АН-ын өвөг фракц МоАХ-г “ТАРААХ” зөвлөгөөн

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Ардчилсан намд сарниж задраагүй үлдсэн ганц фракц гэж болох МоАХ үндэсний хэмжээний зөвлөгөөнийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулахаар болжээ. АН-аасаа ч хүчирхэг, эв нэгдэлтэй хэмээгдэж явсан фракцын зөвлөгөөнийг гэнэт яагаад зарлав гэдэг нь олны анхаарлын төвд байна. Тэр тусмаа бүлэглэлийн эзэн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгаа хилийн чанад дотоодын улс төрд чих тавин суух зуурт АН-ын зөвлөгөөн болж байгаа нь туйлын онцлог. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол энэхүү зөвлөгөөн дээрээс фракц хоёр хуваагдах нь тодорхой гэнэ. Учир нь энэ зөвлөгөөнийг С.Эрдэнэ, Д.Сосорбарам нарын нөхдийн хатгаасаар зохион байгуулж байгааг дуулгасан. Уг нь бол “Зааны эзгүйд барилдах муухай” гэдэг шиг сайн ч муу ч арав гаруй жил санхүүжүүлсэн Х.Баттулгын эзгүйд хийж байгаа нь тиймхэн ч өөр арга байгаагүй л болов уу. Гэхдээ тэр айдас хүйдсээ орхиод зөвлөгөөндөө ирэхийг хэн байг гэх юм.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт нийгэм, ганц намын систем дундаас өндийсөн МоАХ бол 1989 онд байгуулагдсан АН-ын өвөг фракц юм. Энэ фракцийг Х.Баттулга сүүлийн олон жил ганцаар эзэгнэж, өөрийнхөө улс төрийн зэвсэг болгон ашиглаж ирсэн түүхтэй. Тэр МоАХ-ны хүчээр УИХ-д гурван удаа сонгогдож, Хүнс, хөдөө аж ахуй, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар тус тус залран, эцэст нь Ерөнхийлөгч болсон хүн. Үүнээс гадна МоАХ-ны хүчээр авсан өндөр дээд суудлаар дамжуулан хувийнхаа бизнесийг хэрхэн өөд татаж явсан гэх мэтээр олон зүйл яригдана. Ерөөсөө Х.Баттулга гэх хүний улс төр бизнесийн түүх нь МоАХ шүү дээ. Тэр МоАХ байхгүй бол хэн ч биш.

Гэтэл тус холбооны зөвлөгөөн болох гэж байхад эзэн нь хилийн чанад яваа нь чухам ямар учиртай юм бол. Олны таамаглаж байгаагаар Х.Баттулга Хөгжлийн банк, төмөр замын гэх мэт олон хэрэгт татагдаж магадгүй учраас хуучин дурсамжаа сэргээн, Сингапур явсан гэх нь бий. Магадгүй л юм. Тэр нэгэнтээ 17 чингэлэг спиртын хэрэгт шалгагдаж байгаад Сингапур руу оргон зайлж, улмаар хэргээ замхаруулж байсныг мартаагүй байх. Харин энэ хойгуур нь МоАХ-ны партизанууд даргыгаа авч хаяна гэсэн таамаг ч байна. Хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаас харвал Х.Баттулга МоАХ-г сүүлийн арав гаруй жил улс төрийнхөө зэвсэг болгон ашиглаж, өөрөө төрийн өндөр дээд сэнтийд заларч ирсэн ч гишүүдийнхээ үзэл бодол, холбооны үнэт зүйлийг нэгэнт орхиж, зөвхөн хувийн эрх ашгийн төлөө бамбай болгон ашиглаж ирсэн гэх.

Мөн МоАХ нь Х.Баттулгын нэг компани шиг, МоАХ тойрсон нөхөд нь түүний ажилчин шиг явж ирсэн учраас Монголын улс төрд бүү хэл АН-д нөлөөлөх нөлөө ч эрс багасаж, ганц хүний эрх ашгийн төлөөх байгууллага болсон. Тиймээс Х.Баттулгыг МоАХ-ноос зайлуулна гэдгээ мэдэгдсэн төдийгүй шаардлагатай гэж үзвэл үндэсний зөвлөгөөн дээрээс Их хурлаа зарлан хуралдуулах тов гаргахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар МоАХ дотор үүссэн нөхцөл байдал нэлээд хурцадмал, ихэнх гишүүд нь эзнийхээ эсрэг харчихсан байгаа бололтой. Мэдээж хэрэг сүүлийн арав гаруй жил түүний тэжээсэн нөхөд МоАХ дотор цөөнгүй бий гэхээр С.Эрдэнийн, Х.Баттулгын гэх хоёр хуваагдал гарах нь тодорхой болжээ.

Тэдний ярьж байгаагаар бол МоАХ нь 33 жилийн дараа эргэж нэгдэн уулзаад асуудал байвал ярилцъя, гурван үеийн үүсгэн байгуулагчид, залгамж халаа болох хүмүүс цуглаад “цаашдаа Монгол Улс яах юм, МоАХ ер нь байх юм уу” гэдгийг зөвлөнө. Өнгөрсөн хугацаанд сонгуулийг луйвардсан хар машинаас эхлүүлээд "60 тэрбум", Хөгжлийн банк зэрэг тэр дундаа МоАХ-ны газар нь барьцаанд байгаа ч асуудал үүссэн. Бүхэл бүтэн нийгмийн хувьсгал хийж тогтолцоог өөрчилж чадсан баатар, партизанууд яагаад чимээгүй суугаад харах ёстой юм. Өнөөдрийн үүсээд буй асуудалд хэний зөв, хэний буруу юм гэдгийг ярилцана хэмээн тунхаглаж байна. Үгүй юм аа, энэ бүхний цаана өнөөдөр намаа хуваачихсан С.Эрдэнэ байгаа аж. МоАХ нь улс төрд 33 жил оршиж, гурав, дөрвөн үеийн улстөрчдийг дамжуулан бэлтгэж гаргачихаад гэнэт өнөөдөр цоорч гэгээрнэ гэж юу байхав. Тусгай ажиллагаа гэж харахаас өөр аргагүй.

Тэд хэчнээн ийн тунхаглаж байгаа ч энэ бол зөвлөгөөний гол асуудал биш нь ойлгомжтой. Намаа самарчихаад эргэж нэгтгэх аргагүй болчихсон С.Эрдэнэ нарын МоАХ-ны хүчийг өөртөө авчрах гэсэн санаархал бололтой. Үүнд фокуслаж байгаа зүйл гэвэл Х.Баттулга Ардчилсан холбооны байрыг Хөгжлийн банкны барьцаанд тавиад газар авсан өөр зориулалтаар ашигласан. Тэр МоАХ-ны гишүүдэд зориулсан орон сууцны хороолол босгоно гэсэн ч арилжааны чиглэлийн хороолол босгосон гэх мэт дотоод асуудлыг “Женко” дээр төвлөрүүлж байгаад түүнийг унагаах төлөвлөгөө боловсруулсан бололтой. Нөгөө талаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа МоАХ, АН-д ямар нэгэн эерэг нөлөөлөл үзүүлээгүй, МАН-тай нэгдэн, намаа хагалан бутаргах ажиллагааг өрнүүлсэн гэх ялыг ч түүнд үүрүүлж буй бололтой. Үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Эрдэнэ нарыг дэмжиж байгаа гэхээр чамгүй хүчирхэг болж магад. Өнөөдөр болж өрнөж байгаа үйл явцаас харахад С.Эрдэнийн тал ихээхэн хүчирхэг, Х.Баттулгын тал сул байна уу гэх мэдээллийг өгч байна. Юу л бол. 

С.Эрдэнэд МоАХ-ны партизануудаас үнэлгээ авсан зүйл ч бий. Тэрбээр 2017 онд Монгол Улсад олон намын тогтолцооны үндэс суурийг тавьж, хүний эрхийг дээдлэх, ардчилсан сонгууль явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монголд ардчилсан хувьсгал хийсэн анхны зүтгэлтнүүдийн гавьяаг төр үнэлж, тэднийг дурсаж, төрөөс бодлогоор дэмжиж, зохих хэмжээний тусламж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан. Даанч олонхийн бүлэг дэмжээгүй. С.Эрдэнээс өөр хүн байсан бол 2012-2016 онд АН-ыг төрийн эрх барьж, өөрөө Засгийн газарт заларч байхдаа санаж сэрэх ёстой байсан л даа. Даанч “Мунхагийн санаа хойно оо” гэдэг л болсон. Гэхдээ одон тэмдгийг нь баталж өгсөн санагдаж байна. С.Эрдэнэд ч намаа хагалан бутаргасан гэх ялыг үүрүүлж таарна.

Х.Баттулга, С.Эрдэнэ гэх хоёр улстөрч аль аль нь хувийнхаа эрх ашгийн төлөө нэг фракц бүү хэл бүхэл бүтэн нам золиослосон хүмүүс. Нийгмийн даатгалыг тонож, бэл хөрөнгөө зузаалсан түүнд өрсөлдөгчөөсөө мөнгөөр дутахын зовлон байхгүй байх. Түүний талд олны танил, туршлагатай улстөрчид байгаа бол Х.Баттулгын талд 30 жил өөрсдийгөө партизан хэмээн цээжээ дэлдэж, эзнийхээ мөнхийн ивээлд багтсан гэж ойлгосон хэдхэн нөхөд л байгаа. Тэд бол яахаас ч буцахгүй.

Х.Баттулгад ч МоАХ-ын партизануудаас үнэлгээ авах зүйл нь С.Эрдэнээс хэд дахин илүү бий. Ядахад л Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа МоАХ-г Улсын баатар цолоор шагнаж, тойрон хүрээлэгчдээ хэд хоног хөлөө олохгүй явахад хүргэсэн гээд дурдах зүйл олонтой. Мөн МоАХ-ны дотоод бүтэц, сүлжээнд ажиллаж байгаа нөхдийн цалин цавгаас эхлээд бүгдийг нь тэр зохицуулж ирнээс гадна олон ч хүнд байр орон сууцны түлхүүр атгуулсан. Гэхдээ анх 90 мянган гишүүнтэй байгуулагдаж байсан фракцийн бүх гишүүдэд адил тэгш хүртээмжтэй ажиллана гэж байхгүй. Боломжгүй зүйл. Тиймээс энд адил тэнцүү тулаан гарч, хэн ч ялсан МоАХ хоёр хуваагдах бололтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
партизан(103.57.92.24) 2022 оны 02 сарын 19

зөв.дэмжиж байна

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 02 сарын 18

zailtsgaa

0  |  0
Top