Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-ы нээлтэд хэлсэн үгээс онцолж байна.
-Манай улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм.
-Хөвсгөл далай зөвхөн монголчууд бидний амьдралыг тэтгээд зогсохгүй, ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг Байгал далайд цутган, дэлхийн эко системийг тэтгэж байдаг билээ.
-Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 онд Засгийн газрын 332 дугаар тогтоол гаргаж, 2019-2023 онд Хөвсгөл нуур орчмын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлан, Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах зорилгоор холбогдох ажлын хэсэг байгуулан ажилласан нь зарим талаар үр дүнд хүрч байна.
-Хөвсгөл нуурын усны нөөц 381 км куб бөгөөд нуурын ёроолд байгаа машин техникээс 100 литр шатахуун алдагдахад нуурын усны 0.26 хувь нь бохирдох эрсдэлтэй гэсэн тооцоо судалгаа байна.
-Нууранд живсэн автомашинуудад хадгалагдаж байгаа шатахуун, тос, тосолгооны материал алдагдвал нуурын экологи, лимнологи болон нуур орчмын биологийн олон янз байдал зэрэг нуурын эко системд асар их хор хохирол учруулж болзошгүй байна.
-Живсэн хөлөг онгоцыг амжилттай татан гаргасан нь монголчууд бид цэнгэг усныхаа томоохон эх үүсвэр болох далай ээжээ бохирдлоос бүрэн салгаж чадах боломжтой гэдгээ нотлон харуулсан бодит үйл явдал болсон юм.
-Цаашид нуурт живсэн автомашинуудын байршлыг нарийвчлан тогтоож, мэргэжлийн түвшинд осол аюулгүй татан гаргах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2024 он гэхэд нуурыг живсэн машин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэж дуусгах ёстой. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болох уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах болон далай тэнгисийн нөөцийг хамгаалах үйлсэд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.
-Хөвсгөл нуур орчмын газар нутгийн хамгаалалтыг сайжруулж байгаль орчин, эко системд нь учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгон, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд онцгой анхаарч ажиллах ёстой.
-Хөвсгөл нуурыг судлах төв байгуулж, нуурын усны чанарын лабораторийг шинэчилж, өргөжүүлэх, нуур орчмын аялал жуулчлалыг дэмжсэн дэд бүтэц болон менежментийн үйл ажиллагааг сайжруулах, хог хаягдлын цэгийг яаралтай шилжүүлэх, дахин төлөвлөх, нуур орчмын газар олголтыг цэгцлэх, нэмж газар олгохгүй байх, аялал жуулчлалын баазуудын байршлыг оновчтой төлөвлөх, стандарт тогтоох, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөж хэрэгжүүлэх, усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, бүртгэлийг шинэчлэх зэрэг асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж, үйл ажиллагааг нь цэгцлэх шаардлагатай байна.
-Эх орноо гэсэн сэтгэл, хандлага иргэн бүхний амьдралыг чиглүүлэгч байх учиртай. Эх орон иргэн танаас эхэлдэг гэдгийг хэзээ ч бүү март.
Сэтгэгдэл ( 0 )