Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин гурван жилийн хугацаатайгаар сунгасан. Энэ дагуу своп хэлцлийн хугацаа 2023 оны долоодугаар сард дуусахаар байгаа.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр свопийн хугацааг дахин гурван жилээр сунгах асуудал хөндөгджээ. Тодруулбал, хоёр орны Ерѳнхий сайд нарын уулзалтын үеэр тѳгрѳг-юанийн своп хэлцэл, түүний хугацааг 2026 он хүртэл 3 жилээр сунгах асуудал хѳндѳгджээ.
БНХАУ-ын талаас энэ асуудлыг дэмжиж, хоёр орны тѳв банкууд уулзалт хийн хэлцлийн гэрээг сунгахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо илэрхийлсэн байна.
БНХАУ-ын Ерѳнхий сайд Монголын талаас тавьж байгаа санал хүсэлтэд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлийг холбогдох яам, тѳрийн байгууллагууддаа ѳгнѳ гэдгээ уулзалтын үеэр мэдэгджээ.
15 тэрбум юанийн хэмжээтэй Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох уг своп хэлцлийн гэрээний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө хэвийн байдалд ортол сунгаснаар Монгол Улсын тѳлбѳрийн тэнцэл, гадаад ѳрийн удирдлагад чухал нөлөөтэй гэж албаныхан мэдэгдэж байна.
Тодотгоход, уг своп хэлцлийг хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2011 онд анх 10 тэрбум юаниар байгуулсан. 2014 онд нэмж 5 тэрбум юаниар байгуулан, 3 жилээр сунгаж байв. Ийнхүү хэмжээг нь нэмэгдүүлснээр 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгтэй тэнцэх болсон своп хэлцлийн гэрээний хугацааг 2017 онд мөн 3 жилээр сунгасан.
2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд давхар шийдвэрлэгдэж байв. Тодруулбал, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.доллар шийдвэрлэгдэхэд дээрх своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан байдаг. Түүнчлэн своп хэлцлийн хугацааг 2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд давхар шийдвэрлэгдэж байсан юм.
Дараа нь 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгасан билээ. Своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах саналыг 2019 онд манай талаас тавьж, хэлэлцээ хийсний үр дүнд хугацааг дахин сунгасан.
Бондын гадаад өр төлбөр ихтэй манай тухайд уг свопийн гэрээний нөхцөлийг аль болох өөртөө ашигтай байдлаар өөрчлөлт оруулахад алхам хийх боломж байвал ашиглах нь зөв юм. Монгол Улс своп хэлцлийн хүрээнд авч ашигласан мөнгийг нэг дор төлж барагдуулах боломжгүй. 2024 он хүртэлх хугацаанд төлөх ёстой өрийн жагсаалтыг аваад үзэхэд ч Засгийн газраас дахин санхүүжүүлэх арга хэмжээнүүд авах шаардлагатай байгаа.
Түүнчлэн Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг хэрэв 2026 он хүртэл дахин гурван жилээр сунгахгүй бол Төв банк гадаад валютын нөөцөөрөө төлж барагдуулах эрсдэлд орох юм.
Мөн сануулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-тай 2021 оны дөрөвдүгээр сард цахим уулзалт хийх үеэрээ дээрх своп хэлцлийн ерөнхий гэрээний нөхцөлийг өөрчилж, хоёр улсын Засгийн газар хоорондын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл болгон шилжүүлэх талаар ярилцсан гэсэн албан мэдээллийг өгч байв.
Сэтгэгдэл ( 0 )