Хөгжлийн банкыг шалгах АЖЛЫН ХЭСЭГТ итгэж болох уу!

2022 оны 02 сарын 10

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд тэр дундаа УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, зарим нь “бүгд найрамдах” уншуулж дээлээ нөмөрч байсан цаг саяхан. Гэвчиг одоо ЖДҮ санг тонон дээрэмдсэн Их хурлын гишүүдээ мартацгаасан нь Хөгжлийн банкны зээлдэгчдийн дүйвээнээс харж болно. Н.Алтанхуягийн Засгийн газраас эхлээд хэдэн Засгийн газар дамжин Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгчдийн мэдээллийг ил болгосноор хэн нь авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж, хэн нь эргэн төлөлтөө ч хийлгүй загас мэт дуугүй болсныг харцгаалаа.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банкны асуудал хүндэрч буйг мэдээд эргэн төлөлт хийгдэхгүй байгаа 26 компанийг сайдаар ажиллаж байхдаа шүүхэд өгснөөр шүүх эхнээс нь эргэн төлөлтөө хийх шийдвэр гаргаснаар нийгэмд “гэрэл цохьсон”. Үүн дээр дөрөөлж улс төр хийгчид хаа сайгүй хашхичиж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна. Одоо бол Хөгжлийн банкнаас зээл авсан бүх компаниуд “хар тамга” даруулав. Тэдэн дунд авсан зээлээ үр дүнтэй зарцуулж цеменетийн хараат байдлаас монголчуудыг салгасан МАК, Монполимет зэрэг компаниудыг ч хөнтөрч мэдэхээр нөхцөл байдал үүсэж байна. АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой зээл авсан компаниудыг шалгаж эхэлжээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын охин Монполимет группын захирал Н.Мөнхнасан өөрийн цахим хуудаснаа "Авлигатай тэмцэх газар чинь албан тушаалтануудын авилгалын хэргийг шалгадаг гэж бодсон чинь улс эх орондоо стратегийн үйлдвэр барьж өгсөн хөлс хүчээ дусааж явдаг хүмүүсээ шалгадаг юм байна. Миний ээж 2016 онд гишүүн болсон. Монцемент дээр зээл олгох тогтоол 2014 онд гарсан байдаг" хэмээн бичсэнээс харж болно. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалт хийж үр өгөөжийг нь улсаараа хүртэж буй ийм төслүүдээ хариуцлагагүй нөхдийн дүйвээн дунд дарж унах вий гэдэг болгоомжлол байх ёстой юм.

Будвал бүгдийг нь хараар буддаг муйхар монгол зангаар үндэсний үйлдвэрлэлүүдээ татаж унагаж болохгүй.

Дүйвээний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгуулаад байна. АТГ-тай зэрэгцэн эдгээр гишүүд шалгаж эхлэх юм байна. Эдгээрээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байхдаа Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлснээ зарлаж байсан. Тэр утгаараа Хөгжлийн банкны асуудалд бусад гишүүдээ бодвол дөнгүүр мэдээлэлтэй байх нь дамжиггүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг сөрөг хүчний зүгээс оруулсан байж таарна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар ямар ч сэдвийг хааш нь ч эргүүлж мэдэх тул тэднээс хүлээх зүйл тун бага болчихож байгаа юм. Популист улс төрчид өөрсдөдөө оноо цуглуулахыг урьтал болгодог нь жам шахуу зүйл болчихсон. Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрийн хувьд тун бөөрөнхий улстөрч. Ямар ч хурц үзүүртэй зүйлийг бөв бөөрөнхий болгочихоод сууж чадах хүн. Тиймээс энэ ажлын хэсэгт итгэж болох эсэх нь товчхондоо Б.Энхбаяраас шалтгаалах нь.

Э.ТЭНҮҮН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.201) 2022 оны 02 сарын 10

Монголд үйлдвэрлэл гэж байхгүй. Бүгд дамын наймаачид

0  |  0
Зочин(103.57.95.201) 2022 оны 02 сарын 10

Монголд үйлдвэрлэл гэж байхгүй. Бүгд дамын наймаачид

0  |  0
Top