Статистик тооцооны арга зүйн талаар хэлэлцлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2022.02.18/  “Статистик тооцооны арга, арга зүй” нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл, их дээд сургуулийн багш судлаачид, эдийн засагч, шинжээчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр “Өрхийн сарын дундаж орлого тооцох арга зүй”,  “ДНБ-ий тооцооны арга зүй”, “Инфляц тооцох арга зүй”, “Ядуурлын түвшний 2020 оны тооцоонд SWIFT PLUS аргачлал ашигласан нь” зэрэг илтгэлүүд тавигдлаа.

Инфляц тооцох арга зүйн тухайд,  Үндэсний Статистикийн Хороо 1991 оноос Олон Улсын Валютын Сангийн аргачлалаар хэрэглээний үнийн индексийг тооцож эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд суурь, сагс, жингийн шинэчлэлийг  таван удаа хийжээ.

Хэрэглээний үнийн индексийг суурь, сагс,  жинг тооцох  мэдээллийн эх үүсвэрээс шалтгаалан улс орнуудад  2-5 жилийн давтамжтай  шинэчилдэг.

Өрхийн сарын дундаж орлого тооцох арга зүйн тухайд, Үндэсний Статистикийн Хороо 1966 оноос эхлэн өрхийн орлого, зарлагын судалгааг явуулж ирсэн бөгөөд Өрхийн орлого, зарлагын судалгаа, Амьжиргааны түвшний түүвэр судалгааг нэгтгэн 2007 оны долоодугаар сарын 1-ээс “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г явуулж байна.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа нь өрхөд суурилсан нийгэм, эдийн засгийн мэдээллийг түшиглэн Монгол Улсын хүн амын амьжиргааны байдал, ядуурал, өрхийн орлого, зарлага, хэрэглээ болон бусад үзүүлэлтийг тодорхойлох үндсэн зорилготой.

Тухайлбал, Цалин хөлсний орлогыг тооцохдоо, Сүүлийн 12 сард эрхэлсэн үндсэн болон давхар ажлын сүүлийн нэг сарын цалингийн дундаж.  Хэрэв сүүлийн нэг сарын цалингийн орлого байхгүй бол сүүлийн 12 сарын цалингийн орлогыг 12-т хувааж, дундаж цалин хөлсний хэмжээг авдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top