Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Сарантуяатай ярилцлаа. Тэрбээр "Сансрын салхи" яруу найргийн ном, "Сарны урсгал" богино өгүүллэгийн ном, "Сорхугтани", "Самар хатан", "Сайн хаан Бат", "Сэтгэл залгигч хот", "Тогосын цөс" зэрэг романууд бичиж хэвлүүлжээ.
-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсанд нийт уншигчид, утга зохиолд хайртай хүмүүсийн өмнөөс халуун баяр хүргэе?
-Баярлалаа. Монгол түүхийн бахархалт он жилүүд хугацааны нугачаанд бүдгэрэн замхарч зарим үед харгис хэрцгийгээр дуулуулж явсан гашуун үнэн бий. Гэлээ ч үнэн түүхээ хайсан монгол түмэн өнөөгийн энэ сайхан цагтай золгож өвөг дээдсээрээ бахархан сэрсний жишээ бол эх түүхээ эргэн харахыг хүсэн монгол түмний энэ эрэл хайгуул байсан гэж би боддог.
Миний хувьд ч энэ эрэлд гарч Монголын түүхийн бахархалт он жилүүд, Монголын эзэнт гүрний мандал бадрал, уналт тэлэлтийн үеүдийг хөвөрдөн уран зохиолын аргаар бичиглэн өнөөгийн уншигчдад хүргэе гэж зорьсон зүтгэл минь надад овог нэрийнхээ өмнө үргэлж дуудагдах төрийн эрхэм дээд нэр хүндийг авч ирж өглөө гэж бодож байна.
-Та ном бүтээлээ бичихдээ зориуд цаг гаргаж ертөнцөөс холхид сууж байна уу, эсвээс ажил амьдралынхаа зэрэгцээ амжуулж явна уу. Оюун бодол, зүрх сэтгэлээ төвлөрүүлэх тал дээр өөртэйгөө хэрхэн ажилладаг вэ?
-Эргээд бодоход энэ олон жил зөвхөн бичих ажил л хийж явсан байна. Телевизийн салбарт ч уран зохиолд ч ялгаагүй. Тэгэхээр бичнэ гэдэг миний нэг хэсэг юм даа. Мэдээж ээж, эхнэр хүн тул аар саар ажил мундахгүй. Сууж төвлөрч чадахгүй үе ч бий. Гэхдээ л уран зохиолын томоохон хэмжээний бүтээлийн ард гарахыг хүсвэл өөрийгөө хүчлэхээс өөр ямар ч арга байхгүй. Өөрийгөө олон цагаар сандалтайгаа “хүлж” зохиолоо бичдэг зохиолч хүртэл байдаг юм билээ. Ингэж удаан суух бол амар ажил биш л дээ.
Миний хувьд ихэнхдээ оройн цагаар зохиолоо бичдэг байсан. Харин Тогосын цөсийг бичихдээ өглөө эрт босоод 2-3 цаг суугаад бусад цагт нь хувийн ажил төрлөө амжуулдаг байсан минь их зүгээр санагдсан. Өглөө эрт хүн саад болохгүй, тархи сэргэг байдаг болохоор бүтээмж өндөр юм билээ. Өдөр алгасахгүй, зогсохгүй яг тийм хэмнэлээр бичих нь илүү үр бүтээлтэй санагдсан шүү.
-Таны романуудыг уншихад хөврөөд хөтлөөд явчихдаг. Жишээ нь, Сорхугтанийг хэдхэн хоногт уншаад дуусгачихаж байсан. Танд энэхүү бүтээлээ бичих санаа хэзээ төрж байсан түүхтэй вэ?
-Би телевизийн салбарт ажиллаж байхдаа ихэнх уран бүтээл нэвтрүүлгүүдээ эмэгтэйчүүдэд зориулан бэлтгэдэг байсан. Миний уран бүтээлийн зорилтот бүлэг эмэгтэйчүүд байсан. Бага залуугаасаа хайрлаж дурласан, мэргэжлийг нь дүүргэсэн уран зохиолоо бичих хүсэл их байсан ч өдөр тутмын эфир бэлтгэн бүх л хүчин чармайлт минь цэнхэр дэлгэц гэдэг зүйл рүү юүлэгдэж байсан юм. Энэ үед эмэгтэйчүүдэд зориулсан бүх нийтээр бахархан дуурайх нэгэн хэв шинжит дүрийг агуулсан ном бичье гэж бодож байсан ч гол дүрээ олоогүй явсан юм.
Энэ үед найруулагч найз маань Сорхугтани хатны тухай баримтат уран сайхны киноны зохиол хэрэгтэй байна гэж санал тавьсны дагуу Сорхугтани хатны үйл амьдралаар дэлгэцийн баримтат уран сайхны киноны зохиол бичихээр судалгаа хийж, уг зохиол ч бичигдэж дууссан. Харин дараа нь хайгаад байсан дүр маань Сорхугтани хатан юм байна гэж ойлгоод эл түүхийг үргэлжлүүлэн судалж Сорхугтани роман маань бүтсэн түүхтэй. Үүний дараа монголчуудын мандал бадрал, уналт тэлэлтийн он жилүүдээр нийт таван ном бичье гэж төлөвлөж дахин түүхэн зохиол бичиж эхэлсэн. Удалгүй монголчуудын уналтын үе буюу бага хаадын үеэр Самар хатан роман бичиж хэвлүүлсэн.
Монголчууд түүхэндээ гурван газарт тэлсэн байдаг. Алтан ордны улс, Юань гүрэн, Илхаант улс. Алтан ордны улсын түүхээр Сайн хаан Бат, Юань гүрний түүхээр Тогосын цөс номуудаа бичиж хэвлүүлсэн. Одоо Илхаант улсын түүхээр бас нэгэн ном бичихээр эрэл хайгуул хийж байна.
-Заримдаа зохиолынхоо гол дүртэй зөрчилдөх үе гардаг уу?
-Зохиол бичиж байхдаа ямар ч зохиолч тэрхүү төсөөллийнхөө ертөнцөд оччихдог. Аль цаг хугацаа, ямар амьдрал байна, түүхэн зохиолын хувьд бас л ялгаагүй, өнгөрч одсон түүхийн тэр өдрүүдэд өөрөө оччихсон юм шиг төсөөллийн ертөнцдөө амьдарсаар байдаг. Бичиж дууссаныхаа дараа зохиолоосоо гардаг.
Тэр их төсөөлөл биежээд хүний дотор оршоод ирэхээр гарахад бас хүндхэн байдаг. Хэчнээн их сэтгэл зүтгэл зориулна тэр хэрээр л зохиолдоо гүн орсон байдаг. Бичих явцад зохиолын дүрүүд өөрсдийн хувь заяагаа шийдчих тохиолдол бий. Түүхэн баримтад тулгуурлаагүй зохиолд түлхүү ажиглагдана. Анхнаасаа бүхлээр нь харчихаад бичиж байгаа зохиол хүртэл бичиж дуусахад огт өөр болчих тохиолдол бий.
-Таны бүтээлүүд эртний хатад хийгээд түүгээр төлөөлүүлж эмэгтэйчүүдийн хүчирхэг, ухаалаг зан чанарыг илүү өнгөлж харуулсан байдаг. Монголын эмэгтэйчүүд хэрхэн хувьсаж өөрчлөгдөж байна вэ. Орчин үеийн эмэгтэйчүүдийн тухай бүтээл хийх үү?
-Миний хувьд уран бүтээлийн маань зорилтот бүлэг эмэгтэйчүүд байдаг гэж дээр хэлсэн шүү дээ. Бүсгүйчүүд илүү хүчирхэг бие даасан шинжтэй болж байгаа. Энэ бол нийгмийн аль ч давхаргад ил тод үзэгдэл болсон. Орчин үеийн сэдвээр хотын романууд нэртэй цуврал гурван ном гаргахаар төлөвлөж байна. Эхнийх нь “Сэтгэл залгигч” хот, дараагийнх нь “Эм хүйстэн”, “Хуруу шилний хүүхдүүд” гэж гурван ном бичнэ.
-Та бүтээлээ өөрөө уншиж сонсдог ном хэлбэрээр олонд хүргэдэг. Түүнийгээ зарж борлуулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Уран зурагтай зэрэгцээд гэрэл зураг гарч ирсэн. Тэр цагт гэрэл зургийг хамгийн их үгүйсгэж байсан хүмүүс нь зураачид байсан гэдэг. Уран зураг устах нь гэж болгоомжилсон хэрэг. Өнөөдөр уран зураг устах нь бүү хэл сонгодог байдлаа хадгалаад хэвээр оршиж байна. Яг түүн шиг цаасан номтой зэрэгцээд сонсдог ном гарч ирэхэд зохиолчид, хашир уншигчид дургүйцэх хандлагатай байдаг. Номыг барьж унших, сонсох хоёр мэдрэмж өөр гэдэг л дээ. Гэхдээ надад бол сонсдог номыг дэмжсэнээрээ ном уншдаггүй, эсвэл ажил төрөл ихтэй, унаа тэргэнд олон цагаар явдаг, яг төвлөрөөд ном бариад сууж амждаггүй хүмүүст боломж олгож байна гэж хардаг. Бичсэн зүйлээ өөрөө уншиж сурахыг телевизээс л сурсан.
Анх номуудаа таниулах зорилгоор эхний бүлгүүдийг уншаад ютүб дээр тавьсныг минь гурван зуун мянган хүн сонссон байхыг хараад л сонсдог ном гэдэг эрэлт их байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд бүхлээр нь уншиж "mplus"-т оруулж байлаа. Миний бүх ном сондог хэлбэрээр тэнд орсон. Сонсдог номоо өөрөө уншиж, өөрөө эвлүүлж эцсийн шат хүртэл бэлэн болгоод хүлээлгэж өгдөг. Бас л телевизийн сурц л даа.
-Оюуны үнэлэмж гэдэг зүйлийг их ярьдаг болж, ярайсан их уншигчтай байх, эсвэл цөөхөн часхийсэн уншигчтай байх хоёрын ялгааг та юу гэж хардаг вэ?
-Мэдээж ямар ч зохиолч ярайсан олон уншигчаас зугтаахгүй шүү дээ. Миний номыг битгий унш гэж хэлэхгүй. Хүмүүс ярьдаг л даа. Цөөн чанартай уншигчтай байх нь зөв, эсвэл олон уншигчтай байх нь илүү гэж. Үнэндээ бол тухайн зохиолчийн уран зохиолд хандах хандлагаас шалтгаалах зүйл л дээ. Өнөөдөр миний оршин байгаагийн бас нэгэн мөн чанар нь зохиол бичих. Уран зохиолд хайртай учраас л бичиж байгаа. Надад мянга мянган уншигч байсан ч бичнэ. Цөөн хэдхэн уншигч байсан ч бичнэ. Ер намайг хүн уншихгүй байсан ч би өөртөө бичсээр л байх болно.
Үнэндээ, зах зээл харж бичиж байгаа зохиолчид бий. Хүмүүс ном авахаа больчихвол тэд бичихээ больчихно. Нөгөө талаар олон уншигчийг хүсэмжлэхгүй зохиолчид ч бий. Тэдний хувьд өөрийг нь уншиж байгаа цөөн уншигчаа сонгон тэдэндээ зориулж бичсээр л байдаг. Энэ бүхэн харьцангуй ойлголт юм л даа.
-Та Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ийн Хүүрнэл зохиолын сектерийг төлөөлж ажиллаж буй. Манай зохиолчдын зохиол бүтээлийн чансаа хэр байна вэ. Энэ жилийн тухайд “Алтан өд” наадам нам гүмхэн болж өнгөрлөө. Тэргүүлсэн номыг ямар шалгуураар үнэлсэн бэ?
-МЗЭ-ийн дор нэгдсэн мянга гаруй зохиолчид бүртгэгдсэн байдаг. Үнэндээ тэдний дундаас цөөхөн нь л хүүрнэл зохиолын салбарт бичиж байдаг. Ихэнх нь яруу найргийн салбарт харьяалагддаг. Зохиолчдын чанар чансааны хувьд мэдээж сайнтай муутай л байгаа. Зохиолчдынхоо өмнө үлгэрлээд, хийж бүтээгээд явж байгаа олон зохиолчид бий л дээ. Өнөөдөр хүүрнэл зохиолын том ачааг мөрлөөд явж байгаа зохиолчид ч байна. Нэг их зохиол бүтээл гээд байх зүйлгүй энэ байгууллагад харьяатай явж байдаг ч хүмүүс байна.
“Алтан өд” наадмын бүтээлийг шалгаруулахдаа тухайн төвийнхөн нь уншиж дотроо шалгаруулаад дахин Удирдах зөвлөл хуралдаж эцсийн шийд гаргадаг. Удирдах зөвлөл дээр тэрхүү шалгарсан бүтээл унах ч тохиолдол бий. Болж өгвөл мэргэжлийн түвшинд уншиж шүүх ажил олон хүний нуруун дээр байдаг гэсэн үг л дээ.
-Та МЗЭ ТУЗ-ийн даргад нэр дэвшиж өрсөлдсөн. Таны мөрийн хөтөлбөрт юуг түлхүү тусгасан бэ. Зохиолчдын хорооны юуг эн түрүүнд өөрчлөн шинэчлэх ёстой гэж боддог вэ?
-МЗЭ-д засаж залруулах зүйл маш их байгаа л даа. Юуны өмнө байшингийн түрээс гишүүдийн татвараар амь зогоодог байдлыг халж менежмэнтийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх хэрэгтэй санагдаж удирдах зөвлөлийн даргад өрсөлдөж байсан. Боловсруулсан мөрийн хөтөлбөр маань энэ тал руу илүү их анхаарсан байсан л даа. Уран бүтээлийн менежмэнт ч ялгаагүй арай л өөр түвшинд очих, олон зуун зохиолчдын төлөөлөл энэ байгууллага цаг үетэйгээ хөл нийлүүлэх цаг нь болсон. Гол нь сайн зохицуулагч хэрэгтэй юм байна гэж бодож л энэ ажилд өрсөлдөж байлаа. Одоо шинэ удирдлагууд энэ бүх ажлыг харж хийгээд явах биз дээ гэж найдаж байгаа.
-Ер нь анх яруу найрагт шунан дурласан шалтгаан хийгээд анхны шүлэг бүтээлийн гэгээн дурсамжаасаа хуваалцана уу?
-Арван жилийн хүүхэд байхаасаа л шүлэг бичдэг байлаа. Агуу их Б. Лхагвасүрэн багшийнхаа шүлгүүдээр хөглөгдөн, О.Дашбалбараар үргэлжлэн ухаарал уянгын шүлгүүдийг шимтэн цээжилж уншдаг байлаа. Дараа нь өөрөө бичиж эхэлсэн. Ер нь шүлэг бичиж эхэлсэн тэр цагтаа би насан туршид талархаж явдаг. Шүлэг миний гараас хөтлөн энэ хүртэл дагуулж яваа гэж боддог. Шүлэг гэдэг энэ зүйл хүн харахад зүгээр мөр толгой холбосон утга уянга мэт харагдавч хүнийг маш ихээр өөрчилдөг хөгжүүлдэг зүйл л дээ. Шүлэг бичдэг болсон цагаас хойш би үг хайхын зовлонг мартсан. Телевизийн салбарт ч хүүрнэл зохиолд ч үгс надад үй олноороо хувилбар сонголттойгоо орж ирдэг учраас би огт гацдаггүй бичдэг болсон.
Шүлэг бичдэг хүн үгийн баялгаас гадна өөрийгөө илэрхийлэхэд сурдаг. Эмх цэгцтэй болдог. Сэтгэхүйн хурд илүү сайжирдаг. Эцэст нь бичсэн шүлгээ сайхан дуудаж уншсанаар олны өмнө зөв сайхан ярьж, үзэл бодлоо илэрхийлж сурдаг. Тийм ч учраас би хүүхдүүддээ шүлэг бич гэж хэлдэг. Шүлэг бичээд магад хэн ч чамайг тоохгүй, уншихгүй байж болно. Гэвч шүлэг өөрөө чамд маш их зүйлийг өгдөг. Чи түүнийг дэвтэртээ бичээд март, бүр устгаж ч болно. Гэвч тэр чамд арилшгүй сайхан үл мөрөө үлдээсээр байдаг гэдгийг л байнга хэлдэг юм.
-Таныг МҮОНРТ-ийн дэлгэцнээ “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгээр нүүр дүүрэн инээмсэглэсэн дүр төрхөөр нь хүмүүс их санадаг. Телевизэд ажилласан он жилүүд, өөрт хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаач?
-Би 1995 онд УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг уран зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр дүүргэж МҮОНРТ-ээс ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Телевиз надад их олон зүйлийг өгсөн буянтай газар даа. Насан туршийн найз нөхөд, уран бүтээлийн төлөө бүхнээ зориулах зүрх сэтгэл, тэвчээр хатуужил бүхнийг би тэндээс л сурсан. “Чи хоббигоо ажил мэргэжил болгох юм бол амжилтанд хүрнэ” гэж үг байдаг даа. Үнэндээ телевиз бол миний хобби. Телевиз надад текст боловсруулах, баримттай ажиллах, өөрийгөө илэрхийлэх, олны дунд биеэ авч явахаас эхлээд маш олон зүйлийг зааж дээ. Телевизийн салбарт удаан ажиллаад эхлэхээр аливаа зүйлийг дэлгэцийн өнцгөөр хараад сурчихдаг юм шиг санагддаг.
Уран зохиолын хязгааргүй талбар дээр зохиолчийн бодол мэдрэмж зөвхөн нэг үзэгдэл нэг газар оронд өрнөх шаардлагагүй ч миний зохиолууд ихэндээ нэг үзэгдлээс нөгөө үзэгдэлд шилжиж хөвөрдөг. Энэ нь телевизийн хайрцаг шүү дээ.
-Та бол Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Б.Батрэгзэдмаа зэрэг үе тэнгийн бүсгүйчүүдтэйгээ дэгэж дэрвэж явсан. Тэр л орь залуу насныхаа гэгээн он жилүүдийг дурсан ярина уу?
-Оюутан ахуй цаг минь олон сайхан яруу найрагчдын дунд өнгөрсөн дөө. Бид утга зохиолын чиглэлээр сурдаг учраас манай ангийнхан дээр тухайн үеийн олон уран бүтээлчид ирдэг, найзалж нөхөрлөдөг байлаа. Манай анги гэдэг маань УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийн анхны төгсөгчид юм шүү дээ. Бид чинь ангиасаа хоёр гавьяатаа угтаад байгаа. СГЗ яруу найрагч асан А. Эрдэнэ-Очир болон Г. Мөнхцэцэг, Б. Батрэгзэдмаа, Б. Ичинхорлоо, Б.Баярсайхан, Х.Тэргэл, Б.Энхтуяа, Б.Хишиг-Ундрал, Д.Мөнхбаяр Н.Пагма, О.Энхжавхлан гээд манай ангийнхан өнөөдөр ч Монголын уран зохиолд мөр чимээтэй явааг бүгд харж байгаа. Оюутан цагийн нөхөрлөл маань биднийг уран зохиолын амьдралд төдийгүй урт холын хүний амьдралд гар гараасаа хөтлөн явах насан туршийн нөхөрлөлийг авч ирсэн юм.
-Нутаг усныхаа талаар сайхан хууч дэлгээч, таныг багад юу гэж хочилдог, өхөөрддөг байв, аав ээж нь юу гэж захиж сургаж хүмүүжүүлэв. Багадаа ямар мөрөөдөлтэй хүүхэд байв даа?
-Хамаг л нандин дурсамж минь Арвайхээрийн шаргал талд үлджээ. Хүн нас явах тусам дурсамжийнхаа хамгийн эхэн цэг рүү тэмүүлсээр л байдаг юм байна. Хүүхэд нас, жаргалтай элэг бүтэн үеэ, ээж аав, эмээгээ дурсан суух нь жаргал байдаг даа. Би их эрх хүүхэд байлаа. Айлын бага. Дур зоргоороо. Аав маань тээврийн жолооч, ээж маань ахуй үйлчилгээнд оёдолчин хийдэг байлаа. Уран гартай сайхан бүсгүй байсан. Манайх оёдлын цех шиг л байдаг. Цагаан сараар ээж маань хүмүүсийн дээлийг хийгээд толгой өндийхгүй суучихна. Гуйсан бүхэнд нь сар шинээр өмсөх дээлийг нь хийгээд өгнө. Тэглээ гээд одоогийнх шиг мөнгө авахгүй. Зүгээр л тус болж байгаа хэрэг. Харин нэг удаа хүн дээл хийлгээд арван төгрөг өгөхөд нь ээж их гайхаж бас ичиж байж билээ. Мөнгийг нь авахгүй гээд л. Одоо нийгэм цаг үе өөр болж дээ. Хоёр нийгэм дамнан амьдарсан байна. Өмнөх нийгэмд ч бас сайн сайхан талууд бий. Ядаж л тэр үед хүн нь хүнээрээ байж дээ гэж боддог юм.
-Таны хүүхдүүдээс үзэг түших хүн гарч ирж байна уу, хүүхдүүд тань ямар мэргэжил сонгож байна вэ. Ирээдүйд үр хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсэж явдаг вэ. Мөн Монголын боловсролын салбарт хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?
-Хүүхдүүдэд өссөн орчин нь нөлөөлдөг байх. Манай хоёр том хоёулаа телевизийн салбарын хүн болсон. Уг нь бол миний санаагаар арай өөр чиглэлээр явуулах хүсэлтэй байсан ч өөрсдийнх нь сонирхол тул зөвшөөрсөн. Харин бага маань хүүхэд байхаасаа л зураг зурдаг, ирээдүйд зураач болно гэж ярьдаг хүүхэд байсан. Одоо ч зураач болно гэсэн бодолтойгоо л яваа. Тэгэхээр ямар ч гэсэн одоохондоо үзэг цаас нийлүүлж зохиол бүтээл бичих хүүхэд эдний дундаас харагдахгүй л байгаа юм. Алсдаа юу болохыг хэн мэдэх билээ. Ямар ч гэсэн тэдэнд ном унших, цуглуулах тал дээр хангалттай үлгэрлэж байгаа. Хүссэн номоо аваад унших номын сантай байх юмсан гэж их олон ном цуглуулж байлаа. Хааяа уншиж суугаа харагддаг. Гэхдээ байнга унш гэж хүчилдэггүй. Хүн өөрөө цаг нь ирээд хүсэхийг нь хүлээе гэж боддог.
-Та кино ертөнцөд болоод тайзны жүжгийн зохиолд хөл тавих бодол бий юу?
-Байгаа. Манай гэр бүлийн хүн найруулагч мэргэжилтэй. Бидний мөрөөдөл мэдээж кино хийх. Жүжгийн зохиолд ч гэсэн хүч сорих бодолтой л явдаг юм. Өмнөх бичиж байгаа зүйлсээ барахгүй яваа болохоор тэдгээр нь одоогоор мөрөөдөлд л байна. Хэзээ нэгэн өдөр хийнэ дээ. Тайз дэлгэцийн урлагийн хамгийн анхны суурь нь зохиол шүү дээ. Сайн зохиол байж сайн кино төрнө. Эдгээр нь хамтын бүтээл байдаг учраас зохиолч найруулагч хоёр маш сайн хамтарч байж л шилдэг бүтээл төрөх боломжтой гэж хардаг. Сайхан кинонууд гарч л байна. Нэг үеэ бодвол кино урлаг хөгжих шатандаа оржээ. Тэгэхээр мэдээж сайн зохиолын эрэлт хэрэгцээ их бий.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Б.Сарантуяа зохиолчдоо сайн сайхныг хүсье.ОЛОН САЙХАН ЗОХИОЛ БИЧИЖ ОЛНЫ СОНОРЫГ МЯЛААЖ,СЭТГЭЛИЫН ЧИЛЭЭГ НЬ ГАРГАЖ ЯВААРАЙ.
Сайхан авяаслаг зохиолч нүүр дүүрэн нүүрийн буянтай сайхан эмэгтэй харагддаг улам их амжилт хүсье Ээж нь үнэхээр сайхан эмэгтэй байж билээ
sain zohiolch saihan emegtei yumdaa.Suuliin ued busguichuud maani erchuudeesee iluu tuuh uv soyolruugaa handaad baigaa n saihan sanagddag.Mongolchuud maani eregtei huuhduudee er hun shig bolovsroltoi uhaalag tuluv usguj chadval busguichuud n dagaad l jamaaraa tsaashaa amidral yavna.Daanch baahan diplomtoi huuhnuud n bolovsrol nimgen erchuudeesee olshirood niigem n hazgai uruul tatuu bolson n haramsamaar.Emegtei hun zaaval erdem nolmtoi baih albagui saihan zuv tuluvshsun baihad l zaya n tusheed yavchihdag yum bishuu.Erchuud n denduu emseg tulh nuruu muutai bolood ireheer tegshirch uguhgui yum.
Энэ ӨВ-ийн орк бүдүүн хүүхэн бүдүүн биш гээл хэрэлдээд байх юм. Ийм зохиолч байж болох уу ??