Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 94 дүгээр бүлэг

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ГУАНЬ ШЭН ЖУРМААР ЯВЖ ГУРВАН ЖАНЖНЫГ ДАГУУЛСАН ЛИ КҮЙ ТЭНЭГЭЭР ОРЖ ОЛОН ХҮМҮҮНИЙГ ХААГДУУЛСАН

Өгүүлэх нь Сүн Жян Гайжоу фү-д сууж цэрэг морийг хоёр зам хуваасан хойно шавга бичиж, Лү Жюнь И хоёул хүж асаан тэнгэр сахиусанд наманчлан даатгаад нэгэн шавгыг татсанд зүүн зам хэмээн бичжээ. Лү Жюнь И-д баруун зам таарсан тул цас арилсан хойно мордохоор бэлтгэв. Сүн Жян бээр Хуа Рүн, Дүн Пин, Ши Энь, Ду Син зэргийн дөрвөн жанжинд хоёр түмэн шилсэн цэрэг өгч Гайжоу-г сахиулав. Удсангүй цагаан сарын шинийн зургааны өлзийт өдөр болсноо Сүн Жян, Лү Жюнь И хоёул тус тус цэрэг мордохоор бэлтгэж атал харуулын ард дотогш ирж Гайжоу фү-ийн харъяа Ян Чэн, Чинь Шүй хоёр газрын цэрэг ард дагахаар ирэв хэмээн мэдүүлэв. Үзвээс, энэ хоёр газрын цэрэг ард удаа дараагаар Тянь Ху-д хөнөөгдөн хавчигдахдаа арга буюу түүнийг дагасан бөлгөө. Эдүгээ тэнгэрийн цэрэг ирэв хэмээн сонсоод хоёр сянь-ий зуун овогтон гар хөдөлж Ян Чэн-г сахисан жанжин Коу Фү, Чинь Шүй-г сахисан түшмэл Чэнь Кай хоёулыг тус тус амьдаар барьж хөгшин залуусыг дагуулан хөнөгт дарс хонь үхрийг хөтөлж хотоо өргөхөөр ирсэн ажгуу. Сүн Жяних л баярлан хоёр газрын цэрэг ардыг илбэн тохруулж угийн ёсоор сайн иргэн болгоод Коу Фү, Чэнь Кай хоёулыг тэнгэрийн цэрэг ирсэн атал дагахаар ирсэнгүй хэмээн ял асууж тэргүүнийг нь цавчин туг тахиж, хулгайн хүмүүнд сүр үзүүлэв. Мөн өдөр хоёр замын их цэрэг хотын хойд хаалга гарсанд Хуа Рүн зэрэг олон хүмүүн үдэх дарс барив. Сүн Жян хариу дарсыг хэмнэж Хуа Рүн-д бариад: - Хулгайн цэрэг жанжин чиний барсын сүрээс эмээх бөлгөө. Энэ болбоос хотыг хамгаалан чадах баталгаа болой. Хэдий тийн хэмээвч хотын хойд этгээдэд хулгайн цээг байхуй тул хэрвээ хулгайд тохиовоос угтан байлдаж цөсийг нь хэмхлэн урагш түрэн орж чадахгүй болгогтун хэмээхүйеэ Хуа Рүн за хэмээн захиаг хүлээв. Сүн Жян бас архи хэмнэж Лү Жюнь И-д бариад: - Энэ өдөр цэрэг мордох үед чив хэмээн Ян Чэн, Чинь Шүй хоёр газрыг олсон баярт тохиолдов. Энэ хоёр газар төвшин болсон тул мэргэн дүү эрхгүй цэрэг морийг авч шууд Жинь Нин-г байлдан эрт өдөр цэргийн гавъяа бүтээж, хулгайн түрүү Тянь Ху-г амьдаар барьж, эзэн төрд хүчлэн зүтгэж баян эрхинийг хамтаар эдэлсүгэй хэмээвээс Лү Жюнь И өгүүлрүүн: - Эрхин ахын сүрээр энэ хоёр газрыг байлдсангүй олов. Цэргийн цаазыг хүлээсэн тул ямар аймшиггүй хүчлэн зүтгэхгүй аж! хэмээв. Сүн Жян Сяо Ран-г дуудаж урагш өдрийн Сюй Гуань зүгийн өргөсөн газрын зургийг бас нэгэн хувь үйлдүүлж Лү Жюнь И-д өгөөд харъяа цэрэг жанжныг гурван зам хувааж Линь Чүн, Со Чао, Сюй Нин, Жан Чин-д нэг түмэн цэрэг өгч хошууч болгон илгээгээд Сүнь Ли, Жү Түн, Янь Шүнь, Ма Линь, Шань Тингүй, Вэй Дингуо, Тан Лун, Ли Юн-д бас нэг түмэн цэрэг өгч хайгуул болгон өөрийн биеэр цэргийн багш Ү Юн жич үлдсэн жанжны хамт гурван түмэн цэрэг авч дундад цэрэг болон гурван замын таван түмэн цэрэг жанжин зүүн хойд зүг мордов. Дэд Сянь фэн Лү Жюнь И ба Сүн Жян, Хуа Рүн нараас аяарлан салж өөрийн харъяа дөчин жанжин, таван түмэн цэргийг дайчлан баруун хойд зүг мордов.

Хуа Рүн, Дүн Пин, Ши Энь, До Син нар Сүн Жян, Лү Жюнь И-ээс салан хотод орсон хойно Хуа Рүн цааз зарлан хотоос хойш таван газрын үзүүр хоёр цайз байгуулан Ши Энь, До Син хоёулд тус тус таван мянган цэрэг өгч, холховч нум галт зэвсгийн зүйлийг бэлдэж, цэрэг буудаллан хулгайн хошууч цэрэгт тохиолдвоос угтан байлд хэмээн захиад хотын зүүн баруун этгээдэд бас нууц цэрэг бүгүүлэв. Гао Пин-ийн газрыг угаас Ши Жинь, Мү Хүн хоёул сахиж, Линжоу-ын газрыг Ли Ин, Чай Жинь хоёул хамгаалан, Вэйжоу фү-д цэргийн багш Гүн Сүньшэн, Гуань Шэн, Хү Яньжуо нар тус тус сахиж суухыг үзэх мэргэд түр тэмдэглэж агтун.

Өгүүлэх нь Сүн Жян гурван замын цэрэг морийг хөдөлгөж Гайжоу хотоос гучин газрын үзүүр гараад нүд өргөн үзвээс өмнө биед нэгэн их уул харагдмуй. Ойр хүрч ирээд үзэхүл энэ уул этгээд гайхалтай. Уул ууланд таарахгүй уг сонин уул ажгуу. Үзвээс:

Түмэн давхар шовх оргил загасан хайрс мэт залгалдаад

Тоолшгүй халил хад галуун сүрэг адил холболджээ.

Дүндийн сэхийн асга сарьдаг хот балгасанд адил,

Тэнгэрийг шувталсан нарс майлсанд хөх үүл хөвөлзжээ.

Сүн Жян хараахан энэхүү уулын үзэмжийг гайхан үзэж атал Ли Күй хуруугаар өмнөш зааж: - Энэ уулын өнгө үзэмж урагш өдрийн зүүдэнд тохиолдсон тэр уул лугаа огт ялгаагүй хэмээхүйеэ Сүн Жян шинэ дагасан жанжин Гэн Гүн-г дуудан: - Жанжин чиний бие энэ газар сууж удсан тул эрхгүй энэ уулын уг үүсгэлийг мэдэх буй за. Урагш өдрийн Сюй Гуань Жүн- ийн өргөсөн зургаас үзвээс Фан Шаньгазар Гайжоу хотын зүүн зүг байх бөгөөд энэ уулын нэрийг Тянь Ти Лин хэмээх бөлгөө хэмээхүйеэ Ли Күй өгүүлрүүн: - Зүүдэнд тохиосон тэр бичгийн хүмүүн бас Тянь Ти Лин хэмээн хэлсэн боловч би тас умартжээ хэмээв. Гэн Гүн өгүүлрүүн: - Энэ уулын нэрийг үнэхээр Тянь Ти Линь хэмээх бөгөөд хад чулууны хэлбэр нь хот мэт тул эртний хүмүүн энэ газар цэрэг далдалсан хэмээмүй. Орчим энэ газрын хүмүүн бас уулан дотор хувилгаан илэрч, шөнийн гүнд хадны завсраас үүр улаан гэрэл цацармуй хэмээн хэлэлцмүй. Хааяа заримдаа төлгөчин эр хадны хажууд эчвээс хамарт анхилуун үнэр үнстмүй хэмээн хэлэлцэх бөлгөө хэмээсэнд Сүн Жян: - Ийн бөгөөс түв хэмээн Ли Күй-ийн зүүдэнд нийлэв хэмээгээд цэрэг морийг шаардан жаран газрын үзүүр гарсан хойно хүрээ буудаллав. Энэ мэтээр олон цэргийг шаардан замнасаар нэгэн өдөр Ху Гуань боомтын өмнө хүрч ирсэн тул боомтоос таван газрын үзүүр цацар майхан цогцолж цэрэг морийг буулгав.

Угт энэ Ху Гуань боомт болбоос өндөр уулын зүүн хормойд байхуй бөгөөд түүний хэлбэр дэвэр мэт тул эртний Хан улсын үед энэ газар боомт цогцолж нэрийг Ху Гуань боомт хэмээн дууджээ. Ху Гуань боомтын зүүн доор Бао Дү Шань хэмээх нэгэн их уул байх бөгөөд Ху Гуань Шань лугаа хормой нийлэн залгалджээ. Энэ Ху Гуань боомт түв хэмээн хоёр их уулын дунд сэхийн сүндэрлэж Жао Дэ хотоос наян газар зайтай байх бөгөөд тэр газрын чухал боомт болмуй. Эдүгээ Тянь Ху-ын гар доорх найман жанжин гурван түмэн шилсэн цэрэг авч энэ боомтыг сахиж суумуй. Энэ найман жанжин хэн хэмээвээс:

Шань Ши Чи, Лу Хүй, Ши Дин, Ү Чэн, Жүн Лян, Юнь Зүн Ү, Ү Сү, Жу Жин

Өгүүлэх нь Шань Ши Чи болбоос угт Чиньжоу фү-ийн сурвалжит өрхийн хүүхэд бөлгөө. Хүч чадал хүнээс хэтийдэж, бялуу шийдэм бүжиглэхүйд цагаарчээ. Хүмүүн алж хэрэг гаргаад ялаас зайлж Тянь Ху-г дагажээ. Хожим хэдэн зэрэг цэргийн гавъяа байгуулсан тул Тянь Ху түүний цэрэг морийг захирах дүжянь түшмэл өргөмжилжээ. Энэ хүмүүн дөчин жин хүнд төмөр шийдэм хэрэглэх бөгөөд зэвсгийн эрдэмд нэвтэрсэн ажгуу. Тянь ХҮ Сүн улсын хаан Сүн Жян-г Сянь фэн болгон цэрэг морь өгч дайлахаар илгээв хэмээн сонсоод тухайлан Шань Ши Чи-д нэгэн түмэн шилсэн цэрэг өгч Лу Хүй нарын хамт Ху Гуань боомтыг сахиулсан бөгөөд цэрэг морийг захирах үйлд зүй зохисыг үзэж айлтгалгүйгээр өөрийн дураар шийтгэ хэмээн захижээ.

Түүнээс Шань Ши Чи захиаг хүлээн Ху Гуань боомтноо ирээд Гайжоу фү-г нэгэнт алдав хэмээн сонсоод Сүн улсын цэрэг морь эрт орой эрхгүй боомтыг байлдахаар ирмүй хэмээн бодож өдөр бүр цэрэг морийг боловсруулан угтан байлдахаар бэлтгэв. Нэгэн өдөр харуулын ард нисэх мэт довтлон ирж Сүн улсын цэрэг морь боомтын өмнө таван газрын үзүүр хүрч ирээд цацар майхан цогцолж цэрэг буудаллав хэмээн мэдүүлсэнд Шань Ши Чи жигүүрийн жанжин Ши Дин, Жу Жин, Жүн Лян нарыг дуудан бие хуяглан морь эмээллэж нэгэн түмэн цэрэг дагуулан боомтоос гарч Сүн улсын цэргийг угтан жагсаал жагсав. Хоёр этгээдийн цэрэг морь жагсаал жагссан хойно тус тус зэв харвуулан жагсаалын хөлийг хамгаалуулж барсын хэнгэрэг дэлдэн туг хиур сажилсанд, хойд цэргийн жагсаалаас туг дэлгэмэгц нэгэн жанжин морь хийсгэж жагсаалаас гарав. Түүний хуягласан байдлыг үзвээс:

Гардийн далавчит гэрэлт дуулгыг тэргүүнд дарж, загасан хайрст ган хуягийг биедээ хэдэрчээ. Хэмэрлэг торгон улаан магнагт цэцгийн салааг шаглан, арслан магшсан хасын бүсийг бэлхүүсэндээ бүсэлжээ. Хүрэл төмрийн хүнд шийдмийг хүчит гарт хөшин, хөх саарал эрдэнийн хүлэгт дөрөө өшиглөн суужээ. Ху Гуань боомтыг сахихаар ирсэн их жанжин, хуяг цэргийг захирах дүжянь түшмэл энэ буюу.

Түүнээс Шань Ши Чи жагсаалын өмнө гарч өндөр дуугаар зандан өгүүлрүүн: - Уст нуурын урвасан хулгай ямар аюулгүй манай хязгаарт халдмуй хэмээхүйеэ ирвэсийн тэргүүт Линь Чүн морь довтлон жагсаалын өмнө гараад: - Сөргүүд тусалсан уульхай боолыг үз! Тэнгэрийн цэрэг хүрч ирсэн атал бас дэмий л эсэргүүцэх нь юун? хэмээн зандарч жан ба мао жадыг мушгин морь хийсгэж Шань Ши Чи-г угтан оров. Хоёр жанжин хүлэг морийг ташуурдан хурц зэвсгийг өргөж хойш урагш зөрөлдөн хорин хэдэн хос болтол дийлэн дийлэгдэх ялгарахгүйд Линь Чүн дотроо сэмээр гайхаж атал хоёр этгээдийн цэргийн ард ус цалгилан уул нурах мэт бархиралдан үүсгэхүйеэ Жу Жин бээр Шань Ши Чи-ийн дийлэн чадахгүйг үзээд илд бүжиглэн өмөглөн байлдахаар ирснээ өдгүй сумт Жан Чин бас морь тавьж угтан оров. Дөрвөн жанжин хоёр хос хүлэг морь хойш урагш зөрөлдөн үүсгэхүйеэ Жан Чин бээр Жу Жин лүгээ хорин хэдэн удаа болж хүч мөхөстөж хүлгийн жолоо даран буруулж эчив. Жу Жин морь ташуурдан нэхэж иртэл Жан Чин хэдийн урт жадыг эмээлийн бүүрэгт хөшиж, хэмэрлэг уутнаас чулуун мөхлөгийг шүүрэн аваад бие хэлбийж Жу Жин- ийн гал магнайг заан "зэвсэг үз! хэмээн цохиж илгээсэнд чулуун мөхлөг түв хэмээн Жу Жин-ийн хамрыг онож улаан цус урсган мориноос өнхрөн унав. Жан Чин хүлгийн жолоо эргүүлэн жад сунгаж иртэл Ши Дин, Жүн Лян хоёул зэргээр гарч үхэн байлдаж Жу Жин-г тэнхрүүлэн аваачив. Ху Гуань боомтыг сахисан цэргийн ард нэгэн жанжин автагдсаныг үзээд эндэл гарч болуузай хэмээн харанга цохиж цэрэг хураав. Сүн Жян бас харанга цохин цэргийг хурааж цайзнаа эгсэн хойно цэргийн багш Ү Юн-ийн зүг өгүүлрүүн: - Энэ өдөр хулгайн нэгэн жанжныг занчин унагаж түүний цэргийн сүрийг баахан дарав. Миний үзэхэд уулан бартаа үлэмж дээр боомтыг сахих нь бат нот тул ямар арга үүсгэвээс сая боомтыг олж болмуй? хэмээхүйеэ Линь Чүн хажуугаас өгүүлрүүн: - Ирэх өдөр миний бие цэрэг авч боомтыг хаан өдөөн байлдаж эрхгүй хулгайн жанжныг алсугай. Олон ах дүү нар хүч хамтатган үхэн байлдагтун хэмээхүйеэ Ү Юн өгүүлрүүн: - Жанжин чи хөнгөнөөр орж болохгүй! Эртний Сүнь Ү Зи-ийн цэргийн бичигт өгүүлсэн нь : “Дийлж эс чадваас сахимуй, дийлэн чадваас довтолмуй” хэмээжээ. Ийнхүү хулгайг эс дийлсэн тул бид бэхлэн сахиваас зохимуй. Дайсныг дийлсэн цагт сая довтлон байлдваас зохимуй хэмээхүйеэ Сүн Жяних л баярлаж: - Цэргийн багшийн үг ёсонд маш нийлмүй хэмээв.

Жич өдөр Линь Чүн, Жан Чин хоёул урагш ирж цэрэг авч өдөөн байлдсугай хэмээн Сүн Жян-д гуйснаа Сүн Жян сургаж өгүүлрүүн: - Боомтын гадуур нааш цааш өдөөн байлдагтун. Боомтын дотор хөнгөнөөр орж болохгүй хэмээгээд Сюй Нин, Суо Чаохоёулыг дуудан цэрэг авч өмөглөн байлд хэмээв. Төдийд Линь Чүн, Жан Чин хоёул таван мянган цэргийг дагуулан боомт доор хүрээд луу цагаас морин цаг болтол туг сажлан хэнгэрэг дэлдүүлж зуун зүйлээр гутаан харааж өдөөн байлдуулавч боомтын дотор огт чимээ үгүй тул хоёул цэргийн хураан цайзнаа эгсүгэй хэмээтэл гэнэт боомтын дотроос үхэр буун дуу гарч хаалга нээн их жанжин Шань Ши Чи бээр Ү Сү, Ши Дин, Ү Чэн, Жүн Лян зэрэг дөрвөн жанжныг авч хоёр түмэн цэрэг дагуулан алахаар ирэв. Линь Чүн их л цочиж Жан Чин-ийн зүг өгүүлрүүн: - Хулгайн хоршоо манай цэргийн зүдэрснийг завшин байлдахаар ирэх тул бид хүчлэн байлдваас зохимуй хэмээхүйеэ цэргийн хойно асан Со Чао, Сюй Нин нар бас цэргийг дохиж өмнөш ирэв. Хоёр этгээд тус тус жагсаал жагссан хойно үг өчихгүй шууд хутгалдан байлдахуйяа Линь Чүн бээр Ү Сү-г угтан авав. Шань Ши Чи морь хийсгэж жагсаалаас гарахуйяа Жан Чин Ли Хуа Чян жадыг бүжиглэн угтан авав. Ү Чэн, Ши Дин хоёул зэвсэг эргүүлэн жагсаалаас гарсанд Суо Чаосаран сүхийг хурайлж морь тавин хоёр жанжныг тосон оров. Тэр үед хоёр этгээдийн хашхиралцах дуу тэнгэр тулж, долоон жанжны алах уур аюулхайд мандан зүүн барууныг занчин хойш урагш зөрөлдөхүйеэ улаан тоос огторгуй тулжээ. Хоёр этгээдийн жанжин хараахан зууралдан байлдаж байтал ирвэсийн тэргүүт Линь Чүн гэнэт их дуугаар зандарч Ү Сү-г жадлан мориноос унагасанд Ү Чэн, Ши Дин хоёул Ү Сү-ийн мориноос унасныг үзээд их л эмээн Со Чао-г тулан чадахгүй болсноо Ши Дин гэнэт хоосныг занчин морин жолоо дарж жагсаалын зүг буруулан эчив. Ү Чэн бээр Ши Дин-ийн дийлэгдсэнийг үзээд саран сүхийг зайлуулж бие буруулсугай хэмээтэл Суо Чаохэдийн саран сүхийг бүжиглэн нэгэнт цавчиж хоёр анги болгов. Шань Ши Чи хоёр жанжны дараа дараагаар автагдсаныг үзээд жолоо дарж буруулан эчтэл Жан Чин нэхэмжилж гүйцээд чулуун мөхлөгийг шүүрэн авч түүний галавыг заан занчин илгээсэнд чулуун мөхлөг Шань Ши Чи-ийн дуулгыг онон тингар хэмээх дуу гарснаа Шань Ши Чи их л эмээн эмээлийн бүүргийг тэврэн буруулан эчив. Жүн Лян яаран цэргийг дагауулж боомтон дотор орсугай хэмээтэл Линь Чүн цэргийг дохиж алан орсонд Шань Ши Чи- ийн цэрэг их л дарагдав. Шань Ши Чи цэргийг дагуулан амь тавин буруулж боомтод ороод хаалгыг бэхлэн сахиулж байлдахаар гарахгүй болов. Линь Чүн цэргийг дохиж нэхэн алсар боомтын доор хүрсэнд боомтон дээрээс зэв харвуулан хашив. Линь Чүн-ийн зүүн мөр самуун зэвд оногдсон тул боомтод орж чадсангүй цэргийг авч хүрээндээ ирсэнд Сүн Жян амьд оточ Ань Даочуань-ийг илгээж эмнэн засуулав. Завшаанаар Линь Чүн-ийн өмссөн хуяг зузаан тул зэвийн шарх дэмий хүнд болсонгүй.

Түүнээс Шань Ши Чи боомтод ороод цэрэг жанжныг бүртгэн үзвээс хоёр жанжин автагдаж хоёр мянган хуяг хохирсон тул жанжин лугаа зөвлөн нэгэнтээгүүр Вэй Шэн хотын жинь ванд хүмүүн зарж Сүн Жян-ын цэрэг чийрэг жанжин баатар тул тулан байлдваас болохгүй. Эрхин ван гавшгай жанжныг илгээж боомтыг сахиулан зовлонг арилгатугай хэмээн хэлүүлж, нөгөөтээгүүр Бао Дү Шань уулыг сахих Тан Бинь, Вэнь Жүн Рүн, Цүй Е нарт хүмүүн илгээж өдөр болзон цэрэг авч уулын зүүн энгэрээс тосож

Сүн Жян-ын хойныг сундлан, тэмдэг буун дууг сонсвоос би бас цэрэг авч боомт гараад хоёр этгээдээс хавчин байлдваас хулгайг эрхгүй дийлэх болой хэмээн хэлүүлж, бодлого тогтон боомтыг бэхлэн сахиад тухайлан Тан Бинь- ий чимээг хүлээхийг түр өгүүлэхгүй.

Өгүүлэх нь Сүн Жян бээр Ху Гуань боомтын бартаа үлэмж, яаран эвдвээс болохгүй тул хагас сар гаруй хүлээж нэгэн өдөр хараахан цацрын дотор зовнин сууж атал харуулын ард дотогш ирж Вэйжоу фү-г сахисан жанжин Гуань Шэн хүмүүн зарж нууц бичиг илгээжээ хэмээн мэдүүлсэнд Сүн Жян, Ү Юн хоёул яаран бичгийг тосон авч задлан үзвээс тэр бичгийн үг нь:

Бао Дү Шань уулыг эзэлсэн цайзын эзэн Тан Бинь болбоос угт Фү Дүн газрын цэргийн түшмэл бөлгөө. Хүмүүн нь баатар эрэмгий төв шударга тул угаас олдой хүмүүн лүгээ журмаар нөхөрлөжээ. Зальхай хүмүүнд хавчигдсан учраа нэгэн цагийн уураар өшөөт хүмүүнээ алсанд албан яамнаас нэхэн баривчлах шахам болсноо Фү Дүн газраас өмнөш зайлан Лян Шань уулыг түшихээр эчих замдаа энэ уулыг өнгөрөхүйеэ уулгалдан тоногдож, тухайд Тан Бинь тус цайзын түрүү Вэнь Жүн Рүн, Цүй Е лүгээ үхэн байлдсанд Вэнь, Цүй хоёр дийлэн чадахгүйгээ мэдээд түүнийг залж уулнаа аваачин цайзын эзэн болгожээ. Ноднин жил Тянь Ху бээр Ху Гуань боомтыг булаан авах цагт түүнийг дагуулан авсугай хэмээв. Тан Бинь хэдий дургүй боловч хүчин мөхсийг бодож арга буюу дагажээ. Эдүгээ Бао Дү Шань уулнаа сууж Ху Гуань боомтын анд хань болж өмнөх цэргийг сэргийлэх бөлгөө. Орчим өчүүхэн хүмүүн Вэйжоу газрыг сахин суухуйяа, цагаан сарын шинийн нэгний өдөр Тан Бинь өөр хүмүүнээс нуун ганц биеэр Вэйжоу-д ирээд сэтгэлийн зовлонгоо нэгэн зэрэг тоочиж, эрхин ахын өршөөл журмыг хүсэн мөрөөдөж, эрт өдөр эзэн төрд эелэн дагаад ах чиний цацрын доор гавъяа байгуулан ялаа тайлах санаагаа илэрхийлжээ. Тийнхүү өчүүхэн дүү Тан Бинь-ий хамт Бао Дү Шань уулнаа эчиж Вэнь, Цүй хоёр жанжинд золговоос үг өгүүлэл тодорхойн дээр огт бачлан мэхлэх төлөв үгүй, дуртайяа эелэн дагахыг хүсэж, болзоо тогтон боомтыг өргөж бие дэвших хариу болгосугай хэмээмүй хэмээжээ.

Төдийд Сүн Жян бичгийг дуудаж баруун цэргийн багш Ү Юн лүгээ зөвлөж цэрэг морийг хөдөлгөхгүй ганц боомт доторх байдал чимээг үзэж арга үүсгэн байлдахаар бэлтгэхийг түр өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь Шань Ши Чи хүмүүн илгээж Тан Бин-г сэмээр цэрэг гаргаж байлдагтун хэмээн хэлүүлсэнд зарсан ард хойш ирж мэдүүлрүүн: - Эдүгээ түв хэмээн аравдын саран маш гэгээн тул саран бүрхэг болсон хойно цэрэг орвоос хулгай мэдэхгүй болой хэмээхүйеэ Шань Ши Чи: - Маш зүйтэй хэмээн үгийг зөвшөөж арваад өдөр цэрэг гарсангүй. Сүн улсын цэрэг морь бас өдөөн байлдсангүй бөлгөө. Гэнэт нэгэн өдөр, Тан Бинь морьт цэргийг дагуулан Бао Дү Шань уулын араас боомтын зүг довтлон ирэв хэмээн мэдүүлэв. Удсангүй Тан Бинь боомтод орж Шань Ши Чи-д золгоод: - Энэ шөнийн гуравдугаар жингийн үед Вэнь Жүн Рүн, Цүй Е хоёулд нэг түмэн цэрэг өгч цэргийн ард хөнгөн хуяг өмсөн, хүлгийн хүзүүний хонхыг авч, Бао Дү Шань уулын зүүн доор бүгүүлэв. Тэнгэр гэгээрэх үед эрхгүй Сүн улсын цэргийн хүрээг дарахаар ирэх тул бид боомтоос цэрэг аван гарч өмөглөн байлдваас зохимуй хэмээхүйеэ Шань Ши Чи их л баярлан: - Хоёр талаас хавчин байлдваас Сүн улсын цэрэг эрхгүй дарагдах болой хэмээгээд архи авчруулж хүндлэн дайлав. Бүрий тасарсан хойно Тан Бинь боомт дээр гарч нэгэн зэрэг ажиглан үзээд: - Сонин болой, сарны гэрэлд үзэхүл боомтын гадна туршуулын цэрэг байх мэт хэмээгээд хажууд зогссон цэргийн ардын саадгаас хоёр зэв сугалан аваад боомтын гадна харван илгээв. Тэр үед түв хэмээн боомтыг эвдэх тохиол таарч Сүн улсын хэд хэдэн цэргийн ард Сүн Жян-ын зарлигийг хүлээж харанхуй сүүдэрт гэтэлхийлэн туршиж мэдээ авч асан ажгуу. Тан Бинь-ий харвасан зэв чив хэмээн нэгэн цэргийн ардын баруун гуяыг онож булчингийн махыг өвтгөсөн боловч зэв үгүй сум асан тул цэргийн ард их л гайхаж нарийвчлан үзвээс үзвээс зэвийн үзүүрийг хэмэрлэг торгоор давхар давхар ороожээ. Цэргийн ард үүнд эрхгүй өөр шалтгаан байхыг төсөвлөж мэдээд нисэх мэт довтлон цайзнаа орж Сүн Жян-д мэдүүлэв. Дэнгийн гэрэл доор Сүн Жян тэр зэвийг авч үзвээс үзүүрийг ороосон хэмэрлэг торгонд: Жич өдрийн гэгээ шарлах үед боомтыг өргөн барьсугай. Тэр үед Вэнь Жүн Рүн, Цүй Е хоёул цэрэг авч танай цэргийн хүрээний ард бүгмүй. Тэмдэг буу дуугарсан хойно би бас цэрэг авч боомтоос алан гарч хавсран байлдсугай хэмээх Тан Бинь-ий нууц бичгийг бичжээ. Түүнээс Сүн Жян Тан Бинь-ий нууц бичгийг үзэж бараад цэргийн багш Ү Юн-г залж цэрэг орох үйлийг зөвлөхүйеэ Ү Юн өгүүлрүүн: - Санаваас Гуань Шэн-ийн бичигт ташаа гарахгүй бөлгөө. Хэдий тийн хэмээвч хулгайн цэрэг манай ар талд бүгэх тул эс бэлтгэвээс болохгүй хэмээн Сүнь Ли, Жү Түн, Шань Тингүй, Вэй Дингуо, Янь Шүнь зэргийн таван жанжин нэг түмэн цэрэг авч тугийг эвхэн хэнгэргийг хурааж чимээ цуу гаргахгүйгээр цэргийн хүрээний хойд этгээдэд бүгэгтүн. Хэрвээ Вэнь Жүн Рүн, Цүй Еэ-ийн цэрэгт тохиовоос тэднийг цэргийн хүрээнд ойртуулж болохгүй. Манай цэрэг боомтыг олж тэмдэг буу тавиулан дохио өгсөн хойно ая цэргийн хүрээний ойр болгож болмуй. Сюй Нин, Суо Чаохоёул таван мянган цэрэг авч цэргийн хүрээний зүүн этгээдэд бүгэгтүн. Линь Чүн, Жан Чин хоёул бас таван мянган цэрэг авч цэргийн хүрээний баруун этгээдэд бүгэгтүн. Цэргийн хүрээний тэмдэг буун дууг сонсвоос хоёр замын цэрэг морь өмөглөн байлдаж цэрэг морийг нийлүүлэн боомтын зүг шувтлан байлд! Манай цэрэг гэнэт хулгайн зальт аргад гэнэдэгдвээс даруй өмөглөн байлдагтун хэмээхүйеэ Сүн Жян: - Цэргийн багшийн бодлого их л сайн хэмээн цэргийн цааз зарласанд олон жанжин захиаг хүлээж тус тус бэлтгэхээр эчив.

Түүнээс Шань Ши Чи боомтыг сахиж тухайлан Тан Бинь-ий хоёр мөрний жанжин цэрэг морийг дайчлан ирж Сүн улсын цэргийн хүрээний ард тэмдэг буу тавихыг хүлээж атал тэнгэр гэгээрэх үед боомтын өмнө тэмдэг буу дараа дараагаар дуугарав. Тан Бинь Шань Ши Чи-ийн хамт боомт дээр гарч бараалан үзвээс Сүн улсын цэргийн хүрээний ард улаан тоос дэгдэн туг хиур шугуй мэт ярайн харагдмуй. Тан Бинь өгүүлрүүн: - Эрхгүй Вэнь, Цүй хоёр жанжин цэрэг аван ирсэн тул боомт гарч өмөглөн байлдваас зохимуй хэмээхүйеэ Шань Ши Чи их л баярлан жигүүрийн жанжин Ши Дин-ийн хамт нэг түмэн шилсэн цэрэг авч буу тавин боомт гарсанд, Тан Бинь, Лу Хүй хоёул бас нэг түмэн цэрэг дагуулан хойноос өмөглөн байлдахаар мордож, Жу Жин, Жүн Лян хоёулыг үлдээн боомт сахиулав. Сүн улсын цэрэг боомтоос алан ирэхийг үзээд яаран хойш ухрав. Шань Ши Чи морь довтолгон цэргийн өмнө давхиж хумин ирэхүйеэ гэнэт үхэр буун дуу мандахын сацуу зүүн баруун этгээдээс хоёр багийн цэрэг морь зэвсэг эргүүлэн алан ирэв. Тан Бинь Сүн улсын хоёр багийн цэрэг морийг үзээд яаран морин жолоо эргүүлэн цэргийг дагуулж боомтын хаалган доор ирээд морин жолоо татаж урт жадыг хөндлөн атгаж зогсов. Шань Ши Чи, Ши Дин хоёул зүг зүгтээ зууралдан байлдаж атал Сүн улсын цэргийн хүрээнд үхэр буун дуу бас нэгэн зэрэг мандсанаа Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь нар бамбай халхавч барьан цэргийн ардыг дагуулж алан ирэв. Шань Ши Чи Сүн улсын цэргийн жанжны бэлтгэлтэйг үзээд яаран морин жолоо дарж боомтын зүг буруулан эчихүйеэ нэгэн их жанжин хүлгийн нуруунд хэнхийн сууж өндөр дуугаар: - Тан Бинь би энд хүлээж удав. Ху Гуань боомт хэдийн Сүн улсын харъяа болжээ. Хулгайн жанжин хурдан мориноос бууж дагагтун хэмээн бархирч урт жадыг эргүүлмэгц Жу Жин-г жадалж унагасанд Шань Ши Чи их л гэлмэж биеийн сүнс биед үгүй болоод арваад морьтныг дагуулан баруун зүгийг тэмцэж үхэхвэр байлдан буруулан эчив. Линь Чүн, Жан Чин хоёул хараахан боомтыг олсугай хэмээн яарах тул түүнийг нэхэмжилсэнгүй цэргийг авч боомтын зүг алан ирэв. Тэр үед Ли Күй бас гавшгай цэргийг дагуулан боомтын доор ирээд тэмдэг буу тавьсанд Тан Бинь бас боомт сахих цэргийн ардыг алж боомтыг булаан авав. Жүн Лян самуун цэрэгт алагджээ. Сюй Нин боомтын гадна байсан Ши Дин-г жадалж унагав. Шань Ши Чи- ийн цэрэг дөрвөн зүгт буруулан хуяг дуулгыг гээсэн нь тоолбоос барахгүй, хоёр мянгаад хүмүүн алагдаж таван зуугаад цэрэг баригдаж дагасан нь маш олон болов.

Түүнээс Сүн Жяних цэргийг авч дараа дараагаар боомтноо орсонд Тан Бинь мориноос бууж Сүн Жян-д мөргөн золгоод: - Тан Бинь би ялд унаад их Сянь фэн чамайг өршөөл журамтай хэмээн сонсож цэргийн хүрээнд дагахаар эчсүгэй хэмээсэн боловч таних хүмүүн үгүйн дээр уртад их Сянь фэн-ийн гэгээн нүүрт бараадсангүй тул эчиж чадахгүй бөлгөө. Энэ өдөр тэнгэр сахиусны ивээлээр Тан Бинь би их Сянь фэн-д олж бараадсан тул олдохул хүлгийн чинь өмнө ташуур өргөн үйлчилбээс нэгэн насны хүсэх санаа гүйцэх бөлгөө хэмээгээд өвдөг даран мөргөсөнд Сүн Жян яаран хариу ёс хийж түшин босгоод: - Жанжны биеэс төрд эелэн дагаж мунхаг хүмүүний хамт сөргүүг арилган түрэмгийг сөнөөвөөс эзэн төрд эгсэн хойно Сүн Жян би эрхгүй тэнгэрийн хөвүүнд айлтган мэдүүлж хүнд хишиг хүртээсүгэй хэмээв. Удсангүй Сүнь Ли зэргийн олон жанжин Вэнь Жүн Рүн, Цүй Е хоёулыг авч хоёр замын цэргийг дагуулан боомтын гадна ирээд дотогш уламжлуулсанд Сүн Жян Вэнь, Цүй хоёр жанжныг удирдаж дотогш оруул. Сүнь Ли нар олон цэрэг жанжныг авч боомтын гадна буудалла хэмээн захиа уламжлав. Удсангүй Вэнь Жүн Рүн, Цүй Е хоёул урагш ирж Сүн Жян-д ёслон золгоод: - Урагш өдрийн ерөөлөөр их Сянь фэн-д олж золгов. Бид хоёул дуртайяа жанжин чиний цацрын өмнө нохой морины хүчийг өргөсүгэй хэмээвээс Сүн Жяних л баярлан: - Хоёр жанжин арга гаргаж боомтыг өргөсөн нь цэргийн гавъяа бага бус, гавъяа тэмдэглэх дэвтэрт нэгд нэгээр илэрхийлэн бичүүлсүгэй хэмээгээд хуримын ширээ засаж Тан Бинь нарыг хүндлэн дайлж шинэ дагасан хоёр түмэн цэрэг, байлдаанд олсон мянга илүү агтыг тэгшлэн бүртгэхүйеэ олон жанжин бас тус тусын гавъяагаа мэдүүлэв. Сүн Жян олон жанжин жич хуяг цэрэгт шан тавьсан хойно Жао Дэ хотыг сахих цэрэг жанжин хэдий баймуй хэмээн Тан Бинь-ээс асуусанд хариу өчрүүн: - Хотод угтаа гурван мянган түмэн цэрэг асан бөлгөө. Ху Гуань боомтыг сахиулсугай хэмээн Шань Ши Чи нэг түмэн цэргийг шилэн авсан тул хоёр түмэн цэрэг үлджээ. Их бага жанжин нийт арван хүмүүн баймуй. Тэр арван хүмүүн болбоос:

Сүнь Чи, Е Шэн, Жинь Дин, Хуан Юай, Лэн Нин Дай Мэй, Вэн Күй, Ян Чүнь, Ню Гэн, Цай Зэ

Тан Бинь бас өгүүлрүүн: - Тянь Ху угтаа Ху Гуань боомтыг Жао Дэ хотын халхавч болгосон бөлгөө. Эдүгээ Ху Гуань боомтыг нэгэнт алдсан тул Тянь Ху-ын нэгэн мөр автагджээ. Тан Бинь би хэдий эрдэмгүй хэмээвч дуртайяа цэрэг авч Жао Дэ хотыг байлдахыг хүсмү хэмээхүйеэ Лин Цюань-аас дагасан жанжин Гэн Гүн бас дуртайяа Тан Бинь лүгээ хошууч болж эчсүгэй хэмээн мэдүүлсэнд Сүн Жяних л баярлан үгийг зөвшөөв. Сүн Жян Вэнь Жүн Рүн, Цүй Е хоёулын зүг өгүүлрүүн: - Та хоёул угаас Бао Дү Шань уулыг сахиж газрын байцыг мэдэхийн дээр барсын сүр хэдийн мандсан бөлгөө. Эдүгээ Сүн Жян би та хоёулд угийн харъяа цэргийг өгч Бао Дү Шань уулнаа суулгаж нэгэн этгээдийн халхавч болгосугай хэмээмүү. Сүн Жян миний бие цэрэг авч Жао Дэ хотыг байлдан авсан үед хоёр жанжин лугаа золгосугай. Танай хоёулын санаанд ямар буй? хэмээхүйеэ Вэнь Жүн Рүн, Цүй Е хоёул зэргээр өгүүлрүүн: - Их Сянь фэн-ий захиаг ямар аюулгүй зөрчиж болмуй! хэмээхүйеэ Сүн Жян дарс хэмнэж барьсанд Вэнь, Цүй хоёр жанжин дарсыг уун Сүн Жян-аас салж Бао Дү Шань уулын зүг мордов.

Жич өдөр Сүн Жян цацарт сууж Дай Зүн-г дуудан Жиньнин газар байхуй Лү Жюнь И-ийн тэнд эчиж цэргийн мэдээ аваад түргэн ирж мэдүүл хэмээхүйеэ Дай Зүн за хэмээн захиаг хүлээж эчив. Сүн Жян цэргийн багш Ү Юн хоёул Жао Дэ хотыг байлдах үйлийг зөвлөн тогтож олон цэрэгт цааз зарлан Тан Бинь, Гэн Гүн хоёул нэг түмэн цэрэг авч зүүн хаалгыг байлдахаар эчив. Со Чао, Жан Чин хоёул нэг түмэн цэрэг авч өмнө хаалганд байлд. Вэй Шэн хотоос өмөглөх цэрэг ирж, дотор гаднаас хавчин байлдваас ашиггүй тул баруун хаалганд байлдахгүй, Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь нар таван зуун цэрэг авч нааш цааш өмөглөн байлд. Сүнь Ли, Жү Түн, Янь Шүнь нар цэрэг авч боомтод ороод Фань Руй, Ма Линь нарын хамт Ху Гуань боомтыг сахин хамгаал хэмээн тус тус цааз зарласан хойно цэргийн багш Ү Юн лүгээ бусад жанжин нарыг авч их цэргийг хөдөлгөн Жао Дэ хотын өмнө арван газрын үзүүр ирж хүрээ буусныг түр өгүүлэхгүй.

Өгүүлэх нь Вэй Шэн хотын хулгайн дотоод явдлын яам Ху Гуань боомтыг сахисан жанжин Шань Ши Чи жич Жинь Нин-г сахисан жанжин Тянь Бяо хоёулын өмөглөхийг гуйсан бачим айлтгалыг олоод Сүн улсын цэргийн сүр хүч их тул Ху Гуань, Жинь Нин түгшүүртэй болов хэмээн Тянь Ху-д айлтган мэдүүлэв. Тянь Ху яаран харшид гарч олон хүмүүнийг цуглуулан цэрэг гаргаж өмөглөн байлдах үйлийг зөвлөхүйеэ тэргүүнд шар малгай зүүж, биедээ тогорууны зурагт дээл хэдэрсэн нэгэн хүмүүн олны сүргээс хэхэлзэн гарч урагш давшин ийн айлтгаруун: - Түшмэл би дуртайяа Ху Гуань боомтноо эчиж хулгайн цэргийг эгүүлсүгэй хэмээв. Тэр хүмүүний овог Чяо нэр Ле, Шаньши газрын Юань сянь-ий хүмүүн бөлгөө. Түүний эх бие шалтгаантай болсон хойно шарнууд чоно гэрт орж буга болон хувилав хэмээн зүүдэлж цочин сэрээд Чяо Ле төржээ. Чяо Ле найман наснаасаа бялуу шийдэм бүжиглэхэд мэргэшиж, Күн Түн Шань ууланд гарч эрдэмт хүмүүнд учран увдис эрдэм заалгаснаар салхи бороог урин, үүл хүдэнг хөлөглөж чадмуй. Хожим зорчин хэсэхээр Жоу Гүн сянь-ий эл сянь Шань уулнаа хүрч эрдэмтэн багшийг сурвалжлахуйяа хувилгаан багш Ло Жэнь Рэнь уулзсангүй. Бага шавийг зарж Чяо Ле-д: - Чиний бие солиу увдисыг сурсан тул нууц ёсыг ухахгүй бөлгөө. Хожим эрдэмтэнд учирч увдис чинь эвдэрвээс сая надад ирж золго хэмээн хэлсэнд Чяо Ле урамгүй эгж өөрийн увдист эрэмшин элдэв хоёроор үйлдэн явжээ. Чяо Ле увдис эрдэмд мэргэшсэн тул хүмүүн түүнийг "гажуу увдист багш хэмээн дуудмуй. Хожим Ань Дин Жоу-ын газар ирснээ тус жоу-ын Кан Ян газар бүхэл таван сар дусал бороо орсонгүй их л гандсанд жоу-ын яамнаас хэн хүмүүн бороо оруулж чадваас гурван мянган хэлхээ зоос шагнамуй хэмээн газар газар зар тунхаг тархаав. Чяо Ле зар тунхгийг шаалан авч мандалд авиран увдис үүсгэн их бороо оруулав. Жоу-ын ноён их бороо орсныг үзээд шан хишиг өгөх үйлийг санаанд авахгүй болов. Тэр үе түв хэмээн Чяо Ле-ийн бие илрэх тохиол таарчээ. Тус жоу-д нэгэн бүтэлгүй бичгийн хүмүүн баймуй. Овог Хэ, Нэр Цай, жоу-ын яамны сан хамаарах түшмэл лүгээ зузаан нөхөрлөжээ. Төдийд Хэ Цай энэ үйлийг сураглаж мэдээд жоу-ын яамны сан хамаарах түшмэл лүгээ зөвлөж шагнах зоосын их хагасыг нь жоу-ын ноёнд барьж үлдсэнийг нь өөрөө залгиж сан хамаарах түшмэл лүгээ зээллэг тавиад бас ашиг олов. Сан хамаарах түшмэл гурван хэлхээ зоосыг Чяо Ле-д өгөөд: - Чиний бие энэ зэргийн увдис эрдэмтэй тул эд ашиг чамд огт хэрэггүй. Сан хөмрөгт хадгалах амуу цалингийн зоос хүрэлцэхгүй, энд тэндээс зээлэн аргацаж байх тул миний санааг дагаж шан хишгийн зоосыг түр миний энд хадгалж байгтун. Хожим зардалтай бөгөөс ирж автугай хэмээхүйеэ Чяо Ле их л хилэгнэн: - Шан хишгийн зоосыг угаас тус жоу-ын баян өрх хамтарч гаргасан болой. Чи ямар аюулгүй өөсөө залгиж болмуй? Сан хөмрөгт байхуй амуу цалин болбоос цөм зуун овогтны цус мах бөлгөө. Чи олны юмыг залгин өөрийн биеэ таргалуулж жаргал цэнгэлийг эдлэн улс гүрний их үйлийг саатгажээ. Чиний зэргийн уульхай боолыг занчин албаас улс шулах зальхай хүмүүн бас нэг хорогдмуй хэмээгээд нударга эргүүлэн нүүр өөд нь занчин үүсгэв. Тэр түшмэл угаас өнгө дарсан шунаж хүч тамир доройн дээр бие адбиш махлаг тул гар хөдлөхөөс өмнө амьсгаа суйлж хаанаас түүнийг тулж чадах аж. Чяо Ле нударга зангидан нэгэн зэрэг занчсанд тэр түшмэл цөс хэмхэртэл айж гэртээ дутааж хариад дэмий дөрөв таван өдөр болсонгүй нүд аньж таалал төгсжээ. Түүний эхнэр жоу-ын яаманд эчиж заалдсанаа албан ноёд бас шан хишгийн зоосоос ийм хэрэг гарав хэмээн долоон хувь төсөвлөж мэдээд элч илгээн албан бичиг тархааж ялт хүмүүнийг баривчилсан цагт шүүн асуусугай хэмээв. Чяо Ле энэхүү чимээг олж сонсоод шөнө дүл Жин Юань- даа ирж өтөлсөн эхийг авч юм хүмийг багцлан Вэй Шэн хотод дутаан зайлж бумбын ёсоор хувцаслаж нэр овгийг буруулан халж Дао Чин хэмээжээ. Дэмий удсангүй Тянь Ху самууныг үүсгэхүйеэ Чяо Дао Чин-ийн увдис эрдэмтэйг олж сонсоод түүн лүгээ хоршоо нийлэн цуу үг тархаан, гажуу увдис дэлгэрүүлж уульхай ардыг өдөөн жоу сянь-ий газрыг булаахад туслуулжээ. Тянь Ху ямарваа хэрэгт цөм Чяо Дао Чин-г түшиж улсыг хамгаалах увдист багш хэмээн өргөмжилж цэргийн үйлийг захирах зүүн этгээдийн чэнсян болгов. Энэ үед сая түүний алдар нэр мандсан тул олон хүмүүн улсын багш Чяо Дао Чин хэмээн дууджээ. Түүнээс Чяо Дао Чин дуртайяа цэрэг морийг авч Ху Гуань боомтноо хүрч хулгайг тулсугай хэмээн айлтгасанд Тянь Ху: - Улсын багш энэ мэт мөхөс хүмүүн лүгээ зовуурь зүдүүрийг хуваалцваас үнэхээр түмэн завшаан болой хэмээхүйеэ их юаньшуай Сүнь Ань бас урагш давшиж: - Сайд би дуртайяа цэрэг авч Жинь Нин газрыг өмөглөн байлдсугай хэмээв. Тянь Ху бээр Чяо Дао Чин, Сүнь Ань хоёулыг өмнийг дайлах их юаньшуай хэмээн өргөмжилж тус тус хоёр түмэн цэрэг өгснөө Чяо Дао Чин бас айлтгаруун: - Ху Гуань боомт түгшүүртэй болсон тул сайд би морьт цэргийг авч шөнө дүлээр өмөглөн байлдсугай хэмээхүйеэ Тянь Ху их л баярлан цэргийн яаманд зарлиг буулган Чяо Дао Чин, Сүнь Ань хоёулыг даган эчих жанжин цэргийг тэгшлэн сонгож өгөгтүн хэмээхүйеэ цэргийн яам захиаг хүлээн цэрэг жанжныг тэгшилж өгсөнд Чяо Дао Чин, Сүнь Ань хоёул өөр өөрийн харъяа цэргийг авч мордов.

Угт их жанжин Сүнь Ань болбоос Чяо Дао Чин-ийн нэгэн нутгийн хүмүүн, Жин Юань газрын хүмүүн бөлгөө. Биеийн өндөр есөн тохой, бэлхүүсний өргөн найман төө баймуй. Аюулхай цээжнээ арга бодлого үлэмж, аварга хүч олноос хэтийджээ. Багаас цэргийн зэвсэгт мэргэшин хурц ирт хос сэлмийг хэрэглэмүй. Сүнь Ань бага насанд эцгийн өшөөг авсугай хэмээн хоёр хүмүүнийг занчин алснаа албан яамны нэхэмжлэн баривчлах нь шахам болсноо гэрийг гээж оргон зайлав. Төдийд Сүнь Ань угаас Чяо Дао Чин лүгээ гүн нөхөрлөсөн бөгөөд түүнийг Тянь Ху-ын доор үйлчилмүй хэмээн хэдийн сонссон тул Вэй Шэн хотод орж Чяо Дао Чин-д золгож өөрийн явдлыг нэгэн зэрэг тоочин хэлсэнд Чяо Дао Чин түүнийг Тянь Ху-ын өмнө батлан өргөж, хожим байлдааны гавъяа хэдэн зэрэг байгуулснаар юаньшуай-н тушаалд дэвшүүлжээ. Мөн өдөр арван жанжин хоёр түмэн цэрэг морийг авч Жинь Нин-г өмөглөн байлдахаар бэлтгэв. Тэр арван жанжин болбоос:

Мэй Юй, Чинь Ин, Жинь Жэнь, Лу Чин, Би Шэн Пань Сюнь, Ян, Фан, Фэн Шэн, Ху Май, Лу Фан

Тэр арван жанжин бүгдээр цэрэг морийг захирах түнхи-ийн тушаалд хэрэглэгджээ. Төдийд Сүнь Ань бээр Чяо Дао Чин-ээс салж цэргийн авч Жинь Нин-ийн зүг ирэхийг түр өгүүлэхгүй.

Өгүүлэх нь Чяо Дао Чин өөрийн харъяа хоёр түмэн цэрэг морийг дуань лянь түшмэл Не Синь, Фэн Чи-д тушаан мордуулсан хойно өөрийн дөрвөн мөрний жанжныг дуудаж хойноос нь мордсугай хэмээв. Тэр дөрвөн жанжин болбоос:

Лэй Жэнь, Ни Линь, Фэй Жэнь, Сюай Цань Тэр дөрвөн жанжин цөм ерөнхийлөн захирах Зүн Гуань-ий тушаалд амуй. Чяо Дао Чин-ийн хамт хоёр мянган шилсэн цэргийг авч шөнө дүл Жао Дэ хотын зүг мордов. Нэгэн өдөр Жао Дэ хотын хойно арван газрын ойр болж ирсэнд морьт туршуул урагш ирж: - Өчигдөр Сүн улсын цэрэг жанжин Ху Гуань боомтыг байлдан эвдээд эдүгээ гурван зам хуваан Жао Дэ хотыг байлдахаар эчив хэмээхүйеэ Чяо Дао Чин их л хилэгнэн: - Самуун хулгай юутай ийн ёсгүй аж! Хулгайн цэрэгт эрхгүй хэцүүг үзүүлсүгэй хэмээгээд морь хийсгэн өмнөш довтлон ирэхүйеэ түв хэмээн Тан Бинь, Гэн Гүн нарын хойд хаалгыг байлдах цэргийн сүүлд тохиолдов. Төдийд Тан Бинь, Гэн Гүн нар баруун хойд зүгээс хоёр мянган морьт цэрэг алан ирмүй хэмээхийг сонсоод яаран жагсаал жагсаж дайсныг угтав. Чяо Дао Чин бас цэргийг шаардан ойр болж ирээд жагсаал жагссанд хоёр этгээдийн туг хиур хоролзон харагдаж нэгэн зэв харвах газар ойр болжээ. Тан Бинь, Гэн Гүн нар нүд өргөн үзвээс хулгайн жагсаалын өмнө дөрвөн жанжин нэгэн бомбыг хүрээлж морь унан улаан торгон шүхрийн доор зогсжээ. Тэр бомбын байдлыг үзвээс:

Тэргүүнд эрдэнийн шигтгээтэй загасан сүүлт бор алтан бомбын титмийг дарж, биедээ хар эмжээртэй тогоруун зурагт улаан нолмын дээлийг өмсөж, долоон өнгийн ёнхор бүсийг дундуураа бүслэн, үүлэн угалзат улаан гутлыг хөлдөө өшиглөн, цагаан гэрэл цацарсан эрдэнийн сэлмийг ардаа үүрч, цавьдар цоохор моринд сүвээ даран суужээ. Хөх цэцгий гүрийн хөмсөг эрүү дагасан битүү сахал, хүнгэнэсэн дуу дөрвөлжин ам зөн хавирах мэт.

Тэр бомбын морины өмнөх бараан туг дээр: - Улсыг хамгаалах увдис ихт багш зүүн этгээдийн чэнсян бөгөөд цэргийн жюньши өмнийг дайлах их юаньшуай Чяо Дао Чин" хэмээх алтан үсгийг бичиж байсан тул Гэн Гүн их л цочин: - Энэ хүмүүн маш хэцүү болой! хэмээв. Хоёр этгээд эхлэн байлдахын урьд явган жанжин Ли Күй таван зуун гавшгай цэргийг авч байлдан ирэв. Ли Күй өмнөш орж байлдсугай хэмээтэл Гэн Гүн хориглож өгүүлрүүн: - Энэ хүмүүн болбоос жинь вангийн доорх тэргүүн зэргийн жанжин мөн. Гажуу увдист мэргэшсэн их л хэцүү хүмүүн болой! хэмээснээ Тан Бинь бас хажуугаас: - Жанжин хөнгөнөөр орж болохгүй хэмээтэл Ли Күй хаанаас түүний үгийг авах аж. Саран сүхийг бүжиглэн магшин орсонд Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь нар түүнийг эндэш гарах болуузай хэмээн бамбай халхавч барьсан таван зуун цэргийг даллаж алан оров. Тэр бумба алга ташин хадганан инээж: - Зэрлэг мал ямар аюулгүй балмадлан аашилмуй хэмээгээд ард үүрсэн эрдэнийн сэлмийг алгуурхан сугалан авч, агаар тэнгэрийг заан амандаа тарни уншин "хурдан! хэмээн зандарсанд тунгалаг огторгуйд хоромхон зуур хар манан тунарч их салхи хуугин үлээж хумаг шороо будран хийсэв. Хар уур бургин мандаж Ли Күй зэргийн таван зуун хүмүүнийг даран ирсэнд уутанд хоригдсон мэт огт гэрэл үгүй болж хөдөлж чадахгүй болон чихний хажуугаар салхи борооны чимээ сонстохоос бус хаана байхыг мэдэхгүй болжээ. Энэ үнэхээр: хэдий эрэмгий баатар сайн эр боловч нисэн гарч чадахгүй, галын сахиус аварга махранз хэмээвч тэнгэрийн тороос мултарч дийлэхгүй, найман мутартай Нэжа хэмээвч луун эл барсын үүрээс зайлан эс чадмуй. Эгнэгт Ли Күй зэргийн олон хүмүүний амь нас чухам хааш болохыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top