Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СҮН ГҮН МИН ЦЭРЭГ АВЧ ХАТАН ГОЛЫГ ГЭТЭЛСЭН ЛҮ ЖЮНЬ И ШӨНӨ ЗАВДАЖ ЛИНЧУАНЬ ХОТЫГ ЭЗЭЛСЭН
Өгүүлэх нь Дай Зүн, Ши Сю нүд өргөн тэр хүмүүнийг шинжвээс албан хүмүүний ёсоор хувцасласан бөгөөд их яарах төлөвтэй тул Дай Зүн асууруун: - Ямар хэрэгт ийн яармуй? хэмээвээс тэр хүмүүн савхаа тавьж уруулаа зүлгээд хариу өчрүүн: - Хэбэй газрын Тянь Ху хэмээгч самуун дэгдээснийг та мэдэхгүй юү? хэмээхүйеэ Дай Зүн өгүүлрүүн: - Бид бас бараг төлөвийг нь мэдмүй хэмээхүл тэр хүмүүн өгүүлрүүн: - Тэр Тянь Ху хэмээгч гайхал жоу сянь-ийг давчлан түйвээхэд албан цэрэг Чу хэмээн хариуцаж чадахгүй болов.Орчмын өдөр Гайжоу фү-г эвдээд удалгүй даруй Вэйжоу фү-г байлдахаар ирэх тул хот доторх зуун овогтон өдөр шөнөгүй эмээн гэлмэгдэж, хотын гаднах ард иргэн дөрвөн зүгт сарнин эчсэн тул өчүүхэн хүмүүн тус фү-ийн яамны захиаг хүлээж яаралт бичиг өргөхөөр явж баймуй хэмээгээд суусан орноос босож, боодол үүргээ үүрэн шүхэр шийдмээ аваад дарсны зоосыг мэндэн сандан бодож өгөөд үүд алхан гарах зуур урт шүүрс алдаж өгүүлрүүн: - Албаны үйл хэмээгч аргагүй шаахар, миний нэгэн гэрийн хөгшин залуу цөм хот дотор суух тул эцэг тэнгэр ивээн соёрхож эртхэн цэрэг илгээн өмөглөн тэнхрүүлбээс завшаан болой! хэмээгээд өлмий сунган өндөлзөж Жин хотын зүг эчив.
Түүнээс, Дай Зүн, Ши Сю хоёул энэхүү яаралт мэдээг сонсоод архины зоосоо бодож өгөн дарсан пүүсээс яаран гарч цэргийн хүрээнээ эгж ирээд энэхүү чимээг хошууч жанжин Сүн Жян-д мэдүүлсэнд Сүн Жян бээр Ү Юн- ий зүг ийн зөвлөрүүн: - Манай зэргийн олон жанжин энэ газар ийн сул суух нь үнэхээр зохисгүй болой.Ийнхүү тэнгэрийн хөвүүнд айлтгал өргөж, дуртайяа цэрэг байгуулан байлдахаар эчихийг хүрэхгүй хэмээвээс Ү Юн өгүүлрүүн: - Энэ үйлийг Су Тайюй батлан айлтгахгүй болбоос болохгүй хэмээгээд олон жанжныг хуруулж зөвлөсөнд эс баярлах нь нэг ч үгүй тул жич маргаадар Сүн Жян албан хувцсаа солин өмсөөд арван хэдэн морьтныг дагуулан нийслэл хотноо орж Су Тайюй-н ордны өмнө хүрч ирснээ, Су Тайюй чив хэмээн ордноо асан тул зарц ардыг илгээн дотогш дуудан оруулсанд, Сүн Жяних танхимд орж мөргөн золгосон хойно Су Тайюй-д айлтгах учир хэмээвээс Сүн Жян миний бие сонсохул Хэбэй газрын Тянь Ху хэмээгч урваад, жоу жюнь-ий газрыг тэвчлэн оны цолыг зоригоор халж, Гайжоу фү-г байлдан эзэлж, удалгүй даруй Вэйжоу фү-г байлдахаар ирмүй хэмээмүү. Сүн Жян нар хэрэг үгүй сул сууж удсан тул дуртайяа харъяа цэргээ авч дайсныг байлдан хураамжилж улс гэрт шударга сэтгэлээ гүйцэтгэсүгэй хэмээн санамуй.Ийнхүү гэгээн гүн батлан айлтгах болов уу хэмээхэд Су Тайюй их л баярлаж: - Эрхин жанжин энэ мэт шударга сэтгэлийг өвөрлөж улс гэрийн төлөө хүчээ өргөж зүтгэсүгэй хэмээх тул Юань Жин миний бие эзний өмнө батлан айлтгасугай хэмээхүйеэ Сүн Жян тал өгч ийн өгүүлрүүн: - Сүн Жян зэргийн олон хүмүүн өршөөлт Тайюй-н зузаан хишгийг олонтоо хүртсэн тул хэдий зүрхэндээ хадаж ясандаа сийлэвч хэрхэн хариулж чадах аж" хэмээсэн хойно Су Тайюй ширээ засан орой болтол дайлж уулцсан хойно Сүн Жян хүрээндээ эгж олон жанжинд зүй зүйгээр тоочин хэлэв.
Жич өгүүлэх нь Су Тайюй дэд маргаадрын өглөө хаанд бараалахаар ордноо орвоос тэнгэрийн хөвүүн Пи Сян Дянь харшид заларснаа явдлын журганы эрхин сайд зэргээс давшиж: - Хэбэй газрын Тянь Ху урваж, таван фү тавин зургаан сянь-ий газрыг эзэлж, оны цолыг зоригоор халж, өөрийн биеийг хаан өргөмжлөөд Линчуань хотыг эвдэж, Хуайжоу фү-ийн хязгаарт аймшигтай болон тул яаралт бичиг өргөн айлтгаж баймуй хэмээсэнд тэнгэрийн хөвүүн их л цочиж бичиг цэргийн зуун түшмэлээс асууруун: - Танай зэргийн олон сайдын дотроос хэн хүмүүн мөхөс миний төлөө хүчин гаргаж энэхүү дээрмийг дарангуйлахаар эчмүй? хэмээсэнд Су Тайюй урагш давшиж зааны ясан хувинг өмнөө барьж хөсөр сөгдөн ийн айлтгаруун: - Сайд би сонсохул Тянь Ху эдүгээ маш цочмог түргэн ирэх бөгөөд түүний сүр хүч нэгэнт их болсон тул хүчирхэг жанжин чийрэг цэрэг үгүй болбоос дайсныг хураамжлахуйяа бэрх, эдүгээ Ляо улсыг төвшитгөсөн хошууч Сүн Жян хотын гадна хүрээ байгуулан цэрэг буусан тул богд эзэн гэгээн зарлиг буулгаж энэ нэгэн салаа цэрэг морийг дайлахаар илгээвээс их үйл эрхгүй бүтмүй хэмээсэнд тэнгэрийн хөвүүн их л баярлаж явдлын журганы эрхин сайдад зарлиг буулгаж түргэн хотоос гарч Сүн Жян, Лү Жюнь И-г Пи Сян Дянь харшид дуудан ацарч мөхөс хүмүүнд бараадуул хэмээснээ Сүн Жян нар удсангүй хүрч ирээд мөргөн золгосон хойно тэнгэрийн хөвүүн зарлиг болруун: - Мөхөс хүмүүн миний бие сайд нарын баатар шударгыг мэдэх тул эдүгээ танай зэргийн олон хүмүүнийг Хэбэй газар дайлахаар илгээсүгэй. Сайд нар алжаал зүдлээс маргахгүй эчиж, эргүү хулгайг эртхэн дарж баярын сэтгүүл довтолговоос мөхөс хүмүүн хүндэд хэрэглэсүгэй хэмээвээс Сүн Жян, Лү Жюнь И тэргүүн даран мөргөж айлтгаруун: - Богд эзэн хишиг хүртээж доорд сайдыг ийн хүндэд хэрэглэх тул үхэн үхтэл шударга сэтгэлээр хариулсугай хэмээсэнд тэнгэрийн хөвүүн баясан мөшөөж, даруй зарлиг буулган Сүн Жян-г умрыг төвшитгөх тэргүүлсэн хошууч, Лү Жюнь И-г дэд хошуучийн тушаалд тавиад хишгийн дарс, алтан бүс, магнаг дээл, алтан хуяг, хив торгоны зүйлийг шагнаж бус олон жанжин нарт бас хив торго алт мөнгөний зүйлийг шагнасны дээр дайсныг дарж дархан цолыг байгуулсан хойно гавъяа ялган шан хүртээж зэрэг хэргэм нэмж өгөхөөр болов. Олон цэргийн жанжин нарт шагнасан алт мөнгийг цөм дотоод орноос өгөхөөр болов.Цаг хугацан өдөр болзож их цэрэг мордон гарагтун хэмээснээ Сүн Жян, Лү Жюнь И дахин дахин хишигт мөргөж зарлигийг хүлээн ордноос гараад мориндоо мордон хүрээндээ эгсэн хойно олон жанжныг их цацарт хуруулж эмээл хазаар хуяг дуулга зэргийг тэгшилж Тянь Ху-г дайлахаар эчихээр бэлтгэ хэмээн зарлав.
Жич өдөр дотоод ордны сан хөмрөгөөс эзний шагнасан алт мөнгө магнаг торго зэргийг гаргаж аваад олон жанжин тэргүүлэн хуяг цэргийн их бага түрүүчүүдэд түгээн өгсөн хойно Сүн Жян, Ү Юн хоёул зөвлөн хэлэлцээд усан цэргийн түрүүчүүдийг дуудаж байлдааны онгоцыг урьд хөдөлгөж Бянь Хэ голоор Хатан голд орж, Юань Ү сянь-ий захад хүрээд их цэргийг хүлээн онгоцоор тосож усыг гэтлэгтүн хэмээгээд бас морьт цэргийн жанжин нарыг дуудаж хүлэг морьдоо бэлхэн болгож усан хуурайн хоёр замаар цэрэг морд хэмээн захив.
Өгүүлэх нь Хэбэй газрын Тянь Ху хэмээгч болбоос Вэй Шэн Жоу-ын Чинь Юань сянь-ий анчин асан бөлгөө.Ид хүч их бөгөөд зэвсгийн эрдэмд цагаарч, тухайлан харгис ард лугаа нөхөрлөмүй. Тэр үе Чинь Юань сянь-ий бартаа үлэмж уул арвин тул хулгай дээрэм хурж цуглахад хялбар байсны дээр бас үер гангийн гамшиг давхцаж ард иргэн ядуурч хоосорсон тул хүмүүний сэтгэл хувьсаж самуун дэгдээхийг бодож асан бөлгөө. Тянь Ху энэ дашрамд хэсүүл ардыг цуглуулж самуун цуурхал тавьж ардыг өдөөн мэхэлж, анхандаа зөвхөн бага сага эд ашиг уулгалж асан боловч сүүлээр жоу сянь-ийг түйвээхэд, хүрсэн газар албан цэрэг ч халдаж чадахгүй болов. Тянь Ху хэмээгч нэгэн анчин эр болох атал ямар учир энэ мэт сөргүү болов хэмээвээс тэр үед бичгийн түшмэл ашигт шунаж, цэргийн жанжин үхэхээс айх тул эл жоу эл сянь-д хэдий албан цэрэг сахин суувч хөгшин зэмдэг нь олон буюу нэгэн хүмүүн хэдэн хүмүүний цалин хүнсийг залгимуй.Эс бөгөөс хүмүүний сул зардсыг арван хэдэн лан мөнгөөр хөлслөн өөрийн оронцог болгож бага сага цалин хүнс олж зармуй. Нэр дуудан цэрэг боловсруулахад хүмүүн хөлслөн орондоо илгээж дээр доор харилцан мэхэлж улс гэрийн зоосыг тоо үгүй арвин сүйтгэвч өчүүхэн төдий ч тусгүй, дайсан лугаа учирч байлдахад зэвсэг хөдөлгөн алалдаж чадахгүй. Тоос мандан буу дуугармагц зүггүй буруулж хоёрхон хөлтэй төрүүлэв хэмээн эцэг эхдээ гомдмуй. Тэр үед хэдий хэд хэдэн цэргийн жанжин хүмүүн морь дайчлан Тянь Ху-г байлдахаар очсон боловч өмнө орж дайрахгүй харин олны ард орж зүүнш баруунш зугтаж хоосон сүр мандуулах буюу шударга иргэнийг хөнөөн гавъяа нэрийг олдог тул зуун овогт иргэн шүд хавиран занаж хулгайн хоршоог дагаж албан цэргээс зайлж эчмүй.Ийнхүү тэр таван жоу тавин зургаан сянь-ий газрыг хялбараар олж эзэлсэн бөлгөө. Ямар таван жоу-г эзлэв хэмээвээс тэргүүнд Вэй Шэн жоу, даруй эдүгээгийн Чиньжоу болмуй. Жичид Фэнь Ян, даруй эдүгээгийн Фэньжоу болмуй.Гуравдугаарт Жао Дэ жоу, даруй эдүгээгийн Лу Ань жоу болмуй. Дөрөвдүгээрт Жинь Нин, даруй эдүгээгийн Пин Ян жоу болмуй.Тавдугаарт Гайжоу, даруй эдүгээгийн Зэжоу болмуй.Тэр тавин зургаан сянь болбоос цөм энэ таван жоу-ын харъяа газар болох бөлгөө. Төдийд Тянь Ху-ын бие Фэнь Ян хотноо орд харш байгуулж бичиг цэргийн түшмэл тавьж, чэнсян жанжин томилж нэгэн тивийг эзлэн сууж өөрийн биеийг жинь ван хэмээн өргөмжлөв.Цэрэг шилдэг жанжин хүчирхэг уул бэрх ус бартаатай ажгуу.Эдүгээ хоёр замаар цэрэг хөдөлгөн хязгаар зургийг халдахаар иржээ.
Жич өгүүлэх нь Сүн Жян өдөр сонгон цэрэг мордохуйяа явдлын журганы олон түшмэлээс аяарлан салснаа Су Тайюй өөрийн биеэр үдэн мордуулж, Жао Ань Фү эзний зарлигаар хүрээнээ ирж олон цэрэгт шагнав. Сүн Жян, Лү Жюнь И хоёул Су Тайюй, Жао Ань Фү-д тал өгч ёслон гурван баг хуваан мордож таван барсын баатар, найман бяо чи жанжныг хошууч болгов:
Барсын жанжин таван хүмүүн:
Дам илдэт Гуань Шэн, ирвэсийн тэргүүт Линь Чүн, цахилгаан тэнгэр Чинь Мин, хос ташуурт Хү Яньжуо, хос жадат Дүн Пин.
Бяо чи жанжин найман хүмүүн:
Амьд Ли Гуан Хуань Рүн, нисэх жадат Сюй Нин, хар мэнгэт Ян Хи, гавшгай баатар Со Чао, өдгүй сумт Жан Чин, сайхан сахалт Жү Түн, есөн луут Ши Жинь, эсрэг баатар Мү Хүн.
Ирвэсийн жанжин арван зургаан хүмүүнийг хайгуул болгов.
Ирвэсийн жанжин арван зургаан хүмүүн:
Гурван уулын дарлага Хуан Синь, Жиндэ-ийн хувилгаан Сүнь Ли, муухай Жюнь Ма Сюань Зан, хар хулан Хао Сывэнь, ялгуусан баатар Хань Тао, сүрт баатар Пэн Чи, усан сахиус Шань Тингүй, галын сахиус Вэй Дингуо, алтан жигүүрт Оу Пэн, улаан нүдэт эрслэн Дэн Фэй, торгон үст барс Янь Шүнь, төмөр бишгүүрт Ма Линь, дүүлэгч барс Чэнь Да, цагаан эрээн могой Ян Чүнь, торгон ирвэс Ян Линь, амьд ба Ван Жоутун
Сүн Жян, Лү Жюнь И, Ү Юн, Гүн Сүньшэн тэргүүлэн бус олон жанжин нар ба явган морьт цэргийн түрүүчүүд дундад цэргийг захирав. Мөн өдөр гурван зэрэг буу тавьж хэнгэрэг дэлдэн хөгжим үүсгэмэгц Чэнь Чяо И өртөөнөөс салж зүүн хойд зүгт мордон хөдлөв.
Сүн Жян-ын цааз зарлиг чанга, эгнээ жагсаал тэгш тул хүрсэн газар бүхэнд хялгасан төдий юмыг хөдөлгөхгүй, урагш явсаар Юань Ү сянь-ий ойролцоо хүрсэнд сянь-ий түшмэд хот гарч угтав. Урьд мордсон усан цэргийн түрүүчүүд хэдийн мэдээг сонсож мөрний хөвөөнөө ирж хүлээв.Төдийд Сүн Жян бээр Ли Жюнь нарт цааз зарлан усан цэрэг зургаан зуун хүмүүнийг зүүн баруун хоёр баг хуваан мордуулж бас тус газраас онгоц сал цуглуулж морь унаа тэрэг хөсгийг тээсэн хойно Сүн Жяних цэргийг захиран Хатан голыг гэтлэн умард хөвөөнөө гарсан хойно Ли Жюнь нарыг байлдааны онгоцыг авч Вэйжоу фү-ийн Вэй Хэ голын оломд эчиж хүлээтүгэй хэмээн илгээв.
Түүнээс Сүн Жян-ын цэргийн хошууч анги урьд Вэйжоу хотноо хүрч хүрээ буухуйяа жоу-ын яамны олон түшмэл угтах хурим базааж Сүн Жян-г ирсэн хойно хотноо залж хурим барих зуур: - Тянь Ху хулгайн сүр их тул хөнгөнөөр байлдаж болохгүй, Зэжоу фү-г Тянь Ху-ын гар доорх хуурмаг шүми түшмэл Вэнь Жүн сахиж баймуй.Эдүгээ тэр харъяа жанжин Жан Сян, Ван Жи-д нэг түмэн цэрэг өгч тус жоу-ын харъяа газар Хүй сянь-ийг байлдуулж, Шэнь Ань, Чинь Шэн-д нэгэн түмэн цэрэг өгч Хуайжоу-ын харъяа газар Ү Шэ сянь-ийг байлдуулж байх тул хошууч жанжин түргэн эчиж тэнхрүүлэн авмуу! хэмээсэнд Сүн Жян хүрээндээ эгж Ү Юн лүгээ уулзан цэрэг гарган тэнхрүүлэх үйлийг зөвлөхүйеэ Ү Юн өгүүлрүүн: - Линчуань хэмээгч Гайжоу фү-ийн чухал газар болох тул цэрэг авч Линчуань-ийг урьд байлдваас хоёр сянь-ий бүсэлснийг нь дийлж болмуй хэмээвээс Лү Жюнь И өгүүлрүүн: - Бага дүү эрдэм үгүй боловч цэрэг дайчлан Линчуань-ийг байлдахаар эчихийг хүсмүй хэмээсэнд Сүн Жянихэд баярлаж Лү Жюнь И-д морьт цэрэг нэгэн түм, явган цэрэг таван зуун хүмүүнийг салган өгч Хуа Рүн, Чинь мин, Дүн Пин, Со Чао, Хуан Синь, Сүнь Ли, Ян Хи, Ши Жинь, Жү Түн, Мү Хүн-г морьт цэргийн түрүү болгож, Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь, Лү Жишэнь, Ү Сүн, Лю Тан, Ян Сюн, Ши Сю-г явган цэргийн түрүү тавив.
Жич өдөр Лү Жюнь И цэрэг авч мордсон хойно Сүн Жян бээр Ү Юн-г цацартаа залж цэрэг орох сайн аргыг зөвлөхүйеэ Ү Юн өгүүлрүүн: - Хулгайн цэрэг бардамнаж удсан тул хошууч Лү Жюнь И энэ удаа эрхгүй гавъяа бүтээж чадмуй. Ганц гурван жюнь-ий уул ус бартаа их тул хоёр хүмүүнийг туршуулч болгож тэндэх уул усны байцыг туршуулсан хойно сая цэрэг хөдөлгөн дийлж болмуй хэмээн өчиж дуусахын урьд Янь Чин цацарт орж ирээд: - Цэргийн багш үүний тул зовних хэрэггүй.Уул усны байц төлөв цөм үүнд баймуй хэмээгээд эвхмэл зургийг гаргаж ширээнээ талбихуйяа Сүн Жян, Ү Юн нүд орхин нарийвчлан шинжвээс харин гурван жюнь-ий газрын уул ус хот боомтын нягт зураг болох бөгөөд ямар газар хүрээ байгуулж болох, ямар газар цэрэг бүгж болох, ямар газар байлдаан хийж болох зэргийг нарийн нягт тэмдэглэсэн тул Ү Юн гайхаш төрөгдөн: - Энэ зургийг хаанаас олов? хэмээвээс Янь Чин, Сүн Жянь-ий зүг өгүүлрүүн: - Урагш өдөр Ляо улсыг эвдэн цэрэг эгж Шуан Линь Жэнь балгасаар өнгөрөхүйеэ гэнэт учирсан Сюй Гуань Жүн хэмээх тэр хүмүүн дүү намайг гэртээ урьж аваачаад салахын цагт энэ зургийг надад өгч, миний зурсан болхи зураг хэмээн өчсөнөө дүү би хүрээндээ эгж сул суух зуур санамсаргүй гаргаж үзвээс харин гурван жюнь- ий зураг байсан ажгуу хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Дүү чамайг харьж ирсэн тэр өдөр чив хэмээн хаанд бараадахаар яарч байсан тул нарийн учрыг нягталж завдсангүй, би үзвээс тэр хүмүүн бас ч нэгэн сайн эрийн төлөвтэй, энгийн цагт чи бас түүний сайныг надад гарган хэлж байв.Тэр эдүгээ юуг эрхэлж баймуй? хэмээхүл Янь Чин өгүүлрүүн: - Гуань Жүн хэмээгч эрдэм үлэмж чадал хэтэрхий, зэр зэвсэгт бас бахтай бөгөөд цөс бүдүүн зориг хатуу, тэр ч байтугай ятга чавхдах шатар тавих мэтийн зүйлд цөм шалгарсан ажгуу хэмээгээд зэрэг дэвшиж ноён суух дургүй тул аглаг уулнаа нууж суусан ба нүүр уулзаж хэлэлцсэн зоогийг зүй зүйгээр тоочин хэлсэнд Ү Юн өгүүлрүүн:
- Энэ чухам ертөнцийн доорх их бодлогот эрдэмтэй болой хэмээгээд Сүн Жян лугаа нэгэн зэрэг шагшин гайхав.
Жич өгүүлэх нь Лү Жюнь И цэрэг морийг авч мордоод, урьд Хуан Синь, Сүнь Ли-г гурван мянган цэрэг салган Линчуань хотын зүүнээ таван газрын үзүүр эчиж бүгэгтүн. Ши Жинь, Ян Хи-г гурван мянган цэрэг авч Линчуань хотын баруунаа таван газрын алс бүгээд энэ шөнийн таван жинд босож хүмүүн бүр зэв зууж хүлэг морины хонхыг аваад сэмээр морд, жич маргаадар миний бие цэрэг дайчлан орсугай.Дайсан хэрвээ бэлтгэлгүй болбоос манай цэрэг хотыг хялбархан олж болмуй.Гагцхүү өмнөд хаалганы дээрх тэмдэг тугийг үзэж танай олон цэрэг аван алгуураар орогтун.Дайсан хэрвээ бэлтгэж завдсан болбоос буу тавин дохио өгсөн хойно хоёр замаар даран орж өмөглөн байлд хэмээсэнд дөрвөн жанжин захиаг хүлээн гарч эчив. Жич өглөө Лү Жюнь И таван жинд цэргийг босгон цадтал идүүлээд шар гэгээ гийх үед их цэргийг авч Линчуань хотын ойр ирээд гурван анги хуваан жагсаагаад туг сажлан хэнгэрэг дэлдэж байлдахаар өдөөв.
Харуулын цэрэг мэндэн сандан дотогш гүйн орж хотыг сахих жанжин Дүн Чэн жич жигүүрийн жанжин Шэнь Жи, Гэн Гүн-д мэдүүлэхээр эчив. Энэ Дүн Чэн хэмээгч болбоос Ню Вэнь Жүн-ий гар доорх хошууч жанжин бөгөөд биеийн өндөр есөн тохой, бяр чадал зэргээс хэтэрхий, гучин жин хүнд хурц илдийг хэрэглэмүй.Төдийд Лян Шань уулын цэрэг морь, Сүн улсын эзэн төрийн зарлигаар хотыг байлдахаар ирэв хэмээн сонсоод Дүн Чэн-ий бие цацарт заларч цэрэг морийг салган дайсныг угтахаар гарсугай хэмээсэнд Гэн Гүн ятган өгүүлрүүн: - Би сонсохул Сүн Жян-ын нэгэн бүлэг хүмүүс зэргээс хэтэрхий баатар тул хөнгөнөөр байлдаж болохгүй, ганц бэхлэн сахиваас зүй болой. Гайжоу хотноо элч илгээн өмөглөх цэрэг гуйн авчирсан хойно дотор гаднаас хавчин байлдваас сая дийлж болмуй хэмээвээс Дүн Чэн их л хилэгнэж: - Ёсгүй эргүү адгуусууд үнэхээр хүмүүнийг дарлахын туйлд хүрэв.Түүний аймшиггүй миний хотыг байлдахыг үзсүгэй! Түүний зам хөөж зүдсэнийг завдаж угтан гараад хагас хуягийг ч үлдээхгүй сөнөөсүгэй! хэмээгээд Гэн Гүн-ий гашуунаар ятгахыг огт сонссонгүй, ийн өгүүлрүүн: - Би чамд нэгэн мянган цэрэг өгч хотыг сахиулсугай.Чи хотын хаалганы асарт гарч миний байлдахыг үзвээс барав хэмээгээд бие хуяглан илдээ авч Шэнь Жи лүгээ цэрэг авч дайсныг угтахаар гарав.
Хотын хаалгыг нээж унууль гүүрийг буулгамагц хэдэн мянган цэрэг морь давхин гарч ирэхүйеэ Сүн улсын цэрэг хатуу нум хурц зэвээр жагсаалын хөлийг хамгаалан тогтоов.Гэнэт байлдааны хэнгэрэг хүнгэрсэн дуугармагц Линчуань-ий жагсаалаас нэгэн жанжин хүлэг хийсгэн гарч ирэв.Түүний хуягласан байдлыг үзвээс:
Алтан очирт ган дуулгыг тэргүүндээ дарж, аяган чинээ улаан соновторыг түүний дээр хатгаж, гархилан холбосон төмөр хуягийг биедээ хэдэрч, үүлэн угалзат магнаг дээлийг гадуураа нөмөрч, эртгэр хоншоорт булигааран гутлыг хөлдөө өшиглөж, мөнгөн товруут улаан бүсийг дундуураа даруулж, хатуу нум хурц зэвийг хоромсогодоо агуулж, хурган үст чандган цагаан хүлгийг дөрөө өшиглөн унаж, хурц ирт дам илдийг гартаа барьжээ.
Түүнээс Дүн Чэн жолоо татан илд хөндөлсөж их дуугаар хашхиран өгүүлрүүн: - Балчиг нуурын балмад хулгай амиа хүргэхээр энд ирэв үү! хэмээсэнд Жү Түн морь довтолгон гарч өндөр дуугаар бархиран өгүүлрүүн: - Тэнгэрийн цэрэг ирсэн тул эртхэн мориноос буун хүлүүлбээс илд жадыг цусаар бялдахгүй! хэмээгээд хоёул морь ташуурдан зөрөлдөн байлдаж дэмий арван удаа болсонгүй Жү Түн морь эгүүлэн зүүнш буруулан эчихүйеэ Дүн Чэн илд далайн нэхэн эчсэнд, зүүн этгээдийн жагсаалаас Хуа Рүн жад сунган угтаж аваад гучин хэдэн удаа зөрөлдтөл дийлэн дийлэгдэх ялгарсангүйд унууль гүүрний хажуу дахь Шэнь Жи үзвээс Дүн Чэн дийлж чадахгүй тул ган жадыг эргүүлэн өмөглөн орсонд Хуа Рүн морь эгүүлэн зүүнш буруулав. Дүн Чэн, Шэнь Жи тавихгүй нэхэн ирснээ Хуа Рүн дахин жолоо эргүүлэн байлдав.
Гэн Гүн хотын асраас үзвээс Дүн Чэн, Шэнь Жи морь тавин нэхэмжлэх тул эндэш гарах болуузай хэмээн харанга дэлдэн цэрэг хураасугай хэмээтэл Сүн улсын цэргийн жагсаалаас Ли Күй, Лү Жишэнь, Бао Сюй, Сян Чүн зэргийн арван хэдэн сайн эр нэгэн багийн цэргийг авч нисэх мэт түргэнээр унууль гүүрний зүг даран ирсэнд дайсны цэрэг догшин сүрийг халхалж чадахгүй болов. Гэн Гүн яаран цааз зарлаж хаалгыг даруулсугай хэмээтэл Лү Жишэнь, Ли Күй харвах сум мэт түргэнээр хаалга шурган орж эчив. Хаалга сахисан харуулын цэрэг урагш давшиж гар хөдөлсүгэй хэмээтэл Лү Жишэнь аянгын дуугаар нэгэнт хашхирч нэгэн шийдэмд хэдэн хүмүүнийг занчин унагав. Ли Күй саран сүхийг эргүүлж тав зургаан хүмүүнийг цавчин унагав.Энэ завд Бао Сюй зэргийн олон хүмүүн дотогш түлхлэн ороод хуяг цэргийг алан сарниулж хотын хаалгыг булаан эзлэв. Гэн Гүн байдал бусыг үзээд мэндэн сандан хайсангаас бууж умарш гарч буруулан атал явган цэрэгт баригдав.
Түүнээс Дүн Чэн, Шэнь Жи хоёул чив хэмээн Хуа Рүн лүгээ байлдаж атал гэнэт унуул гүүрний тэндээс хашхирах дуун мандсанд яаран морь эгүүлж эчихүйеэ Хуа Рүн хойноос нэхсэнгүй, ган жадыг бүүрэгнээ хавчуулж, нумаа авч зэв онилон Дүн Чэн-ий ар голыг заан харваж илгээсэнд Дүн Чэн оройгоороо гадна мориноос тонгорцоглон унаснаа Лү Жюнь И нар цэрэг морийг даллан дарж оров. Дүн Пин нэгэн жаданд Шэнь Жи-г жадлан алав. Линчуань-ий цэрэг морины их хагас нь хохирч үлсэн нь дөрвөн зүгт сарниж дутаасан тул олон жанжин эрэг авч хотноо ороход хар хуй Ли Күй хөмхий зуун сүх эргүүлж нүүр нүүргүй цавчин үүсгэхүйеэ Лү Жюнь И их дуугаар: - Дүү минь, зуун овогт иргэнийг хөнөөж болохгүй хэмээсэнд Ли Күй сая цавчихаа зогсов.
Лү Жюнь И цэргийн ардад цааз зарлан өмнөд хаалганд тэмдэг туг хатгуулж хоёр замын бүгсэн цэрэгт дохио өгөөд хотын дөрвөн хаалгыг хуяг цэргээр сахиулав. Удсангүй Хуан Синь, Сүнь Ли, Ши Жинь, Ян Жинарын дагуулсан хоёр замын бүгсэн цэрэг цөм хүрч ирэв.
Хуа Рүн бээр Дүн Чэн-ий тэргүүнийг өргөж, Дүн Пин бээр Шэнь Жи- ийн тэргүүнийг өргөж, Бао Сюй нар Гэн Гүн жич түүний харъяа хэдэн хүмүүнийг амьдаар барьж ацрав. Лү Жюнь И хүлсэн дээсийг нь тайлуулж Гэн Гүн-г зочны суудалд залж, гэрийн эзэн гийчний ёсоор суулцсанд Гэн Гүн бие мэхийн тал өгч: - Дийлэгдэж баригдсан доорд жанжныг юуны учир ийн зузаанаар хүндэлмүй хэмээсэнд Лү Жюнь И түшин босгож өгүүлрүүн: - Эрхин жанжин дайсныг угтахаар хотоос эс гарсан нь үзэл өндөр бодлого хол, Дүн Чэн зэргийн өчүүхэн хүмүүнд зүйрлэвээс болохгүй болой. Хошууч Сүн Жян мэргэдийг элсэн эрдэмтнийг хураах тул жанжин хэрвээ тэнгэрийн төрд дуртайяа дагаваас Сүн ах эрхгүй хүндэд хэрэглэхээр батлан айлтгах буй за хэмээхэд Гэн Гүн тэргүүн даран мөргөж: - Алахгүй өршөөсөн хишигт мөргөж дуртайяа цацрын өмнө өчүүхэн хуяг болсугай хэмээсэнд Лү Жюнь И ихэд баярлаж түүний харъяа хэдэн жанжныг сайн үгсээр тохруулсан хойно нэгэнтээгүүр зар гарган иргэнийг амуулж нэгэнтээгүүр хурим тавин цэрэгт шагнаж Гэн Гүн тэргүүлэн олон жанжныг хүндлэн дайлав.
Төдийд Лү Жюнь И-ийн бие Гайжоу хотын жанжин цэргийн олон цөөнийг асуусанд Гэн Гүн өгүүлрүүн: - Гайжоу хотыг нь шүми өөрийн биеэр их цэрэг авч бэхлэн сахимуй. Ян Чэн, Шэнь Шүй зэрэг газар болбоос цөм Гайжоу хотын баруун этгээдэд баймуй.Ганц Гао Пин сянь эндээс жаран хэдхэн газрын алс байх бөгөөд сянь-ий хот нь Хань Ван Шань хэмээх уулыг түшиж баймуй. Жан Ли, Жао Нэн хоёул харъяа цэрэг хоёр түмэн хүмүүнийг авч хотыг сахиж баймуй хэмээсэнд Лү Жюнь И дарс хэмнэн Гэн Гүн-д бариад: - Эрхин жанжин энэ нэгэн хундага дарсыг уугтун. Лү Жюнь И миний бие энэ шөнө эрхин жанжныг нэгэн газар зарсугай.Маргахгүйгээр хүлээн авах болов уу хэмээвээс Гэн Гүн өгүүлрүүн: - Хошууч жанжин ийн зузаанаар аваачих тул Гэн Гүн би ямар аймшиггүй нохой морины хүчээ өргөхгүй аж! хэмээхүйеэ Лү Жюнь И баярлаж: - Эрхин жанжин эчих дуртай тул Жюнь И би хэдэн дүү жич жанжны харъяа хэдэн түрүүг салгаж өгсүгэй. Ганц миний захиаг дагаж ийм тийм ёсоор даруй мордож айлдваас зохимуй хэмээгээд шинэ дагасан зургаа долоон жанжныг дуудаж архи мах алт мөнгө шагнаж, гавъяа бүтсэн хойно дахин бас хүндэд шагнасугай хэмээн захиад дарсыг уулгасан хойно Лү Жюнь И бээр Ли Күй, Бао Сюй зэргийн явган цэргийн долоон түрүү жич нэгэн зуун явган цэргийг дуудаж Линчуань хотын хуяг цэргийн ёсоор хувцаслуулж тус газрын тэмдэг тугийг бариулав. Бас Ши Жинь, Ян Хи-г таван зуун морьт цэрэг дайчилж морины хонхыг аван хүмүүн бүр зэв зууж Гэн Гүн-ий цэргийн араас холхон дагагтун хэмээгээд бас Хуа Рүн зэргийн олон жанжинд цааз зарлан хотыг сахиулаад өөрийн биеэр гурван мянган цэрэг авч өмөглөн байлдахаар болов.
Түүнээс цааз зарлан цэрэг салгасан хойно Гэн Гүн нар аргыг хүлээн хотоос мордож гараад Гао Пин хотын өмнөд хаалга хүрэхүйеэ хэдийн нар унаж бүрий тасран тул одны гэрэлд хотын хайсанг шинжвээс туг хиур архайн мяралзах бөгөөд хотын дотор жингийн хэнгэрэг нүржигнэн дуугармуй. Гэн Гүн хотын ойр эчиж өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Би болбоос Линчуань хотыг сахисан жанжин Гэн Гүн болой. Дүн, Шэнь хоёр жанжин миний үгийг сонсохгүйгээр хаалга нээн хөнгөнөөр байлдсанд хотыг алдав. Миний бие зуу илүү хүмүүнийг авч хойд хаалгыг нээн бага замаар оргож ирэв.Хурдан намайг хотод оруул! хэмээсэнд хотыг сахих харуулын цэрэг бамбар асаан лавлаж таниад мэндэн сандан Жан Ли, Жао Нэн-д мэдүүлснээ Жан Ли, Жао Нэн хоёул өөрийн биеэр хотын хаалганы асарт гарч цэргийн ардаар бамбар бариулан урагш хойш нэгэн зэрэг шинжиж үзсэн хойно Жан Ли хайсан дээрээс дорогш бөхийн Гэн Гүн-ий зүг өгүүлрүүн: - Хэдий өөр зуурын цэрэг морь мөн хэмээвч сайн лавлахгүй болбоос болохгүй хэмээгээд нүд тавин нарийвчилж ажваас үнэхээр Линчуань хотын Гэн Гүн зуу илүү хуяг цэргийг дагуулж тэмдэг дээл туг хиур өчүүхэн ч ташаа үгүй аж, хайсан дээрх хуяг цэргийн дотор бас ирсэн цэргийн даамал түрүүг таних хүмүүн үлэмж байх тул нэгэн нь : - Энэ нэгэн нь Сүнь Ру Ху болой хэмээвээс нөгөө нь: - Тэр нэгэн нь Ли Чинь Лүн болой хэмээхэд Жан Ли инээн өгүүлрүүн: - Түүнийг тавьж оруул! хэмээгээд хаалгыг нээлгэж унууль гүүрийг тавиад гуч дөчин цэргийн ардаар сахиулсан хойно сая Гэн Гүн-г дотогш оруулсанд хойно этгээдийн олон цэрэг урагш чихэлдэж: - Хурдан ор, хурдан ор! Хойноос нэхэх цэрэг ирэв! хэмээн нүдгүй шахалдан Гэн жанжныг ч огт ойшоохгүй болсонд хаалга сахих харуулын цэрэг зандан өгүүлрүүн: - Энэ ямар газар болов хэмээн энэ мэт чихэлдэн шахалдмуй! хэмээн хараахан үймэлдэж атал гэнэт Хань Ван Шань уулын энгэрээс гал мандаж хоёр их жанжин морь ташуурдан нэгэн багийн цэрэг морийг авч нисэх мэт довтлон ирээд: - Хулгайн жанжин битгий буруул! хэмээснээ Гэн Гүн-ий дагуул ирсэн хуяг цэргийн дотор холилцолдож асан Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь, Лю Тан, Ян Сюн, Си Сю зэргийн долоон баатар тус тусын зэвсгээ гаргаж нэгэнт бархирмагц зуу илүү хүмүүн зэргээр шаламгайлан хот дотор ив түлхэн орохуйяа харуулын цэрэг гар хөдөлж завдсангүй хэдийн арав хорин хүмүүн цавчигдаж унаад хотын хаалга юугаа булаагдсанд Жан Ли дуу алдан гашуудаж, мэндэн сандан жад барин хайсангаас бууж ирээд Гэн Гүн-г эрвээс чив хэмээн Ши Сю-д харгаж дөрөв таван удаа зөрөлдсөн хойно зууралдан байлдах сэтгэл үгүй болж жадаа чирч буруулж эчтэл хар хуй Ли Күй араас нь нэхэж эчээд саран сүхээр цавчиж хоёр анги болгов. Жич өгүүлэх нь Хань Ван Шань уулын энгэрээс ирсэн тэр нэгэн анги цэрэг морь нисэх мэт түргэнээр давхиж хотноо оров. Үзвээс чив хэмээн Ши Жинь, Ян Жихоёул байсан ажгуу.Тэд хоёул зэвсэг эргүүлэн дайсны цэргийг нэхэмжлэн алахаар эчив. Жао Нэн самуун цэрэгт алагдаж, Гао Пин хотын цэрэг морины их хагас нь байлдаанд үхэж, Жан Ли-ийн нэгэн гэрийн хөгшин залуу ч бас дуустал алагдав. Хот доторх зуун овогтон унтах нойроос цочиж сэрээд тэнгэр газрыг түрхэртэл бархиралдан уйлалдав. Удсангүй Лү Жюнь И цэрэг дагуулан хүрч ирээд нэгэнтээгүүр цааз зарлан хаалгыг сахиулж, нэгэнтээгүүр арав хорин хүмүүнийг зарж хотын иргэнийг алж болохгүй хэмээн тус тус зарлан хашхируулав. Тэнгэр гэгээрсэн хойно зар гарган иргэдийг амуулж хуяг цэргийг шагнан хөхиүлж элч заран Сүн Жян-д сэтгүүл довтолгов.
Юуны учир Лү Жюнь И ийн хялбар бөгөөд түргэнээр хоёр хотыг эвдэж чадав хэмээвээс Тянь Ху-ын харъяа жанжин санаан дураар аашилж эсэргүүцэлгүй хэмээн бардамнан албан цэргийг хөнгөвчилж удсан боловч Сүн Жян зэргийн олон жанжны баатар хүчийг мэдсэнгүй тул Лү Жюнь И энэ ташрамыг завдаж санаандгүйгээр гэнэдүүлж дараагаар хоёр хотыг эвдэв.Ийнхүү цэргийн багш Ү Юн бээр Лү Жюнь И-г эчсэн даруй эрхгүй гавъяа бүтээмүй хэмээн өчсөн болой.
Жич өгүүлэх нь Сүн Жян Вэйжоу хотын гадна хүрээ байгуулан бууж олон хүмүүн лүгээ цацарт сууж хэрэг зөвлөж атал Лү Жюнь И элч илгээн баярын сэтгүүл довтолгож цэрэг орох мэргэн бодлогыг асуусанд Сүн Жяних л баярлаж Ү Юн-ий зүг өгүүлрүүн: - Лу жанжин нэгэн өдөрт хоёр хотыг эвдсэн тул самуун хулгайн цөс хэмхрэв хэмээн хараахан хэлэлцэж атал бас хэдэн туршуулч ард нисэх мэт ирж: - Хүй Сянь, Ү Шэ хоёр хотыг бүсэлж асан цэрэг морь Линчуань-ийг алдав хэмээн сонсмогц цэрэг хураан хойш эгэв хэмээвээс Сүн Жян баясаж Ү Юн-ий зүг өгүүлрүүн: - Цэргийн багшийн хувилгаан мэт мэргэн бодлого эрт эдүгээд ховор болой! хэмээгээд цацар эвхэн баруунш мордож Лү Жюнь И лүгээ цэрэг нийлэн урагш орох үйлийг зөвдсүгэй хэмээхэд, Ү Юн өгүүлрүүн: - Вэйжоу хэмээгч баруунаа Мэн Мэнь-д хүрч, зүүнээ Тай Хан-д залгаж, өмнөш их мөрөнд нийлж, баруунш Шан Дан-д тулж байх тул чухал боомт мөн болой.Хулгайн сүрэг хэрвээ манай их цэргийн баруунш одсоныг мэдвээс Жао Дэ хотоос цэрэг дайчлан өмнөш буусан цагт манай цэрэг зүүн барууныг хамгаалж чадахгүй болбоос хэрхмүй? хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Цэргийн багшийн үг маш зүй болой хэмээгээд Гуань Шэн, Хү Яньжуо, Гүн Сүньшэн-д таван мянган цэрэг өгч Вэйжоу хотыг сахиулж, усан цэргийн түрүү Ли Жюнь, Жан Хэн, Жан Шүнь, Руань овгийн гурван баатар, Тун Вэй, Тун Мэн-д цааз зарлан усан цэргийн онгоц салыг авч Вэй Хэ голд цуглаж хот доторх цэрэг лүгээ үхрийн хоёр эвэр мэт харилцан туслагтун хэмээсэнд олон жанжин захиаг хүлээн эчив.
Түүнээс Сүн Жян олон жанжин лугаа их цэргийг авч мөн өдөртөө мордоод удсангүй Гао Пин хотноо ирвээс Лү Жюнь И нар хотоос гарч угтахуйяа Сүн Жян өгүүлрүүн: - Танай зэргийн олон ах дүү нар нэгэн дараагаар хоёр хотыг эвдсэн нь үнэхээр цаглашгүй их гавъяа болой.Гавъяа тэмдэглэх эвхмэлд нэгд нэгээр сийрүүлэн бичсүгэй хэмээсэнд Лү Жюнь И даруй шинэ дагасан жанжин Гэн Гүн-г дуудаж учруулахад Сүн Жян өгүүлрүүн: - Жанжин та гажууг гээж төвийг даган, Сүн Жян нарын хамт улс гэрийн төлөө хүчээ өргөсөн тул эзэн төрөөс эрхгүй хүндэд хэрэглэх буй за хэмээсэнд Гэн Гүн тал өгч ёслон хажууд зогсов. Сүн Жян-ын цэрэг морь олон тул хотод орвоос дөхөмгүй хэмээн хотын гадна хүрээ байгуулан буугаад, мөн даруй Ү Юн, Лү
Жюнь И лүгээ зөвлөж эдүгээ аль жоу-г байлдваас зохимуй хэмээн асуухад, Ү Юн өгүүлрүүн: - Гайжоу-ын уул өндөр ганга гүн, явах зам бартаа ихтэй, эдүгээ түүний харъяа хоёр сянь-ийг эзэлсэн тул, сүр хүч нь нэгэнт нимгэн болов.Ийнхүү Гайжоу-г урьд эвдэж дайсны хүчийг бутруулаад дахин хоёр замаар цэрэг орон байлдваас Вэй Шэн жоу-г эвдэж болмуй хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Цэргийн багшийн энэхүү шүүмжлэл чив хэмээн миний санаанд нийлэв хэмээгээд Чай Жинь, Ли Ин хоёулыг Линчуань хотыг сахиулахаар илгээж, Хуа Рүн зэргийн зургаан жанжныг хойш эгүүлсний хамт Ши Жинь, Мү Хүн-г илгээн Гао Пин хотыг сахиулахаар болсонд, Чай Жинь зэргийн дөрвөн хүмүүн захиаг хүлээн гарч эчив. Төдийд өдгүй сумт Жан Чин урагш давшиж: - Өчүүхэн жанжин энэ хоёр өдөр хижиг томуунд баригдаж бие хариугүй болсон тул түр Гао Пин хотноо сувилан суусугай. Өвчин эдгэж илаарь болсон хойно хүрээнээ эгж зарлигийг хүлээсүгэй хэмээсэнд Сүн Жян амьд оточ Ань Даочуань-ийг дуудаж Жан Чин-ий хамт Гао Пин хотноо илгээв.
Түүнээс дэд маргаадрын өдөр Хуа Рүн нар хүрч ирсэн хойно Сүн Жян бээр Хуа Рүн, Чинь мин, Со Чао, Сүнь Ли-д таван мянган цэрэг өгч хошууч болгож, Дүн Пин, Ян Хи, Жү Түн, Хань Тао, Пэн Чи-д нэг түмэн цэрэг өгч зүүн этгээдэд болгож, Хуан Синь, Линь Чүн, Сюань Зан, Хао Сывэнь, Оу Пин, Дэн Фэй-д нэгэн түмэн цэрэг өгч баруун этгээдэд болгож Сюй Нин, Янь Шүнь, Ма Линь, Чэнь Да, Ян Чүнь, Ян Линь, Жоутун, Ли Жүн нарыг хайгуул болгож, Сүн Жян, Лү Жюнь И зэргийн бус олон жанжин нар их цэргийг захиран дунддад орж таван замын хүчирхэг цэрэг далайгаас гарсан луу, шугуйгаас салсан барс мэтээр Гайжоу хотын зүг дайран эчив. Энэ үнэхээр жанжин бүр хоу өргөмжлөх гавъяаг мөчөөрхөж, баатар бүхэн хулгайг дарах нэрийг тэмцмүй. Эгнэгт Сүн Жян-ын цэрэг морь Гайжоу хотыг хэрхэн байлдахыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )