Монгол Улсын "Улаан ном"-нд орсон сибирь жодоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

 Сибирь жодоо (Abies sibirica Ldb.) нь манай орны нөхцөлд 30 м хүртэл өндөр, 60-70 см хүртэл бүдүүн, 200-250 хүртэл жил насалдаг, мөнх ногоон шилмүүст мод юм.

Сибирь жодооны холтос гялгар хар бараан саарал, сууриасаа эхэлсэн хурц шовгор цацархуу титэмтэй. Титэм нилээд өтгөн, шовх оройтой. Шилмүүс 3 см хүртэл урт, мохоо эсвэл үзүүртэй оньтой.

Зураг 1. Сибирь жодооны шилмүүс (Abies sibirica Ldb.)

 Энэхүү мод нь ой тайгын хүйтэн сэрүүн бүсийн уул нурууд, чийглэг хөрстэй гол нуурын сав, д.т.д 1100-1500м өндөрлөг газарт ургадаг. Манай оронд Хэнтийн нурууны баруун хойт хэсэг Ерөө сумын Бугант, Толгойт голоос Минжийн даваа хүртэл, Хөвсгөл аймгийн Шишихэд голын адаг, Жолго, Жамц, Бусын голуудын сав газруудад бага хэмжээгээр тархан ургадаг.

    Сибирь жодоо модыг 1995 онд нэн ховор ургамлын жагсаалтанд бүртгэсэн. Жодоо нь Монгол орны улаан номонд (2013 онд) орсон бөгөөд, уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг, тайгын ойн индикатор болсон нэн ховор мод юм. Жодоо мод нь уур амьсгалыг зөөлрүүлэх, хөрсийг ус, салхины болон бусад элэгдэл, эвдрэлээс хамгаалах, гол мөрний усны нөөцийг зохицуулах, цэвдгийг барих, хүлэмжийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг. 

    Сибирь жодоо зонхилсон ой нь Монгол орны байгалийн ойн талбайн 0.01%, нөөцийн 0.02%- ийг эзэлдэг. Сэлэнгэ аймагт 1334 га, нөөц 236280 шоометр, Хөвсгөл аймагт 36 га, нөөц 2520 шоометр буюу улсын хэмжээнд 1370 га, 238800 шоометр нөөцтэй. Боргоцой нь эгц босоо, боловсрохдоо хайрс нь бутарч зөвхөн гол тэнхлэг мөчир дээр үлддэг. 5-9 см урт , 2-4см өргөн зуувин,бортгон хэлбэртэй. Үр нь 5-7 мм , далавч нь 8-12 мм урт,  урвуу өндгөн хэлбэртэй. Цайвар хүрэн шаргал хэлбэртэй. 1000 үрийн жин нь 10-12 гр жинтэй байдаг.

Зураг 2. Сибирь жодооны титэм (Abies sibirica Ldb.)

Эх сурвалж:

  • Балжинням Ө., Алтансүх Б., Цогт З., Долгор Н., Доржсүрэн Ч. 2019 Монгол орны Баруун Хэнтийн Сибирь жодоо модны (Аbies sibirica ldb.) Газрын дээрх биомассыг тодорхойлох аллометрийн тэгшитгэл. Хот суурин газрын ландшафтын архитектур эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл, 147-153.
  • Монгол улсын улаан ном, 2013. УБ. 173-274.

 ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top