“Монгол Улсын үндэсний аюулгүй байдал: Хүн амын оюуны дархлааны асуудал” эрдэм шинжилгээний бага хурал болж байна
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын хамтарч “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал: Хүн амын оюуны дархлааны асуудал” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2022.02.17/ Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна.
Хуралд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор Ц.Тогоо, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Үндэсний аюулгүй байдлын тулгамдсан зарим асуудал, түүний дотор Монголын ард түмний эх орноо хамгаалах уламжлалт сэтгэлгээний ой санамжийн талаар манай орны нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаачдын санаа бодлыг сонсох, шүүн хэлэлцэх, санал дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэх, илтгэл тавьсан, үг хэлсэн хүмүүсийн санаа бодлыг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эргэлтэд оруулахад оршиж байгаа аж.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” нэртэй нэгэн чухал баримт бичиг анх батлагдсанаас хойш 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол төрийн Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого амжилттай хэрэгжиж, төрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, улсын хилийн халдашгүй дархан байдал улам бүр баталгаажиж, манай улсын олон улсын нэр хүнд тогтмол өссөөр байна. Монгол Улс гаднаас шууд заналхийлсэн аюул заналгүй, энх тайван орчин, олон улсын хүрээлэлд оршин тогтнож, хөгжин бэхжих боллоо.
Үүний зэрэгцээ үндэсний аюулгүй байдлын бодлогыг улс орны хэмжээнд нэгтгэн хэрэгжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих үр дүнтэй механизм бий болж, төр, нийгэм, хувь хүний аюулгүй байдал бүрэн дүүрэн хангагдлаа гэж хэлэх цаг бас хараахан болоогүй байна. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, дотоод нөхцөл байдалд эрс, огцом өөрчлөлтүүд гарах болж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх цоо шинэ хүчин зүйлс бий болсоор байна. Энэ бүхнийг харгалзан үзсэний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээс уг үзэл баримтлалын хэрэгжилтэд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгөх, тодотгон шинэчлэх шаардлага байгаа эсэхийг судлан тодорхойлох, тийм шаардлага байвал үндэслэлийг нь боловсруулахыг бидэнд даалгасан. Иймийн тул бидний өнөөдөр зохион байгуулж буй “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал: хүн амын оюуны дархлааны асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаас гарах санал, дүгнэлтүүд нь бидэнд ихээхэн ач холбогдолтой байх болно” хэмээн онцолж байв.
Хурлын үндсэн илтгэлийг Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, ардын багш Б.Даш-Ёндон “Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэдийн ухамсарлалын үүрэг” сэдвээр хэлэлцүүлсэн бол доктор, профессор Д.Бум-Очир, “Мэдлэгийн колоничлол ба оюун санааны дархлаа”, доктор Э.Энхмаа “Үндэсний эв нэгдэл, нийгмийн ёс суртахууныг төлөвшүүлэх нь”, Ж.Алтайбаатар “Монгол улс дахь шинэ шашнууд: үндэсний аюулгүй байдалд тулгарч буй шинэ сорилт”, профессор бригадын генерал О.Үржин “Монгол улсын аюулгүй байдлын орчны өөрчлөлт, шинэ сорилтууд“, профессор хошууч генерал Н.Жалбажав “Үндэсний эв нэгдлийг хангах, эе эвээ хичээх сэтгэлгээг төлөвшүүлэх арга зүйн үндэс”, доктор, профессор Б.Галиндэв “Үндэсний аюулгүй байдал, нийгмийн ёс суртахууны хамаарал”, доктор Ж.Цогтсугар “Нийгмийн оюуны дархлааг хамгаалахад нейросайнс судлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага” зэрэг хавсралт илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас дээрх сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт, семинар зохион байгуулахаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцүүлэг өрнүүлэх, телевизийн цуврал нэвтрүүлэг хийх, ард иргэдийн дунд санал асуулга явуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )