Аргачлалаа өөрчлөхгүй бол авлигачдыг баривчлах нь үлгэрийн далай

2022 оны 02 сарын 25

“Авлигачид хэр хол явсан, эсхүл хэр удаан хугацаатай нуугдаж байгаа нь бидэнд асуудал биш, бид тэднийг буцаан авчрах талаар чадах бүхнээ хийх болно. Ян Жинхуныг Хятадад буцаан авчирч байгаа нь хууль бусаар хилийн чанадад гарсан хөрөнгийг буцаан авахаар ажиллаж байгаа Хятад Улсын хүчин чармайлтын илэрхийлэл” хэмээн одоогоос таван жилийн өмнө БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нь мэдээлж байв.

Авлигатай үл эвлэрч, үргэлж тэмцэхийн үлгэр дуурайлыг БНХАУ үнэн утгаар нь үзүүлсээр байна. Тус улс авлигын хэрэгт холбогдож, улмаар улс орноосоо оргон зайлсан ч, тэрхүү этгээдийг хаана байгаа газраас нь хайж олоод идэж ууж, авлигад авсан хөрөнгийг нь эргээд төлүүлэх тийм бодлогыг баримталсаар байна. Энэ бол авлигын эсрэг авч буй хамгийн шударга арга хэмжээ юм. Ингэснээр авлигачид ял завших ямар ч боломжгүй болно. Үүний тод жишээг одоо дурдъя.


“СКАЙ НЭТ” АЖИЛЛАГАА БА АВЛИГАЧДЫГ БАРИВЧИЛСАН НЬ
 

Залилан хийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бизнесмен Ян Жинуныг АНУ-аас эх оронд нь буцаан авчирч байгаа нь “Скай нэт” ажиллагааны хүрээнд тус улсаас авч байгаа хамгийн анхны хүн болж байсныг санаж буй биз ээ. Хэргийг сануулбал, Ян Жинхун нь Вэньжоу хот дахь “Minghe” группийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байгаад 2001 онд АНУ-руу оргосон бөгөөд 2005 оноос түүнийг интерполоор хайж эхэлсэн билээ.

Тэрбээр Вэнжоу хотын дэд дарга байхдаа 250 сая юанийн авлига авсан ажээ. Үүнээс гадна 40 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгагдаж байгаа Ян Жинхуны эгч Ян Шиузу нарын авлига, эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд АНУ руу оргон зайлсан байдаг. Гэхдээ тэд тун удалгүй баривчлагдсан. Учир нь “Скай нэт” ажиллагааныхан нэгэнт дурандаа онилсон болохоор тэр.

Хятад Улс нь хилийн чанадад амьдарч буй авлига, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой бизнесмен болон албан тушаалтнуудыг буцаан авах зорилготой дээрх ажиллагааны хүрээнд 100 хүний нэрсийг ил болгож байсан удаатай. Ийнхүү манай урд хөршид төрийн бодлогын хэмжээнд авлигатай тэмцсээр. Үр дүнд ч хүрч байна.

Тухайлбал, хамгийн алдартай авлигатай тэмцсэн ажиллагаануудаас дурдъя. БНХАУ-ын дэлхийд хамгийн их алдаршсан авлигын эсрэг аян нь амьтдын нэрээр нэрлэсэн тусгай томьёололтой ажиллагаанууд юм.

Тодруулбал, “Бар”, “Үнэг”, “Ялаа”-ны авыг хэлж болно. “Бар” гэвэл улс төрийн өндөр албан тушаалтнууд, “үнэг” гэдэг нь мөнгөө гадаадад нуусан зальтнууд, харин “ялаа” нь багахан хэмжээний хээл хахуул авагчид юм.

Ши Жиньпиний хэрэгжүүлж буй авлигын эсрэг тэмцэл Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга асан Жоу Юнкан зэрэг 2012 оноос хойш 180 гаруй хүн “ачигдаад” байгаагаас бараг 30 хувь нь өндөр дээд албан тушаалтнууд байв.

Хамгийн сүүлийн том баривчилгаа нь Хятадын тэрбумтан  Лю Ханийг  авлигын хэрэгт буруутган  дөрвөн хамсаатных нь хамт цаазаар авсныг санаж буй бизээ. Урд хөршийн авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын эсрэг явуулж байгаа дээрх ажиллагаанаас Монгол Улс үлгэр жишээ авбал яасан юм бэ.

БАР, ЯЛААГ ҮЛ ЯЛГАН БАРИВЧЛАХ УРД ХӨРШИЙН “ҮНЭГНИЙ АВ”-ААС СУРАЛЦЪЯ
 

Авлигын гэмт хэрэгт том жижгийн ялгаа үгүй. Яг л бар, ялааг үл хамааран барих урд хөршийн “Үнэгний ав” шиг ажилламаар байна. Ян Жинхуныг яаж баривчилсан яг л түүн шиг гаднын оронд орогнож байгаа оффшорчдоо барьж авчирвал яасан юм. Авлигатай тэмцэж байгаа ажлаа бодит болгохын тулд болж өгвөл улс төрийн ашиг хонжоогоор бус хууль дүрмийн шударга зарчмаар ажиллах хэрэгтэй санагдана.

Манай улсад авлигачидтай хэрхэн тэмцэж байна вэ. Тэр тусмаа авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг хэрхэн шийтгэж байна вэ. Ар, араасаа ундран гарах дээрх асуултын хариулт даанч ичмээр. Доогуур түвшний авлигачдад нь ял оноодог ч Өршөөлийн хууль, шүүхийн шат дамжлагаар явсаар байгаад цагаадаж орхидог.

Харин авлигад холбогдсон томоохон албан тушаалтнууд нь хил дамнаад алга болоод өгдөг. Тэдний ардаас сураг тавьдаг эсэх нь тодорхойгүй. Ёс гүйцээх мэтээр интерполд бүртгүүлж, эрэн хайж байгаа гэхээс өөр ажиллагааг АТГ-аас явуулдаггүй гээд хэлчихвэл буруудахгүй байх. Төрийн өндөр албан тушаалд байх хугацаандаа авлига, хээл хахууль, хууль бус бүхэнд холбогдсон этгээдүүд оргон зайлсныг олоод ирлээ гэсэн нь хэд билээ.

Хил даваад оргон зайлсныг нь олж авчирч чаддаггүй юм гэхэд дотоодод өрнөж байгаа хэрэгт холбогдогчдоо дорвитойхон шийтгэвэл яасан юм. Авлигын эсрэг тэмцлээ хатуухан сануулгатай явахгүй бол ял завшигчид авлига өгч, авсандаа амташсаар л байна.

Үүнийг гэрчлэх хамгийн тод жишээ бол авлигын эсрэг индексийн судалгаа. Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл" байгууллагаас Монгол Улсын “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцуулж, 2019 оноос зургаан байраар ухарсныг мэдээлж байсан. Энэ бүх үзүүлэлт нь өөрөө манай улсын авлигатай тэмцэх тэмцэл ямархан явж байгаад дүн тавьж буй хэрэг юм. Өдгөө амтай болгон “Хөгжлийн банк”-ны хэргийг ярьж байна. Чанаргүй зээлдэгчдийн нэрсийг зарлаж, нийгмээрээ шуугих болов.

Гэвч аль түвшинд, хэн гэдэг албан тушаалтанд хуулийн ямар хариуцлага оноох нь эргэлзээтэй. Нөгөө л улс төрийн зорилготой, ашиг хонжоо хайсан эрх мэдэлтнүүдийн ээлжит “хөзөр” байхыг ч үгүйсгэхгүй дүр зураг эхнээсээ харагдах болов. Ийм байдлаар явбал энэ улс оронд авлигатай тэмцэнэ гэдэг үлгэрийн далай болох нь тодорхой.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top