Украины салан тусгаарласан бүс нутаг Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэр, хоёр дахь өдрөө хэрэгжиж байна. Үүдэл шалтгаан нь зөвхөн ОХУ, Украин хоорондын харилцаа бус их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн эрх ашигтай холбоотой асуудал болохыг олон улсын тоймчид, судлаачид бичиж, мэдээлж байна.
Түүнчлэн өчигдөр дайралт эхэлснээс хойш үүсээд буй нөхцөл байдал хийгээд Украины Ерөнхийлөгчийн байр суурь зэргээс үзэхэд, дэлхийн хэмжээний дайн болохгүй гэсэн шинжээчдийн таамаглал илүү биежихээр харагдаж буй билээ.
ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа жинхэнэ “дайн” болж, хүндрэх нь өнөөгийн дэлхий дахинд, бусад тусгаар улс орнуудын алинд нь, ямар үр ашигтай вэ гэдэг асуудлыг бүх талаас нь авч үзэх шаардлага мэдээж үүснэ. Тэгээд аваад үзэхэд, Владимир Зеленскийн өнөөдөр “ганцаардаж” эхэлсэн үндэслэл тодорхой болох юм.
Дашрамд сануулахад, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаачид, өнгөрсөн сарын 28-нд Түүхий эдийн зах зээл дэх гео-эдийн засгийн сөргөлдөөн тоймыг хүргэж байсан билээ.
Тоймд, Украины нөхцөл байдал түүхий эдийн зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар тодотгон өгүүлж байсныг сануулан хүргэе.
“Хэрэв ОХУ-ын танкууд хил нэвтрэх л юм бол зах зээлүүд дээр том доргио гарах болно” гэсэн дүгнэлтийг RBC Capital Markets хөрөнгө оруулалтын банкны түүхий эдийн стратеги хариуцсан дарга, Америкийн Тагнуулын төв газрын шинжээч асан Хелима Крофт хийж байсан. Хэрэв Орос Украин руу довтолбол хамгийн түрүүнд Европын байгалийн хийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлнэ. Энэ шокийн нөлөө илүү өргөн хүрээтэй тархана гэж бодож байгаа нь ганцхан Крофт биш байв.
Энэ өргөн хүрээтэй цочрол бий болох болгоомжлол нь ОХУ-ын дэлхийн түүхий эдийн зах зээл дэх нөлөөтэй байдалтай шууд холбоотой. ОХУ дэлхийн хамгийн том байгалийн хийн экспортлогч, газрын тосны хоёр дахь том экспортлогч юм.
Түүнчлэн дэлхийн хөнгөн цагаан, зэсийн бараг аравны нэгийг нийлүүлдэг бөгөөд катализаторын бүрэлдэхүүн хэсэг болох дэлхийн паллади (palladium)-ийн 43 хувийг бүрдүүлсэн бусад олон төрлийн металлыг үйлдвэрлэдэг. Мөн улаан буудайн хамгийн том экспортлогч билээ
Хамгийн муу хувилбар нь нөхцөл байдал хурцдаж, ОХУ-д хориг арга хэмжээнүүд хүчтэй тавигдсанаар эдгээр чухал түүхий эдийн урсгал, нийлүүлэлт тасалдах явдал юм гэдгийг тоймд өгүүлсэн байсан.
ОХУ-ын экспорт, түүнийг хөнгөвчлөхөд шаардлагатай төлбөрийн хэрэгслийн дэд бүтэц барууны орнуудын хориг арга хэмжээнд багтсан тул нийлүүлэлт тасалдаж магадгүй. Түүнчлэн ОХУ өөрөө өрсөлдөгчдөө шахалтад оруулахын тулд зарим экспортоо, ялангуяа байгалийн хийн экспортоо зогсоох шийдвэр гаргаж магадгүй.
Нийлүүлэлтийн тасалдал үүснэ гэсэн айдас нь үнийг өсгөж эхлээд байна. 2022 оны 1 дүгээр сарын 26-нд Брент маркийн газрын тос 1 торх нь 90 ам.долларт ойртсон нь сүүлийн долоон жилийн дээд түвшинд хүрчээ. Европын жишиг байгалийн хийн нэг мегаватт цаг нь оны эхэнд 70 евро байсан бол 90 евро (101 ам.доллар)-т хүрч нэмэгджээ. Зэсийн үнэ олон жилийн оргил үедээ хүрч нэмэгдээд байна.@
Хэрэв дайн дэгдвэл газрын тосны үнэ нэг баррель нь 120 ам.доллар болж өснө гэж JPMorgan Chase банкны түүхий эдийн стратеги хариуцсан дарга Наташа Канева үзэж байгаа ажээ. Cru компанийн зөвлөх Росс Страчан хөнгөн цагааны үнэ урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч магадгүй гэв. Геополитикийн хурцадмал байдал уул уурхайн түүхийн эдийн үнэд нөлөөлж байсан өмнөх жишгүүд тийм ч таатай дүр зураг харуулдаггүй. АНУ 2018 онд Оросын хамгийн том хөнгөн цагаан үйлдвэрлэгч Русалд хориг тавих үед металлын үнэ огцом өсөж байжээ.
Орос, Украин хоёр дэлхийн улаан буудайн 29 орчим хувийг экспортолдог бөгөөд Украины тариалалтын томоохон хэсэг нь “зөрчилдөөн”-д хамгийн их өртдөг бүс нутагт явагддаг. Нидерландын Рабобанк компанийн Карлос Мера хэлэхдээ, улаан буудайн эрэлт уян хатан бус тул зах зээлд ийм хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэгдэхгүй байх нь ‘хүчтэй’ нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үнэ хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж тэрбээр үзжээ.
Энэ нь Хойд Африк болон Ойрх Дорнодын томоохон импортлогчдын хувьд нийлүүлэлтээ баталгаажуулахын төлөөх “тэмцэл”-ийг өдөөх болно.
Хятад, Иран зэрэг зарим орон барууны хориг арга хэмжээг тойрч, ОХУ-ын металл, үр тариаг хөнгөлөлттэй үнээр худалдаж авах магадлалтай. Энэ нь зарчмын хувьд зарим эрэлт хэрэгцээг хангах замаар үүсэж болзошгүй хүндрэлийг хөнгөвчлөх боломжтой. Гэтэл Хятад, Иран хоёр өнгөрсөн жил 17 сая тонн улаан буудай л импортолсон. Өөрөөр хэлбэл, ОХУ, Украины экспортын 59 сая тонныг бүрэн худалдаа авч чадахгүй юм. Америк, Европт үр тарианы нөөц буурч, Өмнөд Америкийн цаг агаарын таагүй байдал нь зах зээлийг улам бүр нийлүүлэлтийн дутагдалд хүргэж болзошгүй ажээ. Түүнчлэн ОХУ нь бордооны чухал бүрэлдэхүүн хэсэг болох мочевин, калийн томоохон үйлдвэрлэгч юм. Иймд экспортын хориг нь үр тарианы үнийг улам өсгөх эрсдэлтэй.
Хурцадмал байдал өндөр хэвээр үргэлжлэхийн хэрээр эрчим хүч нь эдийн засагт чухал үүрэгтэй тул хориг арга хэмжээ аваагүй ч эрчим хүчний үнийн өсөлт бусад зах зээл рүү шилжинэ. Үнэтэй эрчим хүч нь Европт хөнгөн цагаан хайлуулах зарим үйлдвэрүүдийг аль хэдийн хаахад хүргэжээ. Байгалийн хийн үнийн огцом өсөлт нь илүү олон зуухыг хаахад хүргэж болзошгүй юм. Энэ нь Европ тив дэх байгалийн хийг түүхий эд, түлш болгон ашигладаг бордооны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, дараагийн ургацын улиралд хохирол учруулж болзошгүй юм гэхчлэн бичсэн юм.
Сэтгэгдэл ( 5 )
ОХУ дайны ажилгааг маш түргэн хугацаанд дуусгаж чадахгүй бол өөрт нь хүдрэл үүсэх магдлал өндөрсөх болно, Цаг хугацаа удах тусам тэдэнд дайсан улам олон болно,\n
ХӨРШ УЛС НЬ ҮЗЭЛ БОДЛЫГ ЗӨРҮҮТЭЙ, ХӨГЖЛИЙН ӨӨР ӨӨР ЗАМЫГ СОНГОСОН БАЙСАН Ч ГЭСЭН ТЭДЭНТЭЙ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ, ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЖ, ИЛТ ДАЙСАГНАЛЦАХГҮЙ БАЙХ НЬ ДЭЭР ГЭДГИЙГ УКРАЙНЫ ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ НОТЛОН ХАРУУЛЛАА. БАРУУНЫХНЫГ ХЭТ ШҮТСЭН АЛИА САЛБАДАЙНУУДЫН ТОЛГОЙ, ТЭДНИЙ ҮГЭЭР ЯВАХ ВМ БОЛ УЛС ОРНОО ЯАЖ СҮЙРҮҮЛДЭГИЙН ГАШУУН СУРГАМЖИТ ЖИШЭЭГ БИД ХАРЖ БНА. МАНАЙД АЛИА САЛБАДАЙНУУД ЦӨӨНГҮЙ БИЙ ШҮҮ...!!!!!!!!!!!!!!!!!
amerikuud irakig ezlehed delhii bayarlasan bol,orosuud uursdiiguu hamgaalahad uurlav,sain oilgosongui
Dainiig orchin uyiin delhii niit ogt husehgui bgaa bz
Орос аргагүй байдалд дайн хийж харин Америк уламжлал ёсоор ашиг хүртэнэ. Европ болон Украин хог чинь боллоо доо