Засгийн газар энэ оны улсын төсвийн орлогыг бүрдүүлэхдээ гол анхаарах асуудлуудынхаа нэгэнд Төрийн өмчийн компанийн шинэчлэл гэж тодорхойлсон. Түүнчлэн өчигдөр /2022.02.14/ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Б.Цэнгэл Монголын Хөрөнгийн биржид ажиллах үеэрээ “Төрийн өмчит компаниудын тодорхой хэсгийг олон нийтэд нээлттэй болгох замаар хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь компанийн засаглал, ил тод байдал сайжрах, ашигт ажиллагаа нэмэгдэх зэрэг олон талын үр ашигтай” талаар дурдав.
Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах зорилгоор тэдгээрийг олон нийтэд нээлттэй компани болгох нь цаг үеэ олсон зайлшгүй асуудал юм. Үүний тулд төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болох үйл явцыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, шударгаар хийх нь хамгийн оновчтой арга зам юм. Энэ үйл явц нь хөрөнгийн зах зээл төдийгүй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой байх болно гэв.
Түүнчлэн, төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгосноор тухайн улсын эдийн засагт өндөр үр ашиг өгсөн олон жишээ байгааг дурдахдаа БНХАУ-ын “Chalco” компани (төр 36%, олон нийт 64%), “Air china” компани (төр 51.7%, олон нийт 48.3%), ОХУ-ын “Gazprom” компани (төр 50%, олон нийт 50%) зэрэг компаниудыг дурдлаа.
Төсвийн зорилтыг харахад, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгаад буй.
Сангийн сайд Б.Жавхлан чуулганаар төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үеэр байр сууриа илэрхийлэхдээ “Энэ чиглэлд дорвитой өөрчлөлт хийх шаардлага байгаа учир төрийн өмчит компани нэг бүр дээр эрсдэлийн үнэлгээ хийж байгаа, үүнд үндэслэн гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Стратегийн ач холбогдолтой бол төрийн мэдэлд үлдэнэ, эдийн засаг, бизнесийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор биржээр гаргаж болох бол энэ хэлбэрээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Төрийн өмчит байх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд татан буулгана. Үүний зэрэгцээ төрийн өмчийн талаарх багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа” гэж байсан юм.
Сануулахад, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн байр суурийг Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард илэрхийлж байсан.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнгөрсөн есдүгээр сард ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах талаар танилцуулга, мэдээллийг хийсэн билээ.
2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт хөрөнгийн дүн 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Тэгвэл энэ нийт ашгийн 1.1 их наяд нь Эрдэнэт үйлдвэрээс, 440 тэрбум төгрөг нь Эрдэнэс-Тавантолгой компаниас олсон ашгаас бүрдсэн.
Харин бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн тооцоолол бий. Тэгэхээр ашиг биш алдагдал дагуулж буй компаниудыг цаашид гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн асуудал өнгөрсөн хавар засгийн хуралдаан дээр яригдаж байв.
Түүнчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр, улсын хэмжээнд одоогийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэж байсан юм.
Гэхдээ 2022 оны төсөвт Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийн жагсаалтаас харахад дээр дурдсан бүтцийн өөрчлөлт зэргийн талаар нарийвчлан тусгаагүй байгаа юм.
Дашрамд дурдахад, Монгол Улсын төрийн өмчит үйлдвэрийн газрууд хувийн хэвшлийн илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргаж байна гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн.
Мэдээлэлд “Монгол Улс банк, санхүү, эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, тээврийн салбарт төрийн өмчит үйлдвэрийн газруудтай. Сангийн яам нь Монгол Улсын Төрийн банк, Монголын хөрөнгийн биржийг удирддаг. “Эрдэнэс Монгол” ТӨҮГ нь Засгийн газрын уул уурхайн ихэнх хөрөнгийг эзэмшдэг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь ашигт малтмалын бус болон санхүүгийн бус хөрөнгийг удирддаг. Гэхдээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүрэн жагсаалтыг гаргаж өгөөгүй” тухай дурдсан байгаа юм.
Түүнчлэн хөрөнгө оруулагчдын санаа зовж буйгаар төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь хувийн хэвшлийн илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргаж байна. Хөрөнгө оруулагчид төрийн өмчит үйлдвэрийн газруудтай өрсөлдөх боломжтой боловч зарим тохиолдолд ил тод, тунгалаг бус зохицуулалт нь өрсөлдөөнийг хязгаарладаг.
Гадаадын болон дотоодын хувийн хөрөнгө оруулагчдын ажигласнаар Засгийн газрын зохицуулагч байгууллагууд төрийн өмчит үйлдвэрийн газруудад байгаль орчны зөвшөөрөл олгох явцыг чирэгдэлгүй болгож өгөх зэргээр талтай ханддаг талаар дурдсан байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )