“Зүүдэн бороо”-гоо зүсрүүлсэн “ЗҮРХНИЙ УЯА”

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

“Халин халин нисээд ирсэн шувууд

Харзны усанд элгээ жиндээн ганганах юм

Харын хар нүдэн чамайгаа

Харж л суух минь хэзээ юм бол доо”...

Хүний сэтгэл рүү халин асгардаг хөг эгшиг хүрэн зүрхний хаанаасаа асгардаг юм бол оо. Мөнгөн сарны гэрэлд гэзгээ самнаж буй тас хар нүдэн бүсгүйн гоо үзэсгэлэнгээс “Зүүдэн бороо” дуу төрсөн түүхтэй. Бүсгүй хүн гэдэг урлагийн охь дээж, охин тэнгэр, онгод хөг нь болдог гэдгээ мэддэг болов уу. Урлагийн хүн, тэр дундаа хөгжмийн зохиолч хүний сэтгэл торгон утас шиг эмзэг нандин, эрх танхи байдаг бөлгөө. Энэ нандин сэрэл мэдрэмжээрээ нартыг дүүргэсэн олон сайхан дуу зохиосон хүн бол МУУГЗ Б.Магсаржав билээ. Энэхүү дууг нь 1988 онд дуучин С.Цэрэнчимэд дуулснаар “Морин хуур” наадамд тэргүүн байрыг эзэлж түүний урлагийн шанг өргөн хийгээд өрнүүн татаж өгчээ. “Ээжийн чанасан цай”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Насны намар”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа” зэрэг 600 гаруй дууны эзэн болчихсон төр түмэндээ үнсүүлж, түмэн олондоо хүндлэгдэж явна. Орчлонг хөглөж, онгосон сэтгэлийг будаж, онхи уясуу сэтгэлээр аялгуу урлаж суугаа хөгжмийн зохиолч маань “Мялаалга” хүндэтгэлийн тоглолтоороо ард түмнийхээ зүрх сэтгэлийг мялаалаа.

 

“НАСНЫ НАМАР”-ЫН НҮНЖИГТЭЙ “МЯЛААЛГА”

 

Б.Магсаржавыг гавьяатынхаа мялаалга болгож буй тоглолтоо бэлдээд завгүй байхад нь уулзсан юм.

“Би ч хэдхэн тоглолт хийсэн хүн дээ. Тэртээ 2012 онд “Хайранд мансуурсан аялгуу” тоглолтоо хийснээс хойш “Мялаалга” хүндэтгэлийн тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа минь энэ ээ. 2020 оны намар “Насны намар” тоглолтоо хийх гэж байтал цар тахал Монголд дэгдэж хойшилсон. Энэ жил бодож байгаад тоглолтоо хийхээр шийдлээ. Тайзан дээрээ гараагүй удсан учир маш их догдолж байна. Миний тоглолт гурван хэсэгтэй. ҮУИТеатрын уран бүтээлчид, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр Жишээ Үлээвэр найрал хөгжим,  мөн ЦДБЭЧуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. МУАЖ А.Долгор, С.Батсүх, МУГЖ Ж.Найдан, Ц.Өлзий-Орших, Б.Сийлэгмаа, С.Жавхлан, Ө.Уянга, МУГЖ Л.Болдбаатар, МУСТА Д.Осгонбаяр, Б.Отгончимэг зэрэг эрхэм хүндтэй уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Би тоглолтоо дээд зэргийн найруулга, дэглэлттэй, тайзны соёлыг гайхуулсан жинхэнэ урлагийг харуулна” гэж догдлон өгүүллээ. Мөн тэрбээр “Олон сайхан дууныхаа буянаар өдий зэрэгтэй явна. Хүн залуудаа галтай цогтой, омголон байдаг. Уран бүтээл минь намайг хурцалж, хөтөлдөг байлаа. Уран бүтээл туурвин, хийж бүтээхийн эрэлд мордсоор яваад өдий хүрсэн юм шүү дээ. Үүнийг минь төр засаг торгон мэдэрч амьдрал ахуй, хань ижил бүх зүйл нь тэгшрээд ирэхээр гавяяатынхаа гавьяаг даах энтэй болоод ирэхээр хишгээ хайрладаг юм байна. Ингэж шагнал урамшууллыг хүртээдэг юм байна гэж бодож сууна” гэсэн юм.

Түүнийг Үндэсний урлагийн их театраас ажиллах санал ирүүлж зургаан сар ажиллажээ. Дуучид, хөгжимчдийн чадвар чансааг тогтоож, дэг сургуулийг шинэчлэхийн сацуу томоохон хэмжээний бүтээл туурвих урам зориг авч, уран бүтээлдээ суухаар ажлаасаа гарчээ. Тун удалгүй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дуудаж уулзах нь тэр. Цэргийн ансамнельд ирж ажиллах урилга өгөв. Цэргийн ансанбельд ажиллаж байх он жилүүдэд түүний хит дуунууд хийгдэж байсан болохоор буцаад залуу болчих шиг л санагдаад иржээ. “Залуу зандан насандаа таван жил ажиллаж, амьдарч байсан ансанбельдаа ирж ажиллах өөр юм билээ. Өглөө бүр цэргийн дүрэмт хувцсаа өмсөөд жагсаалд зогсох цаанаа л сайхан. Сүр хүч сэргээд л ирдэг юм байна” хэмээн Маагаа ах инээж байв. “Мялаалга” тоглолтдоо ч үлээвэр найрал хөгжмийн сүр жавхааг мэдрүүлсэн олон сайхан бүтээл толилуулахаар болсноо ч хэлээд амжив. Тоглолтонд та бидний сайн мэдэх, аманд аялагдаж, сэтгэлд эгшиглэж байдаг олон сайхан дуу дуулагдах аж. “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Насны намар”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Хуарангийн шөнө” тэргүүтэй хуучны дуунуудаас гадна “Ганга нуурын шувуу”, “Тод нүдэн”, “Сэтгэл юм хойно” зэрэг шинэхэн уран бүтээлүүдээ ч толилуулах юм байна. Түүний дууг ганцхан тоглолт дээр бүгдийг нь багтаах боломжгүй. Нэгээхэн хэсэг нь л энэ шүү дээ. Тиймээс зарим дуунуудаа цоморлиг болгож попури ч хийжээ. Тоглолт энэ сарын 18-ны баасан гарагт “UB palace”-ын Их танхимд 19 цагаас болно гэдгийг давхар дайя. Б.Магсаржав хөгжмийн зохиолч өдгөө хийж бүтээхүйн урам зориг дүүрэн, хэнзхэн хайрын гэгээн дурсамж дүүрэн, зүрхэнд нь аялгуу халин халин асгарч “Зүүдэн бороо”-гоо энгэр нэвчээн уярал дүүрэн амьдарч яваад нь хүн бүхний өмнөөс талархан баярламуй.

 

“АМЬДРАЛЫН ХАВАР” АЙЛЧИЛЖ, “НАСНЫ НАМАР”-ЫГ НЯЛХРУУЛАВ

 

“Замбуулинд учрахгүй байхын аргагүй

Залуу нас дурлалын дуу минь

Ганцхан мөч ч холдохын аргагүй

Гал халуун зүрхний уяа...”

МУГЖ дуучин Н.Төмөрхуяг “Насны намар” дууг нь дуулж “Морин хуур” 1989 наадамд үзэгчдийн шагнал хүртсэн бол түүний дараа жил нь мөн дуучин Н.Төмөрхуяг “Зүрхний уяа” дуугаар нь дахин үзэгчдийн шагнал хүртэж байжээ. Энэ үе бол хөгжмийн зохиолч Б.Магсаржавын уран бүтээлийн ургац арвинтай он жилүүд байлаа. Увс аймгийн Тэс суманд 1963 онд Ө.Батбаярын хоёр дахь хүүхэд болж хорвоод ирсэн ч түүнийг нэг настай байхад нь Давст сумын Д.Бадарч, Д.Ширнэн нар өргөж авчээ. Б.Магсаржав ийнхүү хоёр хүний элэг сэтгэлийг нь дүүргэж, хотол түмнээ эгшиг дуугаар халгиах хувьтай байжээ. Багаасаа урлаг соёлын авьяастай байсан түүнд 15 настайд нь Багшийн сургуулийн Хөгжмийн ангид сурах урилга өгчээ. Л.Мөрдорж, Д.Мяасүрэн, С.Гончигсумлаа, Н.Жанцанноров, Ц.Чинзориг гэсэн суут хүмүүсээр эрдэм номын дуу сонсож боловсрол эзэмшинэ гэдэг том аз шүү дээ. Багшийн сургуулийн нэгдүгээр курст байхдаа буюу 1979 онд Ц.Гайтав гуайн шүлгээр “Сүүн далай ээж” дуугаа зохиосон гэдэг.

Б.Магсаржав Багшийн сургуулийг төгсөж, Увс аймагтаа очиж дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад улмаар 1985 онд цэрэгт татагдаж, тэндээсээ Цэргийн ансанбельд концертмейстрээр очсон түүхтэй. Зах зээл шилжсэн орооо бусгаа үед тэрбээр Бээжин хотын Дорно дахины дээд сургуульд хөгжмийн чиглэлээр суралцахаар өмнөд хөршийг зорив. Тэндээ зургаан жил сураад буцаад эх орондоо ирж 1996-2000 оны хооронд чөлөөт уран бүтээлчээр явсан үе бий. Улмаар Өмнөд Монголын Хөх хотод хөгжмийн зохиолч, хөгжмийн багшаар 12 жилийн турш гэрээгээр ажиллах болсон байна. Түүний  “Зүүдэн бороо”, “Насны намар” зэрэг уран бүтээлүүд ид хүчээ авч байх үед  магтан саймшрах хүмүүс олноор хүрээлж, архи шиг элбэг юм байгаагүй гэдэг. Сүүлдээ архидах нь хэвшмэл зүйл болж өөрөө өөртэйгөө тэмцэлдэж эхэлсэн ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь орон гэр ч үгүй, хань ижил ч гүй гон бие гундуу зутруу явахад нь яруу найрагч бүсгүй түшсэн юм.

Ж.Ганчимэг хүний их эмч мэргэжилтэй, клиникийн профессор цолтой. Одоо “Апимон” зөгийн хатгуур, сэргээн засах сувиллын захирал, ерөнхий эмчээр нь ажилладаг. Тэрбээр “Миний хань надад хамаг амьдралаа ярихад нь би л энэ хүнийг түшиж авахгүй бол ангалын ирмэг дээр ганцаараа зогсож байх шиг санагдсан. Хэдийгээр олон сайхан бүтээлийн эзэн, ард түмний хайртай хүү боловч түүнд үнэн сэтгэлээсээ тулж түших хань л хэрэгтэй байсан. Эхэндээ хайр сэтгэл энэ тэр гэж бодохоосоо илүү энэ хүний эрүүл мэндийг эмнэе, эрүүл байхад бүх зүйл болно доо л гэж бодсон. Хань минь хичээсний үр дүнд надтай учирснаасаа хойш нэг удаа архи амсаагүй” гэж бахархан өгүүлж байлаа. Үнэхээр л хүн хичээвэл өөрийгөө ялдгийн тод жишээ болж, үүнийг нь түмэн олон бахдан сайшааж, баярлан хүлээн авсан билээ. Хэдийгээр түүнд гавьяатын шагнал хожимдож ирсэн ч энэ л ялалтын үеийг нь хүлээгээд байсан ч юм билүү. Ийнхүү энгэр мялааж ирсэндээ ч тийнхүү үнэ цэнтэй байгаа ч юм билүү. Б.Магсаржав “Надад ганцаардсан сэтгэлээ сархдаар дайлж явсан он жилүүд бий.

Маш хүнд цаг үед минь намайг түшиж авсан сайн бүсгүй. Ханьтайгаа нийлж нэг гэрт орсноор миний хувьд амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Хүнээр хайрлуулахын жаргалыг би ээжээсээ хойш мартсан байсан. Одоо би Ганаадаа эрхэлж, хайрлуулж явна. Хөөрхий ээж минь сайн, хөдөлмөрч бэртэй болох юм сан гэдэг байлаа. Миний төдийгүй ээжийн минь хүсэл биелсэн юм шүү. Ийм сайн бэртэй нь ээжийгээ уулзуулж амжаагүй ч тэнгэрээс харж байгаа байх. Хамгийн үнэ цэнэтэй зүйл бол итгэл. Архинаас гарна, муу зуршлаасаа сална гэдэг хөгжмийн симфони бичихээс хэцүү. Бодлоосоо архийг тэр чигт нь авч хаясан цагт л архинаас гарна. Янз бүрийн эм, тариа шиг худлаа юм байхгүй. Ерөөс хүн өөрийгөө ялах, бодлоо удирдах их чухал” гэлээ. Тэд “Амьдралын хавар” хэмээх анхны уран бүтээлээрээ холбогдож бие биенээ анх мэдэлцсэн ажээ. Тэднийг учруулсан нь аялгуу дууны ид шид агаад амраг сэтгэлийн их хүч ажгуу.

Амьдралын хавар нь одоо л айлчилж амин зүрхнийх нь мөчир бүр дээр дууч шувуухайс үүрээ засаж “Насны намар”-ыг ийнхүү нялхруулж байна. Тэндий дундаас мэндэлсэн “Айсуй” дууг МУГЖ Б.Сарантуяа дуулж олны хүртээл болгожээ. Тэд дундаасаа 20 гаруй дуутай болсон тухайгаа ч хуучилж байв. Олон жил нам гүмхэн амьдарч явахдаа дуугаараа хүчтэй том хариулт өгчихөөд л дуугүйхэн суудаг хөгжмийн зохиолч маань энэ удаа дуутай шуутайхан амьдарч, дурлалтай хайртай цалгиж явна. Ай даа, “Зүүдэн бороо”-гоо зүсрүүлсээр “Зүрхний уяа” зөөлөн сэтгэлтэй түмнийхээ сэтгэлийг ундаалахаар айсуй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 21

үнэхээр монгол түмний бахархал хайрыг булуусан уран бүтээлч дээ зөв санаатай болохоор санаа зөв бол заяа зөв гэж үнэн юм даа

0  |  0
Top