УОК: "Омикрон" хувилбарын тархалт 50 хувиар БУУРСАН

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Засгийн газар өнөөдөр /2022.02.14/ ээлжит бусаар хуралдаж, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг өнөөдрөөс цуцлах шийдвэр гаргалаа. 

Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэсэн байна. 

Харин хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болгосон юм. 

Улсын Онцгой комисс (УОК)-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү энэ үеэр дараах мэдээллийг өгөв. 


-"Чингис хаан" боомтын талаар мэдээлэл өгөхгүй юу. Боомтууд мөн шар түвшинд шилжих үү?

-Олон Улсын нисэх буудал болох "Чингис хаан" боомт бол нээлттэй байгаа. Экспорт, импортын үйл ажиллагааг хэвийн явуулах, хил орчмын бүс нутгийг халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор тухайн боомтын орчныг улбар шар түвшинд үлдээсэн. Өөрөөр хэлбэл, газрын бүх боомтууд улбар шар түвшинд байгаа. 

Хил, гаалиар зорчих хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй. Харин тухайн боомтын бүсэд халдварын тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана гэсэн үг. 

-Манай улстай агаарын хилээ нээсэн хичнээн орон байна вэ. Манай улс руу ирж байгаа иргэдээс шинжилгээ авч байгаа юу?

-Өнгөрсөн 2021 оны тавдугаар сараас эхлээд Монгол Улс үйл ажиллагаануудаа тодорхой үе шаттайгаар нээж эхэлсэн. Энэ хүрээнд манай улс агаарын хилээ зургадугаар сарын 1-нээс нээсэн. Тийм учраас манай улс руу ирж байгаа иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Тухайн иргэн шинжилгээнд хамрагдаад ирэх ёстой гэх шаардлага тавигдаж байсан.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад гадаад улсаас ирсэн иргэдийг тусгаарладаг байсан бол энэ зарчим цаашдаа үйлчлэхгүй. 

Гэхдээ тухайн иргэн вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаараад шинжилгээ өгнө. Манай улсад ирснийхээ дараа аль ч улсын иргэн байсан дархлаажуулалтад хамрагдах боломжтой. 

-Бүх хилээ нээлээ. Халдвар нэмэгдэх болов уу. Эрсдэлийн үнэлгээ хийсэн үү?

-Эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. "Омикрон" хувилбарын давлагаа зарим улс оронд буурч байна. Зарим оронд оргил үедээ байна. Манай улсын тухайд халдварын давлагаа буурах түвшиндээ орсон гэж ойлгож болно. Тухайлбал, халдварын оргил үе болох нэгдүгээр сарын 25-ныг одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад халдварын тархалт 50 орчим хувиар буурсан байна.

-Шар түвшинд шилжихээр үйлчилгээний байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт орох уу?

-Үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоохгүй. Өмнө нь тухайн нэгжийн Засаг дарга цагийн хязгаарлалтыг тогтоодог байсан. Энэ зарчим хэвээрээ үйлчилнэ. УОК болон Засгийн газраас халдварын тархалтаас хамаарсан ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй гэсэн үг. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууруулсан ч иргэд маскаа зүүх, хүн хоорондын зай барих зэрэг халдвараас аль болох өөрийгөө хамгаалах хэрэгтэй. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top