Сургуульд сураад ер нь хэрэг байна уу гэж бодох үе хүн болгонд л байдаг биз ээ. Яг ийм бодол зарим багшаас болж хүүхэд насны минь үзэл бодолд бат сууж эхэлсэн юм. Харин жинхэнэ багш гэж хэн байдгийг, багш хүн шавьдаа юу үлгэрлэх ёстойг түүнээс л анх олж, харж, мэдэрсэн юм. Анх утсаар яриад танд шүлгүүдээ үзүүлж болох уу хэмээн асуугаад, Улаанбаатарт урагшгүй хэдэн шүлгүүдээ барин очиход тосч авч уншаад, тоож зөвлөсөн анхны хүн минь. “Жаахан уншчихвал муугүй л юм” гээд ёжтойгоор инээхэд нь учиргүй шар гозойсон ч хэлэх үг толгойд буухгүй хүлээн зөвшөөрсөн анхны ялагдлаа түүнээс л авч байлаа.
СУИС-д орох шалгалт өгөх гэж байхад утсаар яриад "Хэд хэдэн сэдвийн нэр өгөөд” бичиж ирнэ шүү. Бэлдэж байгаарай сайн юм хүлээж байгаа шүү гэхэд нь баярлан догдолсон анхны сэтгэгдэл минь. Бас тэр хэрээр сандран бичих зүйлсдээ төвлөрч байсан бяцхан ухааныг минь тэлэхэд тусласан энэ хүнтэй учирсанаа азтайд тооцно. СУИС-ийн гадаа шалгалт өгөхөөр ирээд хүлээж чаддаггүй ойворгон зангаараа түрэмгийлж
-Утасны цаанаас та хаана байна шалгалт чинь ямар удаан эхэлдэг юм бэ гэхчлэн баахан том дуугарч шалгалтандаа нэг юм ороход инээмсэглээд бичсэн нооргийг минь төвөгшөөлгүй уншиж, түгдрэлгүй засдагт нь үнэхээр их дурлаж билээ. Өөрийгөө бодсон увиагүй зан минь тэр байжээ. Авьяастай гэж бодчихсон хөөрцөглөж явжээ. Онгироо сагсуу зангаа дарж ядан тэнэгийн дотор уужуу тэнцвэрээ олохгүй тэнүүчилж явлаа. Олон, олон шавь нараа Улаанбаатарын гудмаар инээмсэглэн ар араас нь дагуулан явдаг П.Батхуяг багш минь яруу найраг гээд ярихаар л нүд нь гэрэлтээд харааны шилэнд нь ойх шиг санагддаг тийм тунгалаг харцтай нэгэн. Уран зохиол гээд ярихаар л учиргүй догдолж орчноо мартдаг тийм гэгээн. Нүдээ аниад л сайхан шүлгийг мэдрэх гэж оролдох нь мөдхөн нисэх гэж буй шувуу мэт... Сүр бараанд нь дарагдан хотын гудмаар алхахад сүүдэртэй газар хүртэл гэрэлтэж байх шиг санагддагсан. О.Дашбалбар багшийнхаа тухай ярихаар нулимс нь цийлгэнэж ирээд л “...Гэгээн наранд ойрхон өслөө би...” намуухнаар дуулах нь энэ хүний хайрлан энэрхүйг, өдөржин суугаад ч уран зохиолын тухай ярьж чадах амь халуун сэтгэл нь ямар яруухан, ямар гэгээхэн дотортойг илтгэнэ. Хайр гэж юу байдгийг төмөр зүрхтнүүд даанч ойлгохгүй. Тэр хүрэл зүрхтэй болохоор л асан дүрэлзэж , хайлан урсаж заримдаа бүр дэндүү их даардаг байх гэж би бодно...
Махны худалдаачин шиг яруу найрагчдын дунд
Шүлэг бичих “дэндүү хэцүү”-г мэдэрсэн хүрэл зүрх л түүнд байдаг болохоор дэргэдээс нь хүмүүс холддоггүй болов уу. Хажуунаас нь шувууд халин нисдэг болов уу.
Хичээлээ хааяа хэнэггүйхэн тасалчихдаг манай ангийнхан багшийн хичээлд л бүгд шимтэн, шимтэн сууна. Анх Ч.Лодойдамбын “Дусал нулимс юу гэж хэлсэн бэ” өгүүллэгийг нэг амьсгаагаар бүр , өөрөө жүжиглэн байж ярихад нь утга зохиолын багш гэж ийм л байдаг болов уу. Зүрх сэтгэлд минь урмын галыг бадраасан болохоор жинхэнэ багш гэж энэ хүнийг л хэлэх байхдаа хэмээн бодогдоно. Одоо ч тэр бодол минь хэвээрээ.
Нэг өдөр сургуулийн гадаа Б.Ууганбаяртай зогсож байтал багштай тааралдаад, жаал, жуул юм ярьж алхалсаар Их дэлгүүрийн гадаа ирэхэд
-Та хоёр манайд очиж ном үзэхгүй юм уу гээд уриалагхан урьлаа. Хэн түүн шиг өргөө гэртээ хүртэл дагуулан очиж, өөр ертөнцийг таниулахын тулд тийм их хичээх вэ. Олон ч хүмүүст шүлгээ, бичсэнээ үзүүлхэд засаж өгдөг ч зааж сургах гэж тэгж их хичээж байхыг нь олж харж байсангүй. Гэрт нь ороод өөрийнх нь өрөө лүү ороход ханаа дүүртэл өрсөн ном нь сэтгэл зүрхийг ямар их баясгаж байсан гэж санана. Хүн дуртай зүйлдээ ямар их цаг хугацааг хэрхэн зарцуулж байж амжилтанд хүрдгийг ойлгох мэт. Удтал сууж дэвтэр дээрх шүлгүүдээ эрээн цоохор болтол цохлуулсаны эцэст Д.Баттогтох, Х.Нямхишиг, Г.Баяр гэх мэт өөр бас олон хүний шүлгийн түүврийг өгөөд эд нарийг уншаад үзээрэй "ондоо шүү" гэж хэлэхдээ нэг л аз жаргалтай хэрнээ одоо ч миний харах дуртай инээмсэглэлээр инээсэнсэн. “Миний сэтгэл рок” “Зүүднээс ирлээ” “Үйлийн үрийн байшин” “Хүрэл зүрх” гэх зэрэг тууж өгүүллэгүүд болон “Хүний хүрэм” зэрэг жүжиг нь өөрийн гэсэн өнгө аястай өөрийн гэсэн ганцаардал мэдрэгдэх ба түүнээс нь сурах юм ихтэй гэдгийг надад аргагүй сануулна. Түүнээс хойш мөн ч олон удаа гэрийг нь зорьж шүлгүүдээ барин гүйсээр ямар ч байсан сайн бичидгүй юм аа гэхэд ялгаж танихтай л болсон юмдаг. Гол нь зүрх сэтгэл хэрэгтэй, чин сэтгэлээсээ хайрлаж чадсан хүн л ихийг хийдэг гэдгийг мөн мундаг зохиолч, нэг их том бүтээлч больё гэж хүсэхээсээ илүү хүн болохийг хүсэх ёстой гээд л энэ хоёр гурван жилийн хугацаанд юу эсийг заасан гэх вэ? Гагцхүү энэ бүхнийг түүний эрдэм мэдлэг биш хүрэл зүрх нь заасан юм. Хүрэл зүрхтэй хүний дэргэд, залуус инээмсэглэж хамт байх болгондоо суралцаж өөр өөрийнхөөрөө гэрэлтэж чаддаг болов уу.
Хүрэл зүрх хөрөхийг анх удаа би тэр л өдөр харсан юм. Багшийн “Жүжгийн зохиолын онол хичээл” дээр Д.Намдагийн “Ээдрээ” жүжгийг задалж ирэхийг аль эрт сарын өмнөөс задлах даалгавар өгсөн ч залхуудаа ч юм уу, жүжгийнхээ ээдрээнд төөрөлдсөндөө ч юм уу хийж чадахгүй явсаар эцэст нь дэвтрийн гол цаасан дээр нэг муу бичсэн болоод өгч билээ. Гэтэл түүний нүдэнд тийм догшин харц байдгийг анх хараад айх гайхах зэрэгцсэн билээ. Манай ангийнхан маргааш нь бүгд л сандарцгаан багшийн өрөө рүү нэг нэгээрээ орж байлаа. Тэгэхэд ангийн нэг хүүхэд бусад багшийн хэлсэн үг “энэ рүү ордог” гээд толгой руугаа зааж Батхуяг багшийн үг ийшээ ордог гээд зүрхрүүгээ заахад үнэхээр маргаангүй үнэн санагдаж билээ. Бүгд орсоор орсоор удалгүй миний ээлж ирлээ. Бичвэрийг аваад ир гээд харж сууснаа аваад очиход цаасийг минь барьж аваад нүүр нүдгүй ороолгож
-Хэнийг хуурч байгаа юм бэ, Эцсийн эцэст хэн болох юм гээд л сануулаад ч байгаа юм шиг зандраад ч байгаа юм шиг байж байснаа “өнөөх цаасан дээр минь "Хууран мэхэлж амьдрах хүсэл” гэж бичээд гурван мянган үгтэй эсээ бичэж ирэх даалгавар өгөв. Би ч долоо хоногийн дараа бичээд бариад л очлоо. Бичсэн эсээг минь уншчихаад юу ч дуугаралгүй явлаа. Дараа нь дүн гарах өдөр дүнгээ хартал өндөр оноо авсан харагдав. Яах аргагүй өндөр оноо. Яагаад юу ч хийж ирээгүй хүнд ийм өндөр оноо тавьдаг билээ гэж удаан бодсоны эцэст хариулт нь дүн чухал биш гэдэг л байв. Түүнд чин сэтгэлээсээ уран зохиолд дурладаг хүн хэрэгтэйг л юу юунаас илүү мэдэрлээ. Яг өөр шиг нь тийм хүн. Хэчнээн гомдсон ч уучилж чаддаг. Хэчнээн муудсан ч эргээд сайн санаж инээдэг. Бодсон бүхнээ шуудхан илчилдэг “хүрэл зүрх юм гэдгийг ухаарч” өөрийнхөө хувьд зүрхний нээлтүүд хийж эхэллээ.
Хүн байхын гайхамшгийг мэдрүүлсэн
Хүч чадлаа надад хайрла... Д.Галсансүхийн шүлэг шиг, яг зүрх сэтгэл, хүнийг хайрлах хайр гэх зүйлсийг түүнээс цаг ямагт суралцсаар л байна. Хүн болгоны дотор цохилох зүрх болгон өөр гэдгийг таньж л явна. Энэ замд мөн ч их цаг хугацаа байгаа. Тэр зам минь түүнтэй холбогдоод л гэрэлтэн гялбасан юм шиг.
Яруу найргийн наадам элдэв цуглаанд очдоггүй багш минь залуучуудын цугласан газар давхиж л явна. Тэдэн дундаа суугаад шүлгээ уншиж, шүлгийг нь дэнсэлж суугаа нь хайрламаар. Дэвтэрийг нь авч засаж суухдаа чанга дуугаар уншаад засч, таалагдсан мөрөө балаар дугуйлан зогсохдоо энэ бүхний төлөө л төрсөн юм шиг инээмсэглэн байна. Бусдын төлөө гэх сэтгэл, зорилгодоо хүрэхийн тулд ямар уйгагүй байх ёстойг, хайрласан шиг хайрлаж, хийсэн шиг хийхийг түүнээс л сурсан юм. Мэдлэгийг бол хэзээ ч сурч болно харин хүрэл зүрхтэй байхын урлагийг сурах гэж хүн насаараа хөдөлмөрлөдөг нь бишгүй. Р. Гамзатовын хэлсэнчлэн “Хүн хэлд орох гэж хоёр жилийг зарцуулдаг ч, дуугүй байхыг сурах гэж жаран жилийг зарцуулдаг” гэдэг шиг мэдэхийн тулд хүн өчнөөн цаг хугацааг үрдэг харин мэдэх тусам чимээгүй болсоор байдгийг ойлгоно. Зарим нь олж авч чадалгүй хорвоогоос явах нь ч бий. Харин тэр бусдыг хайрлан дагуулж, ухааран ойлгуулагч байлаа.
Чи хэтэрхий Батхуяг багшийг дагаж туйлширч байна гэж надад олон хүн хэлсэн л дээ. Гэхдээ л би түүний үзэл бодолд биш хүрэл зүрхний хайрлах урлагт суралцаж байсан юм. Төмөр зүрхийг яаж хүрэл болгодогт маргаангүй суралцсан юм. Хүрэл зүрх бол- ердөө л хайр шүү дээ. Хайрыг сурах ямар гайхамшигтай вэ. Хүн шиг хүн байж өөрөөсөө хайр шиг хайр цацраан явдаг нэгэн хэн бэ гэвэл “Тэр бол гарцаагүй, гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг”
Шавь Э.Батзолбоо
Сэтгэгдэл ( 5 )
❤️❤️❤️
bayrlalaa
hha
❤