Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СҮН ГҮН МИН ШУДАРГА СЭТГЭЛЭЭР ГАЗРЫН САХИУСЫГ ГЭСГЭЭСЭН ЧЯО ДАО ЧИН ГАЖУУ УВДИСААР СҮНГИЙН ЦЭРГИЙГ ДИЙЛСЭН
Өгүүлэх нь хар хуй Ли Күй бээр Тан Бинь, Гэн Гүн-ийн үгийг сонсохгүй, олон жанжныг авч жагсаалын зүг алан ороод Чяо Дао Чин-ийн гажуу увдист хаагдаж таван зуу илүү хүмүүн нэг ч дутаан чадсангүй цөм амьдаар баригдсанд Гэн Гүн байдал бусыг үзээд жолоо эргүүлэн морь ташуурдаж зүүн тийш буруулан эчив. Төдийд Тан Бинь-ий бие Ли Күй нар баригдаж цэрэг морь самуурсан ба Гэн Гүн-ийн урьд буруулсныг үзээд дотроо ийн санаруун: - Чяо Дао Чин-ийн увдис хэцүү тул мултран чадахгүй баригдваас олон хүмүүний доог болоход хүрмүй. Цэргийн эр хэмээгч үхэхээс эмээж нэр юүгээ гутаахгүй хэмээх атал, нэгэнт энэ алхамд хүрсэн тул ганц амиа бодож хэрхэн болмуй! хэмээгээд жад сунган морь довтолгож амь цөлөн алан ороход Чяо Дао Чин түүний догшин сүрийг олж үзээд яаран тарни уншиж: - хурдан! хэмээн их дуугаар зандарсанд жагсаалын зовхисоос шар хумаг дэгдэж Тан Бинь-ийн нүүр өөд исгэрэн үлээсэнд Тан Бинь-ийн нүдэнд хумаг орж гэлмэгдэн цухалдаж атал жагсаалын цэрэг давшин ирж зүүн гуяыг нь жадлан мориноос унагаж амьдаар барьж аваачив. Ары цэргийн цаазнаа тогтоосон нь жанжин түшмэлийг амьдаар бариваас хувь илүү хишиг шан өгөх тул баригдсан жанжин нар амь хөнөөгдсөнгүй болой. Төдийд Тан Бинь-ийн харъяа цэрэг нэгэн түм илүү хүмүүн элсэн шуурганд хумигдаж хүмүүн морь алагдан хохирч үүл мэт сарнин бутраад их хагас нь сүйдсэн ажгуу.
Түүнээс зүүн хаалганы гадна асан Линь Чүн, Сюй Нин хоёул өмнөд хаалганаа хашхирах дуу мандахыг сонсоод яаран цэрэг аван өмөглөхөөр ирсэнд, хотыг сахисан жанжин Сүнь чи нар хэдийн Чяо Дао Чин-ийн туг хиурыг олж үзээд яаран хотоос довтлон гарч Ли Күй нарыг барьж аваачив. Гэнэт үзвээс Гэн Гүн сарнин бутарсан хэдэн цэргийг дагуулан дуулга малгай хазайлгаж амьсгаа суйлан довтлон ирж Линь Чүн, Сюй Нин-г олж үзээд жолоо татан зогссон хойно Линь Чүн, Сюй Нин түүнээс ямар газрын цэрэг морь болов хэмээн асуухуйяа Гэн Гүн эх адаггүй хэдэн үг өчсөнд Линь Чүн, Сюй Нин мэндэн сандан Гэн Гүн-ийн хамт их хүрээнээ ирснээ Ван Ин, Ху Саньнян хоёул гурван зуун морьтныг авч цагдахаар эчээд энэхүү мэдээг сонсоод Сүн Сянь фэн-д мэдүүлэхээр ирсэн ажгуу. Гэн Гүн бээр Ли Күй нарын Чяо Дао Чин-д баригдсан учрыг зүй зүйгээр гаргаж хэлсэнд Сүн Жяних л цочиж уйлан өгүүлрүүн: - Ли Күй нарын амь эдүгээ барав! хэмээхэд Ү Юн ятган өгүүлрүүн: - Эрхин ах ийн зовох хэрэггүй. Цэргийн үйлийг түргэн бодолхийлбээс зохимуй. Хулгайн жанжинд гажуу увдис байх тул түргэнээ элч зарж Ху Гуань боомтоос Фань Руй-г ацран байлдуулсугай хэмээвээс Сүн Жян: - Нэгэнтээгүүр хүмүүн зарж Фань Руй-г дуудуулж, нэгэнтээгүүр цэрэг давшиж хулгай бумбаас Ли Күй зэргийн олон хүмүүнийг булаан авсугай хэмээгээд Ү Юн-ийн ятгах үгийг авсангүй.
Мөн өдөр Сүн Жян бээр Ү Юн-г олон жанжны хамт хүрээг сахь хэмээгээд өөрийн биеэр Линь Чүн, Сюй Нин, Лү Жишэнь, Ү Сүн, Лю Тан, Тан Лун, Ли Юнь, Юй Баосы зэргийн найман жанжин лугаа хоёр түмэн цэргийг салган авч, Жао Дэ хотын өмнөд хаалганы зүг мордон эчсэнд, Со Чао, Жан Чин угтан авч цэрэг нийлээд туг сажлан хэнгэрэг дэлдэж их дуугаар хашхиралдсаар хотын ойр даран ирэв. Түүнээс Чяо Дао Чин хотдоо эгж юаньшуай-н ордондоо заларсан хойно Сүнь Чи зэргийн арван жанжин ёслон золгоод түв хэмээн ширээ засан хурим барьсугай хэмээж атал туршуулч ард довтлон ирж мэдүүлрүүн: - Сүн улсын цэрэг хүрч ирэв хэмээсэнд Чяо Дао Чин уур төрж: - Энэ боол үнэхээр ёсгүй хэмээгээд Сүнь Чи-ийн зүг өгүүлрүүн: - Би даруй эчиж Сүн Жян-г барьсугай хэмээгээд мориндоо мордож жигүүрийн дөрвөн жанжны хамт гурван мянган цэрэг аван хотоос гарч дайсныг угтав. Төдийд Сүн улсын цэрэг жагсаал засан өдөөн байлдсугай хэмээтэл хотын хаалга нээгдэж унууль гүүр тавимагц хаалган дотроос нэгэн бумба морь довтолгож нэгэн багийн цэргийг дагуулан гарч ирэв. Тэр бумба өөр хүмүүн бус чив хэмээн гажуу увдист Чяо Дао Чин мөн болой. Чяо Дао Чин эрдэнийн сэлэм юүгээ барьж цэрэг дагуулан гүүр өнгөрөөд хоёр этгээд эсэргүүлэн зогсож туг хиур мандуулж хатуу нум холховч сумаар жагсаалын хөлийг хамгаалмуй. Гэнэт хоёр этгээдийн жагсаал дотроос ямаан бүрээ жижигнэж байлдааны хэнгэрэг дуурьсахуйяа Сүн улсын жагсаалын хиур гэнэт дэлгэж Сүн Сянь фэн морь тавин гарч ирэв. Юй Баосы шуай үсэгт тугийг өргөн морины өмнө хэхэлзэн зогсов. Линь Чүн, Сюй Нин, Лү Жишэнь, Лю Тан зүүн этгээдэд орж, Со Чао, Жан Чин, Ү Сүн, Тан Лун баруун этгээдэд зогсож найман жанжин багларан жагссан хойно Сүн Сянь фэн хүүдэг дүүрэн хилэн төрж Чяо Дао Чин-г хуруугаар зааж хараан өгүүлрүүн: - Сөргүүг өмөглөсөн самуун бумба миний хэдэн дүү нар ба таван зуун илүү хүмүүнийг хурдан гаргаж өг. Хэрвээ өчүүхэн төдий алгуурлан удааваас чамайг амьдаар барьсан хойно хүүрийг чинь түмэн анги болгомуй! хэмээвээс Чяо Дао Чин зандан өгүүлрүүн: - Сүн Жян чи битгий ёсгүй аашлагтун. Би чиний хүмүүнийг тавихгүй. Чи намайг хэрхэж чадмуй! хэмээсэнд Сүн Жянихэд хилэгнэж ташуур өргөн нэгэнт далласанд Линь Чүн, Сюй Нин, Со Чао, Жан Чин, Лү Жишэнь, Ү Сүн, Лю Тан зэргээр шаламгайлан алан орохуйяа Чяо Дао Чин тарни уншиж сэлэм өргөн баруун зүгийг зааж: - Түргэн! хэмээн зандарсанд агшин зуур тоолшгүй олон жанжин цэрэг баруун зовхисоос довтлон ирж, Сүн улсын цэргийг даран оров. Чяо Дао цэрэг сэлэм юүгээ өргөн умар зүгт зааж аман тарни уншиж: - Түргэн! хэмээн хашхирсанд гэнэт тэнгэр газар будангуйран гэрэлт наран бүдгэрч хайр чулуу хийсэж хорвоо ертөнц долгисов. Линь Чүн зэргийн олон жанжин сүр байгуулан алалдаж атал гэнэт шар элс будран хар уур бүрхээд дайсны цэрэг үзэгдэхгүй болсон тул Сүн улсын цэрэг байлдахгүйгээр самууран үүсгэж унасан хүлэг цочин үргэж зүг бүр натган давхив. Линь Чүн нар мэндэн сандан морь эгүүлэн Сүн Жян-г хамгаалан умарш буруулан эчихүйеэ Чяо Дао Чин цэрэг даллан нэхэн алсанд Сүн Жян-ын цэрэг морь үүл мэт сарниж энд тэнд бутраад тэнгэр газрыг дуудаж гаслалцмуй. Сүн Жян нар цухалдан буруулж дэмий хагас газар явсангүй нэгэн сонин учир тохиолдов. Өнөөхөн цэрэг морь өнгөрөн гарахад мэлцийм сайхан тэгш тал байсан газраа ус нэлийн тэнгэр тулам давалгаа босож үзүүр хязгааргүй цайлзан их далай мэт болсон тул хэдий жигүүр ургавч нисэн гарч чадахгүй, нэхэх цэрэг ирсэн хойно нэг ч хүмүүн амь мултарч чадахгүй болсон тул Лү Жишэнь, Ү Сүн, Лю Тан нэгэн зэргээр: - Гар тавин хүлээх ёс баймуй уу хэмээн их дуугаар бархираад бие урван шаламгайлж умар зүг алан эчихүйеэ гэнэт цахилгаан цахилан аянга дуугармагц өндөр огторгуйгаас алтан хуяг хэдэрсэн хорь гучин хувилгаан жанжин зэвсэг далайн бууж ирээд Лү Жишэнь, Ү Сүн, Лю Тан нарыг занчин унагасанд арын цэрэг гүйцэн ирж амьдаар барьж аваачив. Бас хүмүүн ирж: - Сүн Жян мориноос бууж хүлүүлбээс утсан амийг чинь өршөөсүгэй! хэмээн зандарсанд Сүн Жян тэнгэрийн зүг хандан урт шүүрс алдаж: - Сүн Жян хэдий үхэв хэмээвч харъяа үгүй, ганц эзний хишгийг хариулж чадаагүйн дээр нас ахширсан эцэг эхийг асран тэжээх хүмүүн үгүйд хорсмуй. Ли Күй зэргийн хэдэн дүү нарыг тэнхрүүлэн гаргаж чадаагүйд зовнимуй. Хэрэг нэгэнт ийн алхамд хүрсэн тул амь цөлөн таслан байлдсугай. Амьдаар баригдваас гутамшгийг хүлээх буй за хэмээсэнд Линь Чүн, Сюй Нин, Со Чао, Жан Чин, Тан Лун, Ли Юнь, Юй Баосы зэргийн долоон жанжин урагш давшин Сүн Жян-ын дэргэд багларан зогсож ийн өгүүлрүүн: - Бид хэдүүл дуртайяа ах таныг дагаж үхэхвэр байлдан хулгайг алсугай! хэмээв. Юй Баосы энэ мэт түгшүүрт учирч суманд оногдон бие шархадсан боловч юаньшуай-н тугийг өндөр өргөн Сүн Жян-аас төө төдий салахгүй дагаж явахуйяа арын цэрэг үзвээс юаньшуай-н туг унасангүй тул аймшиггүй урагш орсонгүй.
Түүнээс Сүн Жян нар сэлэм өргөн хүзүү юүгээ огтолсугай хэмээтэл гэнэт нэгэн хүмүүн урагш давшиж олон хүмүүнийг хориглон өгүүлрүүн: - Танай зэргийн олон хүмүүн ингэж болохгүй. Түр сэтгэлээ сул тавь. Би хэмээгч шар шарагчны орноос ирсэн хүмүүн. Танай зэргийн олон хүмүүний шударга журмаар явахыг үзээд тухайлан шимнусын усыг арилгаж танай олныг хүрээнээ эгүүлэхээр ирэв хэмээсэнд олон жанжин нүд өргөн тэр хүмүүнийг үзвээс байдал шинж асар сонин, тэргүүнд нь махан эвэр ургаж, хамаг бие хөө мэт хар, үс улаан, бие нүцгэн, доор биед огтор өмд өмсөж зүүн гартаа хонх барьсан ажгуу. Тэр хүмүүн бие бөхийн нэгэн атга шороо аваад далай мэт цалгилах усанд нэгэнт цацсанд агшин зуур тэгш газар болж хувилсанд олон хүмүүний зүг өгүүлрүүн: - Танай зэргийн олон хүмүүн хэдэн өдрийн зовлон амсах тавилгатай болой. Эдүгээ шимнусын усыг нэгэнт арилгасан тул хурдан эгж хүрээндээ хариад Вэйжоу хотод элч илгээвээс сая зовлонгоос олж хэлтэрмүй. Та бүгдээр улс гэрийн төлөө хүчээ өргөгтүн! хэмээгээд салхи хувилж агшин зуур харагдахгүй болов. Олон хүмүүн их л гайхаж Сүн Жян-г хамгаалан өмнөш явж тав зургаан газрын үзүүр гарснаа гэнэт барманусын тоос дэгдэж нэгэн багийн цэрэг морь өмнө зүгээс айсуй. Үзвээс цэргийн багш Ү Юн бээр Ван Ин, Ху Саньнян, Сүнь Синь, Гү Дасао, Се Жэнь, Се Бао- ын хамт нэгэн түмэн цэрэг авч туслан байлдахаар ирсэн ажгуу. Төдийд Сүн Жян бээр Ү Юн-ийн зүг өгүүлрүүн: - Мэргэн дүүгийн үгэнд орсонгүй, арай нүүр уулзаж чадахгүй болох шахав! хэмээвээс Ү Юн өгүүлрүүн: - Хүрээнд хүрсэн хойно жич хэлэлцсүгэй хэмээгээд дэс дараагаар хүрээнээ ороод цэрэг дарагдан дайсанд бүслэгдээд сахиусанд учирсан хэргийг нарийвчлан тоочсонд Ү Юн алга хавсран залбирч: - Шар шарагчин хэмээсэн нь шороон сахиус болой. Эрхин ах шударга журмаар шороон сахиусны ивээлийг олжээ. Шороо хэмээгч усны дарлага болой хэмээсэнд Сүн Жян нар гэнэт сэхэсхийж тэнгэрийн зүг наманчлан залбирав.
Түүнээс сарнисан цэрэг бүрий тасрахын үеэр дутаан ирээд ийн өгүүлрүүн: Цэрэг дарагдаж самууран буруулах зуур Жао Дэ хотын Сүнь Чи, Е Шэн, Жинь Дин, Хуан Юай нар бас өмнө хаалгаар цэрэг аван гарч ирээд манай цэргийг нэхэн цохиж маш арвин хүмүүнийг алж, үлсэн нь дөрвөн зүгт сарнин эчив хэмээсэнд Сүн Жян яаран цэргээ бүртгэн үзвээс түм илүү хүмүүн хохирсон аж. Ү Юн, Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Хулгайн жанжин гажуу увдис хэрэглэж хоёр зэрэг дийлсэн тул түргэн арга үүсгэн, бэлтгэл хийж хүрээ дарахаар ирэхийг сэргийлбээс зохимуй. Түүнчлэн бидний цэрэг айн гэлмэж, сэжиг олдоод салхины шуугих дуу өвс модны бараанаас цөм сэжиглэж, хандсан зүгт бүр зоригийг шантруулах юм болой. Ийнхүү их хүрээг хоосолж ганц ямаан туурайгаар хэнгэрэг дэлдэж их цэргийг бүрнээ авч арван газрын үзүүр өөр хүрээ байгуулан буусугай хэмээсэнд Сүн Жян цааз зарлан арван газар ухран хүрээ буув. Ү Юн бас Сүн Сянь фэн-д хэлж олноо зарлан цэрэг хуваан хүрээ байгуулж их хүрээнээ бага хүрээ байгуулж өнцөг буланг үргэлжлэн залгаж зам мөрийг эсэргүүлэн жагсааж урьд цагийн Ли Яо Ши-ийн зургаан хөлт жагсаалын ёсоор үйлдвээс зохимуй хэмээсэнд олон жанжин захиаг хүлээн хүрээ байгуулан цацар цогцолсон хойно гэнэт Фань Руй зарлигийг хүлээн Ху Гуань боомтоос хүрч ирэв хэмээн мэдүүлээд цацарт орж Сүн Сянь фэн-д ёслон золгож Чяо Дао Чин- ийн учрыг асуусан хойно Фань Руй өгүүлрүүн: - Эрхин ах сэтгэлээ сул тавь. Ганц гажуу увдис төдий буй за, дүү би маргаадрын өдөр увдис улируулан түүнийг барьсугай хэмээхэд Ү Юн өгүүлрүүн: - Тэр хэрвээ өдөөхгүй болбоос түр цэрэг морийг хөдөлгөх хэрэггүй. Хожим Гүн Сүньшэн-г ирсэн хойно жич мэдсүгэй хэмээсэнд Сүн Жян даруй Жан Чин, Ван Ин, Се Жэнь, Се Бао-д цааз зарлаж, таван зуун морьт цэргийг авч шөнөөр боомтоос гарч Вэйжоу хотноо довтлон хүрч, Гүн Сүньшэн-г дуудан авчирч, дайсныг эвдэн хүмүүнээ авартугай хэмээсэнд, Жан Чин нар мориндоо мордож, Сүн Жян- аас аяарлан салав. Мөн өдрөөс эхлэн Сүнгийн цэрэг шор булан шүрэг босгож хүрээг бэхлэн цайзыг бататгаж хөвчит нумд зэв онилж хурц илдийг хуйгаас сугалан хуяг өмсөн зэвсэг дэрлэж хонх дүүжлэн дохио асуух болов. Сүн Жян нар ч цацартаа зул асаан гэгээ ортол үл унтмуй.
Жич өгүүлэх нь: Чяо Дао Чин увдис хэрэглэн Сүн Жян-г хааж чив хэмээн гар хөдөлж барьсугай хэмээтэл өмнөх ус оргүй болтол арилаад Сүн Жян нар нисэх мэт буруулан эчсэнд их л гайхаж: - Миний энэхүү ер бусын гайхамшигт увдисыг тэр яахин олж эвдэв. Санаваас цэргийн дотор эрхгүй этгээд увдистан байх буй за хэмээгээд хэнгэрэг дэлдэн цэрэг хурааж Сүнь Чи нарын хамт хотноо эгж юаньшуай-н ордноо заларсан хойно Сүнь Чи нар хурим базаан найр хийхүйеэ, цэргийн ард Лү Жишэнь, Ү Сүн, Лю Тан жич анхны барьсан Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь, Тан Бинь нарыг хүлж цацрын өмнө түлхлэн авчирсанд, Чяо Дао Чин-ийн зүүн этгээдэд зогсож асан Сүнь Чи-ийн бие Тан Бинь-ийг хуруугаар зааж хараан өгүүлрүүн: - Урвасан хулгай, Жинь Ван чамайг нимгэнээр аваачсангүй буй за хэмээхэд, Тан Бинь бас зандан өгүүлрүүн: - Танай мөхлийн өдөр бас хүрч ирэв хэмээсэнд, Чяо Дао Чин олон хүмүүнийг овог нэрээ мэдүүл хэмээн зандарсанд, Ли Күй алаг нүдээ дүгрэглэж, барсын сахлаа сэхийлгэж өвчүүгээ дэлдэн хараан өгүүлрүүн: - Сөргүү бумба чи чих тавин сонсож байгтун. Хар аавын чинь алдрыг хэлбээс хар хуй Ли Күй хэмээмүй!” Лү Жишэнь, Ү Сүн нар шүд хавиран занаж огт дуу гарахгүйд Чяо Дао Чин эдгээр хүмүүний харъяа цэргийг авч ир хэмээсэнд удсангүй илд сүх барьсан гочиг нар ардыг хүлж ацрахуйяа Чяо Дао Чин нэгд нэгээр асуугаад Сүн улсын хүчирхэг жанжин болохыг мэдээд олны зүг өгүүлрүүн: - Та нар хэрвээ орж өгвөөс би жинь ванд батлан айлтгаж танай олныг их ноён өргөмжилсүгэй хэмээвээс Ли Күй аянгын дуугаар хашхиран өгүүлрүүн: - Чи энэ өвөг нараа ямар зэргийн хүмүүн хэмээн ийн унгас алдмуй? Хар эцгээ цавчсугай хэмээвээс хурдан цавчигтун. Хэдэн зуун удаа цавчтал хар эцэг чинь хөмсөг атирваас сайн эр бус! хэмээхэд, Лү Жишэнь, Ү Сүн, Лю Тан нар бас хараан өгүүлрүүн: - Шимнус бумба чи битгий дэмий зүүдлэгтүн. Бид ах дүү хэдүүл хэдий тэргүүн унавч болд мэт өвдөг үл нугалмуй хэмээсэнд, Чяо Дао Чин их л хилэгнэж жигүүрийн ардыг зандан түлхэн гаргаж тэргүүнийг нь цавчаад хойш мэдүүл хэмээхүйеэ Лү Жишэнь тачигнатал: - Өвөг чиний үхэхийг унтахад адил үзэх тул энэ өдөр хэдий үхэв хэмээвч гомдохгүй хэмээсэнд илд сүх барьсан гочиг нар олон хүмүүнийг түлхлэн аваачив. Чяо Дао Чин дотроо ийн санаруун: - Ийн цөстэй эрийг би ер үзсэнгүй, түр үлдээж сүүлээр мэдсүгэй хэмээгээд яаран цааз зарлаж эдгээр хүмүүнийг гянданд хорьж захиаг хүлээгтүн хэмээсэнд Ү Сүн хараан өгүүлрүүн: - Улсаас урвасан сөргүү хулгай, биднийг эртхэн албаас барав! хэмээсэнд Чяо Дао Чин тэргүүн дарж дуугарсангүй. Хуяг нар Ли Күй зэргийн хүмүүсийг түлхлэн аваачиж хорив.
Түүнээс Чяо Дао Чин бээр гурван самадийн хувилгаан ус бүрэлснийг үзээд дотроо эргэлзэн зовниж ганц хотноо цэрэг буудаллаж Сүн улсын цэргийн байдал хөдлөлийг сураглаж хоёр этгээд байлдсангүй тав зургаан өдөр болсон хойно Не Синь, Шэн Чи их цэрэг авч хүрч ирээд хотноо орж Чяо Дао Чин-д ёслон золгож цэрэг морийг хотноо оруулан суулгав. Сүн улсын цэрэг хүрээ цайзаа бэхэлж байлдахаар ирэхгүйд Чяо Дао Чин өөр бодлогогүй хэмээн цэрэг морийг бүртгэн Сүнь Чи, Дай Мэй, Не Синь, Фэн Чи нарын хамт хоёр түмэн цэрэг дайчлан таван жингийн үеэр хотоос гарч өмнө зүгийн Ү Лүн Шань уулнаа хүрч хүрээ буугаад гэгээрсэн хойно цэрэг орсугай хэмээв. Чяо Дао Чин төдийд Сүнь Чи-ийн зүг өгүүлрүүн: - Энэ өдөр эрхгүй Сүн Жян-г амьдаар барьж, Ху Гуань боомтыг эгүүлэн авсугай хэмээхэд Сүнь Чи өгүүлрүүн: - Ганц улсын багшийн гайхамшигт увдист найдмуй хэмээсэнд Чяо Дао Чин нэгэн түмэн цэрэг салган авч Сүн Жян- ын хүрээг даран ирэхүйеэ туршуулч ард мэдээг сонсож нисэх мэт түргэнээр Сүн Сянь фэн-д мэдүүлснээ Сүн Жян цааз зарлан Фань Руй, Шань Тингүй, Вэй Дингуо-г цэрэг морийг тэгшлэн агт хүлгээ эмээллэн дайсныг угтахаар бэлтгэ хэмээв. Чяо Дао Чин довцог дээр гарч Сүн улсын цэргийн хүрээг үзвээс:
Эргэн тойрон найман зовхист хэвчээ дүрэмтэй,
Өмнө умар зүүн баруунд туслах цэрэгтэй,
Үүд хаалга нээж хаахад хэмжээлсэн аргатай,
Эндээ тэртээ цааз зарлахад тогтсон ёстой.
Түүнээс Чяо Дао Чин сэмээр гайхаж атал Сүн улсын хүрээнээс гэнэт буу дуугарч цайзын үүд нээгдмэгц нэгэн багийн цэрэг морь гарч ирэв. Хоёр этгээдийн жагсаал дотор өнгөт туг хоролзон хийсэж магнайн хэнгэрэг түрчигнэн дуугарахуйяа Чяо Дао Чин доворцгоос бууж жагсаалын өмнө ирснээ Лэй Жэнь, Ни Линь, Фэй Жэнь, Сюай Цань зүүн баруун этгээдэд дагалцав. Сүн улсын жагсаалын хиур нээгдмэгц түйтгэр мангас Фань Руй гартаа эрдэнийн сэлэм барьж морь довтолгон жагсаалаас гарч ирээд Чяо Дао Чин-г зааж хараан өгүүлрүүн: - Самуу бумба ямар аймшиггүй эр гарган хүмүүнийг айлгамуй хэмээхэд Чяо Дао Чин дотроо ийн санаруун: - Санаваас энэ хүмүүнд бага сага увдис буй за, би түүнийг тэнсэн үзсүгэй хэмээгээд Фань Руй-ийн зүг зандан өгүүлрүүн: - Эрдэмгүй дийлэгдсэн жанжин ямар аймшиггүй муу үгээр хүмүүнийг дайруулмуй! Хоёул зэвсгийн эрдэм мөчөөрхвөөс ямар! хэмээвээс Фань Руй өгүүлрүүн: - Чи эрдэм мөчөөрхсүгэй хэмээвээс нааш ирж миний сэлмийн амтыг үз! хэмээсэнд хоёр этгээдийн хуяг цэрэг хэнгэрэг дэлдэн аяарлан хашхиралдав. Фань Руй морь ташуурдан сэлэм эргүүлж балдайн орсонд Чяо Дао Чин хүлэг хийсгэн угтан аваад атган зэвсэг далайн ас тулан зөрөлдөж унасан хүлэг тоглож урагш хойш эргэлдэж тус тусын увдисаа улируулж хоёр зурвас хар уур мандуулахуйяа хажуугаас харах жагсаалын цэрэг нүд бүлтийн нэгмөсөн мэлрэв. Фань Руй-ийн бие байлдаж халамшсан хойно хоосныг цавчин зэвийг үзэж Чяо Дао Чин-ийн толгой уруу илд өргөн нэгэнт цавчсанаа илд хий тусаж арай хэмээн мориноос унасангүй. Юун хэмээвээс Чяо Дао Чин зоримгоор зэв өгч Фань Руй-г өдөөн цавчуулаад өөрөө хэдийн газар товчлон бие зайлж жагсаалдаа хадганатал инээхүйеэ Фань Руй цөс цалгитал эмээж жагсаалдаа буцав. Сүн улсын зүүн баруун жагсаалын хиур гэнэт нээгдмэгц усан сахиус Шань Тингүй хар туг өргөн хар хуяг өмсөөд, дүгрэг бамбай нисэх жад, ган сэрээ хурц илд барьсан таван зуун явган цэргийг авч зүүн этгээдээс давхин ирэв. Галын сахиус Вэй Дингуо улаан дээл өмсөж галт зэвсэг атгаж хулс зэгс дүүргэсэн тавин хэдэн гал тэрэг зүтгэсэн таван зуун галын цэргийг удирдан баруун этгээдээс довтлон ирэв. Төдийд галын цэрэг ардаа үүрсэн төмөр хулын таван өнгийн шуу дарийг нэгэн зэргээр ноцоон дүрэлзүүлж, зүүн биеэс үүл бүрхэж баруун талаас түймэр мандуулан хоёр замын цэрэг морь ив даран ирсэнд арын цэрэг айн гэлмэж буруулсугай хэмээтэл Чяо Дао Чин их дуугаар: - Хойш ухрагсдыг зогсоогоор цавчмуй! хэмээгээд эрдэнийн сэлмийг баруун гартаа атгаж товор товор аман тарни уншсанд гэнэт хар үүл огторгуйг бүрхэж салхи исгэрэн аянга нижигнэж нударган чинээ мөндөр орсонд дүрэлзсэн гал агшнаа унтраад хоёр замын цэрэг морь тэргүүнээ тэврэн буруулж үүл мэт сарнин бутрав. Шань Тингүй, Вэй Дингуо биеийн сүнс биед үгүй болж барьж тавихаа олохгүй болоод