Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 90 дүгээр бүлэг

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 19

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

УТАЙ УУЛНАА СҮН ЖЯН ГЭГЭЭН БАГШИД МӨРГӨСӨН ШУАН ЛИНЬ БАЛГАСНАА ЯНЬ ЧИН ХУУЧИН НӨХӨРТ УЧИРСАН

Өгүүлэх нь Утай хийдийн Хи Жэнь Жанлао болбоос Сүн улсын үеийн нэрт гэгээн болох тул өнгөрсөн ба ирээдүйн хэргийг цөм айлдаж мэдэх бөлгөө. Хэдэн жилийн өмнө Жанлао бээр Лү Жишэнь-ийг ариун ерөөлт хэмээн мэдсэн боловч урьдын тавилан хараахан дуусаагүй, нүгэл хураасан өгзөг юүгээ түлтүгэй хэмээн түүнийг улаан тоосноо төрөл авуулсан болой. Угаас мөр ариун сүсэг бишрэлтэй тул энэ өдөр ийн санаа үүсэж өөрийн багшдаа мөргөл хийж бэлэг барьц өргөхөөр шууджээ. Сүн Гүн Мин бас угаас ариун сэтгэлт хүмүүн тул Лү Жишэнь лүгээ хамт одож Хи Жэнь Жанлао-д наманчлан мөргөхөөр болсон ажгуу.

Мөн өдөр Сүн Жян тэргүүлэн олон жанжин дагах ардыг авч Лү Жишэнь лүгээ Утай шань уулын энгэрт ирж цацар хүрээ байгуулан цэрэг морь буусан хойно хүмүүн илгээн ууланд мэдүүлэв. Сүн Жян тэргүүлэн олон ах дүү нар хуяг дуулга юугаа тайлж сул хувцсыг сольж өмсөөд явганаар уулан өөд явж хийдийн үүднээс хүрсэнд хийдийн дотор зөн хэнгэрэг дуурьсаж, олон тойд угтан гарч Сүн Жян, Лү Жишэнь зэргийн олон хүмүүн лүгээ ёслон золгохуйяа олны дотор Лү Жишэнь-ийг таних хүмүүн олон тул дээл малгайг тэгш зассан ийм олон ноёд түшмэд лүгээ Сүн Жян-г таалцаж ирснийг үзээд үл гайхсан нь нэг ч үгүй. Төдийд цогчин тойн Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Багш Жанлао Тянь-д сууж наманчлах тул түр угтаж чадахгүй болов. Эрхин жанжин эс буруушаах болов уу! хэмээгээд Сүн Жян нарыг гийчний гэрт залж манз барьсан хойно гэвюг тойн хүрч ирээд багш Жанлао наманчилж бараад номын гэртээ заларч, эрхин жанжныг урьж баймуй хэмээсэнд Сүн Жян зэргийн зуу илүү хүмүүн номын гэрт ирвээс хөгшин Жанлао яаран индрээс бууж номын харшнаа залан оруулж харилцан наманчлан ёсолсон хойно Сүн Жян нүд орхин хуушааныг үзвээс нас сүүдэр жарыг хэтэрч үс хөмсөг нэгмөсөн цайж бурханы ёс винайн мөрийг олсон гэгээн багшийн төлөвтэй ажгуу. Олон хүмүүн харшид орсон хойно Сүн Жян бээр Хи Жэнь Жанлао-г дээш суулгаж олон хүмүүн лүгээ хүж асаан мөргөсөн хойно Лү Жишэнь хүж барин урагш давшиж хөсөр сөгдөн мөргөхүйеэ Жанлао өгүүлрүүн: - Шавь чи салж эчээд хэдэн жил болов. хүмүүн алж гал тавьсан нь хялбар бус хэмээсэнд Лү Жишэнь огт хэмээн дуу гарсангүй. Сүн Жян урагш давшиж: - Хувилгаан багшийн ариун эрдмийг сонсож удсан боловч хувь ерөөл угаас нимгэн тул гэгээн нүүрт наманчлан золгох завшаан таарсангүй. Эдүгээ эзний зарлигаар Ляо улсыг дайлахаар энд ирээд хийдийн засаг гэгээн тойнд олж мөргөсөн нь үнэхээр нэгэн насны түмэн завшаан болой. Миний дүү Лү Жишэнь хэдий хүмүүн алан гал тавих боловч шударга журмыг сахиж номхон иргэнийг хөнөөхгүй. Эдүгээ хувилгаан багшид мөргөхөөр Сүн Жян тэргүүлэн олон ах дүү нарыг удирдан ирэв хэмээхэд Жанлао өгүүлрүүн: - Эрдэмт хувраг үүр бууж ертөнцийн үйлийг шүүмжлэх бөлгөө. Эрхин жанжныг тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулж шударга журмраар эш болгомуй хэмээн сонсож удав. Миний шавь эрхин жанжныг олж үйлдсэн тул ташааран цалгайрах ёс баймуй уу? хэмээсэнд Сүн Жян тал өгч мөргөв.

Түүнээс Лү Жишэнь нэгэн боодол алт мөнгө магнаг торго гаргаж багшдаа барьсанд Жанлао өгүүлрүүн: - Миний шавь энэ эдийг хаанаас олов? Журам бус эд ашгийг хэрхэвч хүлээн авахгүй хэмээвээс Лү Жишэнь айлтгаруун: - Өчүүхэн шавь Лү Жишэнь би удаа дараа гавъяа байгуулан хишиг хүртэж бага сага эдийг цуглуулав. Шавь надад газаргүй тул тухайлан эрдэмт багшид өргөж жасын нэмүүр болгосугай хэмээмү хэмээхүйеэ Жанлао өгүүлрүүн: - Олон бас хүлээхүйеэ бэрх. Чамд нэгэн зэрэг судар тоолж, хураасан нүглийг чинь арилгаж, сайн мөрийг зааж өгсүгэй хэмээхүйеэ Лү Жишэнь тал өгөн мөргөсөн хойно, Сүн Жян бас алт мөнгө магнаг торго мэтийн барьцын эдийг гаргаж Жанлао-д барьсанд маргаж авахгүйд, Сүн Жян айлтгаруун: -Миний багш тогтоохгүй бөгөөс сүмийн жасад тушаан манз цав базаалгаж их хийдийн тойн хувраг нарт цав бариулбаас ямар хэмээгээд мөн өдөр Утай хийдэд бие амран хоноглосноо Жанлао цагаан цав бэлтгэж дайлсныг өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь, дэд маргаадрын өдөр сангийн тойн өглөөний манз барьсан хойно Утай хийдийн хурлын дуганд хэнгэрэг дэлдэн зөн цохиж тойн хуврагийг хуруулж Жанлао ширээнээ залран ном тавихаар болов. Удсангүй бүх хийдийн тойн хувраг нар орхимж нөмрөн хурлын дуганд ирж суулцахуйяа Сүн Жян, Лү Жишэнь тэргүүлэн олон жанжин нар хоёр гарлан зогссон хойно хас дуурга хангинан дуугарч шаа бүрхүүлт хоёр дэнлүү зам удирдан хувилгаан Жанлао-г номын ширээнээ залж суулгав. Хувилгаан Жанлао номын ширээнээ заларсан хойно урьд хүж асаан наманчлан залбираад: - Энэ нэгэн хүжнээ богд эзэн тэнгэр лүгээ сацуу өлзий хутаг олж түмэн иргэнийг энх амгалангаар аж төрөх болготугай. Бас нэгэн хүжийг өргөж даатгах нь энэ өдрийн өглөгийн эзэн бие сэтгэл амар явж нас өлзий уртдах болтугай. Бас нэгэн хүжийг барьж залбирах нь улс төвшин иргэн тайван, он бүр хураалт элбэг, гурван сургаал мандан дэлгэрч, дөрвөн зүг энхжин төвшрөх болтугай хэмээн хүж өргөн наманчилж бараад номын ширээнээ завилан сууснаа хоёр жигүүрийн тойн хувраг алга хамтатган наманчлан мөргөөд орондоо зогсов. Сүн Жян урагш давшиж хүж барин мөргөсөн хойно алга хамтатган номын ширээний өмнө эчиж сөгдөөд: - Мунхаг хүмүүн аюулгүйгээр хувилгаан багшаас нэгэн аврал ирсүгэй: Хорвоо ертөнцийн цаг хэмээгч тоо хэмжээтэй, гаслангийн далай хязгааргүй, хүний насан хутаг хэмжээтэй, үхэх төрөхийн далай хэмээгч хамгийн их хэрэг болой хэмээсэнд хувилгаан Жанлао нэгэн анги сунтаг бичиг уншруун:

"Зургаан язгуурт удаан хүлэгдэж, дөрвөн эшид үүр боогдохуйяа, чулуун галын гэрэл дунд хэдэнтээ тонгорцоглох нь асар гуниалтай. Эвүү!Тоос орчлонгийн хамаг амьтан зургаан зүйл, хумхи тоосноо ашид дарагдаж гашуунаар энэлмүй."

Хувилгаан Жанлао сунтаг бичгийг уншиж дууссан хойно Сүн Жян тэргүүн даран мөргөж нэгэн этгээдэд зогсохуйяа олон жанжин урагш давшин хүж асаан мөргөж ийн даатгаруун: - Бидний зэргийн ах дүү нар үхэх амьдрахыг үүр хамтатгаж үе улиран нэгнээ хурахыг хүсмүй! хэмээгээд хүж өргөсөн хойно олон тойн дуганаас гарч цав зооглохоор сан дээр урив.

Түүнээс олон хүмүүн цав идсэн хойно, Сүн Жян Лү Жишэнь хоёул Жанлао-г дагаж суух ордонд ирээд орой болтол зоог хэлэлцэх зуур Сүн Жян бээр Жанлао-ын зүг гуйн өгүүлрүүн: - Шавь би Лү Жишэнь лүгээ хувилгаан багшид бараа болж хэдэн өдөр сууж мунхаг билгээ гэгээрүүлбээс зохих болой. Хэдий тийн хэмээвч их цэргийг дайчлах тул удаан хоргодож болохгүй. Хувилгаан багшийн сургасан үгийг үнэнд төсөөлөхгүй. Эдүгээ салах ёсыг хийж Жин балгаснаа эгэх тул манай зэргийн ах дүү олны хожмын зам ямар болохыг хувилгаан багш толилон сургаваас түмэн завшаан болой хэмээхэд, Жанлао бийр цаас ацруулж дөрвөн шад сунтаг бичиг бичиж өгөв.

Дууч хэрээ салхийг халхлахуйяа

Дорно ордон нийц эвдэрмүй.

Чухам гавъяа бүтсэн цагт,

Чу-ын газар хутаг төгсмүй.

Жанлао бичиж бараад Сүн Жян-д өгөх зуур: - Энэ хэмээгч эрхин жанжны нэгэн биеийн чухал үйл болох тул сайн хадгалж явагтун. Хожмын өдөр эрхгүй ёр илэрмүй хэмээсэнд, Сүн Жян тосож аваад нэгэн зэрэг үзсэн боловч түүний учрыг ухсангүй тул Жанлао-ын зүг өгүүлрүүн: - Өчүүхэн шавь олдой мунхаг тул номын үгийн санааг ухахгүй. Олдохул хувилгаан багш ялган тайлж сэтгэлийн эргэлзээг таслан өгмү хэмээвээс Жанлао өгүүлрүүн: - Энэ хэмээгч даяанч нарын битүү үг болох тул ганц өөрөө бясалгахаас бус ил хэлж болохгүй хэмээгээд Лү Жишэнь-ийг ширээний өмнө дуудаж: - Эдүгээ шавь чи эчсэн хойно үүр өөрийн үйлээс хагацаж үнэн мөрийг олох буй за! Миний хэлэх дөрвөн шад сунтаг бичгийг тогтоож авбаас насан турш хэрэглэж хүрмүй хэмээгээд ийн уншруун:

Ся-д учирваас хүлж,

Ла-д тохиолдвоос баримуй.

Мөрний долгион ирсэн цагт

Үүл далдалж таалал төгсмүй.

Лү Жишэнь хөсөр сөгдөн сунтаг бичгийг хүлээн аваад хэдэн зэрэг уншиж үзээд хичээнгүйлэн эвхэж өвөртөө ахуулсан хойно багшдаа тал өгч мөргөн, бас нэгэн хоног амраад жич өдөр Сүн Жян, Ү Юн зэргийн олон хүмүүн лүгээ багш Жанлао-д салах ёсыг хийж хийдээс гарахуйяа Жанлао тэргүүлэн олон тойн хаалга гартал үдээд хойш эгснийг түр өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь Сүн Жян зэргийн олон хүмүүн Утай шань уулгаас бууж цэрэг морио авч нисэх мэт хойш эгэв. Олон жанжин цэргийн хүрээнээ ирэхүйеэ Лү Жюнь И, Гүн Сүньшэн нар угтан авч ёслон золгосон хойно Сүн Жян Утай хийдэд хүж өргөн мөргөж ам алдсан учрыг Лү Жюнь И нарт тоочин хэлж Жанлао-ын өгсөн сунтаг үгсийг гаргаж Лү Жюнь И, Гүн Сүньшэн -д үзүүлбээс түүний санааг мөн ухахгүй, Сяо Ран өгүүлрүүн: - Даяанч нарын номын үгийг үтэл хүмүүн хэрхэн ухмуй? хэмээсэнд олон хүмүүн гайхаж зогсохгүй.

Түүнээс Сүн Жян цэрэг эгэх цааз зарласнаа олон жанжин зарлигийг хүлээн цэрэг шаардан Жин хотын зүг мордоод замын гудас хуяг цэрэг үсэн төдий юмыг хөдөлгөхгүй тул зуун овогт иргэн хөгшдөө түшин хүүхдээ дагуулж тэнгэрийн цэргийг зам хавчин угтаж, Сүн Жян нарыг үзвээс баатар чадал зэргээс хэтэрсэн тул хүмүүн бүр хуруу гарган шагшиж дуу алдан магталцмуй. СүнЖян нар замын гудас хэдэн өдөр явсан хойно Шуан Линь Жэнь хэмээх нэгэн балгаснаа хүрч ирвээс балгасны иргэн жич ойр орчмын тариачин эрс цөм шахалдан ирж үзмүй. Сүн Жян зэргийн олон ах дүү нар хараацай мэт мөрлөж хос хосоор зуузай холбон явж атал өмнө багийн нэгэн жанжин унасан мориноос үсрэн бууж замын зүүн дэх хүний сүрэгт чихэлдэн орж нэгэн хүний гараас шүүрэн авч: - Ах та юуны учир энд баймуй? хэмээгээд харилцан ёслон золгож үг хэлэлцэж атал Сүн Жян алгуураар ойртон ирж үзвээс харин ганган эр Янь Чин нэгэн хүмүүн лүгээ хэлэлцэж байсан аж. Янь Чин нударга сажуулан мэхийж: - Сюй ах минь, энэ хүмүүн болбоос хошууч Сүн Жян болой хэмээсэнд Сүн Жян морин жолоог татаж тэр хүмүүнийг шинжвээс:

Хос цэцгий асар гэрэлтэй, хөмсөг нүд адбиш ариун. Биеийн өндөр долоон тохой, хар сахал гурван мушгиа, хар сиймхий алчуурыг тэргүүнд ороож, бараан хөвөөт бомбын хувцсыг биедээ хэдэрч, өнгө таарсан ёнхор бүсийг бэлхүүсэндээ даруулж, дөрвөлжин хоншоорт хар гутлыг хөлдөө өшиглөжээ. Илэрхийеэ улаан тоосны эгэл тэргүүтэн бус, эгнэгт уулан ойд нуугдсан эрдэмтэн болой.

Түүнээс Сүн Жян бээр тэр хүний байдал шинж этгээд сонин, зан ааль дөв дөлгөөн болохыг үзээд яаран мориноос бууж бие мэхийн ёсолж өгүүлрүүн: - Эрдэмт багшийн их алдрыг сонсохыг хүсмүй хэмээвээс тэр хүмүүн Сүн Жян- ын зүг ёсолж: - Эрхиний алдрыг сонсож удав. Завшаанаар энэ өдөр олж уулзав хэмээхэд Сүн Жян яаран тал өгч түшин босгосон хойно: - Өчүүхэн хүмүүн Сүн Жян би эрхиний ёслохыг хэрхэн хүлээж болмуй хэмээвээс тэр хүмүүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн овог Сюй нэр Гуань Жүн, уг нутагтаа Мин Фү. Эдүгээ хөдөөгийн тосгонд суумуй. Урагш өдөр Янь жанжин лугаа нөхөрлөж салснаас хойш санасангүй арваад илүү он болтол ер олж уулзсангүй. Хожим мөрөн тэнгисээр хэсэж явах зуур Сяо И ахыг жанжны гар доор баймуй хэмээн сонсоод цаглашгүй баясаж бахрав. Эдүгээ жанжны Ляо улсыг тогтоож дийлсэн дуу дуулалдан эгэхийг сонсоод өчүүхэн хүмүүн тухайлан бараадахаар ирээд олон баатар идтэн лүгээ олж уулзсан нь үнэхээр нэгэн насны завшаан болох тул Янь ахыг богино саравчнаа залан сэтгэлийн үгийг уужиртал хэлэлцсүгэй хэмээн санахыг эрхин жанжин зөвшөөн таалж илгээмү хэмээхүйеэ Янь Чин бас ийн гуйруун: - Дүү би Сюй ахаас салж удав. Эдүгээ санамсаргүй энэ газарт уулзав. Завшаанд Сюй ах гэртээ урих тул бага дүү нэгэн удаа эргэхээр эчсүгэй. Ах та олон жанжныг авч урьдаар эчигтүн. Дүү би хойноос чинь нэхэж хүрсүгэй хэмээхүйеэ Сүн Жян сэхэсхийж өгүүлрүүн: - Дүү Янь Чин үүр авгай чамайг баатар зоригтой хэмээн өгүүлдэг боловч Сүн Жян миний хувь нимгэн тул уулзах завшаан таарахгүй. Энэ өдөр нүүр хайрласан тул авгайг урьж сургаалыг сонсохыг хүсмүй хэмээвээс Сюй Гуань Жүн маргаж өгүүлрүүн: - Эрхин жанжин ууч шударга тул Гуань Жүн би хэдийн бараа болж дагасугай хэмээн санасан боловч настай эхийн нас сүүдэр дал гарсан учир аймшиггүй хол салж чадахгүй хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Ийн бөгөөс авгайг үлдээхээр хүчлэхгүй хэмээгээд бас Янь Чин-ийн зүг өгүүлрүүн: - Дүү чи эчсэн хойно эртхэн харигтун. Бус болбоос чиний хойноос сэтгэл өлгөгдөн эрэмзэх буй за. Тэр ч байтугай эзэн хотноо хүрсэн хойно эрт орой нэгэн өдөр эзэн хаанд бараалхмуй хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Өчүүхэн дүү би хэрхэвч ахын цаазаас зөрчихгүй хэмээгээд Лү Жюнь И-д бас мэдүүлж аяарлан салсан хойно Сүн Жян мориндоо мордов. Төдийд олон жанжин хэдийн нэгэн сумын үзүүр гараад, Сүн Жян-ын Гуань Жүн лүгээ зоог хэлэлцэхийг үзээд жолоо татан хүлээн зогсохуйяа Сүн Жян морь ташуурдан хүрч ирээд олон хүмүүн лүгээ хамт явав.

Үлгэрийн учрыг өлгөж хэлбээс Янь Чин өөрийн унах сайн морийг Сюй Гуань Жүн-д унуулж өөрөө өөр нэгэн морь эмээллэн унаад юм хүмээ ганзагалж нэгэн шадар хуягийг дагуулж мордоод нэгэн дарсан пүүснээ хүрсэн хойно өмссөн хуягаа тайлж сул хувцас халан өмсөөд тус тусын мориндоо мордож, шадар хуягаар боодол үүрэг юүгээ үүрүүлж Шуан Линь Жэнь балгасаас гараад баруун хойш эчих нарийн замыг барьж хэд хэдэн айл тосох жич хөтөл давааг өнгөрвөөс уулан завын мурий зөрөгт орсон тул хоёул урьдын найр, зорьсон үйл зэргийг дэлгэн хэлэлцсээр уулан зөргөөс гарч нэгэн горхины өмнө ирэв. Санаваас гучин хэдэн газрын үзүүр гарсан хойно Сюй Гуань Жүн хуруугаар зааж өгүүлрүүн : - Өмнө харагдах тэр өндөр ууланд өчүүхэн хүний богино саравч байх буй за хэмээгээд дахин бас арваад газар яваад тэр ууланд хүрвээс эгц хад үедэн сэхийж тунгалаг горхи хоржигноно урсмуй. Янь Чин нүд орхин уулан үзэмжийг шинжиж атал удсангүй наран гудайж орой болов. Үзвээс:

Унах нарнаа утаа тунарч оюу униар бүрхээд,

Улаан туяа уснаа тусаж бадмаараг гэрэл цацармуй.

Үзвээс энэхүү уулыг болбоос Да Пи Шань уул хэмээх бөгөөд эрт галавын Юй хаан голыг засаж энд гөрөөлсөн аж. Засагт номд: - Гол засаж Да Пи-д хүргэжээ" хэмээсэн нь даруй үүний гэрч болох буй за. Эдүгээ Да Мин фү-ийн жюнь сянь-ий зурагт захирагдмуй. Төдийд Сюй Гуань Жүн өмнө орж Янь Чин-г удирдан хэд хэдэн уулан хошууг өнгөрч нэгэн хонхор газар хүрсэнд эргэн тойрон гурав дөрвөн газар тэв тэгш бөгөөд нэгэн хэсэг шугуй дотор хэд хэдэн өвсөн гэр харагдах бөгөөд нуурыг түшүүлэн өмнөш хандуулж барьсан хэдэн зан улалжин гэр байсан аж. Хулсан шивээгээр хашаа барьж өвсөн үүдийг хагас дарж, хулс майлс хөхрөн ургаж нарс цөөрс ногоорон униартаж нягт ой замыг бүрхжээ. Сюй Гуан Жүн хуруугаар зааж энэ даруй миний суух богино саравч болой хэмээхэд Янь Чин нүд өргөн шивээн хашааг шинжвээс бөс дээл өмссөн шар үстэй нэгэн хөвүүн хөсрөөс нарс майлсны хатанги мөрчийг түүж аваад гэрийн саравчны доор хураах зуур хүлэг морины төвөргөөнийг сонсоод хэдийн зогсож гадагш саравчлан үзсэн хойно: - Хаанаас ирсэн морьтон болов! хэмээн дуу алдан гайхаж нүд тавин ажиглаваас хойнох морьтон нь түүний эзэн байсан тул мэндэн сандан гүйн гараад хоёр гараа зөрүүлэн тавьж нүд бүлтийлгэн мэлрэн зогсов. Үзвээс Шуан Линь Жэнь балгаснаас мордох үед Сюй Гуан Жүн морины хонхыг авуулсан тул ойр ирсэн хойно сая олж мэдсэн аж. Төдийд хоёул мориноос бууж шивээн хашаанд ороод шадар хуягаар морио уяулаад улалжин гэрт алхан орж гэрийн эзэн зочны ёсоор суулцаж цай уулцсан хойно Сюй Гуань Жүн бээр шадар цэрэгт захиж морины эмээлийг авуулж хойд хашаанаа хөтлөн оруулж, зарц хөвүүнийг дуудан морийг тэжээлгэж, цэргийн ардыг хажуугийн гэрт илгээж амруулав. Янь Чин бас дотогш орж Сюй Гуань Жүн- ийн настай эхэд мөргөн золгосон хойно Сюй Гуань Жүн түүнийг дагуулан зүүн этгээдийн баруунш харсан улалжин гэрт ирээд хойд цонхыг нээвээс гэгээвчийн гадна туналзан мяралзсан нэгэн их горхи байх тул хоёул цонхыг түшин суулцав.

Түүнээс Сюй Гуань Жүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүний богино саравчийг эрхин ах цухал хэмээн битгий доогло! хэмээвээс Янь Чин өгүүлрүүн: - Уул гэгээн ус тунгалаг тул өчүүхэн хүмүүн бахархаж баршгүй. Үнэхээр олдохуйяа бэрх болой хэмээсэнд Сюй Гуань Жүн бас Ляо улсыг дайлсан учрыг гаргаж асуув. Дэмий удсангүй зарц хөвүүн зул асаан орж ирээд үүд цонхыг дарж ширээ ацран тавьж тав зургаан зүйлийн зууш нэгэн пял тахиа, нэг пял загас жич хэдэн янзын уулан жимс гарган өрөөд нэгэн хувин дарс халуулсанд Сюй Гуань Жүн хундаганд архи хэмнэж Янь Чин-д бариад: - Эрхин ахыг тухайлан урьж хөдөөгийн дарс харс ногоо барих нь хүндэд зочныг хүндлэх ёс бус хэмээвээс Янь Чин тал өгч өгүүлрүүн: - Ийн зовоох нь үнэнд зохихгүй хэмээн хэдэн хундага уутал гэгээвчийн гадна саран гийж өдөр мэт тунгалаг болохуйяа, Янь Чин цонхыг нээж үзвээс үүл сийрэн салхи намжаад, саран гийвэн горхи тунгалаг, уулан сүүдэр уснаа тусаж улалжин гэрийг гэрэлтүүлэх тул Янь Чин: - Урагш өдөр Да Мин фү-д байсан цагт эрхин ах лугаа элэг зүрх мэт дасалцсан болой. Сүүлээр нэгэн ах зэвсгийн эрдэм шалгахаар явснаас хойш дахин олж учирсангүй. Харин энэ мэт сэлүүн сайхан газрыг олж суумуй хэмээн санасангүй! Болхи дүүгийн мэт зүүнш дайлж баруунш байлдваас хэзээ олж сэтгэл амармуй? хэмээхүйеэ Сюй Гуань Жүн инээн өгүүлрүүн: - Сүн Гүн Мин тэргүүлэн олон жанжин хэмээгч хорвоод хосгүй баатар бөгөөд тэнгэрийн одноо ёр тохиолдсон ажгуу. Тэр ч байтугай эдүгээ бас гадаад аймгийг хүчирхэг дайсныг сүрээр дарж чадав. Гуань Жүн миний бие аглаг уулнаа бие хоргодох тул эрхин ах таны зэргийн хүмүүнд хэрхэн хүрэх аж. Өчүүхэн хүмүүнд бас цагийн өнгийг эс дагах этгээд зан аж, зальхай нам эрхийг барьж эзэн төрийг бачлан мэхлэхийг үзээд бие дэвших санааг гээж мөрөн тэнгисээр хэсэн тойрч хэд хэдэн нэрт газар эчиж мөн бас сэтгэл хоргодон бөлгөө хэмээгээд тачигнатал инээж ширээ юүгээ хураахуйяа Янь Чин хорин лан мөнгө гаргаж Гуань Жүн-д бариад "Өчүүхэн бэлгийг бага хэмээн голохгүйгээр тогтоому хэмээвээс Гуань Жүн марган түлхэж авахгүйд Янь Чин бас ийн ятгаруун: - Эрхин ахын мэт ийм эрдэмтэй хүмүүн өчүүхэн дүүгийн хамт Жин хотноо орж нэгэн аж төрөх зам эрвээс хэрхэн хэмээвээс Сюй Гуань Жүн шүүрс алдан өгүүлрүүн: - Эдүгээ зальхай түшмэл засгийг эзэлж эрдэмтэн лүгээ атаархан чадалтныг гадуурчлах тул чөтгөр шимнус мэт өчүүхэн ард зэрэг олж ноён суув. Голч шударга журамт хүмүүн цөм дээснээ хүлэгдэж зовлонд унав. Өчүүхэн дүүгийн сэтгэл хэдийн хөрөв. Эрхин ах гавъяа бүтэж нэр олсон хойно бас ухрах замыг эрвээс зохимуй. Эртний үгст “Бүргэд шувуу дуусваас нум сумыг хураамуй” хэмээсэн бус уу хэмээсэнд Янь Чин тэргүүнийг дохиж шүүрс алдав. Хоёул шөнө дунд өнгөртөл хэлэлцсэн хойно ор засан бие амрав.

Жич өглөө босож нүүр гараа угаасан хойно хоёул цай хоол идээд өндөр уулнаа зугаацахаар эчив. Янь Чин өндөрт авиран алсыг бараалбаас эргэн тойрон уул хад дэгтэр дэгтрээр үедээд жигүүртэн шувуудын донгодох дуунаас бус хүмүүн амьтны бараа сураг огт харагдахгүй. Уулнаа суух айл өрхийг хуруу даран тоолбоос хориод өрхөөс давахгүй тул Янь Чин: - Энэ газар үнэхээр энх төвшин эрт цагийн туурын хүрээлэнгээс давах буй за хэмээгээд уулан үзэмжийг нэгэн зэрэг тойрон үзсэн хойно мөн өдөр бас Гуань Жүн-ийн гэрт хонов.

Жич өдөр Янь Чин бээр Сюй Гуань Жүн-д салах ёсыг хийж: - Сүн Сянь фэн сэтгэл хуваагдан зовних болуузай. Эдүгээ хойш эгсүгэй хэмээсэнд Сюй Гуань Жүн үүд гартал үдээд: - Эрхин ах түр хүлээгтүн! хэмээтэл зар хөвүүн нэгэн эвхмэл зургийг авч ирэв. Сюй Гуань Жүн эвхмэл зургийг Янь Чин-д өгөх зуур: - Энэ болбоос өчүүхэн миний орчмын өдөр зурж гаргасан болхи зураг болой. Эрхин ах эзэн хотноо хүрсэн хойно нягт шинжлэгтүн. Хожмын өдөр бас тус болох магадгүй хэмээвээс Янь Чин харамж өгч эвхмэл зургийг шадар цэрэгт тушаан аяны боодолд хураалгав. Хоёул салж түвдэхгүй тул бас хэдэн газар хамт явсан хойно Янь Чин өгүүлрүүн: - Эртний үгэнд нөхрийг мянган газар үдэвч эцэст эрхгүй хагацмуй" хэмээсэнчлэн хол үдэх хэрэггүй. Хожим дахиж уулзах өдөр буй хэмээгээд хоёул сэтгэл уяран салж эчив.

Түүнээс Янь Чин бээр Сюй Гуань Жүн-г хол явсан хойно сая шадар хуягийн хамт мориндоо мордож зам өлгөн явсаар эзэн хот Дунжин-д хүрвээс Сүн Жян чив хэмээн цэрэг авч Чэнь Чяо И өртөөнд хүрээ буугаад богд эзний зарлигийг хүлээж асан тул хүрээнээ орж ёслон золгосныг түр өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь Су Тайюй жич Жао шүми дундад цэргийг авч нийслэл хотноо урьд ороод Сүн Жян нарын байгуулсан гавъяаг тэнгэрийн хөвүүнд мэдүүлж, Сүн Жян фэн зэргийн олон жанжин дайсныг дийлж эгээд боомтын хотноо хүрч ирэв хэмээжээ. Жао шүми ордонд орж Сүн Жян нарын хязгаарыг төвшитгөсөн гавъяа зүдлийг айлтгасанд тэнгэрийн хөвүүн ихэд сайшааж хаан ордны Ши Лан түшмэлд зарлиг буулгаж Сүн Жян нарыг хуяг дуулга өмссөн ёсоор хотноо орж эзэнд бараалагтун хэмээсэнд Сүн Жян зэргийн олон жанжин богдын зарлигийг хүлээж биедээ хуяг хэдэрч, бэлхүүсэндээ бүс даруулж, тэргүүндээ дуулга дарж, хуягийн гадуур хэмэрлэг дээл өмсөж, алтан цацаг мөнгөн пайзыг зүүж Дүн Хуа Мэнь хаалгаар шурган Вэнь Дэ Дянь харшнаа ирж тэнгэрийн хөвүүнд бараалхан өлмий нугалан хөсөр сөгдөж түмэн наст эзэнд аяарлан мөргөхүйеэ тэнгэрийн хөвүүн нүд өргөн Сүн Жян зэргийн олон жанжныг үзвээс хэмэрлэг дээл өмсөн алтан бүс бүсэлж ганц Ү Юн, Гүн Сүньшэн, Лү Жишэнь, Ү Сүн зэргийн хүмүүн тус тусын дээлээ өмссөн ажгуу. Тэнгэрийн хөвүүн үүнийг үзээд их л баярлаж ийн зарлиг болруун: - Сайд нарын дайн байлдаанд бие чилээж, хязгаар нутагт сэтгэл тавьж үлэмж хүмүүн шарх олсныг мөхөс хүмүүн олонтоо сонсоод элэг зүрх таталдан зовнив хэмээвээс Сүн Жян мөргөж айлтгаруун: - Богд эзний их буянд шүтэж сайд миний бие тэргүүлэн олон жанжин нарын зарим нь хэдий шарх олсон боловч энх эрүүл эгж ирэв. Эдүгээ гадаад аймгийн сөргүү хулгай нэгэнтээ дагаж хязгаарын зураг амгалан болсон нь дээд эзний сүр эрдэм ивээснээс болов. Доорд сайд нарт ямар гавъяа баймуй? хэмээгээд дахин мөргөж хишигт хариулсан хойно тэнгэрийн хөвүүн бээр явдлын журганд зарлиг буулган зэрэг хэргэмийг тогтоож мэдүүл хэмээхэд тайш түшмэл Цай Жин, цэргийн яамны эрхин сайд Түн Гуань нэгэн зэрэг зөвлөж ийн айлтгаруун: Сүн Жян нарт шагнах зэрэг хэргэмийг өчүүхэн сайд нар зөвлөсөн хойно жич айлтгасугай хэмээсэнд тэнгэрийн хөвүүн айлтгасныг зөвшөөрч хурим базаах яам Гуан Лү Шэ-д зарлиг буулган найр хийлгэж дайлаад Сүн Жян-д хэмэрлэг дээл, алтан хуяг, нэрт морийг нэжгээд шагнаж, дотоод ордноос алт торго зэргийн зүйлийг гаргаж Лү Жюнь И тэргүүлэн олон хүмүүнд шагнасан хойно Сүн Жян зэргийн олон жанжин хишигт мөргөж ордноос гараад Си Хуа Мэнь хаалгаар гарч мориндоо мордон хүрээндээ хариад богдын зарлигийг хүлээн суухуйяа удсангүй хэд хэдэн өдөр болов. Үзвээс Цай Жин, Түн Гуань зэргийн хүмүүн ганц өдөр хоногийг хойшлуулахаас бус юуны зэрэг хэргэмийг хэлэлцэх аж.

Түүнээс Сүн Жян-ын бие цацарт сууж цэргийн багш Ү Юн лүгээ эрт эдүгээгийн мандах буурах дэгжрэх доройтох үйлийг шүүмжлэн хэлэлцэж атал Дай Зүн, Ши Сю хоёул сул хувцас өмсөн орж ирээд: - Дүү бид зүгээр суугаад тэсгэлгүй уйдах тул нэгэн зэрэг зугаацан хэсэж тухайлан эрхин ахад мэдүүлсүгэй хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Тийн бөгөөс эрхтэн эгж ир. Хэдүүлээ хэдэн хундага дарс уусугай хэмээсэнд Дай Зүн, Ши Сю хоёул Чэнь Чяо И-ээс салж алгуураар умарш алхаж хэд хэдэн зээл гудамжийг өнгөрөхүйеэ гэнэт замын хажууд нэгэн их чулуун хөшөө харагдав. Тэр хөшөөг үзвээс дээр нь "Үсэг зохиосон мэдэл" хэмээх гурван үсэг байх бөгөөд өөр бас хэдэн мөр жижиг үсэг сийлсэн боловч салхи хурд угаагдан ховхроод хэдийн тодгүй болжихуй. Дай Зүн нэгэн зэрэг нарийвчлан үзээд ийн өгүүлрүүн: - Үзвээс эрт цагийн Цан Же хэмээх хүний үсэг зохиосон мэдэл аж хэмээвээс Ши Сю инээн өгүүлрүүн: - Тийн бөгөөс бид хоёулд хэрэггүй хэмээгээд хоёул инээлцсээр урагш явж атал хэмхэрхий ваар хагархай тоосго дүүрсэн нэгэн газар хүрч ирэв. Ас хойд биед "Бо Лан Чэн" хэмээх чулуун хөшөө босгосон ажгуу. Дай Зүн нэгэн зэрэг бодлого болж: - Үзвээс Хань Лю Хуа-ын Чинь Ши Хуан-г цавчсан газар энд байх аж хэмээгээд дуу алдаж: - Үнэхээр цөстэй эр! хэмээн Лю Хуа-г магтсанд Ши Сю өгүүлрүүн: - Ганц цавчиж оносонгүй нь асар харамсалтай болой! хэмээгээд хоёул шүүрс алдан зоог хэлэлцэж хойш явсаар цэргийн хүрээнээс хорин газрын алс гарав. Ши Сю өгүүлрүүн: - Бид хоёул нэлээд удтал тойрч наадсан тул нэгэн газар эчиж хэдэн хундага дарсыг уугаад хүрээндээ эгвээс зохимуй хэмээвээс Дай Зүн өгүүлрүүн: - Тэнд нэгэн дарсан пүүс харагдах бус уу? хэмээгээд дарсан пүүст эчиж гэгээвчийн тушаа гэрэлтэй газрыг сонгож суусан хойно Дай Зүн ширээг тогшиж: - Дарс авчраа! хэмээсэнд пүүсийн зарц дөрөв таван зүйлийн зууш ацарч ширээнээ тавиад: - Хоёр гийчин хэдий архи уумуй? хэмээхэд Ши Сю өгүүлрүүн: - Урьд хоёр хувин авч ир. Болмоор зууш байваас авчрахаа мэд хэмээсэнд зарц явж удсангүй хоёр хувин халуун дарс, үхэр хонь тахиан мах зэргийг тус тус нэжгээд тэвш авч ирэв. Хоёул чив чих дарс уулцан зоог дэлгэж атал нэгэн хүмүүн гартаа борооны шүхэр барьж, ардаа боодол тэлэн үүрч, хар дээлний хормойг дээш шууж бэлхүүсэндээ хавтагат бүс даруулж хөлдөө найман оосорт олсон шагай өшиглөөд амьсгаа сүйлсээр орж ирээд юм хүмээ нэгэн тийш тавьж ширээний өнцөгт суумагц: - Хурдан надад архи мах ацарч өг! хэмээхэд пүүсийн зарц нэгэн хувин архи, хэдэн зүйлийн зууш ацарч өгснөө тэр хүмүүн өгүүлрүүн: - Олон таван үг хэлэхгүй. Мах байваас тэвш авч идээд зам хороон хотноо эчиж албан үйл юүгээ гүйцээмүй хэмээгээд хундагатай дарсыг хөнтөрч мах зуушийг ам амаар идэхүйеэ Дай Зүн хэдийн олж үзээд дотроо санаруун: - Энэ албаны гайхал ямар хэргээр ийн яармуй? хэмээгээд тэр хүний зүг мэхийн ёслоод: - Ах та ямар хэрэгт тийн яарч явмуй? хэмээсэнд тэр хүмүүн дарс хөнтөрч мах зажлах зуур эх адаггүй хэдэн үг хэлж гаргав. Ингэснээр Сүн Гүн Мин дахин гайхамшигт гавъяа байгуулж, Фэнь Чинь-ий газар эгж Сүн улсад захирагдмуй. Эгнэгт тэр хүний ямар үг хэлж гаргасныг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top