлтэй байдаг. Оёж чаддаг бол өөрсдөө хийчихмээр санагддаг юм.

Монгол гутал мөн үнэ нь их өсжээ. Материал нь эх орондоо байдаг, дотооддоо үйлдвэртэй хэрнээ ингэж үнэтэй зарж буй нь сонин. Арьс ширийг монголдоо боловсруулдаг байтал гаднаас авчирсан мэт хэт үнэтэй зарах хэр зохимжтойг гайхаж л сууна” гэдгээ ч нуусангүй.

Жил бүр бараа материалын үнэ өсөж эцсийн бүтээгдэхүүн ч мөн түүнийг дагаад өмнөх үнээсээ хэд нугарна. Цалин тэтгэвэр хэвэндээ тул энэхүү өсөлтийг иргэд гүйцэхгүй бахардаж унахад хүрсэн ч уламжлалт баяраа шинэ хувцастай, өнгөтэй өөдтэй угтах гэсэн цагаан сэтгэлээр урд хойд хормойгоо ээлжилж нөхсөөр байна. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2016 оны хоёрдугаар сард Нарантуул худалдааны төвд хамгийн үнэтэй хурган дотортой дээл нэг сая төгрөгөөр зарагдаж байжээ. Харин энэ жил хоёр сая болж өссөн байна.

Мөн энгийн хос дээл зургаан жилийн дотор 250 мянгаас нэг сая төгрөг болж өссөн талаар иргэд хэлж байлаа. Харин иргэд баяр ёслолыг тааруулж барааны үнийг огцом хөөрөгдүүлж байна гэдгийг худалдаачдын нүдэн шууд хэлж байсан юм. Бөс бараа худалдаалагчид аль болох хил хаахаас өмнө авсан нөөцөө гаргаж, нэмэгдсэн үнэтэй торго цөөн авсан тул бараг хэвэндээ гэж тайлбарласан. Гэвч газар дээрээ дээлийн үнэ хаданд гарч дээлийг дагалдах бусад хувцас, хэрэглэлүүдийн үнэ дагаад өссөн дүр зургийг зах, худалдааны төвүүдээс харж болно. Харин худалдан авалт хийх иргэд эсрэг байр суурь илэрхийлсээр байна.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нүүдэлчин(119.40.98.153) 2022 оны 01 сарын 21

гоёмсог тоорцог болон бусад малгайг манай page.д ороод сонгоод хямдаар авах боломжтой

0  |  0
Top