Шатахууны нөөц болон үнэ ханштай холбоотой асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.
-ОХУ, Украины эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь Монгол Улсын шатахууны нөөцөд нөлөөлөх үү?
-Энэ бол яах аргагүй болгоомжлох ёстой асуудлын нэг. "Роснефть" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газартай бид холбогдож, тодруулга авсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шатахуунтай холбоотой асуудлаар ОХУ-д ажиллах үүрэг даалгавар авсан.
Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр сүүлийн 7, 8 жил байгаагүй өндөр үнэд хүрсэн. Бид 100 хувь гадаадаас хамаарч байгаа учраас шатахууны үнэ дагаад өснө. Ингэхдээ зах зээлийн хөдөлгөөнт дундаж үнийн тооцооллоор нэмэгдэж байгаа.
Ерөнхий сайд шатахууны асуудлаар аравдугаар сард үүрэг даалгавар өгөхдөө үнийн өсөлтөөс улбаалж иргэдэд нөлөөлөх үр дагавар нь бага байх чиглэл өгсөн. Энэ дагуу өнөөдөр АИ-92 автомат үнийн тооцооллоор зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Ингэснээр сүүлийн үед ханшийн өсөлт бага хэмжээгээр нэмэгдэж байгаа. Энэ нь нэг талаасаа зах зээлийн огцом өсөлтийн өмнө авч хэрэгжүүлсэн зөв арга хэмжээний нэг гэж харж байгаа.
Хоёрдугаарт, Орос, Украины үнэ ханштай уялдуулаад хэлэх юм бол дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ яаж ч хэлбэлзэж магадгүй.
ОХУ-ын экспортод хориг тавих юм бол бидэнд эерэг нөлөөлж мэдэх юм. Гэхдээ дан ганц ОХУ-ын үнэ ханшаас хамаарахгүй л дээ. Бид шатахууныг Сингапурын бирж дээрх ханшаар авдаг.
Нөгөө талаас аливаа улс цэрэг дайны үед стратегийн нөөцөө бүрдүүлж эхэлдэг. Ийм тактик барих юм бол бидэнд хүнд тусна.
Өнөөдрийн нөхцөл байдалд үнэ бол зах зээлийн зарчмаар явна. Бидний нэгдүгээрт анхаарах ёстой зүйл бол нөөц бүрдүүлэх асуудал.
-Өнгөрсөн оны есдүгээр сард шатахууны хомсдол үүсэхэд БНХАУ руу захиалга хийж байсан. Энэ удаад ямар арга, тактик ашиглах вэ?
-Есдүгээр сард шатахууны нөөц хомсдох үед бид хэдийн Хятад улсаас захиалга хийчихсэн байсан. Өнөөдөр ОХУ, Украины нөхцөл байдлаас улбаалж шатахууны үнэ өслөө гэхэд БНХАУ-д ч дагаад өснө. Энэ тохиолдолд хил гаалийн асуудал үүснэ. Хятад улсад мөнгөө төлөөд авч байгаа компаниуд бий. Бид энэ тал руу нь шахаж шаардаж байгаа. Яагаад гэвэл Эрээн дээрх тээвэр логистикийн асуудал байна. Иран, АНУ-ын цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг бид хүлээж байна. Энэ хэлэлцээр амжилттай болвол Иран улс 1 сая баррель шатахуун зах зээлд гаргах боломжтой болно.
-Шатахуун боловсруулах үйлдвэртэй болох нь монголчуудын мөрөөдөл. Энэ ажил хэрхэн үргэлжилж байна вэ?
-Би бол үүнийг мөрөөдөл гэж хэлэхгүй. Энэ бол бодит үйлдвэр. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад олгож байгаа хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан. Газрын тос боловсруулах үйлдвэр төрийн өмчит аж ахуй нэгж байгуулсан. Эдгээр чухал шийдвэрийн хүрээнд өнөөдөр EPC-1 төсөл хэрэгжээд явж байгаа. EPC-2, EPC-3 төслийн тендерийн материалууд ирсэн тул үнэлэх, хэлэлцээр хийгдэж байгаа.
Тээвэр лигостикийн үнэ 6-8 дахин өссөн, чингэлэг олдохгүй байх зэрэг олон бэрхшээл байна. Тяньжинь дээр ачаа 3-4 сар гацаад зогсохгүй өдөр бүр мөнгө төлж байна.
Иймд бид хэлэлцээ хийгээд явж байгаа. Ер нь бол мөрөөдөл биш ажил болох нь тодорхой.
-Шатахууны үнэ өссөн ч чанар нь хангалтгүй байна гэдэг шүүмжлэл гарч байна. Шатахууны чанарыг хэрхэн хянадаг вэ?
-Ашигт малтмал, газрын тосны газраас олон газраар явж, шинжилгээ авсан. Хүмүүсийн яриад байгаа шиг үр дүн шинжилгээгээр гараагүй. Нөгөө талаас Ашигт малтмал, газрын тосны газар шуурхай утас ажиллуулж байгаа. Үнийг чөлөөлснөөр үнэнд тохирсон чанар орж ирнэ гэсэн үг. Үнийг нэг түвшинд бариад байх юм бол тэр түвшинд тохирсон чанар орж ирнэ.
-Шатахуун импортлогч аж ахуйн нэгжид төрөөс ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Одоо бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сард нөөц бүрдүүлэх зорилгоор зээл олгож эхэлсэн. Аж ахуйн нэгжүүд бизнесийн зарчмаар зээл авч, нөөц бүрдүүлээд явж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )