Ялархаад л байвал ядуу амьдарна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд багтаж буйг Үндэсний статистикийн хороо одоогоос дөрвөн жилийн өмнө мэдээлж байлаа. Харин өдгөө ядуурлын энэ түвшин улам нэмэгдсэн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Яагаад гэж үү. Монголын нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээ газар авсан.

Халамжаар амьдардаг өрхийн тоо улам нэмэгдсэнийг статистик дүн мэдээнээс ч харж болно. Хүүхдийн мөнгөөр амьдардаг залуу гэр бүлийн  тоо замбараагаа алдсан. Захын нэг сумын төвөөр ороод судалгаа хийгээд үзээрэй. Дэлгүүрт өрийн дэвтэргүй айл тун цөөхөн. Өрөө төлдөг үндсэн эх үүсвэр нь төрөөс олгодог сар тутмын халамжийн мөнгө.

Мэдээж өдрөөс өдөрт инфляц нэмэгдэж байгаа энэ цаг үед өрхийн орлого дагаж буурдаг эдийн засгийн зүй тогтол ч монголчуудыг тойрохгүй. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэвэл, дайран дээр давс гэгч л болоод байна. Бидний бэлэнчлэх сэтгэлгээ инфляцын өсөлттэй хослоод эхлэхээо юу болох уу. Мэдээж ядуурал. Үнэндээ өнөөдөр монголчуудын ихэнх нь ядуу байна. Бүгд зээл, өрөнд баригдчихаж. Хамгийн харамсалтай нь өртэй, зээлтэй байгаагаа “Хэн нэгний буруу” хэмээн ялархаж, өөрөөсөө илүү яваа нэгнээ төдийгүй үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн ядах хандлагыг нийгэмдээ түгээх болов.Уг нь бид чинь хүн бүр өмчтэй, хөдөлмөрлөснийхөө хэрээр амьдрах боломжтой нийгэмд амьдарч байна.

Хатуухан хэлэхэд, гараа хумхиж суугаад ядуу амьдрах, гадаа гарч ажиллаад чинээлэг явах хоёроос сонголтоо хийхэд боломж гарч ирж л таарна. Гол нь хандлага. Бусдын сайн жишгээс үлгэр дууриал аваад бодит амьдралаа өөрчлөх оюун санааны хувьсгалыг монголчууд эхлүүлбэл яасан юм бэ.  Монгол хүн бүр хөрөнгөтэй мөнгөтэй болохын төлөө хүчээ сориод ирвэл тун сайн сан.

Хорин нэгдүгээр зууны хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болох Хятадын дардан замыг шинэлэг сэтгэлгээний элч хэмээгддэг Дэн Сяопин тавьсан тухай ном товхимолд тэмдэглэсэн байдаг.Тариачдын хаан Мао Зедун нь өөд болсны дараа тус улсад авлига, хээл хахууль газар авч тартагтаа тулж байх тэр үед Дэн Сяопин гарч ирснээр энэ бүхнийг эцэс болгосон байдаг. Тэрээр ард түмэндээ хандан хэлсэн нэгэн алдартай үг байдаг нь “Бүх нийтээрээ баяжихтун” гэсэн уриалга юм.

Тэр цагаас хойш бүх хятад нийтээрээ аж ахуй эрхэлж, газар тариалан, гар урлалыг хөгжүүлж, айл өрх бүр хөдөлмөр эрхэлж эхэлсэн байдаг. Дэн Сяопины шинэлэг сэтгэлгээг ард олныхоо дунд буй болгож чадсаны үндэс нь өнөөдрийн бар улсыг бүтээн босгосон түүхтэй юм. Манай улсын түүхэнд ч гэсэн 1920-оод онд Солийн Данзан, 1930-аад онд Пэлжидийн Гэндэн “Баяжихтун” уриалгыг гаргаж л байсан.

Харамсалтай нь тухайн цаг үеийн үзэл суртлыг давж чадаагүй. Тэглээ гээд түүх ярьж, төвөг бүхнийг тоочоод яахав. Өнөөгийнхөө нийгэмд л хийж бүтээх, хөрөнгө мөнгөтэй болох чин сэтгэлийн эрмэлзлэлийг хүн бүхний зүрх сэтгэлд асаамаар байгаа юм.

Боловсролын системээрээ дамжуулан “Хөдөлмөрлөснийхөө хэрээр хүн сайхан амьдардаг” гэх капиталист нийгмийн мөн чанарыг үзэл суртлын хэмжээнд үр хүүхдүүддээ зааж сургасан ч илүүдэхгүй. Цаашлаад бүх нийтээрээ баяжихыг уриалаад урдаа байгаа боломж бүхнийг хар гээд л иргэдийнхээ сэтгэлгээнд идея /санаа/ өгөх тал дээр илтгэл лекцийг улс орон даяар өргөнөөр зохион байгуулбал бүр ч сайн сан.

Үүний үр дүнгээр нийтээрээ баяжих ухаанд суралцаад ирвэл цөөхөн монголчууд бид юу гэж, одоогийнх шигээ хэдхэн баячуудаа адлан муулах билээ. Бүтээдэг, үйлдвэрлэдэг, үр ашгийг нь хүртдэг зах зээлийн жамыг одоо бүгдээрээ ойлгох цаг нь болсон. Алийн болгон дөнгөж бүрэлдэн бий болж буй үндэсний хэдэн хөрөнгөтнөө үзэн ядаж, сошиал орчинд бултаараа буруушаах юм. Бид ямар хөрөнгөтний нийгмийг үзэн яддаг коммунистууд биш дээ. Өнөөдөр хөдөлмөрлөснийхөө хэрээр сайхан амьдрах боломжтой капиталист нийгэмд амьдарч байна, та бид.

Хэн илүү өөрийгөө дайчилсан, хэн илүү ухаан зарсантай л “найзалдаг” зах зээлийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхаж байна. Бодит байдлаа тунгаагаад бодоод нэг үзье. Үнэндээ бид өдгөө үнэтэй машин унасан, өнгөтэй хувцсаар гоёсон нэгнийг хараад “Муу баячууд” гээд их л үзэн ядах. Уг нь тэр баячууд бидэнд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Харин ч ажлын байр бий болгож, цөөнгүй хүмүүсийг цалинжуулж, баялаг бүтээж байгаа хүмүүс.

“Чадаж байгаа юманд арга алга” гэдэг дээ. Таны хийж, бүтээж, эдэлж хэрэглээгүй бүхнийг тэр хүн өөртөө бий болгосных нь төлөө өширхөнө гэдэг өрөвдөлтэй хэрэг биш гэж үү. Азаар бид чинь ангит нийгэмд төрчихөөгүй. Туг ч барих, тугал ч хариулах эрх нь та, бидний гарт байна. Ийм байтал илүү хөдөлмөрлөж, ихийг бүтээж, компани байгуулж, корпораци үүсгэж, групп болтол бизнесээ өргөжүүлж байгаа бүтээгчдийг хараад үхтлээ атаархдаг нь юу билээ.

Мөнгөгүй, ядуу амьдарч байгаа бол таны өөрийн чинь залхуу арчаагүй байдлын л илрэл гэдгийг эхлээд ойлгоё. Түүнээс бус “Тэрнээс болсон, үүнээс болсон” гэж хэн нэгнээс буруу хайх хэрэггүй. Тэр тусмаа бүтээгчдээс бүр ч хайх хэрэггүй. Бүтээгчдийг та “муу баячууд”гэж үзэн ядахынхаа оронд “түүн шиг болъё” гэж бодоод үзээч.

 Амжилтад хүрэх арга ухаанаас нь суралц. Аяндаа “Амьдрахын тулд ингэж их хөдөлмөрлөж, тэгэж их хичээдэг юм байна” гэсэн ойлголт ой тойнд тань буух биз. Яаж чиг сайн муу хэлүүлж, чичлүүлж байсан бид үндэсний хөрөнгөтнүүдтэй болж байж хөгжинө. Үндэсний хөрөнгөтнүүд бусдыгаа чирдэг. Яагаад гэвэл тэд ажил олгогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч байдаг юм. Зүйрлэвээс яг л локеметив /вагоныг чирдэг зүтгүүр/ юм, бүтээгчид чинь. Хэдэн арван чиргүүлийг локеметив чирээд явдаг шиг л бүтээгчид ард түмнийг чирж байна.

Өнөөдөр үндэсний хэмжээний группууд хэдэн мянган ажлын байрыг ард түмэндээ олгож, төрд татвар төлж байна. Цаашлаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, чадлынхаа хэрээр компани байгуулаад цөөн тооны ч хамаагүй ажилчид ажиллуулаад явж байгаа тэр бүх аж ахуй нэгжүүд л ард түмний амьжиргааг залгуулж явна. Магадгүй та “Төр биднийг тэжээж байгаа” гэж андуурч мэднэ.

Харамсалтай нь манай төрийн бодлого бэлэнчлэх сэтгэлгээг л бидэнд өгч байна. Өдгөө Монголын төр ядуу нэгнийг өрөвдөн халаглаж, нүүрс түлээний үнийг нь хүртэл хямдруулах гэж гүйх.

Харин хийж бүтээж хөрөнгөжих гэж зүтгэж яваа нэгнийг татвараар далайлгаж даналзах. Төрийн ийм хандлага нь иргэдийн дунд ядуу хүмүүсийг л төр харж үзэх учиртай, харин баян хүмүүсийг хавчин шахах ёстой гэсэн үзлийг үүсгээд байх шиг.

Уг нь хөрөнгөтнөө хөхиүлэн дэмжээд, ядуусыг байж суух газаргүй болтол нь хавчаад өгвөл хүн болгон л хөрөнгөжихийг бодно. Хэн ч нийгэмдээ нүд үзүүрлэгдэхийг хүсэхгүй нь тодорхой. Хөгжлийнхөө өндөрлөгт хэдийн хүрчихсэн улс орнуудын хувьд туулсан зам нь нийтлэг нэг л байдаг аж. Тэр нь үндэсний хөрөнгөтнүүд төрүүлэх. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй АНУ, БНХАУ, Япон, Солонгосыг үндэстний хөрөнгөтнүүд нь, хувийн хэвшил нь нуруун дээрээ үүрч явж байна.

Дээрх улсуудын баримталсан гол зарчим нь  үндэстний хөрөнгөтнүүдээ дэмжин төрүүлж, дэлхийн брэндүүдийг бүтээсэн байдаг. Ийм л жишгийг төр засгийн хэмжээнд бодлогын төвшинд баримтлаад эхэлбэл энэ улс орны хөгжлийн ирээдүй гэрэлтээд л ирнэ дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.119.169) 2022 оны 03 сарын 03

Хамаг боломжийг нь хэдхэн хулгайч луйварчид нь хүртээд төр засаг нэрийн дор бүлэглэл болчихоод байхад яах вэ. Хэн ч сайхан амьдрахыг бодно. Одоо эвлэлдэн нэгдэж новшнуудаас салах цаг болсон

1  |  0
Иргэн(66.181.187.176) 2022 оны 03 сарын 03

Тэр баячуудын 80-90 хувь нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлж дээрэмдэж, дараа нь өндөр үнээр шулж ядууруулж, татвар НДШ төлөхөөс зүсэн бүрийн аргаар бултаж, өөрсдөө Арабын шах шиг амьдарч ажиллагсаддаа өчүүхэн дусал хүртээж байдгийг бас хэлвэл шударга болно.

0  |  0
зочин(202.9.46.74) 2022 оны 03 сарын 03

Түүхэндээ монголчууд угаасаа ядуу боолууд байсан шүү дээ.

0  |  1
зочин(202.131.243.186) 2022 оны 03 сарын 03

дээдчүүд баяжихдаа төртэй холбоотой баяждаг учраас ард түмэн төр оролцож туслах ёстой гэж ойлгодог баяжихад тодорхой хэмжээгээр тусламж аваад буцааж төлөхгүй бол цалин бага учир хоолондоо л дөнгөж хүргэдэг тэр бага цалингын төлөө 8 цаг ажилладаг

0  |  0
Дүвчин мижид ялбий(64.119.18.193) 2022 оны 03 сарын 03

Монголд ядуу хүмүүс байхгүй. Гудамжаар багтахгүй машин.

0  |  0
иргэн(103.57.92.26) 2022 оны 03 сарын 03

ажил хийж байж сайхан амьдарна гэсэн ухамсар суулгахгүй бол ажиллах хүн олдохгүй банйа ажил хийгэд ч мөнгийг нь өгөхгүй бол хэн ажил хийхэв дээ

2  |  0
Top