Ковидын нэгдсэн лавлах 119 төвийн амбулаторит иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих албаны дарга С.Гэрэлмаа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүйн шуурхай албаны дарга Б.Баярмаа нар хариулт өглөө.
- Цар тахлырн улбар шар түвшнээс шар түвшинд шилжсэн энэ үед гадуур маскгүй явж болох уу. Ямар дэглэм баримтлах ёстой вэ?
- Шар түвшинд шилжсэн ч коронавируст халдварын үед иргэдэд зөвлөгөө өгөх 119 тусгай дугаараар 24 цагаар үйлчилгээ үзүүлж байна. Хэдийгээр олон нийтийн арга хэмжээний хязгаарлалтыг цуцалж, үйл ажиллагааг эхлүүлсэн ч халдварын тохиолдол бүргэгдсээр байгаа. Тиймээс халдвараас сэргийлэх хамгийн чухал арга бол маскаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих, дархлаагаа дэмжих аргуудыг үргэлжлүүлэн мөрдөхийг зөвлөж байна.
- Коронавируст халдвараар өвдсөн хүнтэй хавьтал болсон бол хэд хоног тусгаарлагдах вэ. Тусгаарлалтын хоногийн яаж тооцоолох вэ?
- Халдварын тархалтын үед тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Тусгаарлах хэмжээг бид халдварын тархалт өндөртэй үед, ялангуяа дельта вирусын үед 10-14 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж байсан. Одоо халдварын нууц хугацаатай холбоотойгоор хэрвээ та ойрын хавьтал болсон бол өөрийгөө тав хоног тусгаарлахыг зөвлөж байгаа. Тусгаарлах үедээ гэртээ дархлаагаа дэмжих, гэр бүлийн гишүүдээсээ халдвараас сэргийлэх арга буюу зай барих, маскаа зүүх, гараа угаах аргыг хэрэгжүүлэх ёстой. Шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагат хандаж, шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Тусгаарлалтын хоног дээр ойрын хавьтал гэсэн асуудлыг авч үзэж байгаа. Ойрын хавьтал гэдэг нь халдвар авсан хүнтэй 1,5-2 метрийн зайд маскгүй, 15 минутаас дээш хугацаанд нүүр тулж харилцсан, эсвэл сургууль болон нэг анги танхим, нэг ажлын байранд халдвартай хүн батлагдсан үед өөрийгөө ойрын хавьтал боллоо гэж үзэх ёстой. Ингээд халдварыг тараахгүй тулд өөрийгөө гэртээ тусгаарлана. Тусгаарлах хугацаандаа биеийн шинж тэмдгийг ажиглана. Хэрвээ шинж тэмдэг илэрбэл арга хэмжээ авах ёстой. Тусгааралтын тав хоногийн хугацааг ойрын хавьтал болсон өдрөөс тооцно. Ойрын хавьтлыг яагаад тав хоног гэж зөвлөж байгаа вэ гэхээр халдвар тараах нууц үеийн хугацаа нь дунджаар 2-4 хоног байна. Ялангуяа омикрон вирусын үед маш хурдацтай тархаж байгаа.
- Коронавируст халдвараар хүндрэх эрсдэлтэй хүн ам гэж хэнийг хэлж байна вэ. Энэ хүмүүс ямар дэглэм барих ёстой вэ?
- Иргэд 119 тусгай дугаар руу шинжилгээгээр эерэг гарчихлаа, ойрын хавьтал болчихлоо, эмнэлзүйн шинж тэмдэг илэрлээ, би хүндрэх үү? гэдэг асуултыг ирүүлдэг. Хүндрэх эрсдэлтэй хүн амын бүлэгт жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны ахмад настнууд, архаг хууч, хавсарсан өвчтэй иргэд, тамхи татдаг болон таргалалттай гэх мэт эрсдэлт хүчин зүйлтэй иргэдийг халдварын хүндрэх эрсдэлтэй хүн амд тооцдог. Мөн нэмэлтээр вакцинд хамрагдаагүй иргэд, 12-оос доош насны хүүхдүүдийг эрсдэлтэй хүн ам гэж тооцон өөрийгөө халдвар хамгааллаас сэргийлэх, халдвар авсан тохиолдолд хяналттай байх, эмчийн хяналтад тогмол хамрагдах, эмийн багцаа зааврын дагуу уухыг зөвлөж байгаа. Мөн хүндэрсэн тохиолдолд харьяа дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагат хандахыг зөвлөж байна.
- Коронавируст халдвараар өвдсний дараа олон шинж тэмдэг илэрч байгаагийн нэг нь ой тогтоолт буурах, мартах шинж тэмдэг илрээд байна. Энэ үед юу хийх ёстой вэ?
- Коронавируст халдвараар эмчлэгдэн эдгэрснээс хойш хувь хүний онцлогоос шалтгаалаад ямар нэгэн байдлаар шинж тэмдэг арилахгүй байх, толгой өвдөх, даралт ихсэх, архаг хууч өвчтэй бол тухайн хууч өвчин сэдрэх, ой тогтоолт буурах, мэдрэхүйн үйл ажиллагаа алдагдах гэсэн шинж тэмдгүүд харилцан адилгүй илэрч байна. Гэхдээ хүн бүрт илрэхгүй. Ковидын дараах ой тогтоолт буурах шинж тэмдэг гурван сар, зарим хүмүүст зургаан сар, эсвэл урт хугацаагаар илрэх тохиолдлууд байгаа. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө шинж тэмдгүүдийг ажиглаад өөрт тохирсон тархины үйл ажиллагааг сэргээх, ой тогтоолтоо сайжруулах аргуудыг хэрэглэх ёстой. Хамгийн гол нь өөрт тохирсон арга. Үүнд үгийн сүлжээ бөглөх, тэнцвэрийн дасгал хийх, шатар тоглох гэх мэт аргуудаас хэрэглэхээс гадна илт ой тогтоолт буурах шинж тэмдэг арилахгүй бол нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байгаа. Вирусын халдвар нь өөрөө тархины үйл ажиллагаанд нөлөөлөх судалгаануудыг олон улсад хийсэн. Ой тогтоолт буурах хам шинжийг ковидын дараах хам шинжид оруулж, зөвлөгөө мэдээлэл, ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатайг зөвлөж байгаа.
- Коронавирус халдварын дараа үнэр, амт сэргэхгүйгээр нэг сараас дээш хугацаа болсон бол яах вэ?
- Сүүлийн үед иргэд ковидын дараах шинж тэмдэг болон бусад хариу шинж тэмдгүүдээс шалтгаалаад иргэд зөвлөгөө авахаар хандаж байгаа. Өмнө нь асуусан ой тогтоолт буурах шинж тэмдгээс гадна үнэр, амт сэргэхгүй байх тохиолдол илэрч байна. Энэ шинж тэмдэг нь нийтлэг биш. Хувь хүн бүрт өөр байгаа. Вирусын халдвар нь мэдрэхүйн үйл ажиллагааг дарангуйлдаг. Мэдрэхгүй үйл ажиллагаа 2-3 хоногт,ш 5-10 хоног сэргэж болно. Сүүлийн үед омикрон вирусын хувьд үнэр, амт алдагдах шинж тэмдэг харьцангуй бага илэрч байгаа. Үнэр, амт мэдрэхгүй байх үед та айж сандрах хэрэггүй. Мөн л хувь хүний онцлогоос шалтгаалаад 7 хоног, 3 сар, 6 сар урт хугацаагаар мэдрэхүй үйл ажиллагаа сэргэхгүй байх тохиолдол бүргэгдэж байгаа. Үүндр хоол хүнсэндээ мэдрэхүйн үйл ажиллагаагаа сэргээх, амтлах мэдрэхүйгээ сэргээх хүнсний ногоо, ургамлуудыг хэрэглэх, хэрвээ та харшилгүй бол үнэрлэх мэдрэмжээ сэргээх үнэртэнг үнэрлэхийг олон улсад зөвлөж байгаа. Гэхдээ харшилтай иргэд маш болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна. Мөн амтлах, үнэрлэх мэдрэхүй нь амны хөндийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой учраас амны хөндийгөө эрүүл байлгах, өдөрт шүдээ хоёр угаах, амаа усаар зайлах гэх мэт энгийн аргуудыг хэрэглэхийг иргэддээ зөвлөж байгаа.
- Эмнэлэгт хэвтээд хэд хоноод ажилдаа орох ёстой вэ?
- Коронавируст халдвараар оношлогдсон тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа байдал, хүндрэх эрсдэлтэй байдлыг өрхийн эрүүл мэндийн төв болон хяналтын эмч нь үнэлж байгаа. Энэ үед иргэнийг хөнгөн шинж тэмдэгтэй, хүндэвтэр болон хүнд шинж тэмдгэгтэй гэж ангилж байгаа. Хөнгөн тохиолдолд гэрийн тусгаарлалтад тав хоног эмчилгээ хийлгээд сайжирвал ажилдаа орохыг зөвлөж байгаа. Хүндэвтэр, хүнд тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийнхөө хяналтын эмчид хандаад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн хүний биеийн байдал болон эмнэлзүйн шинж тэмдгийн хүндрэл, эмчилгээний явцад хэрхэн сайжрахаас шалтгаалж хувь хүн бүрт хугацааг 10-14, бүр хүнд тохиолдолд 14-өөс дээш хугацаагаар хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлснээс хойш хяналтын эмчдээ хандаад ажилдаа орохоо тухайн иргэн маань зөвлөгөөг авч болно. Хэрвээ тухайн хүн эмнэлгээс гараад эмнэлзүйн шинж тэмдэг арилсан, ямар нэгэн хүндрэл байхгүй бол ажилдаа орж болно. Эдгэрсэн тухай бичгийг хэвтэн эмчлүүлсэн эмнэлэг, хэрвээ гэрийн тусгаарлалтад эмчлүүлсэн бол харьяа өрхийн эмнэлэгийн эмчээсээ болон e-mongolia цахим хуудаснаас аваад ажилдаа орохыг зөвлөж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )