Манай гарагийн хамгийн өндөр настай эр горилл сармагчин 61 насандаа хорвоог орхисон тухай АНУ-ын Жоржиа мужийн Атланта амьтны хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Оззи нэртэй сармагчин дэлхий дээрх энэ төрлийнхөө өндөр настнуудын жагсаалтын гуравт бичигддэг байсан бөгөөд Атланта амьтны хүрээлэнгийн хамгийн өндөр настай горилл байжээ. Оззигийн үхлийн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа ч сүүлийн үед түүний хоолны дуршил муудаж, ядрах болсон байна.
Оззи нь ХХ зууны 80-аад оны үеэр Атланта амьтны хүрээлэнд ирсэн анхны гориллуудын сүүлчийн төлөөлөгч байжээ. 2009 онд тэр цусны даралтаа өөрөө үзэж сурсан анхны горилл болсон байна. Оззи гурван үеийн үр удмаа үлдээжээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээлснээр, өрнийн нам дор газрын гориллын тоо толгой нь хууль бус ан, өвчний улмаас сүүлийн 25 жилд 60 хувиар цөөрчээ. Энэ төрлийн горилла маш удаа үрждэг байна. Эм горилл таван жилд нэг удаа үр төл гаргадаг байна.
Сэтгэгдэл ( 0 )