амь тэмцэн жагсаалдаа буруулан эчсэнээ ус галын хоёр сахиус агшин зуур зурсан боорцог мэт болов. Түүнээс удсангүй мөндөр зогсон үүл арилаад тэнгэр цэлмэн нар гарсанд нударган чинээ том мөндөр газрыг бүрхжээ. Чяо Дао Чин нүд өргөн Сүн улсын цэргийг үзвээс мөндөрт оногдож толгой хавдан магнай шалбарч нүд сохрон хамар булгарч мөсөн дээр алхах бүр халтиран унах тул Чяо Дао Чин сүр байгуулан их дуугаар өгүүлрүүн: - Танай Сүн улсын цэрэгт эрдэм өндөр увдис үлэмж хүмүүн өөр бас баймуй уу? хэмээсэнд, Фань Руй ичингүйрэх хорсох давхцаж үс тавин сэлэм барьж хүлэг морины жолоог татаж багшаас сурсан увдисаа улируулж уруул хөдөлгөн тарни уншсанд агшнаа их салхи хуугин босож элс хайр будран дэгдэж, тэнгэр газар будангуйрч, агаарын нар гэнэт бүдгэрэхүйеэ, Фань Руй цэргийг даллан урагш алан ороход Чяо Дао Чин жихүүнээр инээж: - Чиний энэхүү болхи увдис юуны тус болох аж! хэмээгээд сэлэм эргүүлэн увдис гаргаж аман тарнийг нэгэнт уншсанд хар салхи гэнэт урваж Сүн улсын цэргийн зүг шуугин үлээж тэнгэр дуугаран аянга нижигнэмэгц тоолшгүй олон тэнгэрийн жанжин огторгуйгаас бууж ирснээ Сүн улсын жагсаал самуурч хүмүүн үймэлдэн хүлэг янцгааж дөрвөн зүгт буруулжээ. Чяо Дао Чин дөрвөн жанжны хамт цэрэг даллан нэхэн алав. Фань Руй-ийн увдис эвдэрч хариуцан чадахгүй болсон тул морь эгүүлэн буруулав.
Арын цэрэг шахамдуулан нэхэж туйлын түгшүүртэй болохуйяа, Сүн улсын хүрээнээс гэнэт нэгэн зурвас алтан гэрэл цацарч элсэн шуурга доороо зогсож, тэнгэрийн цэрэг сахиус жанжин дам дамаар жагсаалын өмнө унаж ирэв. Олон хүмүүн үзвээс харин таван өнгийн цаасаар хайчилсан хүмүүн байсан ажгуу. Чяо Дао Чин-ийн бие хувилгаан цэргийн увдис эвдэрснийг үзээд үс тавин сэлэм бүжиглэж хумс няслан тарни уншаад: - Түргэн! хэмээн дуу гарч бас гурван самадийн хувилгаан усны увдисаа улируулснаа гэнэт хар харагчин зүгээс мянга түмэн зурвас хар уур үлээж ирэв. Төдийд Сүн улсын жагсаалаас нарсан арт хувилгаан сэлэм барьсан нэгэн бумба морь тавин гарч ирээд товор товор тарни уншиж: - Түргэн! хэмээн нэгэнт зандарсанд маш олон шар хуягт хувилгаан жанжин өндөр огторгуйгаас бууж ирээд умар зүгийн хар уурыг даран сарниулжээ. Чяо Дао Чин хиртхийн цочиж дотор цухалдаж атал Сүн улсын жанжин цэрэг их дуугаар хараан өгүүлрүүн: - Шимнусын увдист самуун бумба чи чадал байваас гаргагтун. Эдүгээ үлэмж эрдэмт хувилгаан багш бууж ирэв! хэмээсэнд Чяо Дао Чин эчиж хүзүүндээ хүртэл улайж жагсаалдаа буцав. Чяо Дао Чин эрдэм дарагдаж увдис эвдэрсэнд царай алдан сүр буурав. Энэ үнэхээр гурван мөрний усыг ширхийтэл угаавч нэгэн цагийн ичингүйрлийг арилгахуйяа бэрх. Эгнэгт Сүн улсын жагсаалаас довтлон гарч шимнусын увдисыг эвдсэн тэр бумба чухам ямар хүмүүн болохыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )