Өнгөрсөн оны есдүгээр сард хот, хөдөөгүй ид ажил өрнөж эхлэхтэй зэрэгцэн улсын хэмжээнд шатахууны хомсдол үүсэж, иргэд түлшинд картын бараа авч байгаа аятай оочерлон, тодорхой хязгаартайгаар худалдан авч байсан билээ.
Уг нь шатахуун түлшний хомсдол үүсэх бодит эрсдэл үүнээс хоёр сарын өмнө буюу 2021 оны долдугаар сараас л тодорхой болж байсан ч, эрсдэлийг бууруулах чадамж төр засгийн холбогдох байгууллагуудад байгаагүй.
Түүнчлэн “Ниргэсэн хойно нь хашхирч” сурсан жишиг өнгөрсөн есдүгээр сард ч давтагдаж, төр засгийн холбогдох байгууллагууд, импортлогч компаниудын төлөөллүүд Москвад очиж, “Роснефть” компанийнхантай уулзалт хийж байсан.
Нүүр тулсан уулзалтын үр дүнд шатахууны нөөц, хангамжид ноцтой асуудал үүсэхгүй байхаар тохиролцоонд хүрсэн гэх мэдээллийг албаныхан ч, импортлогчид ч өгцгөөсөн.
Уг уулзалтын дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 6-нд Засгийн газрын хуралдаанаар, шатахууны нөөцийн асуудлыг авч хэлэлцэж, дахин ингэж улсаараа түлшний хомсдолтой нүүр тулахгүйн тулд импортлогч аж ахуйн нэгжүүдийг 45 хоногийн нөөц тогтмол бүрдүүлж байхыг даалгасан юм.
Тодруулбал, “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг баталсан.
Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд шатахууны төрөл тус бүрээр хамгийн багадаа 45 хоногийн хэрэглээний компанийн нөөцтэй байхаар тооцсон юм.
Тэгвэл УУХҮЯ-ны мэдээллээр, энэ сарын 17-ны өдрийн байдлаар импортлогч компаниуд 152,588 тонн шатахууны нөөцтэй байгаагаас АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 64, дизелийн түлшний 36 хоногийн нөөц байгаа аж.
Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 24, дизелийн түлшний 44 хоногийн нөөцтэй байна.
УУХҮЯ шатахууны нөөцийг хэвийн хэмжээнд байна гэж мэдээлж буй ч гол хэрэглээ болох АИ-92 автобензиний нөөцийг аваад үзэхэд, Засгийн газраас баталсан 45 хоногийн нөөц бүрдүүлэх хэмжээнд хүрэхгүй байна гэсэн үг.
Цаашлаад нөөцийг нэмэгдүүлэх шаардлага байгаа.
Гэтэл дэлхийн зах зээлийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, газрын тосны үнийн өсөлт өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш өссөөр баррель нь 90 ам.долларыг давсан үзүүлэлттэй байна. Сүүлийн өдрүүдэд ялимгүй буурах хандлагатай байгаа ч, үнийн түвшний төлөв байдал энэ улиралд 90 ам.доллароос буурахааргүй байна.
Гадаад зах зээл дэх үнийн нөлөөллийг нэг сарын дараачаас мэдэрч эхэлдэг манай тухайд, энэ сарын 10-ны өдөр АИ-92 бензиний үнэ 40-50 төгрөг, АИ-95 бензиний үнэ 20 төгрөгөөр нэмэгдсэн.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн зүгээс дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт дотоодын нөөц бүрдүүлэлтэд эрсдэл үүсгэж, хөрөнгийн дутагдал үүсгэж байна гэдэг үндэслэлээр Төв банкнаас авч буй репо санхүүжилтээ нэмэгдүүлэх хүсэлтийг тавьж буй аж.
Монголбанкны зүгээс шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 2020 оноос хойш олгож буй репо санхүүжилтээ нэмэгдүүлэхэд бэлэн бөгөөд үүний хариуд ирэх долдугаар сар хүртлэх хугацаанд түлшний үнийг нэмэхгүй байх хүсэлтийг тавьж байгаа аж.
Сануулахад, өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас хойш тасралтгүй өссөөр байгаа инфляцын эрчим буурахгүй байгаад жин дарах нөлөөллийг шатахууны үнийн өсөлт үзүүлж байгаа юм.
Үндэсний статистикийн хорооны сүүлийн мэдээллээр, инфляц 2022 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.6 хувь, өмнөх сараас 2 хувиар өссөн.
14.6 хувийн өсөлт гэдэг бол сүүлийн 11 жилийн хугацаан дахь түүхэн өндөр түвшин болоод буй. Улаанбаатар хотын инфляц бүр 16.6 хувьд хүрчихсэн. Цаашид ч инфляц нэмэгдэх хандлагатай байгаа.
Тэгэхээр инфляц Төв банкны 6+-/2/ хувь гэсэн зорилтыг хоёр дахин нугалж өсөөд буй энэ үед импортлогчид Монголбанкны хүсэлтийг хүлээн авах эсэх нь анхаарал татсан асуудал юм.
Сэтгэгдэл ( 0 )