Б.Баярцэнгэл: Монголын улстөрчдийн дунд өөрийгөө шүтэн бишрэх агуу их дэмийрлийн хам шинжтэй хүн олон байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Монголын нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, сэтгэлзүйн тулгамдсан асуудлын талаар сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Улс орны хөгжлийн тулгуур үзүүлэлтийг юугаар хэмжиж үздэг вэ. Манай улсын хөгжил ямар түвшинд байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?

-Хөгжил гэж юуг хэлээд байгаа талаар үндсэн ойлголттой болох хэрэгтэй. Манай улсын Засгийн газраас маш олон төрлийн хөгжлийн хөтөлбөрүүд баталж байсан. Баталсаар ч байна. Тухайлбал, “Алсын хараа-2030”, “Алсын хараа-2050”, “Тогтвортой хөгжлийн бодлого” гэх зэрэг  хөгжлийн хөтөлбөрүүдийг харж байхад дийлэнх нь уул уурхай, үйлдвэрлэл, эдийн засгийн төсөл хөтөлбөр рүү чиглэгдсэн нь ажиглагддаг. Би залуу судлаач хүний хувьд энэ бүгд дээр анализ хийдэг л дээ. Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, залуучуудын хандлага, улс орны хөгжлийн түвшин ямар байгаа тухай асуултыг өдөр тутамдаа өөртөө тавьдаг. Бусад судлаачид маань ч над шиг боддог байх.

Дүгнээд үзэхээр хөгжил гэдгийг бид хэтэрхий явцуу байдлаар ойлгосоор иржээ. Юу гэвэл, өндөр өндөр барилга, байгууламж, томоохон хот суурин газрын төвлөрөл зэргээр хөгжлийг хэмжиж байна. Гэтэл орчин үед нийгмийн хөгжлийг тухайн улсын иргэн өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун, амар тайван байж чадаж байна уу гэдгээр л хэмждэг болсон. Өдгөө манай улсын иргэд хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй, бэлэн мөнгө нийтээр нь тараахад баярладаг ийм өрөвдөлтэй байдалд байна.

Энэ байдал нь өөрөө нийгмийн хөгжил ямар хүнд байгааг илтгэж буй хэрэг. Хөгжлийг тодорхойлох суурь хүчин зүйл нь тухайн улсын иргэд нь байдаг. Харамсалтай нь манай улсын иргэд дэндүү хүндхэн нөхцөлд амьдарч байна.  Шуудхан хэлэхэд, нийгэмд хөл тавьж байгаа Монгол Улсын иргэн бүр сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэгтэй гэж хэлж болно.

-Сэтгэцийн эмгэг ээ. Та энэ талаар тодорхой тоо баримт дээр үндэслээд ярихгүй юу?

-Монгол Улсын хэмжээнд гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэл гутралтай байгаа гэсэн судалгаа байна. Ерөнхийдөө тухайн гурван хүн гурвуулаа ямар нэгэн сэтгэлзүйн эмгэг асуудлыг туулаад явж байгааг мэргэжлийн судлаачид тогтоосон байдаг.

-Бид яагаад ийм болчихов оо?

-Нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал нөлөөлж байна. Үүнээс гадна сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг огт чухалчилж үздэггүй.  Жишээ нь, гурван жил хөл хорионд байсан хүүхдүүдийнхээ сэтгэлзүй дээр онцгой анхаарч, бодлогын хэмжээнд зорилтот ажил өрнүүлэх ёстой. Хорионд удсан хүүхдүүд гэнэт нийгмийн амьдралд ороод ирэхээр сэтгэлзүйн хувьд тайван бус, цочролтой байна. Хөл хорио, нийгмийн энэ ороо бусгаа байдлаас болоод нас, насны түвшний хүн бүр ямар нэгэн сэтгэлзүйн асуудалтай тулгарч байна. Амар тайван бус байдал ажиглагдах болсон.

Эндээс үзэхэд манай улс нэгж хүн бүрээ аз жаргалтай болгох, сэтгэлзүйн хувьд эрүүл байлгах чиглэлээр бодитой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулаад буйн дохио. Наад зах нь Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл асар ихээр нэмэгдэж байна. Яагаад жилдээ 450-500 хүн  амиа хорлоод байгаа юм, Залуу гэр бүлийн салалт юуны учир нэмэгдээд байгаа вэ гэх зэрэг нийгмийн нэгж үзүүлэлтүүд тартагтаа тулчихаад байгааг шинжилж үзэх хэрэгтэй. Үүний суурь шалтгаан нь нөгөө л нийгмийн хөгжлийн суурь үндэс болсон сэтгэлзүйн асуудал дээрх бодлого дутагдаж байгаагийн илрэл. Зан төрхийн эмгэг асуудал хүн бүрийн өмнө тулгамдах боллоо.

-Нийгмийн сэтгэлзүйн асуудал хүнд байгааг учирлаж байна. Үүнд нөлөөлөгч хүчин зүйлүүдээс дурдвал?

 -Ялангуяа манайх шиг хөгжил буурай оронд нийгмийн  нөлөөлөгч ангиуд болох улстөрчид, урлаг соёлын одод нь маш буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Хэт их уянгын халилтай, дэндүү их өөрсдийгөө магтуулах хэрэгцээтэй хүмүүс олон байгааг анзаарах хэрэгтэй.

Бодит байдал дээр хүмүүст тустай нэг ч зүйл хийгээгүй хүмүүс нийгэмдээ маш их хар энергийг цацах боллоо. Олон нийтэд нөлөөлөгч  гэж хэлж болох улс төрийн бүлэгт хамаарах хүмүүс, цаашлаад урлагийн одод гэгддэг бүлгийнхэн нь маш их биеэ өмөөрөх, өөрийгөө бодит бусаар өндөрт үнэлж  байна. Түүгээрээ  дамжуулж нийгэмдээ буруу аргаар нөлөөлдөг хандлага  нэгэнтээ дэлгэрсэн. Тэр байдлыг нь гоё сайхан гэж хэлэх масс нь сайн дурын бус нөлөөллийн үндсэн дээр гарч байна.

-Таны хэлэх гээд байгаа санаа нь бодлого боловсруулагчдаас их зүйл шалтгаална. Нэг үгээр хэлбэл, улстөрчдийн болчимгүй байдал нийгмийн сэтгэлзүй “өвчлөхөд” хүргэсэн гэж хэлэх гээд байна уу?

-Улстөрчид өөрсдийн ярьж буй зүйлээ туйлын зөв, өөрсдийгөө туйлын мундаг гэж өргөмжлөхөөс цаашгүй хүмүүс байдаг нь нууцгүй. Энэ нь өөрийгөө шүтэн бишрэх агуу их дэмийрлийнх нь эхний хам шинж мөнөөс мөн юм. Товчхондоо, нарсистик гажигтай хүмүүс гэж хэлж болно.

-Нарсистик гажиг гэдгийг уншигчдад тодорхой тайлбарлахгүй юу?

-Бие хүний эмгэгийн нарсистик гажиг нь өөртөө дурласан, бодитоос дээгүүр өөрийгөө үнэлдэг. Түүнчлэн бусдын бодол амьдрал дээр өрнөж буй үнэн зүйлс тэдний хувьд бүгд худал, үнэн биш зөвхөн өөрсдөө л сайн сайхны туйл, зөв үнэний агуу дээд нь гэж үздэг.

Манай улстөрчдийн хувьд энэхүү эмгэг асуудал нь хөрөнгө чинээнээс нь хамаараад их, дунд, бага гэсэн хэв шинжээр цааш өрнөнө. Эрүүл сэтгэцтэй хүн хэт их олон хүн өөрийг нь магтахад гайхаж, ичиж эхэлдэг бол эрүүл бус болоод ирэхээрээ бүр илүү ихээр магтуулаад зогсохгүй мөнгө зарж өөрсдийнхөө эмгэгийг “хооллож” эхэлдэг. Дотор муухайрч арзайтал өөрсдийгөө магтана шүү дээ. Ийм эмгэг хүндрээд эхлэхээрээ бусдыг хажуудаа суулгаж байгаад магтуулна.

-Ямар тохиолдолд ийм сэтгэцийн эмгэг бий болдог юм бэ?

-Ер нь бол тухайн хүн үнэхээр бодит байдал дээр үнэлэгдэхгүй байгаад учир бий. Сэтгэцдээ авсан шарх, эсвэл хий хоосон өргөмжлөл хэрэгтэй байх, бага ахуйдаа тохиолдсон биелэгдээгүй хэрэгцээнээс болсон гэж хэлж ч болох юм. Бие хүний эмгэгүүд удамшлын байх тал бий. Бага насанд нь хүүхдийг хэт тоохгүй байх, бодит шаардлага тавьж үнэлж харьцахгүй байгаагаас ч болно. Энэ төрлийн эмгэг олдмол байх үндэс бага байдаг. Мөн энэ төрлийн сэтгэлзүйн эмгэг асуудлаа мэргэжлийн хүнд хандаж эмчлүүлэх хэрэгтэй. Манай хэвлэл мэдээллийн зарим сайт энэ төрлийн эмгэгтэй хүмүүсийг өөгшүүлж бүр илүү хэмжээнд сурталчилж өргөмжлөх тал бий. Энэ нь тухайн хүмүүст таатай санагдах боловч эмгэг асуудал нь хүндэрсээр л байдаг.

-Тэгэхээр манай улсын хувьд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс улс орныг удирдаад бодлого боловсруулаад явж байгаа хэрэг үү?

-Бодит байдал ийм л байна. Орчноо мэдрэх ямар ч боломжгүй учраас улстөрчид амьдралаас хол шийдэл гаргахын сацуу хийж байгаа үйлдэл, үг яриагаараа ч олны дургүйцлийг хүргэж чаддаг. Харамсалтай нь тэд үүнийгээ мэддэггүй.

-Тухайн хүний зан төлвийг хийж буй үйлдэл, хэлж буй үг яриагаар нь сэтгэлзүйчид тодорхойлдог. Та сэтгэлзүйч хүний хувьд улстөрчид дээр иймэрхүү ажиглалт хийж байв уу?

-Хийлгүй яахав.

-Жишээ нь, төрийн гурван өндөрлөгийн зан төлвийг ажиж үзсэн үү?

-Яг тэр энэ гэж хүний нэр цохож хэлэх нь хаашаа юм. Ер нь улстөрчид болон олны танилуудын талаар сэтгэлзүйчид хувь, хувьдаа дүгнэлт хийдэг. Яагаад гэвэл, тэр хүмүүсийн шийдвэр гаргалт, хэлж байгаа үг нь нийгэмд нөлөөлдөг. Миний хувьд ажиглаж байхад манай улс төрчид тэр дундаа төрийн гурван өндөрлөг нь “Туйлын би” гэсэн үзэлтэй. Өөрсдийнхөө хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгээ, үзэл бодлоо шүтэн бишрүүлэх хандлагатай хүмүүс гэж хардаг.

-Улстөрчдийн хувьд тэр байдлаа манлайлж буй хэрэг гэж ойлгодог болов уу?

-Тэр хүмүүс өөрсдийгөө л манлайлж байгаа гэж боддог. Харин нийгэм яаж тусгаж авч буйг  мэдэхгүй. Би сэтгэлзүйч хүний хувьд дүгнэхдээ тэднийг аугаа их дэмийрэх өвчтэй, нарсистик хүмүүс л гэж боддог.  Учир нь тодорхой хэмжээний шинж тэмдэг илэрдэг болохоор тэр.

-Таны бодлоор өнөөгийн нийгэмд нэн тэргүүнд засаж залруулах шаардлагатай зүйл юу гэж бодож байна вэ?

-Улстөрчид дээр төвлөрч дүгнэлт нэлээн хийлээ. Учир нь төрийн бодлогыг боловсруулж байгаа гол хүмүүс болохоор тэдний тухай нэлээд ярьчихлаа. Өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа суурь асуудлуудыг судалгаан дээрээс үндэслээд үзье. Жишээ нь, гэрлэлтийн нас хойшилж, төрөлтийн нас улам залуужиж байна. Хөл хорио тавьсан өнгөрсөн жил насанд хүрээгүй эмэгтэйчүүдийн төрөлт нэмэгдсэн. Жилдээ 90 мянган эх амарждагаас 15-20 хувь нь  өсвөр насныхан байна.

Энэ бүхний цаана нийгмийн маш хүнд сэдвүүд яригдана. Түрүүн хэлсэн, амиа хорлолт, гэр бүл салалт гэх зэрэг нийгмийн болохгүй бүтэхгүй зүйл их байна. Ийм их хар бараан асуудал судалгаагаар  тодорхой болсоор. Тиймээс нийгмийн нэгж хэсгүүдээ засаж залруулах тал дээр тогтолцооны төвшинд сайжруулах бодлого дутагдаж байна

-Гарах гарц, гаргалгааны талаар юу хэлэх вэ?

-Угаасаа л тогтолцоогоо боловсронгуй болгох шаардлагатай. Сэтгэлзүйн нөлөөллийн үйл ажиллагааг нийгэмд төгөлдөршүүлэх хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэлзүйтэй л тулж ажиллах ёстой. Биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн эрүүл мэнд чухал гэдгийг сайн ойлгох цаг болсон.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top