Тэтгэвэртээ гарсан хэдий ч гараа хумхин суухыг хүсээгүй хүмүүсийн нэг бол Ч.Отгонбаяр юм. Тэрбээр бусдын адил худалдаа эрхэлж, бөөний үнээр авсан барааг хэд нугалж ашиг олохоос илүүтэй бүтээлч байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулахыг хүсдэг нэгэн ажээ. Тиймээс ч гэртээ ажилгүй суух хүмүүс цахим платформыг ашиглан сурсан зүйлээ хэрхэн бизнес болгох боломжтой талаар түүнтэй ярилцлаа.
-Саван үйлдвэрлэж эхлэх болсон шалтгаанаас тань яриагаа эхлүүлье. Санаагаа хэзээ, хэрхэн олж байв?
-Залуу эмэгтэй дүү нар маань фейсбүүк орчинд органик саван хийдэг, хэрэглэдэг, өөрийн арьсанд тохируулж өөрөө үйлдвэрлэдэг талаарх мэдээллийг их уншсан л даа. Уншсанаас болоод ч тэр үү гэрийн нөхцөлд хэрхэн саван хийдэг нь их сонирхолтой санагдаж, судалж эхэлсэн. Энэ нь намайг саван хийх сургалтад суухад хүргэсэн юм. Эхний хэдэн сар сургалтын багшийнхаа заасан жороор саван хийдэг байлаа. Дадлагажсаны дараа өөрийн жорыг туршиж үзсэн. Ихэвчлэн эргэн тойрны хүмүүстээ саван хийж өгдөг байлаа.
-Орц, найрлагынх нь талаар ярихгүй юу. Хүмүүст ихээхэн сонирхолтой санагдах байх?
-Найрлагад нь юу ч хийж болно. Сүүлний, авакода, кокос, оливын тос гэх мэт. Хүссэн орц найрлагаараа саван хийх боломжтой байдаг. Цахим орчин хөгжиж байгаа үед юүтүб платформд буй бичлэгүүдийг үзэж, дуурайн хийх бололцоотой. Гэвч зарим нэр төрлийн бүтээгдэхүүн манай улсад байхгүй. Тиймээс дотоодоос олох боломжтой материалыг ашиглан савангаа хийдэг. Мөн саван хийдэг аппликейшн бий. Түүнд орц найрлагынхаа хэмжээг оруулвал савангийн хөөсрөлт, хатуурал, шүлт гэх мэт бүхий л мэдээллийг гаргаад өгдөг. Сүүлийн үед энэ аппликейшнийг ашиглан бүтээгдэхүүнээ өөрийн олон төрлийн жороор туршиж байгаа.
-Хэчнээн нэр төрлийн саван үйлдвэрлэж байна вэ?
-Олон улсын бар кодтой кокос-сүүлний тостой, чацаргана-сүүлний тостой, ногоон цай-сүүлний тостой саван гэсэн гурван төрөл бий. Нэмэлтээр давирхай-сүүлний тостой, нүүрс-сүүлний тостой болон дан сүүлний тостой саван гэсэн гурван төрлийг нэмж гаргахаар ажиллаж байна.
-Та саван үйлдвэрлэхэд хэр их хугацааг зарцуулсан бэ. Гэртээ саван үйлдвэрлэдэг гэхээр стандартын шаардлагыг хэр хангадаг гэсэн үг вэ?
-Анхны савангаа 2018 онд хийсэн. Энгийн саван хийж эхлээд улмаар төрөл бүрийн хэлбэр дүрстэйг хийх болсон. Чацаргана, гүзээлзгэний нунтагтай савангаа 2019 онд лабораторийн шинжилгээнд өгч байлаа. Гэртээ хийсэн саван маань стандартын дагуу байж чадаж байна уу гэдгийг шинжлүүлсэн нь тэр л дээ. Шинжилгээний хариугаар стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн гэж үзсэн. Тиймээс одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдээ улиралд биш юм гэхэд хагас жилд нэг удаа лабораторид шинжлүүлдэг болсон. Оюуны өмчийн ашигтай загварын патентаа 2020 онд авсан. Мөн тус жилдээ барааны тэмдгийн патент, олон улсын бар код авлаа. Ингээд харвал саван үйлдвэрлэдэг болсноос хойш гурван жилийг өнгөрөөжээ.
-Өдөрт хэдэн ширхэг саван үйлдвэрлэж байгаа вэ. Борлуулалтаа хэрхэн хийдэг вэ?
-Гэрийн нөхцөлд хийдэг болохоор массын үйлдвэр шиг тоо ширхэг хэлж чадахгүй. Улиралд тохиолдож буй баяр ёслолд зориулан саван хийвэл цөөн тоогоор гардаг. Учир нь хатаахад их цаг зарцуулна. Мөн захиалгаар аж ахуйн нэгжүүд саван хийлгэдэг. Тиймээс өдөрт хийх савангийн тогтсон тоо байдаггүй.
Харин борлуулалтын хувьд аж ахуйн нэгжүүдэд бөөндөж эсвэл хүмүүс фейсбүүк хуудсаар дамжуулан худалдан авдаг. Тухайлбал, нэг ширхэг саван худалдан авахыг хүслээ гэхэд би хүргэж өгөх тохиолдол бий. Зарим байнгын үйлчлүүлэгчид маань гэрээс ирээд авдаг. Харин худалдаачдад өгч лангуунд тавиулвал ашгийн 20-30 хувийг авдаг. Мөн худалдаалж буй бараанд өөриймсөг ханддаггүй сул талтай. Тиймээс аль болох худалдаачдад өгч бүтээгдэхүүнээ заруулахаас зайлсхийдэг. Хэрэглэгч бол хаан л гэж боддог доо.
-Түүхий эдийн нөөцөө хэрхэн бүрдүүлж байгаа вэ?
-Ямарваа нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эд хамгийн том асуудал байдаг. Тэр тусмаа манай улсад ихээхэн тулгамддаг. Хил хааснаас үүдэж олон бүтээгдэхүүний түүхий эдийн хомсдол нүүрлэж байна. Тиймээс түүхий эдийн хомсдолд орохгүйн тулд дотоодоос хангалттай нөөцөөр олдож чадах материалуудыг сонгон хийдэг. Сүүлний тос, хаягдал өөх тос, чацаргана гэх мэтийг дурдаж болно. Хэрвээ томхон газар үйлдвэрлэл эрхэлдэг байсан бол тос шүүгч машинавах байлаа. Учир нь ресторан, цайны газар, гуанзнууд 20-30 литр тосыг шарсан хуурсан хоол хийхдээ ашигладаг. Тийм их хэмжээний тосыг дараа нь хог руу хаядаг юм. Харин тос шүүгч машинаар тухайн транс тосыг ялгаад эдийн саван хийх боломжтой.
-Гэртээ буй хаягдал өөх тосоо танд өгье гэж хэр их хүн хандаж байсан бэ. Хэрвээ хүмүүсийн хэрэглэхгүй малаас гаралтай өөхийг энэ мэтчилэн саван болговол түүхий эдийн нөөцөд санаа зовох шаардлагагүй болох юм биш үү?
-Манай үндэсний үйлдвэрлэгчид ийм санааг хэрэгжүүлэхээр туршиж үзсэн. Шөлний тос, гадар өөх, дотор өөх, сүүлний өөх гэх мэтээр ангилсан тохиолдолд үүнийг хийх боломжтой. Хүмүүсийн хувьд өөх, тосоо өгье гэх санал маш их ирдэг. Одоохондоо хадгалах сав байхгүй учраас их хэмжээний өөх, тос авах боломжгүй.
Гэхдээ хүмүүс ашиглаж чадахгүй зүйлээ хэрэгтэй хүнд нь өгдөг гоё хандлагатай болсон байна. Тухайлбал, байнгын үйлчлүүлэгч нэгэн бүсгүй бий. Тэр шинэхэн ээж болсон охиндоо хэт их сүүлний тос авсан тул илүүдэл тос их гарлаа хэмээн надад өгсөн юм. Сүүлний тос 10 гаруй кг-ыг өгсөн. Энэ мэтчилэн хүмүүс эко хэрэглээ, үндэсний үйлдвэрлэл зэргийг ихээхэн дэмжиж байгаа нь авууштай.
-Түүхий эдээ хэр өндөр өртгөөр худалдаж авч байгаа бол. Үүнээс улбаалж таны санагийн үнэ нэмэгдсэн үү?
-Түүхий эдийн үнэ их өссөн. Сүүлний тосыг гурван жилийн өмнө 8500 төгрөгөөр авдаг байлаа. Өнөөдрийн байдлаар сүүлний тосыг 13,500 төгрөгөөр худалдан авч байна. Тиймээс бүтээгдэхүүнийхээ үнийг барина гэдэг их адармаатай зүйл. Савангаа нэг ширхгийг нь 3500 төгрөгөөр борлуулдаг. Хэдий надад ашиггүй ч гэлээ энэ үнээ барих гэж хичээж байна даа.
-Эдийн саван туршиж байсан уу. Хүмүүс барааны саван гэдгээр нь илүү мэдэх байх?
-Эдийн саванг туршиж үзсэн. Амжилттай болж байлаа. Хаягдал өөх тосыг ашиглан хийсэн юм. Өөхөн тос буюу дотор гэдэсний өөхөөр эдийн саванг хийсэн гэсэн үг. Хүмүүс хлостерин ихтэй хэмээн хүнсэндээ хэрэглэхээс тээршээдэг болсон учраас хаягдал өөх тос болон хувираад байгаа юм. Гэхдээ хаягдал өөх тос хадгалах сав болон саван үйлдвэрлэж буй газар маань жижигхэн болохоор хүн цалинжуулж ажиллуулах ямар ч боломжгүй.
-Өөртэйгээ ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүстэй уулзаж, зөвшилцөж байсан уу?
-Би уулзаж байгаагүй. Кластер, холбоо гэх мэт олон зүйл байдаг юм билээ. Нэг зүг рүү явж байгаа хүмүүс гэдэг утгаар кластертай уулзаж үзсэн. Гэхдээ кластерын жилийн хураамжид гурван сая төгрөг шаардлагатай юм билээ. Надад тийм их хэмжээний мөнгө төлөх бололцоо байхгүй.
-Цаашдын хэтийн зорилгоо төлөвлөсөн үү?
-Өрхийн үйлдвэрлэл гэдэг маш бага хэмжээгээр гардаг зүйл. Тэр хэмжээгээр цөөн тооны хүнд хүрдэг. Тиймээс олон хүнд хүргэхийг зорьдог. Ингэхдээ чанараа алдахгүй байх нь чухал гэж боддог доо. Хэрэглэгч маань тэлсэн ч чанар нь хэвэндээ байх зорилгыг нэн тэргүүнд тавьж байгаа. Мөн 2-3 хүн цалинжуулан ажиллуулахын тулд үйлдвэрлэл явуулж буй барилгаа томруулахыг л хүсэж, хичээж байна.
Н.АНУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )