УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд энэ оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснийг өмнө нь мэдээлсэн.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Санхүүгийн зохицуулах хороо хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын шаардлагыг хангасан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж, тэдгээрийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх эрх зүйн орчин бүрдсэн юм.
Тодруулбал, крипто биржүүд албан ёсоор Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зах зээлд гарах аливаа койн заавал бүртгэлтэй биржээр дамжих ёстой болсон юм.
Энэ хүрээнд, зах зээлд гарахдаа крипто биржээр дамжаагүй 21 койны хоёрдогч зах зээлийн арилжааг зогсоож буйгаа Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдээд байна.
Тодотгоход, Монгол Улсад өнгөрсөн 2021 онд койны “халуурал” явагдаж, олон арван койн зах зээлд гарсан.
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь зохицуулалтгүй, үнэ ханшийн хувьд хэлбэлзэл өндөртэй, энэ хэмжээгээрээ эрсдэл өндөртэй гэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс есдүгээр сарын хооронд 14 удаа олон нийтэд өгсөн гэж мэдээлдэг.
Гэвч эрх зүйн орчны зохицуулалтгүй байсантай холбоотойгоор крипто зах зээлийн үйл ажиллагаа идэвхтэй байсан гэдэг нь өнгөрсөн онд нийтдээ 59 койн зах зээлд гарснаас харагдаж буй юм.
59 койны 38 нь крипто биржээр дамжин зах зээлд гарсан бол, 21 нь биржээр дамжаагүй учраас ийнхүү хуулийн зохицуулалтаар хоёрдогч зах зээлийн арилжаа нь зогсоогдож байна.
Тодотгоход, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 4 сарын дараа Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж эхлэх зохицуулалт үйлчилж байгаа. Тодруулбал, одоо үйл ажиллагаа явуулж байгаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд 6 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ны хооронд бүртгүүлэх юм.
Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулахгүйгээр олон нийтэд виртуал хөрөнгийг санал болгох, худалдахыг, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгааг захиалах, бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээх харилцаанд зарим зүйлсийг хориглосон ба зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
ymar coinuudiig horsiin be malnuud min dutuu medeelel oghoo bolioch