2019 онд УИХ-аас баталсан Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ТҮР ХОРОО 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр татан буугдлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4-т "Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно" гэж заасан байдаг.
Түүнчлэн Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн намрын чуулганы сүүлийн өдөр буюу энэ сарын 18-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд, ажлынхаа дүнг танилцуулсан юм.
Түр хорооноос Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад шаардагдах 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх, Лондонгийн арбитрын шүүхэд Оюу Толгой ХХК-ийн татварын асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээрт хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн аудит хийлгэхэд гадны зөвлөх үйлчилгээ авах, мөн Дубайн гэрээг цуцалж хүчингүй болгох улмаар Монгол Улсад учирсан хор хохирлыг барагдуулах зэрэг асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч ажилласан гэв.
Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар, түүний ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Түр хороо нягт хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас саналаа Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн гэдгийг дурдсан.
Улсын Их Хурлаас дээрх саналыг харгалзан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг батлан гаргасныг мөн тодотгов.
Уг тогтоолд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас “Туркойс Хилл Ресурсес” компанид төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх тухай гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг дэмжихээр тусгасан. Энэ өр тэглэгдсэнээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадлаа гэв.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд хийнэ. Уг гэрээ хүчингүй болсноор Дубайн 4.1 тэрбум ам.долларын зээл хүчингүй болж ногдол ашиг хүртэх хугацаа наашлах төдийгүй, зээлийн үйлчилгээний төлбөр болон баталгааны хураамж гэсэн 2.9 хувийн хураамжийг “Оюу толгой” ХХК-д төлөхгүй байх нөхцөл бүрдэнэ. Мөн “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой.
“Рио Тинто” компани, “Туркойс Хилл ресурсес” компанийн зүгээс далд уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хүртэлх хугацаанд шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцахаар төлөвлөж, “Оюу Толгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх шийдвэрийг Улсын Их Хурлаас гаргасан нь цаашид өрийн дарамт үүсэхгүй байх Монголын ард түмний ногдол ашиг авах хугацаа наашлах нөхцөл бүрдүүлнэ гэж мэдэгдэв.
Мөн урт хугацаанд ашиглах Оюутолгой шиг баялаг том ордын тулгамдсан асуудлуудыг Түр хорооноос хоёр чуулганы хугацаанд бүрэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд Оюу толгой төслийн хүрээнд цаашид зайлшгүй шийдвэрлэх асуудлуудаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолыг Түр хорооны сүүлийн хуралдаанаар баталсан гэлээ. Ц.Даваасүрэнгийн хэлсэн үгсээс үзэхэд, УИХ-ын 92 дугаар тогтоол бүрэн дүүрэн хэрэгжээгүй гэдгийг Түр хороо хүлээн зөвшөөрч байна.
Ц.Даваасүрэнгийн хэлж байгаачлан Оюутолгой төсөлтэй холбогдох томоохон асуудлуудыг хоёр чуулганы хугацаанд буюу хэдхэн сарын дотор эцэслэн шийдвэрлэх боломж бага гэдэг нь өнгөрсөн хугацаанд тодорхой харагдсан.
2009 оноос өнөөдрийг хүртэл онцлох сэдвүүдийн нэг байсаар ирсэн “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээнүүдэд чухам ямар өөрчлөлтүүд хийгдсэнээр Монгол Улсын эрх ашигт нийцэх вэ. Төслөөс хүртэх өгөөж бодитой нэмэгдэх вэ? гэдэгт хариулт эрэлхийлсэн нийтлэлүүдийг Zindaa.mn сайт өмнө нь цувралаар хүргэж байсныг дашрамд дурдъя.
Түүнчлэн Засгийн газрын Ажлын хэсэг болон Түр хорооны хамтын ажиллагааны үр дүнд төслийн менежментийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчдаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн захидалд тусгасан ТАВАН АСУУДАЛ цогцоороо ажил хэрэг болсон тохиолдолд 2019 онд УИХ-аас батлагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол” бүрэн дүүрэн хэрэгжих үү гэдэг асуултад хариулт эрсэн нийтлэлийг өмнө нь хүргэж байсан билээ.
“Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ээс Ерөнхий сайдад ирүүлсэн сүүлийн захидалдаа, “Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна” гэсэн байдаг.
УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг тухайлж авч үзвэл, Нэгдүгээр зүйлд тусгасан хамгийн эхний асуудал бол Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авахад чиглэсэн цогц арга хэмжээ авах талаар тусгасан байдаг юм.
Харин “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ийн зүгээс эцсийн санал гэж тодотгосон захидалдаа уг асуудлаар ямар нэг үг өгүүлбэр дурдаагүй байдаг юм.
Засгийн газрын 34 хувийн эрх ашгийг төлөөлөн “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Э.Баясгалан zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа: “Суурь гэрээнүүддээ өөрчлөлт оруулахгүйгээр, өнөөдөр үүсчихээд байгаа нөхцөл байдал бол “Оюу Толгой” ХХК 2038-2039 он хүртэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй байхаар байгаа. Яагаад гэхээр компанийн элэгдэл хорогдлын зардал их өндөр, дээрээс нь зээлийн хүүгийн дарамт их байгаа. “Оюу Толгой” ХХК өнөөдөр 12 тэрбум ам.долларын зээлтэй байна. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед бид “Оюу Толгой” ХХК ашигтай ажиллаж, 2018 оноос ААНОАТ төлнө гэсэн хүлээлттэй байсан. Дээрээс нь 2023 оноос ногдол ашиг хүртэх байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ хүлээлт биелэхгүй болсон. Тиймээс Засгийн газрын хувьд суурь гэрээгээр татварын таатай орчинг бий болгосон асуудлыг яах аргагүй эргэж харах ёстой гэж харж байна” гэсэн байр суурийг илэрхийлснийг сануулъя.
Гэвч төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчид таван саналдаа суурь гэрээнүүд рүү орсон өөрчлөлтийн талаар огт тусгаагүй. Харин Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолд “Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх” гэсэн асуудал нэмж тусгагдсан байгаа юм.
Оюутолгойн талаар олон жил яригдсан асуудлуудын үндэс углуурга нь хаана байгаа вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээнүүдэд ямар өөрчлөлтүүд хийснээр энэ төслөөс хүртэх өгөөж бодитой нэмэгдэх вэ, цаашлаад учирч болзошгүй эрсдэлүүд буурах вэ гэдгийг Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоогоос тодруулахад “Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүсэж байгаа татварын маргаан” гэдгийг тэрбээр хэлж байсан.
Хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг бид яаж тайлбарлах вэ гэдэг нь асуудал байдаг аж. 2009 онд хүчин төгөлдөр байсан ААНОАТ-ыг тогтворжуулсан нь маргаан дагуулдаг. Бид тэдэнд хөрөнгө оруулалтын зардалд суурилсан татварын хөнгөлөлтүүд үзүүлчихсэн. “Оюу Толгой” компани Монгол Улсад ААНОАТ төлөхгүй байгаа нь, энэ төслийг ашиггүй болгоод байгаа суурь нөхцөл нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын орчныг тогтворжуулсан заалтууд гэдгийг тэрбээр хэлж буй юм.
Цаашид энэ төслийг Монголд ашигтай болгоё гэх юм бол татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй. Татвараа бүрэн авдаг болохын тулд маргаан дагуулдаг, татварын акт ногдуулаад байгаа асуудлуудыг нэг тийш нь цэгцлэх ёстой. Тэгэхгүй бол “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд зээлийн хүү болон менежментийн төлбөрөөр ашгаа шилжүүлж авдаг, Монгол Улсад төлөх ёстой татвараа төлдөггүй байдал хэвээрээ байна гэдгийг хэлж буй юм.
Ер нь бол хөрөнгө оруулалтын үндсэн гэрээнд өөрчлөлт оруулах гол асуудал нь Монгол Улсын хувьд татвар тогтворжуулсан асуудлаа эргэн харах, засах залруулах гэдгийг “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд ч сайн мэдэж байх учиртай. Түүнчлэн УИХ-ын 92 дугаар тогтоолын үндсэн цөм асуудал нь энэ гэдгийг ч мэдэж байх ёстой.
Хэдий тийм ч тэд манайд ирүүлсэн сүүлийн саналдаа Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тусгаагүй бөгөөд манай талаас татварын асуудлыг дараа дараагийн хэлэлцэх асуудал хэвээр нь, УИХ-ын тогтоолд тусган үлдээлээ.
Сэтгэгдэл ( 0 )