Коронавирусний "Омикрон" хувилбар "Дельта"-тай харьцуулахад хүүхдүүдэд илүү аюултай тусаж байгаа талаар Оросын вирус судлаач Евгений Тимаков анхааруулжээ.
Тэрбээр "Омикроныг Дельта хувилбартай харьцуулахад хүүхдүүдэд тэр тусмаа 12-оос дээш насныхан болон гурав хүртэлх насны хүүхдүүдэд аюултай байна. КОВИД-19-ийн өмнөх хувилбарууд хүүхдүүдэд тийм ч хүчтэй нөлөөлж байгаагүй. Харин одоо Омикрон хувилбараар хүүхдүүдэд их халдварлаж байна" гэжээ.
Түүнчлэн 70-аас дээш насныхны хувьд Омикрон халдварын улмаас өвчин хүндрэх, нас барах эрсдэл өмнөх хувилбаруудтай адил байгаа гэдгийг онцолсон байна. Вирус судлаачийн өгүүлснээр вакцин тариулаагүй хүмүүст Омикрон илүү аюултай гэнэ.
Үүнээс гадна Омикрон хувилбараар үүсгэгдсэн өвчлөлийн давлагааны дараа КОВИД-19-ийн халдварын өөр хувилбарууд гарч болзошгүй талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус анхааруулжээ.
Тэрбээр КОВИД-19-ийн халдварын шинэ хувилбаруудыг тандах, эдгээр хувилбартай холбоотой нөхцөл байдлыг үнэлэхийн чухлыг онцолсон байна. ДЭМБ-ын тэргүүний үзэж байгаагаар, цар тахал дуусах болоогүй бөгөөд Омикрон хувилбарын дараа дахин өөр хувилбар дэлхий даяар тархах боломжтой гэнэ.
Түүнчлэн Омикрон хувилбараар халдварласан тохиолдолд хөнгөн өвдөнө гэх ойлголт нь ташаа гэдгийг Адханом Гебрейесус онцолжээ.
Омикрон хувилбарын улмаас өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэл байгаа гэдгийг ДЭМБ-ын тэргүүн мөн анхааруулжээ. Үүнээс гадна эрүүл хүмүүст коронавирусний халдвараас сэргийлэх вакцины бүүстер тун тарих шаардлагатай гэсэн шинжлэх ухааны баталгаа байхгүй гэнэ.
Энэ талаар ДЭМБ-ын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сумия Сваминатан мэдэгджээ.
Тэрбээр "Эрүүл хүмүүс болон хүүхдүүдэд бүүстер тун шаардлагатай гэсэн шинжлэх ухааны ямар ч баталгаа, нотолгоо байхгүй" хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ долоо хоногт бүүстер тунгийн тухай асуудлыг ДЭМБ хэлэлцэнэ хэмээжээ. ӨАБНУ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн Омикрон хувилбар дэлхийн 100 гаруй оронд тархаад байна. Японы судлаачид Омикрон нь Дельтатай харьцуулахад хоёр дахин хурдацтай тархаж байгааг онцолжээ.
Энэ талаар Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн Халдварт өвчний тандалтын төвийн дарга Сүзүки Мотой “Омикрон нь Дельта хувилбартай харьцуулахад ноцтой хүндрэл үүсгэх эрсдэл багатай боловч халдварын хурдацтай өсөлт нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэх магадлалтай. Энэ хувилбар тархахаас сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах ёстой” гэжээ. Мөн Их Британид хийсэн судалгаагаар Омикрон хувилбарын давлагааны үед хүндрэл, нас баралт бага байхыг тогтоож хөл хорио, бусад урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна. Харин ДЭМБ-аас үхлийн аюултай Омикроныг хөнгөн гэж үзэхгүй, анхаарлаа сулруулахгүй байхыг сануулж дархлаажуулалтаа эрчимжүүлэхийг уриалж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )