М.Мэндбаяр: 24 цаг тасралтгүй ажиллавал 1000 оймс үйлдвэрлэдэг

2022 оны 01 сарын 27

Бидний дунд чимээгүйхэн ажиллаж, хөдөлмөрийн үр шимээ хүртэж буй олон хүн бий. Тэдний нэг бол М.Мэндбаяр болон Ё.Алтанзул юм. Гэр бүлийн бизнесээ эхлүүлээд есөн жилийг өнгөрүүлсэн тэд хотын захад Сонгинохайрхан дүүргийн XVII хороонд амьдардаг. Өөрсдийн үйлдвэрлэсэн оймсны Сод гэх брэндийг үүсгэжээ. Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд оймсны захиалга ихээр хүлээн авч, завгүй ажиллах үеэр нь цөөн хором ярилцсан юм.


-Оймс үйлдвэрлэдэг болоод багагүй хугацааг өнгөрөөсөн юм билээ. Хэчнээн жилийг зарцуулсан бэ?

-Солонгос улсад оймсны үйлдвэрт дөрвөн жил ажилласан. Оймсны үйлдвэрлэлийг Монгол Улсад нутагшуулана гэхээр эхэндээ ямар ч төсөөлөл буухгүй байлаа. Оймсны технологи гэдэг их хүндрэлтэй л дээ. Үйлдвэрт нь ажиллаж байсан хүний хувьд хүнд, хэцүү болоод хүндрэлийг нь гадарлаж байгаа хэрэг. Явцын дунд оймс үйлдвэрлэхээр болсон.

Нийт 14 жилийн турш энэ чиглэлээр ажиллаж байна. Анх эхлүүлж байхад их хэцүү байсан даа. Таних хүн ч байхгүй. Урт цагааны гудамж, талбайн хажууд зогсож оймсоо зардаг байсан. Ямар нэгэн зүйлийг анх эхлүүлэх их хэцүү байдаг. Сүүлдээ өөрсдийн гэсэн худалдан авагчидтай болсон. Одоо бол захиалгаар л хийж байна даа. Захиалгын тоо ширхэг, хэмжээгээр нь оймсоо үйлдвэрлэдэг.

-Өдөрт хэчнээн ширхгээр, ямар төрлийн оймс үйлдвэрлэдэг вэ. Нэг оймсоо хэдэн төгрөгөөр үнэлж байгаа вэ?

-Бидэнд үйлдвэр байхгүй. Гэртээ оймсны машинуудаа байрлуулаад ажиллангаа амьдардаг. Хоёр өрөө байрныхаа нэгэнд нь амьдарч, нэгэнд нь үйлдвэрлэлээ хийнэ. Манайх оймс хийдэг найман машинтай. Өдөрт 300-500 оймс хийдэг. Зөвхөн өдрийн цагаар ажиллахад шүү дээ. Харин 24 цагийн турш ажиллахад нэг мянган оймсыг хийнэ. Наймдугаар сараас эхлээд Цагаан сарыг дуустал өдөрт 500 оймс хийдэг. Сүүлийн гурван сарын хугацаанд нэг ч өдөр амраагүй ажиллаж байна. Өмнө нь их хэмжээгээр оймсоо үйлдвэрлээд хадгалж болохгүй юм уу гэж асууж магадгүй.

Тийм их хэмжээний утас нөөцлөх боломжгүй. Улирлын чанартай оймс үйлдвэрлэнэ. Оймсны хувд нимгэн болон зузаан гэсэн хоёр төрөлтэй. Ихэвчлэн зузаан оймс хийдэг. Оймсоо ноос болон даавуу ашиглан хийдэг юм. Захиалагчидтайгаа голдуу утсаар харилцана. Орон нутаг руу унаанд дайж өгдөг. Харин нийслэлд бол захиалагчид ирээд авна. Нэг оймсоо 1800 төгрөгөөр бөөнддөг.

-Нийслэлээс илүү орон нутгуудад борлуулдаг гэсэн. Ямар аймгуудаас хамгийн их худалдан авалт хийж байна вэ?

-Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай, Ховд аймгууд хамгийн их захиалга өгдөг. Тэр дундаа Баян-Өлгий болон Ховд аймгууд байна. Хилтэй ойр болохоор захиалга их өгдөг. Оймсны маань 70-80 хувь нь гадагшаа борлуулагддаг юм. ОХУ, Казахстанд борлуулагддаг гэсэн үг. Ноос ч их авна. Ноосыг дотоодын үйлдвэрлэгчид, худалдаачид шиг хэмжээтэй бус асар их хэмжээтэйгээр авч хил гарган худалдаалдаг. Манай улсад байгаа оймсны үйлдвэрүүд хамгийн их орлогоо ноосноос олж авдаг юм л даа.

-Түүхий эдийн нөөц хэр байгаа вэ?

-Манайх даавуун утсаа Солонгосоос авдаг. Харин бусад материалаа Хятад улсаас авна. Хятадаас түүхий эдээ авдаг гэхээр чанаргүй хэмээн ойлгож болохгүй. Бүх зүйл нь дэлхийн стандартын дагуу хийгдсэн байдаг. Солонгос утасны чанар, хятад утасны чанар адил. Харин өртгийн хувьд Солонгосоос авбал хямд тусна. Одоо бол ихэнх түүхий эдээс урдаас авахаас өөр сонголтгүй.

Түүхий эдийн нөөцөө хангалттай хэмээн хэлж чадахгүй. Гэвч энэ жилийн захиалгуудыг нөөцдөө тааруулаад хийгээд дуусгаж байна. Цаг хэзээ сайхан болохыг хэлж мэдэхгүй юм. Нөөцөө дуусахаас өмнө оймсны түүхий эдийн татан авалтаа хиймээр байна даа.

-Бүхий л барааны үнэ нэмэгдсэн. Танай бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон уу. Түүхий эдээ хэдэн төгрөгөөр авч байна вэ?

-Оймсны үнэ өнгөрсөн жилээс илүү нэмэгдлээ гээд л хүмүүс ярьж байгаа. Түүхий эдийн үнэ өссөн учраас дагаад өсөхөөс өөр сонголтгүй. Даавуун утсыг нэг кг-ыг нь найман мянган төгрөгөөр авдаг байсан. Одоо бол нэг кг-ыг нь 12 мянган төгрөгөөр худалдан авч байна. Солонгос улсаас авъя гэтэл нэг кг нь 18 мянган төгрөг болж өссөн. Түүхий эдийн үнийн өсөлт зөвхөн манай улсад бус дэлхий даяар өссөн байгаа. Жишээлбэл, Солонгос улсаас 40 тоннын чингэлэг ачуулахад таван мянган ам.доллар байсан. Одоо бол 10 мянган ам.доллар болж хоёр дахин өссөн байгаа.

Мөн хоёр сарын алдагдал нь 3600 ам.доллар болж өссөн. Ингээд харвал таван мянган ам.доллар төлж авдаг байсан барааг 13600 ам.доллар төлж авч байгаа гэсэн үг. Даавуун утсыг Солонгос улсаас авахын тулд чингэлгээр нь авах шаардлагатай болдог. 40 тоннын чингэлэгт 15 тонн утас багтана. Үүний зардал нь 200 гаруй сая төгрөг болдог. Бидэн шиг жижиг худалдаачдад тийм их хэмжээний мөнгө байхгүй шүү дээ.

-Танайх хэчнээн хүн ажиллуулдаг вэ?

-Эхнэр бид хоёр гурван хүн ажиллуулдаг. Тэр гурван хүн манай хороололд амьдардаг. Нийгмийн даатгал төлдөг байсан ч больсон. Одоогоор нэмж хүн ажиллуулах боломжгүй л байна даа.

-Хүмүүс хил хаавал дотооддоо бүх бараагаа үйлдвэрлэх боломжтой хэмээн ярьдаг. Та үүнд өөрийн байр суурийг хуваалцахгүй юу?

-Түүхий эдийн хувьд энэ жил ихээхэн төвөгтэй байдал үүссэн. Арай чүү л гэж үйлдвэрлэлээ эрхэлж байгаа. Ноосыг жилдээ хоёр тонн авч хадгалдаг байсан. Солонгосоос ч захиалга ирдэг. Энэ жилийн хувьд нэг тонныг л авсан. Үлдсэн ноосоо хил хааснаас болоод авч чадаагүй. Гэтэл дотоодын ноосны үнэ өссөн. Олон хүн ярьдаг шүү дээ. Хил хаахаар дотооддоо бүгдийг хийх боломжтой, амар болно оо гэж ярьдаг. Ямар ч улс эх орныхоо бүхий л зүйлийг дотооддоо хийж чаддаггүй. Заавал гаднаас ямар нэгэн зүйл авдаг. Өөрийн улсаар жишээ авъя.

Манай улс хэзээ ч дотооддоо хөвөн тариалахгүй. Хөвөнг дундад Азийн улсууд тариалдаг. Бид оймсныхоо утсыг Солонгос улсаас авдаг. Гэтэл Солонгос улс ч уг утсыг үйлдвэрлэх хөвөнг нь тариалдаггүй. Харин Вьетнам, Индонез гэх мэт улсаас тариалалт хийж, импортоор авч байх жишээтэй. Ингээд үзэхээр хэзээ ч дотооддоо 100 хувь бүх зүйлийг бүтээн, үйлдвэрлэх боломжгүй юм. Манай улс юу зарж байна гээд харахаар түүхий эд л зарж байна. Нэгдүгээрт, нүүрс, зэс гэх мэт. Хоёрдугаарт, ноос, ноолууран бүтээгдэхүүн авдаг. Дэлхийн ямар ч улс мэддэг.

Монголын талаар яривал мал хамгийн түрүүнд нүдэнд нь харагдана. Мал сүргийн эх орон учраас монгол ноолуур, монгол ноосон бүтээгдэхүүн гэвэл чанартай хэмээн үзэж гадаадын хүмүүс ихээр худалдаж авдаг.

-Манай улсад нэг зах зээл рүү олон бизнес эрхлэгч орсноос үүдэн дампуурах нь их байх шиг?

-Тийм ээ. Бидэнд төрөл бүрийн зах зээл бий. Нэг нь ихээхэн ашиг олсон гэх сургаар бөөндөө тухайн салбар руу орсноос үүдэж дампуурах асуудал их байлаа. Нэг салбар руу хошуурах гэж ярьдаг. Тухайлбал, намайг ажлаа эхлүүлэх үед 10 үйлдвэр хамт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Үүнээс есөн үйлдвэр дампуурсан юм. Нэг хүн хийж чадлаа гээд бусад нь ч чадах боломжтой гэсэн үг биш. Нарийн тооцоолол хэрэгтэй. Амьдралд амархан зүйл гэж байхгүй.

-Цаашдын төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би үйлдвэрээ том болгож, автомат машиныхаа тоог нэмэхийг хүсдэг гэж хэлж чадахгүй. Бизнес гэдэг аюултай зүйл шүү дээ. Чадахгүй байж хэтэрхий томруулах гэж үзэх нь аюултай нөхцөл байдалд оруулдаг. Тиймээс аль болохоор тогтмол үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байхыг хүсэж байна даа.

Н.АННА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top