Ж.Батбилэг: Малын чанарыг сайжруулж, тоог нь цөөлөх бодлого барина

2022 оны 02 сарын 25

Хаврын улирал хэдийн гарч аймаг орон нутагт хаврын ажил ид өрнөж, мал төллөж эхэлж буй. Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал үржүүлгийн албаны дарга

Ж.Батбилэгээс цаг үеийн тодруулга авлаа.


-Энэ жил харьцангуй дулаан өвөл болсон. Дундговь аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал ямар байсан вэ. Малчид маань хаагуур өвөлжиж байв?

-Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн эцсээр 3.1 сая толгой мал тоолуулсан, 7600 гаруй малчин өрхтэй, 2021-2022 оны мал аж ахуйн үржлийн бэлтгэл ажлыг 80 гаруй хувьтай хангасан.  Өнгөрсөн онуудыг бодвол энэ жил өвөлжилт сайхан болж өнгөрсөн.  Аймгийн хэмжээнд цас бага орсноос хардуухан өвөлжлөө. Энэ өвөл, хавар 8900 гаруй өрхийн 5.1 сая мал өвөлжиж, хаваржиж байна. Өөр аймаг, сумын нутагт 28 өрхийн 180 мянган гаруй  мал оторлолоо. Бусад аймагт манай аймгийн 112 өрхийн 75 мянган мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 36 өрхийн 16 мянган мал отроор өвөлжиж, хаваржиж байна. Өвөл нь өнтэй сайхан орсон ч хавар жаахан хүндхэн байж мэднэ. Тиймээс малчид маань анхаарал сэрэмжээ алдахгүйг хичээх хэрэгтэй.

-Энэ хавар хэдэн толгой хээлтэгч мал төллөх вэ. Мал төллөлт хэдэн хувьтай явагдаж байна даа?

-Манай аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар мал төллөж эхлээгүй байгаа. Цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай, бусад орон нутагтай харьцуулахад хадлан, тэжээл бэлтгэх боломж тааруу байдаг. Ийм шалтгаанаас болж гуравдугаар сарын 05-наас хойш мал төллөх ажил эхэлнэ. Манай аймаг нь энэ жил нэг сая орчим эх мал төллөх статистик үзүүлттэй байна. Малчин айл өрхүүдийн хувьд мал төллөх бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа.

-Дундговь аймагт бэлчээрийн даац хэтэрсэн, бэлчээрийн хүрэлцээ муутай. Өнгөрсөн жил гэхэд бэлчээрийн хүрэлцээ 30 гаруй хувьтай гэсэн судалгаа байна. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой юу?

-Өнгөрсөн оны гуравдугаар сарын 13, 25-нд манай аймагт нийт нутгийг хамарсан шороон шуурга, аюулт үзэгдэл болж олон мал хорогдож, хүний амь хохирсныг бүгд мэдэж байгаа байх. Шороон шуурганы улмаас бэлчээрт хохирсон хохирлын үнэлгээг НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр ХААИС, МААЭШХ-ийн эрдэмтдийн баг манай аймагт ажиллаж, үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр бэлчээрийн талбайн 60 гаруй хувь нь элсэн бүрхүүл тогтсон, эвдрэл үүссэн, бэлчээрийн ургамлын төрөл зүйл цөөрсөн, бэлчээрийн талбайн шимт чанар буурсан гэх мэт үзүүлэлтүүд гарсан. Тэгэхээр бэлчээрээ хамгаалж байж л бид бэлчээрийн мал сүргээ өсгөнө шүү дээ.

Түүний тулд малынхаа чанарыг сайжруулж, тоо толгойг нь цөөлөх бодлого барина. Түргэн өсөлттэй хээлтүүлэгчээр хээлтүүлж буй мал сүргийг орон нутгийн мэргэжлийн байгууллагын хяналт дор чанартай зохион байгуулснаар дотоодын зах зээлийн мах, сүүний хангамжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг бууруулах ач холбогдолтой.

-Говийн аймгуудад хаваржилт хүндэрч болзошгүй гэж та ярилаа. Сумдад олгох нөөцийн өвс тэжээл хэр хангалттай байгаа вэ?

-Сумдын Засаг дарга нарын мэдээлснээр  малчдын бэлтгэсэн өвс тэжээлийг хэрэглэж байгаа. Засгийн газрын тогтоолоор урьдчилсан өвс тэжээлүүдийг аймаг сумдад 80 гаруй хувьтай хангасан. Малчдын хурааж авсан өвс тэжээл элбэг байгаа учраас нөөцийн өвсийг хэрэглээгүй байгаа. Өнгөрсөн жилийн хавар гамшигт үзэгдэл болсон шиг үйл явдал тохиолдохгүй бол энэ хавартаа тэжээлийн хомсдолд орохгүй байх.

С.СҮХБАТ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top