Уран гулгалт сүүлийн 50 жилийн хугацаанд ОХУ-д тэргүүлэх спортын нэг болон хөгжиж байна. Тэртээ XX зууны 60-аад оны дунд үед Зөвлөлтийн тамирчид уран гулгалтын спортын төрөлд хосын үзүүлбэрээр анхны амжилтаа гаргаж, мөсөн талбайн эзэд гэдгээ нотолж эхэлсэн. Хожим нь, ЗХУ уран гулгалтын спортын бүжгийн төрөлд тэргүүлэх болов.
Ингээд 1990-ээд оноос эхлэн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын тамирчид од болон гялалзаж, "мөсний хаан" гэх цолыг албан ёсоор эх орондоо авчирсан билээ. Тэдний тод жишээ бол та бидний сайн мэдэх Евгений Плющенко билээ. Харин энэ спортоор хичээллэж буй эмэгтэйчүүд амжилтаараа ЗХУ-д ч гэсэн хожим нь ОХУ-д ч гэсэн ард түмнээ баясгаж чаддаггүй байв.
1999 онд Мария Бутырская гэх бүсгүй уран гулгалтын дэлхийн аваргын цолыг эх орондоо авчирсан нь энэ төрөлд эмэгтэйчүүд том амжилт гаргах боломж бий гэдэг итгэл найдварыг төрүүлсэн билээ. Түүний араас Ирина Слуцкая амжилтын буухиаг үргэлжлүүлж, дэлхийн хошой аварга болсон ч ОХУ-ын эмэгтэйчүүд олимпын мөсөн талбайг эзэгнэх цаг нь болоогүй л байв.
Гайхалтай нь, Сочигийн олимпоор уран гулгалтын спортын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-д анх удаа олимпын эмэгтэй аварга төрсөн нь Аделина Сотникова байлаа. Гэхдээ энэ бол гайхамшиг биш гэж Оросын ард түмэн үзэж байв. Учир нь тухайн үед эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд рекордыг Өмнөд Солонгосын тамирчин Ким Ю На эзэмшиж байв. Үүнээс гадна, Юлия Липницкая гэх охин Сочигийн олимпоор дэлхийд нэрээ тамгалсан билээ. Гэхдээ тэрбээр 19 насандаа зодог тайлсан юм.
Харин орос эмэгтэйчүүд Пёнчаны олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан болон мөнгөн медалийг авч, "мөсний хатад" гэдгээ нотолсон. Тэд бол Алина Загитова болон Евгения Медведева нар юм. Энэ удаа ч гэсэн түүх давтагдаж Оросын “алтан охид” Бээжингийн олимпын алт болон мөнгөн медалийн эзэн болоод байна. Хэрэв Камила Валиева үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэсэн бол олимпын түүхэнд нэгэн цоо шинэ түүх болох бичигдэх байлаа.
ПЁНЧАНЫ ОЛИМПЫН АВАРГА АЛИНА ЗАГИТОВА
2018 он - Олимпын аварга
2018 он - Европын аварга
2018 он - Залуучуудын дунд зохион байгуулагдсан Гран-при тэмцээний ялагч
2017 он - Залуучуудын дэлхийн аварга
2017 он - ОХУ-ын залуучуудын аварга
2017 он - ОХУ-ын дэд аварга
2016 он- Залуучуудын Гран-при тэмцээний аварга
Уран гулгалтын спортын эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-аас од болон гялалзаж буй Алина 2002 оны тавдугаар сарын 18-нд Загитовын гэр бүлд мэндэлжээ.
Таван настайгаасаа эхлэн уран гулгалтын спортоор хичээллэсэн Алина хэд хэдэн удаа энэ спортыг хаяж, дүрслэх урлагаар хичээллэж, аавынхаа "Ижсталь" хоккейн багийг хөгжөөн дэмжиж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг байжээ. Харин долоон настайдаа Алина мөсөн талбайд гайхалтай амжилт гаргаснаар уран гулгалтын спортоор цаашид хичээллэх итгэл төрж, энэ спортод зүрх сэтгэлээ зориулах болжээ.
2007 онд Алина Лариса Геннадьевна Санина болон Наталья Алексеевна Антипина нарын шавь болж, уран гулгалтын спортын анхны үндэс суурь, мэдлэгийг олж авсан гэдэг. Тэд өнөөдөр ч гэсэн Алина охины бэлтгэл сургуулилтад анхаарал тавьдаг гэнэ. Алинаг уран гулгалтын спортын төрөлд амжилт гаргахын тулд түүнд хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй гэж багш нар нь хардаг байв.
Тиймээс түүний эцэг, эх охиныхоо ирээдүйн төлөө хүнд шийдвэр гаргаж, Удмуртскийн бүгд найрамдах улсаас ОХУ-ын нийслэл Москва хотыг зорин, нүүжээ. Москва хотод амьдрах болсон Алина энэ үед Этери Георгиевна Тутберидзетай танилцсанаар түүний хувь тавилан орвонгоороо эргэжээ. Этери Георгиевна Тутберидзе бол ОХУ-д олимп, дэлхийн аваргуудыг бэлддэг, эрэлт хэрэгцээтэй дасгалжуулагч юм. Тэрбээр өөрт нь хандсан охид дундаас Алинад боломж олгож, сонгон шалгаруулалтын үеэр түүний үзүүлбэрийг дахин сонирхсон ажээ.
Гэхдээ Тутберидзе Алинаг өөрийн багтаа авсан ч гуравхан сарын дараа хасчээ. Тэр "Алина өмнөх багшийнхаа арга барилаас огт гарч чадахгүй, бидний зааж байгаа дасгал сургуулилтад дасахгүй, зэмлэл даахгүй байгаа тул ажиллаж чадахгүй" гэсэн тайлбарыг өгсөн байдаг.
Ингээд Алина Этери Тутберидзе дасгалжуулагчийг орхиж, Анна Владимировна Царевагийн багт шилжжээ. Гэтэл Алина охин уран гулгалтын тэмцээнд оролцох явцдаа хоёр ч удаа маш хүнд бэртэл авсан юм. Тэр хоёр долоо хоногийн туршид чанга дэглэм сахисны дараагаар Москваг орхиж, төрсөн хот руугаа явахаар шийдээд байлаа. Ингээд Алинагийн гэр бүл Москвагаас нүүхийн өмнө Этери Тутберидзе дасгалжуулагчтай салах ёс хийхээр очжээ. Чухамхүү энэ үед дасгалжуулагч Этери Тутберидзе Алинад боломж олгож, хамтран ажиллах хүсэлт тавьсан гэдэг.
ПЁНЧАНЫ ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ ЕВГЕНИЯ МЕДВЕДЕВА
2016.02 - Европын аваргын алтан медаль
2016.03 - Дэлхийн аваргын алтан медалийг тус тус хүртсэн
“Женя оролцсон тэмцээнд болгондоо хувийн болон дэлхийн рекордуудыг шинэчилж ирсэн. Түүний тогтоосон рекордыг тэр өөрөө л эвдэж чадах байх” гэж зарим судлаачид хэлдэг ажээ.
Үүнийгээ ч тэрбээр 2017 онд бататгасан билээ. 2017 оны эхэнд Европ болон Дэлхийн хошой аварга болсон төдийгүй хувийн болон дэлхийн рекордыг дахин шинэчлэв. Евгения Арманова Медведева нь 1999 оны арваннэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын нийслэл Москва хотод мэндэлсэн. Армян гаралтай. Ээж нь уран гулгалтын спортын тамирчин аж.
Охин найман нас хүрэхэд түүний амьдралд ОХУ-ын шигшээ багийн тамирчдыг бэлтгэдэг, алдарт дасгалжуулагч Этери Георгиевна Тутберидзе орж ирсэн билээ. Туршлагатай дасгалжуулагчийн удирдлага дор бяцхан Женя "Мөсний жинхэнэ хатан хаан" болж хүмүүжиж байв. Энэ цаг мөчөөс хойш тэрбээр өөрийн зорилгоо бүрэн ухаарч, юуны төлөө, яах гэж энэ спортоор хичээллэж буйгаа ойлгож эхэлсэн гэдэг. Түүний хувьд хүүхэд нас гэж байгаагүй. Уйгагүй хөдөлмөрлөсний эцэст, тэрбээр 12 насандаа ОХУ-ын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтах болсон. Ингээд түүний спортын амжилтын түүх эхэлсэн байна.
БЭЭЖИНГИЙН ОЛИМПЫН АВАРГА АННА ЩЕРБАКОВА
Түүнийг 2021 оны дэлхийн аварга бөгөөд хоёр жилийн өмнө хүнд бэртлээс эргэн ирж, ОХУ-ын уран гулгалтын аварга болох үед нь Пёнчаны олимпын аварга Алина Загитовагийн залгамжлагч гэж тодорхойлж байв. Анна Щербакова 2004 онд Москва хотноо төржээ.
Ингээд гурван настайгаасаа буюу 2007 оноос Юлия Красинская, Оксана Булычева нарын дасгалжуулагчийн удирдлаган дор уран гулгалтаар хичээллэж эхэлсэн байна. Харин 2013 онд Этери Тутберидзегийн багт оржээ. Өсвөр насныхны анхны улирал түүний хувьд эмгэнэлтэй үйл явдалтай давхацсан юм.
Анна 2017 онд бэлтгэлийн үеэр хөлөө хугалж, олон улсын өсвөрийнхний тэмцээнд оролцохоо нэг жилээр хойшлуулж байв. Үлдсэн улиралд нь Оросын тэмцээнүүдэд оролцон, Оросын АШТ-ий 13 дугаар байранд бичигдэж байсан бол дараа жил нь, 2018 онд Оросын цомын тэмцээнд ялалт байгуулж байлаа. Хэдийгээр гэмтсэн ч Анна 2018 оны дөрөвдүгээр сард бэлтгэлдээ хүчээ дайчилж байсан бөгөөд эмэгтэй уран гулгагчдын түүхэнд анх удаа дөрвөл лутц-гурвал риттбергер-гурвал тулупын каскапыг цэвэр гүйцэтгэсэн юм.
БЭЭЖИНГИЙН ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ АЛЕКСАНДРА ТРУСОВА
Александра Вячеславовна Трусова 2004 оны зургаадугаар сарын 23-нд Рязань хотод төрсөн. 2019 оны намраас насанд хүрэгчдийн тэмцээнд орох эрхтэй болсон. Александра Трусовагийн хувьд албан ёсны тэмцээний үеэр “дөрөвлөсөн тү” үсрэлтийг амжилттай гүйцэтгэж байсан хоёрхон эмэгтэй тамирчны нэг юм. Улмаар уран гулгалтын спортын хөгжөөн дэмжигчид түүнд дөрөвлөсөн үсрэлтийн хатан хаан гэх хочийг өгсөн байдаг. 13 настайдаа өсвөрийн ДАШТ дээр түүхэнд анх удаа дөрөв эргэлттэй үсрэлтийг дараалан гүйцэтгэж, дэлхийн рекорд тогтоосон.
Хоёр “эгчтэйгээ” мөсөн дээр халз үзэлцээгүй ч тэр харин авсан оноогоороо тэднийг даван гарсан. Техникийн үзүүлбэр дээр түүнд 92.35 оноо өгөхөд эргэлзэж гайхсан хүн олон байлаа. Медведевагийн хамгийн өндөр оноо 82.40 бол Загитова Пёнчанд 83.06 оноо авсан. Трусова хоёр эгчээ 10 оноогоор илүү байсан юм. Хэрэв энэ маягаараа түүний спортын замнал үргэлжлэх юм бол Бээжинд олимпын аварга болно гэж харах хүн олон байсан юм.
Хамгийн сонирхолтой нь, Оросын уран гулгалтыг өнгөлж буй тамирчид бүгд нэг багт хичээллэдэг, домогт дасгалжуулагч Этери Тутберидзегийн шавь нар юм. Зүй ёсоор энэ цаг үеийн уран гулгалтын спортын хамгийн шилдэг дасгалжуулагч гэж нэрлэгдэж байгаа тэрбээр 2018 оны Пёнчаны олимп, 2019 оны Сайтамагийн дэлхийн аварга Алина Загитоваг мөн дасгалжуулдаг. Тэрбээр “TEAMTITBERIDZE” өөрийн брендийг бий болгоод байгаа бөгөөд түүний шавь нар 15 настайдаа олимпын аварга болдог уламжлал тогтоод байгаа юм. Этери Тутберидзе "Эмэгтэй хүн 18 наснаас эхлэн эх болоход биеэ бэлдэж, өөрийгөө гамнаж эхэлдэг учир 18 хүртэлх нас л амжилт гаргахад тохиромжтой үе" хэмээсэн байдаг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )