Хөөрөг 100 мянгаас 200 сая төгрөгийн үнэтэй байна

2022 оны 01 сарын 25

Хатуу өвөл харьж, урин хавартай золгосны бэлгэдэл болсон сар шинийн баяр монголчуудын мэндлэх хүндлэх ёсыг утга төгөлдөр болгодог. Ерөөлийн сайхан үгийг хэлэлцэж, амар мэнд мэдэлцэхэд хөөрөг зөрүүлэн мэндчилэх ёс бий. Иймээс хөөрөгний үнэ, худалдан авалт, үнэ ханшийн талаар сурвалжилга бэлтгэлээ.


“Мөнгөн завьяа” худалдааны төвд хүний хөдөлгөөн эрс нэмэгджээ. Учир нь удахгүй болох сар шинийн баяраар шинэ гоёл авах гэсэн иргэд ажлаа тараад сонголт сайтай дэлгүүр, худалдааны төвд ууц, хэвийн боов авахтай адил олноор цуглана. Чүнчигноров, гартаам, мана, хаш гэх мэт төрөл бүрийн чулуун хөөргүүд лангуун дээр ярайж байх юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үнэ өсөөгүй бараа энэ улсад үлдсэнгүй гэж халаглах хүмүүсийн сэмхэн яриа энд тэнд хөвөрч байх.

Тус худалдааны төвд бага гарын хөөргүүдээс хамгийн хямд нь 100 мянган төгрөг бөгөөд их гарынх нэг сая 200 мянган төгрөг хүрч байна. “Үнэтэй хөөрөгнүүд нь жинхэнэ чулуу юу’’ гэж асуухад худалдагч “Мэдэхгүй” гэсэн хариултыг өглөө.

Цааш явсаар гоёлын эдлэл худалдаалдаг “Замбуулин гоёл” дэлгүүрт ороход хөөрөг 500 мянгаас 30 сая төгрөгөөр хэмжигдэх аж. Их гарын цагаан хаш чулуун хөөрөг, алтан нуух, шүрэн толгойтойгоороо үнийн жин дарж байсан юм.

Худалдан авсан үнэт эдлэл бүрд сорьцийн баталгааны хуудас өгнө гэж байв. Тус дэлгүүрийн худалдагчийн хэлснээр хямд хөөргүүд ихэвчлэн урд хөршөөс ирсэн, хуурамч чулуугаар хийсэн гэж байлаа. Байгалийн цэвэр чулуугаар хийсэн нь мэдээж өндөр үнэ хүрэх ажээ. Дээрх газрууд шинээр урласан хөөрөг худалдаалдаг юм байна.

Урт цагааны худалдааны төвийн ойролцоо байх эртний эдлэлийн дэлгүүрээр орлоо. Үүдээр ормогц хээ, будаг нь халцарч арилсан арслантай авдруудыг ярайтал өржээ. Худалдагч найрсгаар мэндчилэн цаад тасалгаанд суух үйлчлүүлэгчдээ бараагаа сонирхуулахаар одов. Лангуун дээрх хөөргүүдийг сонирхвол хуучин, шинийг нь мэргэжлийн хүн л биш бол сайн ялгаж мэдэхээргүй харагдана. Худалдагчаас үнийг нь асуувал энд байх хөөргүүд бүгд хуучны эд учир хамгийн багадаа 500 мянган төгрөгийн үнэ хүрнэ. Харин дээд үнэ гэж байхгүй. Учир нь эндээс худалдан авалт хийх гэж ирсэн хүмүүс эд мэддэг учир хамгийн өндөр үнэтэй хөөргийг өөрийн үнэлгээгээр үнэлж авдаг гэнэ.

Тэгэхээр “Худалдан авагч өөрөө хүсвэл хэдэн зуун саяар ч авч болно” гэх нь сонирхол татна. “Танай дэлгүүрт байгаа хамгийн хуучны хөөрөг хэдэн жилийн өмнөх вэ, мөн эзэн нь өөрсдөө авч ирж зарахдаа үнээ тогтоодог уу” гэхэд “200 жилийн өмнө эдэлж хэрэглэж байсан хөөрөг бий. Үнийг нь манайд зарах гэж ирсэн эзэн нь өөрөө мэдээд тогтоодог” гэв. Мөн тэр хавийн бусад дэлгүүрээр ороход 200 сая төгрөг хүрэх үнэлгээтэй хөөрөг ч байлаа.

Үнэт эдлэлийн дэлгүүрээс гарч буй залуугаас тодруулахад тэрээр, “Анх удаа л хөөрөг сонирхож байгаа тул мэдэхгүй юм их л байна. Айхавтар үнэтэй нь ч байх юм. Бас хэт хямд нь хуурамч байх вий гэж сэрэмжилж ч байна даа. Тиймээс дунджаар нэг сая 500 мянган төгрөг орчим үнэтэйг нь хэлбэр хийцээр нь сонжлоо. Сайн үзэж байгаад таалагдсанаа авна” гэсээр одлоо.

Хөөрөгний гэр, авч явахад гадны биетээс хамгаалах зориулалт бүхий даалин лангуун дээр тийм ч их зарагдахгүй байв. Зүү ороогоогүй энгийн хийцтэй даалин зах худалдааны төвийн гадаах задгай худалдаанд 6000 төгрөгөөс эхэлж зарагдаж байлаа. Харин дэлгүүрийн лангуунд мөн л зүү ороож оёсон гоёлын хэмжээнээсээ хамааран 30 мянган төгрөгөөс хоёр сая төгрөг хүртэлх үнэтэй байна. Шинэ, хуучин төрөл бүрийн хөөрөг худалдаалах дэлгүүрийн арын өрөөнд уран гарт дархан, хөөрөг урлаач зэрэг хүмүүс баярын захиалгадаа дарагдаад тун завгүй ажиллаж байлаа.

Одоогоос 10 орчим жилийн өмнө үнэт эдлэлийн дэлгүүрт хөөрөг 70 мянган төгрөгөөс 10 сая төгрөг хүртэлх үнээр худалдаалагдаж байсан талаар учир мэдэх хүмүүс өөр хоорондоо ярилцаж байсан юм. Харин өдгөө хөөрөгний дээд үнэ 11 жилийн өмнөхөөс 10, 20 дахин нугарахуйц болсон гэдгийг ч нуусангүй. Жилдээ ганц тохиох сар шинийн баяраар өвөө эмээ, аав ээжийгээ баярлуулах гэсэн хүмүүс шинэ хөөрөг сонирхох гэж худалдааны төвөөр хэсэх авч үнэ өндөр байна хэмээн толгой сэгсрэн буцах ч үнэхээр авья гэсэн хөөргөө үнэ харамлахгүй авах нэгэн ч байх аж.

“Хөөрөг толгойндоо, хүүхэн гэзгэндээ” гэдэг үг бий. Тиймээс ч хөөрөгний үнэ толгойндоо байдаг аж. Монголчууд хөөрөгний толгой, нуух, халбаганд их ач холбогдол өгч ирсэн бөгөөд хөөрөгний толгойг ихэвчлэн шүрээр хийж, шүр нь хэдий чинээ улаан өнгөтэй байвал төдий чинээ сайн гэж үздэг хэмээн хөөрөг сонирхож буй иргэд хэлж байлаа. Хөөрөгний сайн чанарын чулуунууд манай нутгаас олдох нь ховордсон байна. Тиймээс алсын америк, канадын чулууны үзэсгэлэн худалдаанаас сайн чанарын чулуу авч ирэн хөөрөг хийдэг болжээ. Тэр хэрээрээ хөөрөгний үнэ ханш бас өсдөг гэнэ. Сүүлийн хоёр жил цар тахлаас улбаатайгаар сар шинийг тэмдэглээгүй тул өнгөрөгч жилүүдэд хөөрөгний борлуулалт тааруу байсан талаар хөөрөг урлаач, борлуулагчид хэлж байсан юм.

Монголчууд үр хойчдоо өөрийн сайн энергийг шингээсэн чулуун хөөргийг өв залгамжлуулсаар ирсэн. Тиймээс монголчууд мэндлэх хүндлэх ёсыг эрхэмлэдэг, үр хойчдоо үнэт зүйлсээ биет болон биет бусаар өвлүүлдгийн илрэл нь хөөрөг болон үлдсэн байна. Ах дүү хамаатнаараа цуглаж, биесийнхээ амар мэндийг мэдэлцдэг уламжлалт баяраар өөрт тохирсон хөөргийг худалдан авах нь буруу зүйл биш бололтой.

Учир нь манайхаас үүссэн гэх хөдөлшгүй баримт үгүй, гарал үүслийн хувьд маргаан ихтэй ч бидний нутагшуулж, мэндчилгээний чухал хэрэгсэл болгосон эдийг харийнх байж болзошгүй гэсэн шалтгаанаар ад үзэж болохгүй нь. Бэл бэнчинг илтгэж баярхахын оронд мэндчилгээний хэрэгсэл, манайд нутагшиж хэлбэрээ олсон соёлын өв, байгалийн чулууны энерги гэдэг утгаар нь ашиглаж заншвал бидэнд илүү утга учиртай санагдана.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(129.205.124.19) 2024 оны 12 сарын 12

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

2  |  0
Top