Олон улсын эх хэлний өдрийг тэмдэглэлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Олон Улсын эх хэлний өдрийг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс санаачлан ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний Зөвлөл, Нийслэлийн Боловсрол, Шинжлэх Ухааны газар, Монгол хэл бичгийн багш, судлаачдын Үндэсний Холбоо зэрэг байгууллагатай хамтран “Хэл: сургалт, судалгаа, технологи” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг танхим болон цахимаар хослон зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулэйн илгээлт ирүүлснийг ХБҮЗөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл уншиж танилцуулав. Нээлтэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, ШУТИС-ийн дэд захирал Н.Ганзориг нар үг хэлж хэлэлцүүлгийн зорилго, байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар саналаа хэллээ.

Олон улсын эх хэлний өдөр бол хэл, соёлын олон янз байдлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, мэдүүлэх, олон хэлийг хамгаалах зорилготой. Энэ тэмдэглэлт өдрийг анх 1999 оны 11-р сарын 17-нд ЮНЕСКО-гоос зарласан бөгөөд 2002 онд НҮБ-ын 56/262 тогтоолыг баталснаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байна. Монгол Улсад 2001 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн билээ.

Олон Улсын Эх хэлний энэ өдөр жил бүр өөр өөр сэдэв уриан дор болдог бөгөөд дэлхийн улс орнууд өөр өөрсдийн эх хэл бичгийн талаар олон хэлбэрийн ажлыг аль болох өргөн хүрээгээр хийх зохион байгуулах ёстой байдаг байна. Энэ жилийн хувьд “Хэлний сургалтад технологи хэрэглэх нь” гэсэн сэдэвтэй байгаа учраас дээрх байгууллагууд энэ чиглэлээр өөрсдийн туршлага, ажлын онцлогийг харгалзан илтгэл хэлэлцүүлж, цахим орчинд онлайнаар түгээлээ.

Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн багш Б.Сонинцэцэг “Эх хэлний сургалт ба цахим технологи”, ШУА-ийн ажилтан доктор Т.Пүрэвсүрэн, “Цахим хөмрөгт суурилсан эх хэлний судалгааг сургалтад ашиглах нь”, Конгрессийн номын сангийн ажилтан, доктор М.Саруул-Эрдэнэ “Хэл сурах, сургах арга ба технологи”, МУИС-ийн профессор Н.Нансалмаа “Хэлээр дамжуулж хүмүүнийг хэрхэн бүтээдэг вэ” зэрэг сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь амжилттай боллоо.

Хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 500 орчим хэлний мэргэжилтэн, судлаач, эрдэмтэд, багш сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.

Эх сурвалж: Шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top